Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 239

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,    

улсын яллагч О.Мөнхцэцэг,  

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,  

хохирогч Ч.Чулуунцэцэгийн өмгөөлөгч М.Цэрэндэжид,  

хохирогч Ю.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,  

шинжээч Д.Билэгсайхан, гэрч Н.Лхагвадорж,  

иргэний хариуцагч “Хаан хүнс” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр,  

шүүгдэгч Т.Наранбаатар түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хатгин овогт Төмөртогтохын Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0638 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт:    

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун урт хотод 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-71 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хатгин овогт Төмөртогтохын Наранбаатар, РД:ЛЮ83091731,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Наранбаатар нь “Хаан хүнс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Ю.Мөнхцэцэгээс мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж байсан ба 2013, 2014 онуудад “Хаан хүнс” ХХК-аас өгсөн махны төлбөрийг Ю.Мөнхцэцэгт бүрэн төлж итгэл төрүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хүнс” ХХК-д нийлүүлсэн хонь, ямаа, тэмээний махны төлбөрийг “Хаан хүнс” ХХК-аас бүрэн авч Ю.Мөнхцэцэгт төлөхдөө “манай компани мөнгөгүй болсон, орлого муу байгаа, удахгүй зээл авч төлбөрийг чинь барагдуулна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж махны төлбөрийг дутуу төлж 35.375.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр Ч.Чулуунцэцэгээс 2013, 2014 онуудад мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж төлбөрийг тухай бүр бүрэн төлж итгэл төрүүлэн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хаан хүнс” ХХК-д мах худалдан авна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж 14 тонн хонь, ямааны мах худалдан авсан боловч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлэлгүй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд буулган А.Номинчулуунд зарж борлуулан Ч.Чулуунцэцэгт 23.397.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 58.772.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Т.Наранбаатар нь “Хаан хүнс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Ю.Мөнхцэцэгээс мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж байсан ба 2013, 2014 онуудад “Хаан хүнс” ХХК-аас өгсөн махны төлбөрийг Ю.Мөнхцэцэгт бүрэн төлж итгэл төрүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хүнс” ХХК-д нийлүүлсэн хонь, ямаа, тэмээний махны төлбөрийг “Хаан хүнс” ХХК-аас бүрэн авч Ю.Мөнхцэцэгт төлөхдөө “манай компани мөнгөгүй болсон, орлого муу байгаа, удахгүй зээл авч төлбөрийг чинь барагдуулна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж махны төлбөрийг дутуу төлж 35.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь...

- хохирогч Ю.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар гэх залуу захаас ирж мах авдаг байсан юм. Тухайн үед би түүнд мах өгч байгаад танилцсан. Эхлээд Наранбаатар Хүчит шонхор захаас бэлэн мөнгөөр махаа авдаг байсан юм. Тэр нярав, жолооч нарынхаа хамт ирдэг байсан. Ингээд Наранбаатар 2013 оны намраас “бэлэн мөнгө авч явахад хэцүү байна, сүлжмэлийн үйлдвэрт байх манай компаний байранд махаа хүргэж өгч байгаач, нярав, чанар шалгагч нар махаа хүлээгээд авчихна. Харин махны мөнгийг өөрийн чинь дансанд шилжүүлж байх болно” гэж хэлсэн юм. Тэр цагаас хойш бид махаа “Хаан хүнс” ХХК-ийн байранд хүргэж өгдөг, нярав, чанар шалгагч нар нь хүлээж авдаг байсан. Мах авахдаа 2-3 хоногийн зайтай, доод тал нь хоёр тонн түүнээс дээш тэмээ, ямааны мах авдаг. Махны мөнгийг 2-3 хоногийн дотор миний өөрийн Хаан банкны дансанд Наранбаатараас гээд ордог байсан. Заримдаа хуваагаад хийдэг байсан. Ер нь 2014 оны хавраас эхлэн 33 удаагийн буюу нийт 62.687 килограмм 267.902.000 төгрөгийн тэмээ, ямааны мах нийлүүлснээс 215.975.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Үүнээс зөрүү 51.927.000 төгрөг дутуу орж ирсэн. Зөрүүгээс суутгая гэж Наранбаатар 21.807.000 төгрөгийн ямааны мах бидэнд өгсөн. 2014 онд нийлүүлсэн махны үлдэгдэл тооцоо 30.120.000 төгрөгийн авлага үүссэн. 2015 оны 9 дүгээр сард 630 килограмм 2.650.000 төгрөгийн ямааны шулсан мах нийлүүлсэн боловч мөнгийг нь өгөөгүй байна. 2015 оны авлага 7.905.000 төгрөг үүссэн. Нийт 38.025.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Наранбаатараас ямар учраас мөнгө дутуу орж байгааг асуухад “компани орлого муутай байгаа, удахгүй Хятад руу мах гаргаж зээл авна. Тэр мөнгөнөөсөө танай хохирлыг барагдуулна, захирал энэ талаар мэдэж байгаа” гэх хариулт хэлдэг байсан. Гэтэл Наранбаатар компаниас манай нийлүүлсэн махны мөнгийг бүрэн авч, миний дансанд шилжүүлэхдээ өөрөө дундаас нь авч биднийг залилсан болох нь өөрийнх нь хэлснээр болон компаний нягтлан бодох Түвшин нарын ярьснаар нотлогдож байгаа юм. Хохирлоо барагдуулж авмаар байна.../1х, хх-36-37/,.....Тухайн үед Наранбаатар мөнгөний хэрэг болоод байна, түр зуур мөнгө зээлээч гэж хэд хэдэн удаа тодорхой хэмжээний мөнгө зээлж авч байсан. Тэр нь 500.000 юм уу 1.000.000 төгрөг л байдаг байсан ба тэр зээлсэн мөнгөө буцааж төлдөг байсан. Би тухайн үед хамтарч ажиллаж байсан учраас Наранбаатарыг хувиараа мөнгө зээлээч гэхээр зээлдэг байсан. Би “Хаан хүнс” ХХК-д өгсөн махны тооцоо энэ шүү, хувийн тооцоо чинь энэ шүү гэж хар дэвтрээ үзүүлдэг байсан. Миний хохирол төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /2х, хх-148/,...Наранбаатарт яагаад мөнгө дутуу хийчихэв гэхээр “компани орлого муутай байна, удахгүй төлнө, захирал нягтлан мэдэж байгаа, манай компани зээл хөөцөлдөж байгаа. Хятад руу адууны мах гаргах гэж байгаа тэгэхээр мөнгийг чинь төлнө” гээд яваад байсан. Тэр хугацаанд байнгын харилцаатай, мах нийлүүлээд л явж байсан. Одоо нийт 38.025.000 төгрөг нэхэмжилж байна, Наранбаатар надад нэг ч төгрөг төлөөгүй...гэх мэдүүлэг /2х, хх-180/...Тэгээд 2014 оны 3 дугаар сард “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар нь Хүчит шонхор зах дээр ирж надтай уулзаад “манай компанид 3 тонн гаруй ямааны мах хэрэгтэй байна та гурван сарын хугацаатай зээлээр өгөөч, 2014 оны 6 дугаар сард манай компани мөнгөтэй болно, тэгэхээр төлбөрийг чинь төлье” гэхээр нь зөвшөөрч 3 тонн 224 килограмм ямааны махыг нэг килограммыг нь 4.600 төгрөгөөр бодож нийт 14.877.000 төгрөгийн мах өгч, уг махыг тус компаний нярав Баатар, жолооч Анхаа нар нь ачаад явсан бөгөөд үүнээс хойш 2014 оны 6 дугаар сараас эхлээд бага багаар төлж нийт 3.247.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 11.630.000 төгрөгийг төлөөгүй. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр мөн Шонхор зах дээр ирж уулзаад “манай компанид тэмээний мах нийлүүл гэхдээ нэг тохирох зүйл байна. Манай компани орлого жоохон муу байна, уул уурхайн компаниудад нийлүүлсэн буузны мөнгө орж ирэхгүй байна. Та манай компанид 20-25 сая төгрөгийн зээлтэй явж байж чадах уу” гэхээр нь “чи энэ талаараа захирал, нягтландаа танилцуулсан юм уу” гэсэн чинь мэдэж байгаа” гэхээр нь “за тэгвэл болж байна” гээд тэмээний мах нийлүүлж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1 тонн 380 килограмм махыг нэг килограммыг нь 4.500 төгрөгөөр бодож 6.210.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 тонн 567 килограмм махыг нэг килограммыг нь 4.450 төгрөгөөр бодож нийт 11.423.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3 тонн 664 килограмм махыг нэг килограммыг нь 4.400 төгрөгөөр бодож, нийт 16.112.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3 тонн 247 килограмм махыг нэг килограммыг нь 3.800 төгрөгөөр бодож нийт 12.331.000 төгрөг болоод нийт авлага 46.076.000, төгрөг болсноос 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 сая төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 9.070.000 төгрөг тус тус шилжүүлээд үлдэгдэл авлага 27.006.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 тонн 387 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож нийт 8.832.000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 тонн 32 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 14.918.000 төгрөг нийт 23.750.000 төгрөг болсон. Үүнээс 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн үлдэгдэл авлага 13.750.000 төгрөг болсон. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1 тонн 588 килограмм махыг нэг килограммыг нь 3.750 төгрөгөөр бодож 5.955.000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 тонн 492 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 5.520.000 төгрөг болсон бөгөөд нийт 11.475.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14.204.000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 10 сая төгрөгийг тус тус миний данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл нийт авлага 28.027.000 төгрөг болсон. Үүний дараа 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4 тонн 760 килограмм махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 16.660.000 төгрөг болсноос 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийг миний данс руу шилжүүлээд үлдэгдэл авлага 6.660.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 856 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож нийт 3.167.000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 4 тонн 798 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 17.752.000 төгрөг, нийт 20.919.000 төгрөгийн авлагаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 10 сая төгрөгийг тус тус шилжүүлээд үлдэгдэл 919.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар нийт авлага 35.606.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 тонн 133 килограмм махыг нэг килограммыг нь 3.600 төгрөгөөр бодож нийт 7.678.000 төгрөг болсон үүнээс 10 дугаар сарын 15-ны өдөр 10 сая төгрөгийг шилжүүлснээр нийт авлага 33.284.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4 тонн 406 килограмм махыг нэг килограммыг нь 3.550 төгрөгөөр бодож 15.867.000 төгрөг болсон үүнээс 8 сая төгрөгийг миний данс руу шилжүүлж үлдэгдэл 7.867.000 төгрөгийн авлага үлдсэн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 тонн 612 килограмм махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 9.142.000 төгрөг болсноос 5 сая төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 4.142.000 төгрөг үлдсэн. Мөн 10 дугаар сарын 25-ны өдөр 5 сая төгрөгийг миний данс руу шилжүүлж нийт авлага 40.293.000 төгрөг болж байгаа. Ингээд ямаа, тэмээний мах нийлүүлсэн нийт авлага 51.923.000 төгрөг болж байгаа. Үүнээс 2015 оны 5 дугаар сарын 20-ны үед Наранбаатар нь 21.807.000 төгрөгийн хонь, ямааны махыг надад өгөөд үлдэгдэл авлага 30.120.000 төгрөг болсон. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17 тонн 535 килограмм тэмээний махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 62.033.000 төгрөг болсноос 46.808.000 төгрөгийг буцааж аваад үлдэгдэл авлага 15.225.000 төгрөг болсон бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр 9.970.000 төгрөг данс руу шилжүүлээд үлдэгдэл 5.255.000 төгрөгний авлага үлдсэн. Одоо нийт 35.375.000 төгрөгний авлагатай байгаа, энэ мөнгийг нэхэмжилж байна. Наранбаатар надад мөнгө өгөөгүй,  гомдолтой байна. Тухайн үед “манай компани одоохондоо мөнгө муутай байна 20-25 сая төгрөгний зээлийн тооцоотой явна шүү, тэгээд боломжтой үедээ буцааж төлнө, би захиралдаа танилцуулсан” гэж хэлсэн учраас би махаа зээлээр үргэлжлүүлэн нийлүүлж байсан. Би өр авлагаа авах талаар компаний захиралтай уулзах гээд очихоор Наранбаатар уулзуулахгүй “захирал гадагшаа явсан, хуралтай байна, таны наад асуудлыг захирал мэдэж байгаа” гээд байсан. Яг өөрийн биеэр захиралтай нь уулзаж байгаагүй. Би тухайн үед Наранбаатарын найз Сайханбаярт 3.150.000 төгрөгийн ямааны шулсан мах зээлээр өгсөн байсан. Тэр мөнгийг Сайханбаяр өөрөө төлж байгаа учраас Наранбаатараас нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /2х, хх-214-215/,  

- гэрч Н.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ний менежер Наранбаатартай анх танилцсан. Тухайн үед Наранбаатар нь бэлэн мөнгөөр Хүчин шонхор захаас хонь, ямаа, тэмээний махыг бөөний үнээр авдаг байсан юм. Эхнэр Мөнхцэцэг бид хоёр бөөндөж авсан махаа Наранбаатарт зарж борлуулдаг байсан. Сүүлдээ 2014 оноос эхлэн манай үйлдвэр дээр махаа авчирч өгч байгаарай гэж тохироод үйлдвэр дээр нь махаа авчирч чанар шалгагч Даваа, Баатараа нарт хүлээлгэн өгөөд Наранбаатараас тухайн үед хэдэн килограмм мах өгснөө тооцож төлбөрөө дансаар авдаг болсон. Тухайн үед Наранбаатар махны мөнгийг Мөнхцэцэгийн дансанд бүрэн төлж байгаад сүүлдээ хагас дутуу хийгээд байхаар нь утсаар ярьж хэлэхэд “дараагийн авах махан дээрээ урьд авсан үлдэгдэл мөнгийг чинь нэмээд явуулчихнаа” гээд нэмж мах аваад байдаг байсан. Тэгээд өр нэмэгдсээр байхаар нь Наранбаатараас мөнгөө нэхэхээр “манай компани мөнгөгүй байна, удахгүй зээл аваад үлдэгдэл мөнгийг чинь төлнө, манай захирал мэдэж байгаа” гэж хэлдэг болсон. Сүүлдээ бүр мөнгө өгөхгүй болохоор нь “захиралтай чинь уулзъя” гэхээр “гадагшаа явчихсан байгаа, удахгүй ирэхээр нь уулзуулна” гэж худлаа ярьсаар өдийг хүрч байгаа юм. 2015 оны 10 дугаар сард “Хаан хүнс” компаний захиралтай нь уулзах гэтэл компаний үүдэн дээр Наранбаатар тосож уулзаад Сайханбаяр гэдэг хүнийг манай эхнэр гэж дагуулж ирээд “захирлын эхнэрийнх нь дүү” гэж танилцуулаад нөгөө хүүхэн нь Наранбаатарыг “захиралд нь хэлээд хэрэггүй, би хэлж яриад ажилтай байлгахгүй бол энэ хүн ажлаасаа халагдах болно, өр төлбөрийг нь хамт төлөлцөх болно” гэж хэлээд нотариатаар орж “үлдэгдэл төлбөрийг чинь бүрэн төлнө” гэж манай эхнэртэй гэрээ байгуулсан. Тэгээд одоо болтол өр барагдуулаагүй байгаа. Бид нар тухайн үед Наранбаатарыг залилан мэхэлж байна гэж мэдээгүй, “Хаан хүнс” ХХК-д махаа нийлүүлж байна гэж бодож байсан. Бид менежер Наранбаатартай л харьцаж махаа нийлүүлж, мөнгө төгрөгөө авдаг байсан. Махны төлбөрийг дансаар авч эхэлснээс хойш мөнгө дутуу орж ирээд байдаг болсон. Яагаад дутуу орж байгаа талаар асуухад “компани орлого муу байна, удахгүй зээл аваад мөнгийг чинь бүрэн төлнө” гэж хэлдэг байсан. Тухайн үед компани дээр махаа аваачиж өгөхөөр чанар шалгагч нярав Баатараа, Даваа нар чанарыг шалгаж хиллэж үзээд хүлээж авдаг байсан. Бид хоёр тооцооныхоо дэвтэр дээр тэмдэглэж аваад явдаг байсан. Тэр компани махны чанарыг шалгаж шулж дууссаны дараа хаягдал гологдол гарах эсэхийг үзээд дараа нь мөнгөө шилжүүлдэг байсан учир тухай бүр тооцоогоо хийж авах боломжгүй байдаг. Махны үнийг яг тодорхой мөнгөн дүн хэлэх боломжгүй. Тухайн өдөр зах зээлийн ханш нь хэдэн төгрөг байна түүгээр нь бодож тооцоо хийж өгдөг байсан. Наранбаатар дутуу төлсөн мөнгөө заримдаа төлөөд бага хэмжээний төлбөрийг үлдээгээд дараагийн мах авахдаа бүрэн төлнө гэж дутуу төлж явсаар байгаад одоо өр төлбөртэй болчихсон юм. Наранбаатар “манай компани нь Хятад улс руу бэлэн бууз гаргаад мөнгө нь орж ирэхээр өгнө, манай компани 888 төсөлд хамрагдаж байгаа. Тэндээс мөнгө орж ирэхээр төлнө” гээд худлаа яриад байсан юм байна лээ...гэх мэдүүлэг /1х, хх-44-45/,

- гэрч Ю.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар гэх залуу манай зах дээрээс ирж мах авдаг байсан. Бид хонь, ямааны мах хэд хэдэн удаа нийлүүлж байсан. Тэгээд ярьж байгаад компанийнх нь байранд махаа аваачиж өгдөг болсон. Наранбаатар Мөнхцэцэг эгчийн данс руу мөнгөө хийдэг байсан. Мөнгөний тооцоог Мөнхцэцэг эгч сайн мэдэж байгаа. Наранбаатар нийлүүлсэн махны мөнгийг дутуу хийгээд байна гэж Мөнхцэцэг эгч хэлдэг байсан. Бидэнд өгөх ёстой үлдэгдэл мөнгийг Наранбаатар төлнө барагдуулна гэж удаа дараа компанид, цагдаад битгий хэлээч гэж гуйсаар өдий хүрсэн боловч бидний хохирлыг барагдуулаагүй байна. Түүнтэй хамт эхнэр нь болох Сайханбаяр нь мөн ирж уулздаг ба Наранбаатарыг би хариуцна гэдэг. Мөн “Хаан хүнс” ХХК-ийн захирал Эрдэнэбат миний хүргэн ах гэж ярьдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-48/,

- гэрч Б.Түвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2011 оны 10 дугаар сараас эхлэн “Хаан хүнс” ХХК-д мах хариуцсан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үед Наранбаатар гэх хүн томилогдож, махны худалдан авалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. Тухайн үед Наранбаатарт мах худалдан авахуулахаар бэлэн мөнгийг цохож өгөхдөө би хоёрдугаар гарын үсгийг зурж, захирал нэгдүгээр гарын үсгийг зураад касснаас бэлэн мөнгө олгоод тэрийг Наранбаатар бэлнээр нь авч мах, худалдан аваад компаний чанар шалгагчид шалгуулаад няравт тушаадаг. Тэгээд тухайн менежер нь худалдаж авсан махны мөнгийг хоёроос тав хоногийн дотор хийж дуусгаад дараагийн худалдан авалтынхаа мөнгийг авч явдаг байсан. Манай компаний хувьд зээлээр мах авч байгаагүй дандаа мөнгө өгч махаа авдаг байсан. Наранбаатарын хувьд компанитай ямар нэгэн махны болон бэлэн мөнгөний тооцоо байхгүй, тухайн хугацаандаа авч явсан бэлэн мөнгөндөө махаа бүрэн авчраад тооцоогоо нийлж байсан учраас манай компаний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнээс гадна Мөнхцэцэг гэдэг хүн “танай компани тооцоогоо дутуу хийсэн, үлдэгдэл мөнгөө авъя” гэж нэг ч удаа ирж уулзаагүй. Бид цагдаад шалгагдаж байхад нь мэдсэн. Компаний зүгээс менежер нар цаашаа ямар хүнтэй харьцаж мах худалдан авч байгааг мэдэхгүй. Тухайн өдөр махны ханш хэдэн төгрөг байна тэр ханшаараа худалдан авалт хийгдээд орж ирж байвал тэр тооцоогоор нь бодоод тооцоогоо дуусгаж явдаг байсан. Манай компаний зүгээс Мөнхцэцэг гэдэг хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулж ажиллаагүй, өр авлага байхгүй бөгөөд худалдан авсан махны тооцоог нийлж хийж байгаагүй. Менежер Наранбаатар ямар хүмүүстэй харьцаж махаа худалдан авдаг байсныг мэдэхгүй, Мөнхцэцэг гэдэг хүнийг танихгүй. Манай менежер нарын үүрэг бол тухайн өдрийн ханшаар бэлэн мөнгөөр мах худалдан аваад няравт тушаах ёстой. Хэрвээ урд тооцоогоо дуусгаагүй менежер байх юм бол нэмж мөнгө олгодоггүй ба ямар нэгэн байдлаар тооцоог нь дуусгаж байж дараагийн бэлэн мөнгийг олгодог. 2015 оны 10 сард байх Мөнхцэцэгийн нөхөр гэх Лхагвадорж менежер Наранбаатартай хамт ирж махны худалдан авалтын үлдэгдэл дээр тооцоо нийлэхэд нийлж байна гээд гарын үсэг зураад явсан. Тухайн үед Лхагвадоржид 9.970.000 төгрөгийн зөрүү гараад тэрийг нь данс руу нь шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь менежер Наранбаатар Лхагвадоржтой тооцоо хийсэн байсан...гэх мэдүүлэг /1х, хх-50/ ...Танай байгууллагад гарган өгсөн баримтууд нь манай компаний ахлах менежер Наранбаатарын касснаас бэлнээр авсан болон компаний агуулахад тушаасан махны баримтууд, Наранбаатарын мах худалдаж авсан хүмүүс рүүгээ дансаар мөнгө шилжүүлсэн баримтууд байгаа юм. Манай компанид хуулбар үнэн гэсэн тэмдэг байдаггүй тул шууд хуулбарлаж өгсөн юм. Ер нь бол Наранбаатарыг хэн гэдэг, хэдэн харилцагчаас мах авсныг мэдэх боломж байхгүй бөгөөд тухайн өдрөө харицагч нараасаа авсан махаа нийлүүлээд бөөнд нь тушаадаг байсан учраас мах нийлүүлсэн мөнгөн дүнгээрээ кассанд тооцоо хийж байсан. Харилцагч нарыг нэг нэгээр нь салгаж тооцоо хийж байгаагүй учраас хэн хэдэн төгрөг шилжүүлсэн, хэнээс хэдэн килограмм мах авсан гэх баримтыг гаргаж өгөх боломж байхгүй. Манай компанид чанар шалгагчаар О.Оюунбаатар, Даваацэрэн гэх хүмүүс ажиллаж байгаад ажлын ачааллыг нь нэмсэн чинь “ингэж ажиллаж чадахгүй” гээд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Тэр хоёр хүн Наранбаатарын төлбөр тооцооны асуудлыг огт мэдэхгүй, ажил үүргийн хуваарь өөр байдаг. Ер нь бол Наранбаатарын авчирсан махыг Оюунбаатар хүлээж аваад шулж янзлаад Даваацэрэнд хүлээлгэж өгөөд, Даваацэрэн нь үйлдвэр рүү оруулдаг шат дамжлагаар явдаг байсан...гэх мэдүүлэг /2х, хх-149/ ...Ер нь Наранбаатарыг хэдэн харилцагчаас хэдэн төгрөгийн мах авч ирж байгааг мэдэх боломж байхгүй бөгөөд харилцагч бүрийг ялгаж салгах боломжгүй. Манай компаний зүгээс бэлэн мөнгөөр мах худалдан авдаг, зээлээр мах авч байгаагүй. Компаний зүгээс Наранбаатарыг Мөнхцэцэгээс хэдэн төгрөгний хэдэн килограмм мах авч байсныг салгаж баримт гаргаж өгөх боломжгүй. Компаний зүгээс хэн нэгэн харилцагчид өр төлбөр байхгүй. Менежер нарт бэлэн мөнгө өгч явуулан мах худалдан авахуулдаг. Манай компанид ямар нэгэн хохирол байхгүй. Мөнхцэцэг гэдэг хүн 2013 оноос хойш Наранбаатар зээлээр мах өгч байсан гэх бөгөөд тэр үед Мөнхцэцэг манай компанид өр төлбөрийн тооцоо нийлэх талаар ирж уулзаж төлбөр мөнгөний асуудлаар уулзаж байгаагүй. Наранбаатар Мөнхцэцэг хоёр хоорондоо харилцан тохиролцсон асуудал байж магадгүй. Бид сая цагдаад шалгагдах үед нь энэ талаар мэдсэн...гэх мэдүүлэг /2х, хх-163/,

- гэрч М.Сайханбаярын мөрдөн байцаалтад өгсөн:....Би Наранбаатартай хувийн харилцаа холбоо байхгүй, бид эхнэр нөхөр биш зүгээр л найзууд. 2015 оны намар байх Наранбаатар над руу залгаад “Мөнхцэцэг эгч баахан мах бөөндөөд авчихсан чинь мах нь зарагдахгүй муудах гээд байна, чи авчихаач” гэхээр нь би  “ястай мах авахгүй” гэтэл “тэгвэл шулаад бэлдээд өгье” гэхээр нь “надад агуулах сав байхгүй” гэсэн чинь “өөрсдөө зоориндоо байлгаж байя” гэхээр нь “тэг тэг” гээд бага багаар авсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын үед нийт 630 килограмм ямааны махыг авч цайны газраа хэрэглэж дуусгасан юм. Тухайн үед нэг килограммыг нь 5000 төгрөгөөр бодож нийт 3.150.000 төгрөг болсон. Тэгэхэд Наранбаатар “боломжтой үедээ мөнгийг нь өгчихөөрэй” гэсэн. Мөнхцэцэг надад бас юу ч хэлээгүй. Ер нь бол зээлээр өгсөн болохоор нь авсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сард 500.000 төгрөгийг Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн, үлдэгдлийг нь төлж дуусгана гэж бодож байгаа. Би тэр махыг авахаас өмнө Мөнхцэцэг болон түүний нөхөр Лхагвадорж нарыг таньдаг байсан. Наранбаатараар дамжуулж танилцаж байсан, ойр дотно харилцаа байхгүй. Манай төрсөн эгчийн нөхөр болох Эрдэнэбат нь “Хаан хүнс” ХХК-ийн захирал байгаа юм. Манай хүргэн ах маш чанга хатуу хүн. Би тэр хүнээс Наранбаатарыг ажлаас нь битгий халаач гэж ярьж чадахгүй. Би тухайн үед Мөнхцэцэгтэй яагаад зээлийн гэрээ байгуулж байгааг сайн мэдээгүй. Наранбаатар надад хэлэхдээ “Мөнхцэцэг эгчтэй зээлийн гэрээ байгуулах болчихлоо, чи зүгээр л гарын үсгээ зураад өгчих би өөрөө зохицуулаад мөнгийг нь төлнө” гээд байхаар нь туслах санаатай гарын үсгээ зурсан юм. Тэр үед Наранбаатарт “танай төрсөн дүү чинь байгаа биз дээ” гэсэн чинь “Мөнхцэцэг чамайг оролцуулж гэрээ хийнэ гээд байна” гээд гуйгаад байхаар нь би гэрээн дээр гарын үсэг зураад өгчихсөн юм. Тэр хоёрын хоорондын төлбөр тооцоо надад ямар ч хамаа байхгүй. Би тэр хоёр хоорондоо ямар наймаа хийж байсныг нь мэдэхгүй, ямар ч байсан махны ченж нар гэдгийг нь мэднэ. Мөнхцэцэг Наранбаатараар дамжуулан “Хаан хүнс” ХХК-д мах шахдаг байсан юм байна лээ. Миний харж байгаагаар Мөнхцэцэг Наранбаатар хоёр хоорондоо маш дотно харилцаатай эгч, дүү болсон хүмүүс л байсан. Тэр Мөнхцэцэг ашигтай болоод л Наранбаатарыг дагаад байдаг байсан байх. Би Наранбаатар болон Мөнхцэцэг нарын хувийн зан байдлын талаар мэдэхгүй, байнгын харилцаа холбоо байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-51-52/,

- гэрч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...Би “Хаан хүнс” ХХК-д 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буузны гурил элдэгчээр ажилд ороод 2013 оны 8 дугаар сард чанар шалгагч болоод ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Наранбаатарын хувьд менежер учраас харилцагч нартай махны үнэ ханшаа өөрөө ярьж тохироод бэлэн мөнгөөр худалдаж авах эрхтэй байсан. Тэгээд 2014 оны намраас мөнгө муутай байсан юм уу мэдэхгүй байна зарим тохиолдолд нэгээс хоёр хоногийн дараа мөнгийг нь шилжүүлэхээр тохирч мах авч байсан. Ер нь бол Наранбаатар хэнээс, ямар хэмжээний мах авахыг өөрөө мэддэг байсан учраас харилцагч нар Наранбаатартай л харьцдаг байсан. Мөнхцэцэг гэх хүнийг манай компанид мах тушааж байсан харилцагч гэдгээр нь танина. Махны ченж нар Наранбаатартай л харьцаж махаа их хэмжээгээр шахдаг байсан байх...гэх мэдүүлэг /2х, хх-164/,

- гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн:...Наранбаатар нь манай компанид анх 2009 онд байх няравын ажилд ороод 3 жил орчим ажиллаад хангамжийн менежерийн ажилд томилогдож байсан шиг санаж байна. Манай компаний хувьд 200-300 орчим ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг учраас Наранбаатартай өдөр тутам харьцаж байгаагүй. Би Мөнхцэцэг гэх хүнийг танихгүй, надтай уулзаж байгаагүй. Наранбаатарыг манай компанид ажиллаж байх хугацаанд Наранбаатарын талаар ямар нэгэн гомдол, санал, төлбөр тооцооны асуудлаар санал, гомдол тавьж байсан хүн байхгүй. Мөн сар бүр санхүүгийн тайлан гардаг учраас харилцагч нарт төлбөр тооцооны асуудал байвал тухай бүр нь шийдвэрлэж өгдөг байсан. Тийм учраас Наранбаатарын хувьд ажлаас гартал мөнгө санхүүгийн талаар ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Манай компаний хувьд өдөр тутмын махыг бэлэн мөнгөөр худалдаж авдаг. Тухайн үед санхүүгийн хүндрэлд орсон зүйл байхгүй, харин ч борлуулалт сайтай, боломжийн ашигтай ажиллаж байсан. Наранбаатар Мөнхцэцэг гэх хүнд мөнгийг нь дутуу төлж байгаа талаар хэлээгүй. Наранбаатарыг сүүлд ажлаас гарсны дараа цагдаад шалгагдаж байна гэдгийг мэдээд харилцагч нарт төлбөр тооцоо дутуу хийж явсан гэдгийг мэдсэн. Тэр Мөнхцэцэг гэх хүн үнэхээр төлбөр тооцоогоо дутуу аваад байсан юм бол яагаад энэ талаар компаний удирдлагуудад хандаагүй юм. Тэр хүнийг ажлаас гарсны дараа энэ асуудлыг сөхөж гаргаж ирснийг ойлгохгүй байна. Би Сайханбаярыг танина, манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Гэхдээ би Сайханбаяртай ажил төрлийн асуудал огт ярьж байгаагүй. Бараг уулзаад байдаггүй. Наранбаатар Сайханбаяр хоёрыг ямар харилцаатайг мэдэхгүй...гэх мэдүүлэг /2х, хх-218-219/,

- хохирогч Ю.Мөнхцэцэг, шүүгдэгч Т.Наранбаатар нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /2х, хх-249-250/,

- хохирогч Ю.Мөнхцэцэгийн хохирлын тооцоо бүхий баримт /1х, хх-230-244/,

- М.Сайханбаяраас Ю.Мөнхцэцэгт ямааны махны үнэ болох 2.650.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэх баталгаа /1х, хх-245/

- Т.Наранбаатарыг ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ /1х, хх-186-190/,

- “Хаан хүнс” ХХК-ний ахлах менежерийн ажлын байрны тодорхойлолт /2х, хх-186-187/,

- “Хаан хүнс” ХХК-ний хангамжийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /2х, хх-188/,

- “Хаан хүнс” ХХК-ийн албан бичиг, санхүүгийн баримтууд /2х, хх-1-133/,

- “Хаан хүнс” ХХК-ний 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай: Манай компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, бэлтгэн нийлүүлэгчээс махны худалдан авалтыг худалдан авалт хариуцсан хангамжийн менежерээр дамжуулан хийдэг бөгөөд иргэд, бэлтгэн нийлүүлэгчидтэй компаний зүгээс гэрээ байгуулан ажилладаггүй болно. Иймээс иргэн Ю.Мөнхцэцэгийн нийлүүлсэн махны тоо хэмжээг тусгайлан гаргах боломжгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Махны төлбөрийг манай компани менежертэйгээ тооцоо нийлж бэлэн мөнгө гарган, менежер нь нийлүүлэгчидтэйгээ тооцоогоо хийдэг... гэх тайлбар, хавсралт /1х, хх-192-229/,

- Пантер Мидланд аудит ХХК-ийн:...”Хаан хүнс” ХХК-ийн тайлан бүртгэл, худалдан авалтын зураглал буюу циклээс харахад тус компани нь бэлтгэн нийлүүлэгч, харилцагч нэг бүртэй шууд харьцдаггүй бөгөөд компаний ахлах менежер хариуцан ажилладаг байсан тул иргэн Мөнхцэцэг, Чулуунцэцэг нарын нэр дээр харилцагчийн авлага, өглөгийн бүртгэл хөтлөөгүй байна...Ахлах менежер нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, худалдан авсан махаа өөрийн нэрээр агуулахад тушааж, нягтлан бодогчтой тооцоо хийдэг байсан байна... Иймээс дээрх иргэд хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн мах нийлүүлснийг тогтоох боломжгүй  байна...”Хаан хүнс” ХХК нь Т.Наранбаатарын нэр дээр үүсгэсэн харилцагчийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлээс үзэхэд ямар нэг өглөг, авлагын тооцоогүй байна....гэх дүгнэлт /2х, хх-236-238/,

- шүүгдэгч Т.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байх “Хаан хүнс” ХХК-д ажилд ороод 2011 оны 9 дүгээр сард хангамжийн менежер болоод том захууд дээр ажилладаг махны ченж болон орон нутгаас орж ирж байгаа махыг хувь хүмүүсээс бэлэн мөнгөөр худалдан авч компанидаа нийлүүлэн ажиллаж эхэлсэн. Тухайн бүр нь махныхаа тооцоог хийж, тооцоо нийлж ямар нэгэн төлбөр тооцоогүй ажиллаж байсан. 2013 онд Дэнжийн 1000-ын махны ченж гэх Мөнхцэцэгтэй танилцаж хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээд тухайн үед Мөнхцэцэгээс авсан махыг компанидаа нийлүүлж Мөнхцэцэгтэй тооцоо хийхдээ заримдаа зуун хувь өгөөд, заримдаа дутуу төлж, үлдэгдэл мөнгийг дараа өгье гээд би өөртөө зарцуулдаг байсан. Компаниас махны мөнгийг бүрэн авч, Мөнхцэцэгт өгөх мөнгөнөөс дундаас нь авч хэрэглэдэг байсан. Гэхдээ тэр үед нь Мөнхцэцэгт хэлж тодорхой хэмжээний өөрт хэрэгтэй байсан мөнгөө авч үлддэг байсан. Би хэрэгцээтэй үедээ Мөнхцэцэгтэй яриад мөнгө зээлдэг байсан. Тэгж явсаар байгаад одоо 38.025.000 төгрөгийн өртэй болсон. Үүнээс манай найз Сайханбаяр 2.650.000 төгрөгийн мах аваад өгөөгүй байгаа гэсэн юу болсныг мэдэхгүй байна. Энэ 2.650.000 төгрөгийг тэр 38.025.000 төгрөгнөөс хасаж тооцох ёстой. Тэгээд намайг ажлаас гарангуут энэ асуудлыг шалгуулсан юм. 2015 оны 10 дугаар сард Мөнхцэцэгийн хүсэлтээр 30.120.000 төгрөгийн өрөндөө зээлийн гэрээ байгуулъя гээд 1 жилийн хугацаатай харилцан тохирч байгуулсан юм. Мөн 2015 оны 10 дугаар сард 15.255.000 төгрөгийн махыг Мөнхцэцэгийн нөхөр Лхагвадоржоос худалдан аваад 9.970.000 төгрөгийг нь Лхагвадорж руу шилжүүлээд үлдэгдэл 5.255.000 төгрөгийг нь би аваад хувьдаа зарцуулсан юм. Ингээд би одоо Мөнхцэцэгт нийт 35.375.000 төгрөгийн өртэй. 2.650.000 төгрөгийг Сайханбаяр төлөх ёстой. Би Сайханбаяртай найз нөхдийн холбоотой байдаг. Ямар нэгэн гэр бүлийн харьцаа байхгүй. Энэ нийт учирсан хохирлыг бөөнд нь аваагүй 2013 оноос хойш хуримтлагдсан өр. Харин компаниас Мөнхцэцэгт өгөх махны мөнгийг бүрэн аваад би цааш нь Мөнхцэцэгтэй тооцоо хийдэг байсан учраас компаний зүгээс ямар нэгэн тооцооны дутагдал гардаггүй байсан. Компаниас бэлэн мөнгө авч гараад, мөнгөндөө тааруулж мах аваад, авсан махаа компанид бүрэн тушаадаг байсан учраас компаний зүгээс ямар нэгэн махны зөрүү тооцоо дутахгүй бүрэн нийлж явдаг байсан. Тухайн үед нийлүүлж байгаа махны ханшийг Мөнхцэцэг мэддэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-65-67/,...Миний хувьд компанид ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нараас мах авч компанид нийлүүлж байсан нь үнэн. Би тухайн үед Мөнхцэцэгтэй харилцан тохирч тооцоо нийлж байсан бөгөөд зарим үед компаниас өгсөн мөнгөнөөс Мөнхцэцэгт дутуу төлж, тэр мөнгийг хувьдаа ашиглаж байсан. Гэхдээ энэ талаар Мөнхцэцэгт өөрт нь тооцоон дээрээ тэмдэглэж байгаарай мөнгийг чинь дутуу шилжүүлсэн байгаа гэж хэлдэг байсан. Тухайн үед Мөнхцэцэг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод явж байсан. Энэ өр төлбөр бол 2013 оноос эхлэн 2015 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд бага багаар хуримтлагдаад нийт 38.025.000 төгрөг болж байгаа юм. Тухайн үед би Мөнхцэцэгт өгөх ёстой махны мөнгөнөөс заримдаа хоёр сая төгрөг заримдаа 500.000 төгрөг гэх мэт авч явсаар байгаад өр хуримтлагдсан юм. Тэгээд бид энэ төлбөрийг барагдуулах талаар гэрээ хийж харилцан тохирч баталгаажуулсан боловч би хугацаанд нь төлж чадаагүй. Би энэ мөнгийг бөөнд нь авсан зүйл байхгүй. Мөн Цэрэнсамбуу гэх хүнээс хонь, ямааны мах худалдан аваад мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд дутуу шилжүүлсэн. Тэр хүнд 23.397.000 төгрөгний өртэй бөгөөд оронд нь найз Энхболорын хашаа байшинг нэр дээр нь шилжүүлж өгөөд өрөө төлсөн байгаа. Одоо Цэрэнсамбуу гэх хүнтэй ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй гэж бодож байна. “Хаан хүнс” ХХК-д миний зүгээс өр төлбөрийн асуудал огт байхгүй. Би тухайн үед Мөнхцэцэгт өгөх ёстой махны төлбөрөөс аваад хоол унд, байрны түрээсээ төлж хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Тэр үед Чингэлтэй дүүрэгт хоёр өрөө байр түрээсэлж сард 700.000 төгрөг төлж байсан. Би сард нэг сая төгрөгний цалинтай байсан. Ганц бие амьдарч байсан тул найз нөхөдтэйгээ нийлээд хааяа наргиж, цэнгээд явдаг байсан. Тэр болгонд Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нарт мөнгийг нь дутуу төлж явсан. Миний хувьд явцын дунд өрөө төлж барагдуулна гэж бодож байтал компаний зүгээс энэ асуудлыг мэдээд намайг ажлаас халчихсан. Би Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нарт учруулсан хохирлын мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /2х, хх-182-183/...Би 2013 онд Мөнхцэцэгээс нийлүүлсэн махны мөнгийг бүрэн төлж байгаад 2014 оны 3 дугаар сараас эхлэн төлбөрийг дутуу төлж эхэлсэн бөгөөд тэр үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж, зарцуулж байсан. Яг юунд зарцуулж байснаа санахгүй байна. Өрөө буцааж төлж чадаагүй явсаар өр хуримтлагдаж нийт өр 35.375.000 төгрөг болсон. Энэ өрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 3 дугаар сараас эхлэн Мөнхцэцэгийн нийлүүлж байсан махны төлбөрийн үлдэгдэл төлбөрийн хувьдаа ашиглаад өр, авлага үүсэж эхэлсэн учраас Мөнхцэцэгт худлаа хэлж, хугацаа хожиж, хуурч мэхлэж байсан нь үнэн... /2х, хх-220-221/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  мөн

Шүүгдэгч Т.Наранбаатар нь Ч.Чулуунцэцэгээс 2013, 2014 онуудад мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж төлбөрийг тухай бүр бүрэн төлж итгэл төрүүлэн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хаан хүнс” ХХК-д мах худалдан авна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж 14 тонн хонь, ямааны мах худалдан авсан боловч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлэлгүй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд буулган А.Номинчулуунд зарж борлуулан Ч.Чулуунцэцэгт 23.397.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :...  

- хохирогч Ч.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2013 оны 11, 12 сард мах бэлтгэлийн үеэр би Улаанбаатар хотод ирж “Хаан хүнс” ХХК-д хандаж “Өвөрхангай аймгийн малчдын хоршооноос мах борлуулж байна” гэх санал тавихад “манай байгууллагын мах бэлтгэлийн менежер Наранбаатар гэж залуутай 91911538 дугаарын утсаар холбогдоорой” гэж хэлсэн. Тэгээд Наранбаатартай ярьж үнэ хөлсөө тохирон “Хаан хүнс” ХХК-д мах нийлүүлсэн. 2013 оны 11, 12 сараас 2014 оны 11 дүгээр сарын хооронд нийт 3 удаа Наранбаатараар дамжуулан “Хаан хүнс” ХХК-д мах бэлтгэж нийлүүлэн үнэ хөлсөө цаг алдалгүй найдвартай авч байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний үеэр Наранбаатарын 91911538 “ажлаа хийж байгаа юу” гэж асуухад “хийж байгаа” гэхээр нь “ямар мах бэлтгэж байна, мах авч байгаа юу” гэхэд “Хаан хүнс” ХХК нь хонь, ямааны мах авч байна. Хонины мах 2800 төгрөг, ямааны мах 2200 төгрөгөөр авч байна” гэхээр нь би “манай хоршоонд хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах байна” гэж хэлэхэд “манай байгууллага авъя, та зарахаар бол яриарай” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Цэрэнсамбуутай ярилцаад Наранбаатарт хонь, ямааны махаа зарахаар болоод зарсан мөнгийг нь хэзээ гаргаж өгөх талаар асуухад “мөнгө нь бэлэн байгаа 2-3 тонн хонины махны мөнгө дутах байх, би танд долоо хоногийн дотор үлдэгдэл 2-3 тонн хонины махны мөнгийг шилжүүлнэ” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах тээвэрлэн ирээд Наранбаатар руу өглөөний 08 цагийн үед залгаж “Улаанбаатар хотод ирчихлээ, махаа хаана, ямар агуулахад буулгах вэ, танай байгууллагын Амгаланд байдаг агуулах уу?, компанийнхаа хашаанд авах уу” гэж асуухад “манай компани хашаандаа байдаг агуулахаа түрээсэлдэг байснаа болиод Сонгинохайрхан дүүргийн Толгойтод хувийн мах бэлтгэдэг газруудаар бэлтгүүлдэг болчихсон болохоор Толгойтод танай махыг аваачиж буулгана” гэж хэлээд “намайг Толгойтын орчим хүлээж бай” гэсэн. Тэгээд Толгойт руу мах ачсан машинаа явуулаад Наранбаатартай уулзахаар “Хаан хүнс” ХХК-ний гадаа очоод хүлээж байтал Наранбаатар 82-42 УНИ улсын дугаартай Ниссан Сани загварын жижиг машинтай ирээд “Хаан хүнс” ХХК-руу оролгүй манай нөхөр бид хоёрыг аваад Толгойт руу явсан. Толгойтод Бийлэг хүнс нэртэй мах боловсруулах үйлдвэрийн хашаанд байх 40 тоннын хоёр чингэлэгт хонь, ямааны махаа ялгаж хиллээд тус тусад нь буулгасан. Тэгээд уг махыг Номин гэж залуу ажилчдынхаа хамт хүлээн авсан. Тэгээд би махаа хиллээд тоолж тооцоо хийж хүлээлгэж өгч байхад Наранбаатар Номин нар нь хоорондоо машин дотор сууж маш удаан юм ярьж сүүлдээ дарс уугаад манай нөхөр Цэрэнсамбууг дуудаад “бид нар олон жилийн танил хүмүүс бид сайн түншүүд гэж Номинг танилцуулж байсан. Танилцуулж байхдаа “Номин нь мах нийлүүлж борлуудаг хүн, та сайн танилцаад ав” гэж манай нөхөртэй Номинг танилцуулахаар нь бид Наранбаатараас “танай Хаан хүнс ХХК аваагүй юм уу, энэ Номин гэх залуу худалдан авч байгаа юм уу, чи тооцоо хийх юм уу, Номин тооцоо хийх юм уу” гэж асуухад Номин гэж залуу “бид махны тооцоог Наранбаатар руу шилжүүлнэ, Наранбатар та нартай тооцоогоо бодно” гэхэд Наранбаатар “тэгнэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр гэрээ хийгээгүй, гарын үсэг ч зуруулж авалгүй салсан. Тэгээд Наранбаатар Номин нар дарсаа уугаад байж байгаад мах буулгаж дуусаагүй байхад махаа буулгаж өгөөд дансныхаа дугаарыг миний утас руу явуулаарай гэж хэлэхээр нь би нийт 15 тонн мах буулгаж байхад Бийлэг хүнс ХХК-ний захирал Цэнгэлмаа гэж эмэгтэй “та нар Наранбаатарыг сайн таних юм уу, наад залуу чинь манай компанид танай махыг нийлүүлнэ гэж ярьж байсан, одоо яагаад Номинд өгөх болсон талаар мэдэхгүй байна. Номин гэж залууд Наранбаатар 4 сая төгрөгний өртэй шүү дээ, бас манай дүү Дариад Наранбаатар 18 сая төгрөгний өртэй” гэж надад хэлж байсан. Би тухайн үед юм бодолгүй хонь, ямааны махаа үлдээгээд явсан. Маргааш нь Наранбаатар руу залгаж “хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах буулгасан шүү, хонины мах килограмм нь 2700 төгрөг, ямааны мах килограмм нь 2200 төгрөгөөр тооцож нийт 38.397.000 төгрөг боллоо шүү мөнгийг нь миний дансанд хийгээрэй” гэж хэлээд Наранбаатарын 91911538 дугаарт дансныхаа дугаарыг явуулсан. Тэгэхэд Наранбаатар “мах хүлээн авсан баримтыг үзлээ, тийм байна, ажлаа зохицуулаад нутаг руугаа буцдаа” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг миний дансанд хийчихээд “Номин махны мөнгийг шилжүүлээгүй байна, мөнгө орж ирэхээр үлдсэн мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотод ирээд Наранбаатартай Нарантуул-2 зах дээр уулзахад “өнөөдөр таны мөнгийг өгнө, хамгийн сүүлийн өдөр өнөөдөр” гэж хэлээд алга болоод утсаа авахгүй байсан. Утсаа авахаараа хуралтай байна, ажил ихтэй байна, ажил явдал гарлаа, эргээд залгая гэх шалтгаанаар надаас зугтааж байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Улаанбаатар хотод ирээд “Хаан хүнс” ХХК дээр очиж “танай компанид мах нийлүүлсэн, нийлүүлсэн махныхаа мөнгийг авъя” гэхэд “танай махыг манай компани аваагүй, Наранбаатартай өөртэй нь ярь” гэсэн тэгээд Наранбаатарыг дуудаж ирүүлсэн. Наранбаатартай уулзахад “мөнгө нь орж ирэхгүй байна, Номин надад мөнгө шилжүүлээгүй байна” гэсэн. Номинтой холбогдоход “Наранбаатарт мөнгийг нь шилжүүлээд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд Наранбаатарыг ямар нэгэн баталгаа гаргаж өг, чамаас одоо мөнгөө автлаа салахгүй гэхэд Наранбаатар баталгаа гаргаж өгье гэхээр нь Драгон төв дээр байдаг нотариат дээр очиж, худалдах, худалдан авах гэрээ хийгээд нийт 23.397.000 төгрөгийн үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгнө гэж гарын үсэг зурж, баталгаажуулсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Наранбаатарт итгээд Өвөрхангай аймаг руу буцсан. Наранбаатартай уулзаагүй, утсаа тасдаад холбоо барихгүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Цэрэнсамбуу Улаанбаатар хотод ирж Наранбаатартай уулзахад “Номингоос мөнгөө аваад үрчихсэн, одоо мөнгө байхгүй, хугацаа өгөөч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг чинь бүрэн төлнө” гэж хэлээд алга болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл гар утас нь холбогдохгүй сүүлдээ утсаа авахгүй байхаар нь Наранбаатарын эхнэр Сайхнаа гэж эмэгтэйтэй 9999-9812 дугаарын утсаар холбогдож “танай нөхөр Наранбаатарт мах зараад залилууллаа төлж өгөөрэй” гэхэд “Наранбаатараас салсан, надад хамаагүй, чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу” гээд уурлаж байгаад утсаа тасалсан. Тэгэхэд Наранбаатар манай нөхөр рүү залгаж “надаас мөнгө олж авахыг чинь харнаа” гэж хэлсэн байсан. Би гомдолтой байна хохирол болох 23.397.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1х, хх-39-43/,...Тухайн үед би нөхөр Цэрэнсамбуугийн хамт хонь, ямааны мах аваад хот руу “Хаан хүнс” ХХК-ний борлуулалтын ажилтан Наранбаатартай утсаар ярьж тохироод авчирч өгсөн. Тэр үед 15.026 тонн хонь, ямааны мах нийлүүлсэн бөгөөд нийт 38.397.000 төгрөг болсон. Түүнээс 15.000.000 төгрөгийг бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг удахгүй явуулна гэж тохироод нөхөр бид хоёр буцсан. Тэгээд мөнгө шилжүүлэхгүй болохоор нь нөхөр бид хоёр хот руу буцаж ирээд Наранбаатартай уулзаж мөнгөө авах гэсэн чинь “удахгүй өгнө, итгэхгүй бол гэрээ хийе” гэж хэлээд бид мөнгөө олж авахын тулд гэрээ байгуулсан. Ер нь бол тухайн үед Наранбаатарт авчирсан махаа зарсан боловч Номинчулуун гэх хүн манай махыг хиллэж хүлээн авсан. Тэр хоёр хоорондоо ямар учиртайг мэдэхгүй. Би тэр Номинчулуун гэх хүнийг танихгүй тэр өдөр л уулзсан. Нөхөр бид хоёр урьд нь “Хаан хүнс” ХХК-д 2-3 удаа мах нийлүүлж байсан. Тэгээд Наранбаатарыг танидаг болсон. Одоо Наранбаатараас 23.397.000 төгрөг авах ёстой бөгөөд тэр мөнгөнийхөө оронд хашаа байшингаа барьцаанд өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /2х, хх-147/ ... Наранбаатар надад 23.400.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд би өрнийхөө оронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-17а тоот 51.85 метр квадрат талбайтай хувийн хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байгаа. Наранбаатарыг 23.400.000 төгрөгөө төлсөн тохиолдолд нэрийг буцаан шилжүүлж өгнө гэж бичгээр хэлцэл хийсэн. Төлөхгүй бол би тэр хашаа байшинг худалдан борлуулж, хохирлоо барагдуулна. Би хохирлоо бэлэн мөнгөөр авмаар байна, гомдолтой байна...гэх мэдүүлэг /2х, хх-181/ ... Наранбаатар надад 23.400.000 төгрөгний өртэй байсан бөгөөд өрнийхөө оронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-17а тоот 51.85 метр квадрат талбайтай хувийн хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байгаа. Наранбаатарыг 23.400.000 төгрөгөө төлсөн тохиолдолд нэрийг буцаан шилжүүлж өгнө гэж бичгээр хэлцэл хийсэн байсан. Тэгтэл Наранбаатарын найз гэх Энхболор нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба би энэ асуудлаар иргэний шүүхэд давж заалдаж байгаа одоогоор шийдвэр нь гараагүй байна. Тухайн үед Наранбаатартай утсаар яриад “танай компани мах худалдан авч байгаа юу” гэсэн чинь “авч байгаа” гэхээр нь мах хөдөөнөөс ачиж ирсэн. Тэгтэл миний махыг “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд буулгаад Номинчулуун гэх хүний хамт хүлээн авч байхад Наранбаатарыг Номинчулуун гэх хүнд зарж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед Номинчулуунтай танилцаад “хэн нь миний махыг аваад байгаа юм бэ, төлбөрийг нь хэн өгөх юм бэ” гэсэн чинь “таны махны мөнгийг Наранбаатар өгнө, та Наранбаатартай тооцоогоо хийгээрэй” гэж хэлсэн. Би өмнө нь Наранбаатарт 3 удаа хонь, ямааны мах нийлүүлж байсан бөгөөд тухайн үед нь төлбөрийг нь бүрэн авч байсан. Яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд, ямар хэмжээтэй мах нийлүүлж байснаа одоо санахгүй байна. Миний хувьд Наранбаатараас хохирлынхоо оронд хашаа байшинг одоогийн байдлаар авсан байгаа. Би Наранбаатараас бэлэн мөнгөө авмаар байна, гомдолтой байна...гэх мэдүүлэг /2х, хх-216/,

- гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Ч.Чулуунцэцэг гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгаас мах, аарц, түүний эд хот хооронд тээвэрлэж танилцсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чулуунцэцэгийн түүхий эд авдаг хашаанд байх агуулахаас хонь, ямааны нийтдээ 15 тонн гаран махыг 48-02 УНУ улсын дугаартай Хино загварын ачааны машинд ачиж Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед орж ирээд Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрогт очоод мах худалдан авах хүнийг 11 цаг хүртэл хүлээж байгаад гаднаа хаяггүй хойшоо харсан мах боловсруулдаг үйлдвэр бололтой саарал сэндвичин байшинтай хашаанд очиж 40 тоннын хоёр чингэлэгт хонь, ямааны махыг тус тусад нь буулгаж байсан. Ч.Чулуунцэцэгээс хэн гэж хүн мах авсныг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-57/,

- гэрч М.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:....Наранбаатар бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх Наранбаатар надаас 12.137.000 төгрөгийн 5 тонн 58 килограмм тэмээний мах худалдаж аваад төлбөрийг нь хийгээгүй, зээлээр авсан байсан юм. Тэгээд манай найз Номинчулуун Наранбаатараас хонь, ямааны мах аваад төлбөрийг нь хийх үед би тэр мөнгөнөөс нь тэмээний махны мөнгийг суутгаж, бүрэн авсан. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Би тэр үед Номинчулуунд бас 9.500.000 төгрөгний өртэй байсан бөгөөд Наранбаатараас мөнгөө аваад Номинчулуунд өрөө төлсөн юм. Би тухайн үед Наранбаатар Номинчулуун хоёрыг хаанаас, хэнээс мах авч байгааг нь мэдээгүй, тэр мах зарсан хүмүүсийг танихгүй. Би Наранбаатарт зарсан тэмээний махны мөнгөний оронд тэр хонь ямааны махнаас нь суутгаж аваад Номинчулуунд өрөө төлсөн. Өөр надад мэдэх юм байхгүй. Тухайн үед Номинчулууны авсан махнаас 2 тонн орчмыг авч яваад зах дээр борлуулаад мөнгийг нь Номинчулуунд өгсөн. Бусад махаа Номинчулуун өөрөө авч үлдсэн...гэх мэдүүлэг /2х, хх-151/,

- гэрч Д.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Миний ажил үүргийн хуваарь бол захиалгын дагуу орж ирж байгаа махыг жинлэж хүлээн аваад нийт хэдэн килограмм мах авсныг бодож гаргаад нягтландаа тоо хэмжээг нь тайлан хэлбэрээр гаргаж өгдөг байсан. Би мах нийлүүлдэг хүмүүсийг зүс л мэдэхээс сайн танихгүй. Наранбаатар мах худалдаж аваад харилцагч нарыг үйлдвэр рүү явуулдаг байсан. Оюунбаатар махны чанарыг шалгаж авдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,

- гэрч Ш.Цэрэнсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тэгээд 2015 оны 12 дугаар сард Наранбаатартай утсаар яриад “мах авч байгаа юу” гэсэн чинь “авч байгаа, мах байвал аваад ир” гэхээр нь эхнэр бид хоёр хонины гулууз 499 ширхэг буюу 10 тонн 681 килограмм, ямааны мах 4 тонн 345 килограмм мах худалдаж аваад хот руу тээвэрлэж ирээд Наранбаатартай утсаар ярьсан чинь “Бийлэг хүнс ХХК-ний хашаанд аваад ир” гэхээр нь тэнд нь яваад очтол Наранбаатар нэг залуугийн хамт авчирсан махыг хиллэж хонины мах нэг килограммыг нь 2800 төгрөгөөр, ямааны мах нэг килограммыг нь 2200 төгрөгөөр бодож нийт 38.397.000 төгрөг болсон бөгөөд “мөнгийг чинь маргааш дансаар чинь шилжүүлнэ” гэж хэлээд төлбөр тооцоо хийгээгүй. Тэгээд маргааш нь манай эхнэрийн дансаар 15.000.000 төгрөг шилжүүлсэн байхаар нь үлдэгдэл мөнгийг нь хэзээ шилжүүлэх юм бэ гэхэд “удахгүй” гээд алга болсон. Одоо Наранбаатар бид хоёрт 23.397.000 төгрөг өгөх ёстой бөгөөд уг төлбөрийн оронд найзынхаа хашаа байшинг барьцаанд тавьж, гэрчилгээг нь манай эхнэрийн нэр дээр шилжүүлсэн. Одоо би тэр барьцаанд авсан хашаа, байшинг зарж үлдэгдэл төлбөрөө авах санаатай байна...гэх мэдүүлэг /2х, хх-217/,

- Хаан банкны депозит дансны хуулга. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ч.Чулуунцэцэгийн 5561051868 дугаартай дансанд 5135176929 дугаартай данснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1х, хх-83/,

- шүүгдэгч Т.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:... Би “Хаан хүнс” ХХК-д 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс няраваар ажилласан. Цэрэнсамбуу гэх хүнтэй 2014 онд танилцаж Хаан хүнс ХХК-д мах худалдан авч мөн би Дэнжийн 1000-н зах дээр зарж мөнгийг нь тухай бүрт нь Цэрэнсамбууд өгдөг байсан. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Цэрэнсамбуу 94000988 дугаарын утаснаас миний 91911538 дугаарын утас руу залгаж “хонь, ямааны мах байна, мах авч байгаа юу” гэж асуухаар нь “манай компани мах авахгүй байна, өөр газар зарж өгч болно, та үнийн саналаа надад өгчих” гэхэд "дундаж үнэ харж байгаад хэлье” гэхээр нь “та надад өгөхөөр бол залгаарай” гэж хэлчихээд утсаа салгасан. 2015 оны 12 дугаар сарын эхээр Цэрэнсамбуу над руу залгаж “махаа чамд өгөхөөр боллоо” гэхээр нь “хонины гулууз мах дундаж нь 22 килограмм бол нэг килограммыг нь 2200 төгрөгөөр тооцож авахаар байна. Тодорхой хэмжээний махыг зээлээр авна шүү. Та зөвшөөрөөд махаа зарахаар болбол ирэхээсээ хоёроос гурав хоногийн өмнө мэдэгдээрэй, мах буулгах газраа олох хэрэгтэй” гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний үед “мах өгөхөөр боллоо” гэж хэлэхээр нь “Бийлэг хүнс” ХХК-ний Номинчулуун гэх хүнд Цэрэнсамбуугийн махыг зарахаар болсон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Цэрэнсамбуу “Улаанбаатар хотод ирчихлээ, махаа хаана буулгах вэ” гэхээр нь би “Сонгинохайрхан дүүрэгт Толгойт гэх газар байх “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд буулгана” гэж хэлээд Орбитын тойргоос хойшоо Найрамдал зуслан явах замаас мах ачсан машиныг дагуулаад “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд очиход Номинчулуун болон мах буулгах грушигүүд байсан. “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд байх 40 тоннын чингэлэгт махыг буулгасан. Мах буулгахад Номинчулуун, Мөнхбаатар нар Цэрэнсамбуу түүний эхнэр нараас тоолж хүлээж авсан. Би Цэрэнсамбуугаас хонины 10861 килограмм, ямааны 4354 килограмм мах авч, нийтдээ 38.397.700 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хоёр хоногийн дараа махны мөнгө болох 15.000.000 төгрөгийг Цэрэнсамбуугийн эхнэр Чулуунцэцэгийн данс руу шилжүүлэхэд “үлдэгдэл 23.397.000 төгрөгийг яасан” гэж асуухаар нь “удахгүй явуулна” гэж хэлсэн. Номинчулуунаас үлдэгдэл 23.397.000 төгрөгийг би авсан. Авахдаа Номинчулууны данснаас Батзориг гэж махны ченж рүү 8.000.000 төгрөгийг шилжүүлээд Мөнхбаатар гэх ченжид 8.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор Мөнхбаатарт өгчихөөрэй гээд тэгээд үлдэгдэл мөнгө болох 7.397.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад хоёроос гурван удаа бага хэмжээний мөнгөөр архи уусан. Үлдэгдэл мөнгийг нь юунд зарцуулаад дуусгасанаа санахгүй байна. Би Цэрэнсамбууд “Хаан хүнс” ХХК мах худалдан авахгүй байгаа гэж хэлсэн. “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд мах буулгаж дуусаагүй байхад Номинчулуун гэх хүнд өгч байгаа гэж Цэрэнсамбууд хэлэхэд надад юм хэлээгүй. Зээлээр авах махны мөнгөний тооцоо болон хугацааг тохироогүй. Номинчулуунд хонины мах нэг килограммыг 2600 төгрөгөөр, ямааны махыг 2200 төгрөгөөр тооцож зарсан. Би дундаас нь мөнгө унагаагаагүй. Номинчулуунд мах олж өгсөн гэж 150.000 төгрөг авсан. Номинчулуун мах худалдан авсан мөнгө гэж нийт 38.397.000 төгрөг өгөхөөр болоод надад 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөнгө өгөх гэхээр нь би Номинчулууны данснаас Цэрэнсамбуугийн эхнэрийн данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн мөн 8.000.000 төгрөгийг Батзориг гэх махны ченжид өртэй байсан болохоор шилжүүлсэн. Мөнхбаатар ахад 8.000.000 төгрөгийн өртэй байгаа та өгчихөөрэй гэж Номинчулуунд хэлж үлдээгээд үлдэгдэл 7.397.700 төгрөгийг Номинчулуунаас бэлнээр аваад юунд зарцуулснаа санахгүй байна үрээд дуусгасан. Би одоо ажилгүй байгаа, Цэрэнсамбууд төлөх ёстой 23.397.000 төгрөгийг Цэрэнсамбуутай тохиролцоонд хүрч сар сард нь тодорхой хэмжээгээр төлж барагдуулах боломжтой байна. Цэрэгсамбуутай 23.397.000 төгрөгийг төлнө гэж 2015 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ Драгон төвийн гурван давхарт байх нотариатын газар гэрээ хийж батлуулсан. Цэрэнсамбуу Номинчулуун нар нь “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд мах буулгаж байхад танилцсан.../1х, хх-68-72, 2х, хх-152, 2х, хх-220-221/...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд компанид төлөх өр төлбөр байхгүй. Би Мөнхцэцэг, Чулуунцэцэг нарт учруулсан хохирлын мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.../2х, хх-244-24, 3х, хх-26-27/ гэх мэдүүлэг,

- “Пантер Мидланд” аудит ХХК-ийн:...аудитын дүгнэлт /2х, хх-236-238/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд Т.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас нийт 58.772.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийхэд:    

Шүүгдэгчийн гэмт санааны агуулга чиглэл нь анхнаасаа шунахайн зорилгод үндэслэгдсэн, бусдын итгэл эвдэх, хуурч мэхлэх замаар тухайн гэмт санаагаа  үргэлжилсэн болон давтан үйлдлээр хэрэгжүүлсэн, үүний улмаас онц их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байх тул залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.    

Шүүгдэгч Т.Наранбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг үгүйсгэсэн үндэслэл, нотлох баримт гаргаагүй байна.

Хохирогч Ю.Мөнхцэцэгийн бодит хохирлын дүн 35.375.000 төгрөг нь хохирогчийн анх тооцсон 38.025.000 төгрөгөөс иргэн М.Сайханбаярын төлөх 2.650.000 төгрөгийг хассан дүн байх ба хохирогч Ч.Чулуунцэцэгт 23.397.000 төгрөг нийт 58.772.000 төгрөгийн хохирлын асуудлаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй байна.          

Шүүгдэгч Т.Наранбаатарт иргэн Ю.Мөнхцэцэгийн 38.025.000 төгрөгийг залилан мэхэлсэн гэх үйлдэлд анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь /1х, хх-1/ хуульд нийцээгүй гэх  боловч шүүгдэгч Т.Наранбаатар хохирогч Ю.Мөнхцэцэгийг залилан мэхэлж, хохирол учруулсан гэмт хэрэг нь нийт 33-с дээш удаагийн үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд 2014.03.21-ний өдрөөс эхлэн цаг хугацааны тодорхой завсарлагатайгаар 2015.09.24-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлүүд байх тул “үргэлжилсэн үйлдэл”-тэй гэмт хэрэгт тооцогдох ба тухайн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хууль үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь тухайн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар уг хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах ёстой тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш өөрөө болон найз нараа татан оролцуулж, хохирогч нар түүний ар гэрийн хүмүүстэй дүр үзүүлсэн, хуурч мэхэлсэн шинжтэйгээр “хохирол төлөх тухай хэлцлүүд” хийсэн /1х, хх-73, 177-183-185/ байх боловч энэ нь түүний үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх, хохирлыг шүүгдэгч биш бусад этгээдээр төлүүлэх хууль зүйн үндэслэл, нотолгоо болохгүй байна.      

Шүүгдэгчийн найз гэх иргэн Э.Энхболорын хашаа, байшин, газраа хохирогч Ч.Чулуунцэцэгт шилжүүлэн өгсөн байх боловч Э.Энхболорын гэрчээр мөрдөн байцаалтад:...Наранбаатар бид хоёр багын найзууд, бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Миний хувьд багын найздаа тусалсан бөгөөд бид хоёр тэр Чулуунцэцэг гэдэг хүнд 40 тоннын чингэлэг авч өгөөд хашаа байшингаа барьцаанаас чөлөөлж авна, түр зуур хашаа байшингаа барьцаанд тавьчих гэхээр нь зөвшөөрсөн...тухай мэдүүлсэн /2х, хх-150/, Э.Энхболор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан, түүнчлэн тухайн хэлцэлтэй холбоотой тухайн маргаан Иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харъяалалтай тул Э.Энхболорын хашаа, байшин, газрыг хохирогч Ч.Чулуунцэцэгт учруулсан хохиролд тооцох үндэслэлгүй.    

Мөн  тус хэрэгт “Хаан хүнс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байх боловч тус компаниас гэмт хэргийн хохирлыг хариуцан төлүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.   

Учир нь “Хаан хүнс” ХХК нь Т.Наранбаатарт “малын махыг тухайн төрлийн захад мах зардаг эсхүл бусад иргэдээс худалдан авах эрх олгосон, тухайн худалдан авсан махных нь үнийг тухай бүр шүүгдэгч Т.Наранбаатарт “Хаан хүнс” ХХК бүрэн төлсөн, “Хаан хүнс” ХХК нь Т.Наранбаатарт мах зардаг гэх “хэн нэгэн иргэн, байгууллага”-тай нэг бүрчлэн шууд харьцдаггүй, мах бэлтгэн нийлүүлсэнтэй холбоотой ”Хаан хүнс” ХХК ба Т.Наранбаатар нарын хооронд өглөг, авлагын тооцоо байхгүй, “Хаан хүнс” ХХК нь Т.Наранбаатарт “бусдаас мах залилан мэхэлж авах үүрэг, заавар, зөвлөгөө өгөөгүй” буюу шүүгдэгч Т.Наранбаатар “Хаан хүнс” ХХК-ийн нэрийн өмнөөс түүний ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл хийгээгүй харин тэрээр өөрийн нэрийн өмнөөс өөрийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдлүүд  хэрэгжүүлсэн байх тул шүүгдэгч Т.Наранбаатарын бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “ажилтны хөдөлмөрлөх үйл явц, хөдөлмөрлөх үүрэг”-тэй холбоогүй гэж үзнэ.     

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Ю.Мөнхцэцэгт 35.375.000 төгрөг, хохирогч Ч.Чулуунцэцэг 23.397.000 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Ю.Мөнхцэцэг нар шүүгдэгчийн худал хэлэн хуурсан мэдээлэлд итгэсэн байх хэдий ч шүүгдэгчийн хууль бус үйлдлийг ”Хаан хүнс” ХХК-ийн мах жинлэдэг гэх нярав, нягтлангаар дамжуулан улмаар удирдлагад нь мэдэгдэн таслан зогсоох боломжид санамсаргүй хандсан байгааг тэмдэглэв.       

Шүүгдэгч нь сэтгэц эрүүл, урьд ял шийтгэлгүй /2х, хх-134, 248, 1х, хх-99, 247/  байна.      

Уг хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь 2017.04.24-ний өдрөөс /3х, хх-68/ эхлэн 2017.06.13-ны өдрийн байдлаар 50 хоног цагдан хоригджээ.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Т.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатарт оногдуулсан 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч Т.Наранбаатарын цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.           

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатараас 35.375.000 (гучин таван сая гурван зуун далан таван мянга) төгрөг гаргуулан хохирогч Ю.Мөнхцэцэгт, 23.397.000 (хорин гурван сая гурван зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулан хохирогч Ч.Чулуунцэцэгт тус тус олгосугай.

 

6. Уг хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримгүй болохыг тус тус дурдсугай.   

 

7. Шүүгдэгч Т.Наранбаатарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

 

                                              ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                         Б.ДАШДОНДОВ