Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2020/00837

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ............ тоотод оршин суух, Шарнууд овогт Энхтайваны Эрдэнэчимэг /..................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хорооны нуур ............... тоотод оршин суух Боржигон овогтой Мальновскийн Намсрайдорж /.................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нөхөр М.Намсрайдоржтой 2014 он нэг гэр бүл болж, бидний дундаас 2014 онд Итгэлтөгс, 2016 онд Эрхэмбаяр, 2017 онд Чингүүн нар төрсөн юм. Хамтын амьдралын хугацаанд элдэв үг хэлээр доромжлуулж, бие, сэтгэл, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байсан. Хүүхдүүд минь бидний хараад хоорондоо зодолдож тоглодог байсан. Мөн миний дагавар охиныг 3 дүүгээс нь илүү загнаж, хатуу ханддаг байсан. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хууль заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг нь хариуцагч М.Намсрайдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Гэрлэгчид нь 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №6701000103 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Н.Итгэлтөгс төрсөн болох нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Н.Эрхэмбаяр төрсөн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 6701000876 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Н.Чингүүн төрсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

 Хариуцагч М.Намсрайдорж нь нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэгийн тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч М.Намсрайдоржийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иймд гэрлэлтийг цуцлаж, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Итгэлтөгс, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Эрхэмбаяр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Чингүүн нарыг төрсөн эх Э.Эрдэнэчимэгийн асрамжид үлдээж, эцэг М.Намсрайдоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Түүнчлэн хүү Н.Итгэлтөгс, хүү Н.Эрхэмбаяр, хүү Н.Чингүүн нарыг эх Э.Эрдэнэчимэгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг М.Намсрайдорж, эх Э.Эрдэнэчимэг нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, Мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Итгэлтөгс, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Эрхэмбаяр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Чингүүн нарт 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг хүүхэд тус бүрт хариуцагч М.Намсрайдорж  сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Н.Итгэлтөгс, хүү Н.Эрхэмбаяр, хүү Н.Чингүүн нарт сар бүр төлөх тэтгэлэг 103.000х3=309.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.708.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 102.642 төгрөг, нийт 70.200+102.642=172.842 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулав.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогтой Мальновскийн Намсрайдорж /................/, Шарнууд овогт Энхтайваны Эрдэнэчимэг /..................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Итгэлтөгс, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Эрхэмбаяр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Чингүүн нарыг төрсөн эх Э.Эрдэнэчимэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Н.Итгэлтөгс, Н.Эрхэмбаяр, Н.Чингүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Намсрайдоржоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Намсрайдорж, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Эрдэнэчимэг нарт тус тус даалгасугай.

5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 172.842 /нэг зуун далан хоёр мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ