Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/162

 

                                   Г.Б-д холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Т.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/993 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2005 01820 1239 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мандал овгийн Г.Б, 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Эрдэс таван толгой” ХХК-д экологич ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 34 дүгээр байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УУ91110128/;

Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүүхээ” худалдааны төвд хохирогч Р.О-с бусдын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлээд өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж дүгнэсэн ба “залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэсэн байдаг. Шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн тухайд шүүгдэгч нь бусдын өмнөөс түүний эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу юм.

Учир нь, залилах гэмт хэргийн хувьд иргэдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдлийн цогц бөгөөд тухайн гэмт хэргийн үйлдэгдэж буй арга хэлбэр нь хүний өмчлөх эрхийн эсрэг  хуурч мэхлэх /бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулан, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх/, баримт бичиг ашиглаж, эд юмс ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож /хуурах аргаа хэрэгжүүлэхдээ тухайн үр дүн бий болоогүй нөхцөл байдлыг бусдад тухайн зүйл бий болсон гэж үзэж итгүүлэх/, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлддэг.

Үйлдэл нь тухайн этгээдийн эд хөрөнгийг дээрх арга хэлбэрээр өөрийн мэдэлд буцаан өгөх зорилгогүйгээр шилжүүлэн авч ашиглах үйлдлээр илрэн гардаг. Субъектив талын шинж нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй байдаг. Шийтгэх тогтоолд “...бусдад дансаар шилжүүлэн өгөөч гэж хэлж бэлнээр 150.000 төгрөгийг авсан болох нь тэдгээрийн хэн алиных нь мэдүүлгээр нотлогддог” гэж дүгнэсэн байна.

Гэтэл тэрхүү мөнгийг авсан сэдэл, өгсөн санаа зорилгыг бүрэн тодруулаагүй ба шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж дүгнэсэн байна. Энэ нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй буюу сэдэлт зорилгыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгчийн хувьд тухайн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах санаа зорилго хэзээ үүссэнийг тогтоох шаардлагатай байсан. Залилах гэмт хэргийн хувьд анхнаасаа бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авах санаа зорилготой байдаг. Гэтэл дээрх санаа зорилго нь хохирогчийн “Залилахгүй байх гэж бодоод утасны дугаарыг нь аваад салсан. Мөнгө нь ороогүй бол залгаарай гэсэн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Хэрэв тухайн мөнгийг буцаан өгөх зорилгогүй байсан бол хохирогчид өөрийг нь буцаж олоход туслах утасны дугаараа өгөхгүй байх байсан.

Тухайн нөхцөлд хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах идэвхитэй үйлдэл хийгээгүй харин хохирогчийн бусдад шилжүүлээрэй гэж өгсөн эд зүйлийг шилжүүлээгүй буюу түүнд өгсөн даалгаврыг биелүүлээгүй байдаг. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчид өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө түүнийг өөрт нь зориулж өгөөгүй харин бусдад шилжүүлэн өгөөрэй гэдэг даалгаврыг л өгсөн байдаг.

Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилахаас өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэх гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хувьд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэргийн зүйлчлэл буруу хийсэн гэх байр суурьтай оролцсон бөгөөд яллах дүгнэлтэд заасан “залилах” үйлдлийг тогтоохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр маргасан.

Гэвч шүүхийн зүгээс дээрх үндэслэлийг няцаагаагүй боловч яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг хууран мэхэлж авсан талаар тайлбарладаг бөгөөд түүний хэлэх үгийг мөрдөгчийн зүгээс бэлдэж өгсөн талаар шүүхэд тайлбараа гаргадаг ба тухайн мэдүүлэгт үндэслэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-т “Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Иймээс анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, гэмт хэргийн зүйлчлэл өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна...” гэв.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “би шилжүүлчихлээ гээд худлаа хэлсэн юм” гэж мэдүүлсэн. Энэ нь залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууран мэхэлж мэдүүлэг аваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүүхээ” худалдааны төвд хохирогч Р.О-с бусдын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлээд өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.О-н “... Тухайн үед би картгүй, мобайлгүй байсан болохоор зах дотор явж байсан 25-30 орчим насны эмэгтэйг гуйгаад “эгч нь карт байдаггүй, 150.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж гуйхад “тэгье, би таниас бэлнээр аваад өөрийнхөө данснаас 150.000 төгрөг шилжүүлье” гэж хэлсэн. ... Би яг шилжүүлсэн эсэхийг хараагүй, дансыг нь  хэлээд л уг охин надад мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлсэн. Удалгүй ажлын газрын эмэгтэй рүү залгаж мөнгө орсон эсэхийг асуухад ороогүй байсан. ...” /хх 11/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Б-ын “... Би тэр эгчид мөнгөө шилжүүлчихлээ гэж худал хэлэхэд “өө тийм үү, эгч нь найз руугаа залгаад асуугаадахъя” гэж хэлсэн. Удалгүй “найз утсаа авахгүй байна, мөнгө орсон байлгүй дээ” гэсэн. ...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

Г.Б-ын Голомт банкны дансны хуулга /хх 95-102/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М-с “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг хууран мэхэлж авсан. Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинжид тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд хуульд заасан тохирох зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Г.Б нь бусдын эд хөрөнгө, өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүйн гадна хохирогчийн мөнгийг шилжүүлэн авсан үеэс түүнд буцаан өгөхгүй байх санаа зорилго төрж, улмаар “бусдын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлээд өгье” хэмээн авсан атлаа шилжүүлэлгүй, хуурч өөртөө авч байгаа түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжид тохирч байна гэж үзнэ.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-с яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/993 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР