Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/163

 

                                      Д.Г-т холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/1203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох эрүүгийн 2008 00000 1329 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Д.Г, 1968 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Толгойтын 83 дугаар гудамжны 14а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЙР68050218/,

Өвөрхангай аймгийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ их холдолт” ХХК-ийн чулуун үйлдвэрийн хашааны гадаа иргэн М.А-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 35.000 төгрөг гаргуулж, хохирогч М.А-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч М.А-гийн нэхэмжлэлээс 30.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээ, хагалгааны төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г нь иргэн Т.А-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, баримтыг үндэслэн хохирол төлөхөө илэрхийлж, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэдгээ илэрхийлж, “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тавьж шүүх хуралд оролцсон. Шүүх шүүгдэгчийг торгууль төлөх орлоготой эсэхийг нотолсон баримтгүй гэж дүгнэн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Г нь 52 настай, “Шинэ их холдолт” ХХК-д манаач ажилтай, тодорхой цалин орлоготой, гэм буруу хэргийн зүйлчлэлийг зөвшөөрдөг, хохирол төлөхөө илэрхийлж байгаа хүн юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зарчимд нийцүүлж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Г-ын хувьд өөрийн өмчлөлд бүртгэлтэй өмч хөрөнгө байхгүй, тодорхой орлоготой эсэх баримт хэрэгт авагдаагүй. “Шинэ их холдолт” ХХК-д эхнэр нь ажилладаг бөгөөд уг компанийн хашаанд түр оршин сууж байгаа нь уг компанийн тодорхойлолтоор нотлогдсон. Анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийж, торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзээд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ их холдолт” ХХК-ийн чулуун үйлдвэрийн хашааны гадаа иргэн М.А-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.А-гийн “... Намайг хашаандаа байж байтал манаач хийдэг Г гэдэг залуу нэг залуутай хамт архи ууж явж байснаа ирээд хашааны хаалга нүдээд байсан. Хаалга онгойлготол “чи муу Увсын дөрвөд” гэхээр нь “чи одоо харьж амар” гэж хэлтэл намайг татаад зулгаагаад чирээд байхаар нь түлхтэл Г нь энгэрээсээ шилтэй архи гаргаж ирээд миний зүүн нүд хэсэгт цохисон. ...” /хх 22/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Г-ын “... Би тал шил архиа хувааж уух юм ярьтал дургүйцээд байхаар нь “яасан их зантай Увсын дөрвөд вэ” гэж хэлээд гартаа барьж байсан шилтэй архиараа нэг удаа цохисон. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.А-гийн биед зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10049 дугаартай дүгнэлт /хх 12-13/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээ /хх 14/, Д.Г-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Г-ын М.А-г зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 10049 дугаартай “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Д.Г нь уг торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “... Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн …биелүүлэх үүрэгтэй ...” болохыг анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Б-гийн гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/1203 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хуульд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР