Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0235

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, М.А, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А, Б.Б нар нь /огноог нь биччих/ шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, М ХХК-ийн, 16 давхар, орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ2019/08-03 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, мөн Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 316/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А, Б.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, М ХХК-ийн, 16 давхар, орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ2019/08-03 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, мөн Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 316/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.А, Б.Б нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, М ХХК-ийн, 16 давхар, орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ2019/08-03 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, мөн Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 316/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар

зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА