Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

шүүгдэгч Ж.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.к овогт Ж-гийн Х-д холбогдох эрүүгийн 2513000000007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар /Бардам/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ители күйик овогт Ж- Хафура, регистрийн дугаартай: БА87110103;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. 

Шүүгдэгч Ж.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү М.Н- нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2016 оны 6 сараас 2023 оны 10 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,220,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү М.Н-ын эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Х-гийн хүү Н- нь 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барьсан атлаа хүүгийнхээ нас барьсан талаарх нөхцөл байдлыг холбогдох төрийн байгууллагад бүртгүүлээгүйн улмаас хүүхдийн мөнгө дансанд тогтмол явж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нь хүүхдийн мөнгө орсон гэдгийг мэдсэн атлаа хүүхдийн мөнгийг авч хэрэглэсэн. Шүүгдэгч нь нийгмийн халамжийн сангаас 5,220,000 төгрөгийг авч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө 5,220,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв.

2. Шүүгдэгч мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

3. шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугийн маргаангүй. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн арга нь хуурамч бичиг баримт үйлдээгүй, эд зүйл ашиглаагүй, бодит байдлыг зохиомлоор үүсгээгүй. Нас барьсан хүүхдийн бүртгэлийг хийхгүйгээр хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Мэдлэггүй, боловсролгүй учраас энэ гэмт хэрэгт холбогдсон гэдгээ тайлбарласан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000007 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

5. Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 12 дахь тал/,

6. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

7. Талийгаач М.Н-ийн эзэмшлийн ХААН банкин дахь ......... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

8. Мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

9. Яллагдагч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

10. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0037 дугаартай М.Н- нь 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан талаарх гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 55 дахь тал/,

11. Гэрч Р.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

12. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

15.  Шүүгдэгч Ж.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү М.Н- нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2016 оны 6 сараас 2023 оны 10 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,220,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү М.Н-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие М.Н-ийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтыг гаргасан. Уг жагсаалт М.Н- нь 2012 оны 10 дугаар сараас эхэлж 2023 оны 10 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхэд нас барсны гэрчилгээгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн үед нь манай халамжаас зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Харин тухайн хүмүүс нь нас барсны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул 2023 оны 10 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдож байсан байна. Тухайн М.Н-ийн гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эхийн аль нь авч байсан эсэхийг манай сангаас харах боломжгүй. Учир нь, манайх тухайн хүүхдийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны данс руу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлдэг юм. Уг данснаас эцэг, эх нь хэн зарлага гаргасныг манай байгууллагаас мэдэх боломжгүй. Уг М.Н-ийн гэх хүүхэд нь ХААН банкны ......... тоот дансаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна. Хэрэв уг хүүхэд нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бол тухайн 5 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно, харин 2016 оны 6 сараас эхлэн зогсох ёстой. Тиймээс 2016 оны 6 дугаар сараас 2023 оны 10 сар хүртэлх олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн санд учирсан хохирол гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

17. Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би М.Н- гэх хүүхэдтэй байсан. Уг хүүхэд нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний ууган хүү болж мэндэлсэн юм. Уг М.Н- нь төрснөөс хойш гэдэс, дотор эрхтэнүд нь өвддөг байсан. Эмнэлгээр олон удаа явсан. Тэгээд өвчний улмаас 4 насандаа буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Алтай сумын эмнэлэгт өвдөж хүргэгдэн ирээд нас барсан юм. Талийгаач хүү М.Н- нь халамжаас зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг байсан. Өөр ямар нэгэн үйлчилгээ, тэтгэмж төрөөс авч байгаагүй. М.Н-ийн хүүхдийн мөнгө нь манай эхнэр Ж.Х-гийн дансанд ордог байсан. Уг хүүхдийн мөнгийг манай эхнэр Ж.Х- нь өөрийнхөө дансыг картандаа холбосон байсан тул мэдэхгүй аваад, үрж явсан байсныг би сүүлд мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 12 дахь тал/,

18. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ийн Б-, М-ын Н-, Н-ийн М- нарыг нас барсны бүртгэлд бүртгэсэн. Гэхдээ нөхөн бүртгэлээр бүртгүүлсэн. Гэхдээ Б-ийн Б-ын бүртгэлийг хийснээ санахгүй байна. Харин М-ын Н-, Н-ийн М- нарыг 2023 оны нас барснаар нөхөж бүртгэсэн. Нас барснаар нөхөж бүртгэнэ гэдэг нь хуулиндаа тухайн нас барагчийн ар гэр, хамаарал бүхий иргэн нь ажпын 5 хоногийн дотор нас барсны бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Харин ажпын 5 хоногоос хэтэрч буюу нөхөж сүүлд нь бүртгүүлвэл нөхөн бүртгэл болдог юм. Уг хүмүүсийг М-ын Н-, Н-ийн М- нарыг ар гэр нь сүүлд ирж бүртгүүлсэн. Би хэдэн онд нас барсан хүүхдийг, хэзээ бүртгүүлсэн гэдгийг тодорхой санахгүй байна. Улсын бүртгэлийн сангаас харвал тодорхой болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

19. Талийгаач М.Н-ийн эзэмшлийн ХААН банкин дахь ......... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

20. Мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

21. Яллагдагч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....манай хүүхэд 2016 онд нас барснаас хойших хүүхдийн мөнгө нь орж байсан. Би өөрийн Хаан банкны виза картар Н- гэдэг манай сумын дэлгүүр ажилуулдаг хүнд өгөөд тэр хүний дэлгүүрээс эд бараа хүүхдийн малын хивэг, өвс тэжээл зэргийг аваад Н- нь миний дансанд ордог хүүхдийн мөнгөнөөс авдаг байсан. 2023 оны сүүлээр буюу 10 дугаар сард Н-ийн хүүхдийн мөнгө хасагдахгүй орж байсан талаар мэдсэн. Яаж мэдсэн вэ гэхээр бид нар Н-ээс эд зүйл, малын тэжээл зээлээр авсан мөнгө бид нарын тооцоолсноос өмнө дуусчихсан. Тэгээд би гайхаад сумын банкинд очиж асуухад танд Н- гэдэг хүүхэд болон Б- нарын мөнгө орж байгаа юм байна гэж хэлсэн. Бас нэг хүүхдийн мөнгө бол өөр банкны дансанд ордог байсан. Тэгээд би тэр үед Н-ийн мөнгө нь хасагдахгүй орж байгаад Н-т байгаа зээлийн мөнгө хугацаанаас өмнө дууссан болохыг мэдсэн. Тухайн үед бид нар Н-т байгаа миний ХААН банкны картанд нэг хүүхдийн мөнгө л орж байсан гэж ойлгож явсан. Н-т бид нар 2019 онд картаа өгөхөөс өмнө уг дансыг би өөрөө ашиглаж байсан. Миний ээж эрт нас барсан байсан бөгөөд миний аав Ж- гэдэг хүн дахин гэр бүл болж А- гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэр хүн миний хойд эх гэсэн үг. Тэр хүнд бид нар итгэмжпэл өгөөд хүүхдийн мөнгийг тэр хүн авч бид нарт өгдөг байсан. Хүүхдийн мөнгийг А-ээс бид нар өөрсдөө авдаг байсан. Гэхдээ одоо тэр А- гэдэг хүн 2019 онд манай ааваас салаад явсан. Одоо хаана байгаа мэдэхгүй байна. Бид нар хөдөөний малчин айл бөгөөд нөхөр бид хоёр боловсролгүй, мэргэжилгүй учраас нас барсан хүнийг бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэдэхгүй байсан. Тэр үед бид нарт нас барсан хүнийг нас барсан бүртгэлд бүртгүүлэх талаар мэдээгүй, хэн нэгэн бид нарт энэ талаар ч хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

22. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0037 дугаартай М.Н- нь 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан талаарх гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 55 дахь тал/,

23. Гэрч Р.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Алтай сумын төвд "Н-" гэх дэлгүүр ажиллуулдаг юм. Ж.Х-, Ө.М- нар манай дэлгүүрээс бараа авдаг байсан. Бид нар нэг сумын иргэд байсан тул сайн таньдаг. Тиймээ би 2021-2022 оны хооронд би Ж-ийн Х, Ө-ы М- нарын итгэмжпэлээр надад виза карт өгсөн уг итгэмжлэлээр 3 хүүхдийн мөнгийг авдаг байсан. Учир нь манай дэлгүүрээс эд бараа, өвс, тэжээл авдаг байсан юм. Ж.Х-гийн данснаас итгэмжпэлээр 3 хүүхдийн мөнгө миний дансанд ордог байсан юм. Ж.Х- итгэмжпэлээр банкны виза картыг үлдээхдээ зүгээр л 3 хүүхдийн мөнгөн тэтгэмж гэж өгсөн, уг итгэмжлэлээр тухайн үед нэг хүүхдийн мөнгөн тэтгэмж 100.000 төгрөг, 3 хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 300.000 төгрөгөөр тооцож авдаг байсан юм. Сүлийн 2023 оноос хойш уг виза картын хугацаан дуусаж Ж.Х- өрөө аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

25. Шүүгдэгч Ж.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү М.Н- нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2016 оны 6 сараас 2023 оны 10 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,220,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү М.Н-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

26. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

27. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Х-гийн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

29. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

30. Шүүгдэгч Ж.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд 5,220,000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирол болох 5,220,000 төгрөгийг Халамжийн сангийн 100900017033 тоот дансанд төлж барагдуулсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

31. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

32. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Хөдөө амьдардаг. Бага хэмжээний мал хөрөнгөтэй нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

33. Шүүгдэгчээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Х-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

35. Шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

 

36. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заажээ.

 

38. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

39. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “торгох ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал болон торгох ялыг төлөх чадвартай эсэхийг тогтоогоогүй, мөн шүүгдэгч нь ажил эрхэлдэггүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

 

42. Шүүгдэгч Ж.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

 

43. Шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.к овогт Ж-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК