| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/54 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/54
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А-,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Х-ы Д-т холбогдох эрүүгийн 2513000000058 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Енпати ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... дугаар /Ахкорим/ багт бүртгэлтэй боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /Бүркит/ багт түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт Х-ы Д-, регистрийн дугаартай: БИ.........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Бүркит/ багт байрлах гэртээ хохирогч Т.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь биед баруун нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, дээд уруулын зүүн талын шархтай, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, хүзүү хоолойны урд хэсэгт цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч хохирогчийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналыг гаргаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримт байхгүй. Битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Та бүхнээс уучлалт гуйж байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Улсын яллагчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан” гэв.
4. Шүүгдэгч Х.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Бүркит/ багт байрлах гэртээ хохирогч Т.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь биед баруун нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, дээд уруулын зүүн талын шархтай, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, хүзүү хоолойны урд хэсэгт цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-05 дахь тал/, яллагдагч Х.Д-ийн согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч К.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, яллагдагч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч Х.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Хохирогч Т.А- нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Д-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
12. Шүүгдэгч Х.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
14. Шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК