Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2020/00835

 

 

 

 

 

 

 

 

2020 04 13 155/ШШ2020/00835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ..... дугаар багт оршин суух суух Хайрхан овогтой Гэрэлбаатарын Мөнгөндолгио /...................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ....... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух Хайрхан овогтой Явуугийн Чойжинриймэд /........................./-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнгөндолгио, хариуцагч Я.Чойжинриймэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнгөндолгио шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр болох Я.Чойжинриймэдтэй 2006 онд танилцан, 2007 онд гэр бүл болон 13 жил хамт амьдарсан юм.Энэ хугацаанд 2007 онд хүү Ч.Өсөх-Ирээдүй, 2010 онд охин Гэрэлтуяа нар төрсөн.Ингээд 2010 оноос нөхөр маань архийг хэтрүүлэн хэрэглэж намайг эдийн засгийн болон сэтгэл санааны дарамтад оруулж, согтуу байх үедээ хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлж байх тул шүүхэд хандсан юм.урд нь шүүхэд удаа дараа хандаж байсан бөгөөд энэ хүн засарч өөрчлөгдөнө, боломж өгөөч гэхээр нь эвлэрч байсан. Гэвч өөрчлөгдсөн юмгүй архи ууж ирээд хүн дарамталж зовоодог байдал нь үргэлжилсээр байна. Энэ байдлаараа би энэ хүний гарт үрэгдэж мэдэхээр болоод байна. Хүүхдүүд маань ч ааваасаа айдаг болсон.Одоо бид тусдаа амьдарч байгаа.Цаашид эвлэрэх ямар ч боломжгүй тул эвлэрэх хугацаа өгөхгүйгээр бидний гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Я.Чойжинриймэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2006 онд танилцаж 2007 онд гэр бүл болж түүнээс хойш 13 жил хамтран амьдарсан.Дундаас маань 2007 онд хүү Ч.Өсөх-Ирээдүй, 2010 онд охин Гэрэлтуяа нар төрсөн. Би архи уудаг нь үнэн. Урд нь шүүх эвлэрлийн хугацаа олгож байсан нь үнэн. Хамгийн сүүлд архи уухдаа эхнэртээ гар хүрсэн юм билээ.Би цаашид архи уухгүй.Нэг удаа боломж олгооч гэж эхнэрээсээ хүсэж байна...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнгөндолгио нь хариуцагч Я.Чойжинриймэдэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0005071 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Г.Мөнгөндолгион, хариуцагч Я.Чойжинриймэдэд нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.Гэрэлтуяа, 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Ч.Өсөх-Ирээдүй нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Мөнгөндолгион нь охин Ч.Гэрэлтуяа, хүү Ч.Өсөх-Ирээдүй нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Я.Чойжинриймэд зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Г.Мөнгөндолгионий асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Мөн охин Ч.Гэрэлтуяа, хүү Ч.Өсөх-Ирээдүй нарыг эх Г.Мөнгөндолгионий асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Я.Чойжинриймэд, эх Г.Мөнгөндолгион нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж, Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.Мөнгөндолгиогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.Гэрэлтуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Ч.Өсөх-Ирээдүй 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Я.Чойжинриймэд төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ч.Гэрэлтуяад сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг, хүү Ч.Өсөх-Ирээдүй сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.716 төгрөг, нийт 158.916 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хайрхан

овогтой Явуугийн Чойжинриймэд /...................../, Хайрхан овогтой Гэрэлбаатарын Мөнгөндолгио /................................/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Ч.Өсөх-Ирээдүй, 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.Гэрэлтуяа нарыг төрсөн эх Г.Мөнгөндолгионий асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Ч.Өсөх-Ирээдүй 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Ч.Гэрэлтуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Я.Чойжинриймэдээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.916 /нэг зуун тавин найман мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158.916 /нэг зуун тавин найман мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Я.Чойжинриймэд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Мөнгөндолгио нарт тус тус даалгасугай

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ