Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2017/01089

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2017/01089 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч А.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А.Болороо нь над руу утсаар ярьж мөнгө зээлдэг хүн мөн үү хүнээс дугаарыг чинь авсан гэхэд нь одоохондоо надад мөнгө байхгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Надаас мөнгө зээлсэн Б.Амгалангын охин Наранчулуун 2015 оны 08 дугаар сарын 9-ны өдөр ирж, зээлсэн 2 100 000 төгрөг төлөх гэж ирэхдээ цуг А.Болороог дагуулан ирж манай хуурай эгч гэж байгаа юм найдвартай хүн та мөнгө зээлээч гэсэн. А.Болороо надаас 1 500 000 төгрөг зээлээч би Баян худалдааны төв гоо сайханы лангуу ажиллуулдаг одоо бараагаа татах гэсэн боловч ямар ч мөнгөгүй яаралтай 1 500 000 төгрөг хэрэгтэй 2 сарын дотор өгөөд дуусгана гэсэн. 2015.08 09-ний өдөр А.Болороод 1 500 000 төгрөгийг өдрийн 0.3%-ийн хүүтэй, сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Барьцаанд нь лангууны түрээсийн гэрээг барьцаалж өгсөн. Үүнээс хойш А.Болороо нь сарын хүү 135 000 төгрөгийг 12 сар төлж нийт 1 750 000 төгрөгийг өгсөн. 2017 оны 04 сард группын мөнгөө аваад үндсэн мөнгө 1 500 000 төгрөг мөн хүү 500 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг төлнө гэж харилцан тохиролцсон барьцааны лангууны гэрээгээ аваад явсан. Үүнээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Удаа дараа нэхсэн боловч шүүхдэд ав. Шүүх ядарсан иргэдэд үйлчилдэг чам шиг мөнгө хүүлэгч нарт хууль үйлчлэхгүй гэх мэтээр удаа дараа доромжилж зээлсэн мөнгөө өгөхгүй байна.Иймд бид хоёрын тохиолцсон үндсэн 1 500 000 төгрөг, хүү 500 000 нийт 2 000 000 төгрөгийг хариуцагч А.Болороогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Болороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2015-08-09-ний өдөр *******эс 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар өдрийн 0,3 хувийн хүүтэйгээр буюу сарын 9 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Миний бие нь 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие*******, бөгөөд байр хөлслөн амьдардаг, Баян худалдааны төвд гоо сайхны бараа зардаг жижиг лангуутай. Зээл авсанаас хойш эдийн засгийн хямрал болж гоо сайхны бараа зарагдахгүй, миний орлого эрс багассан учир нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөнийхөө эхний сарын хүү болох 135,000 төгрөгийг л өгсөн. Дахин хүүнд гэж мөнгө өгч чадахааргүй байсан. Энэ байдпаа нэхэмжлэгч *******д хэлээд үндсэн мөнгөө бага багаар нь эргүүлэн төлье гэсэн. Нэхэмжлэгч ******* ч энэ саналыг маань хүлээн зөвшөөрсөн бөгөөд би энэ хүнд үндсэн мөнгөндөө тооцож увуулж цувуулан нийт 1,615,000 төгрөг төлсөн. Үндсэн мөнгөөс илүү 115,000 төгрөг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжпэгч *******эс зээлж авсан мөнгөө увуулж цувуулаад бүгдийг нь төлж барагдуулсан. Өөрөө ч надаас 1,750,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэлдээ авсан талаараа бичсэн байна. Харин нэхэмжлэгч нь миний үндсэн мөнгөндөө тооцож өгсөн мөнгийг бүгдийг нь зээлсэн мөнгөнийхээ хүүнд гэж тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч А.Болороод холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* А.Болороо нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр А.Болороо нь 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 9 % хүүтэй зээлсэн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 08 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.Зээлийн гэрээнд Сайшаалт ХХК гэсэн тамга дарсан байх боловч нэхэмжлэгч ...би тухайн үед ломбард ажиллуулах зорилгоор Сайшаалт ХХК-ийн тамга тэмдэгийг авсан байсан боловч барьцаалан зээлдүүлэх газраар үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан.А.Болороо бид хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг иргэд хоорондын зээл гэж ойлгож болно гэсэн, хариуцагч ...би зээлийг *******эс авсан.Ломбардаар зээл өгч байна гэж ерөөсөө хэлээгүй гэсэн тайлбар өгч байгаагаас зохигчидын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Дээрхи зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 1 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон 1 сарын хугацааны хүү 135 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас бараа болон бэлэн мөнгөөр тооцож 1 750 000 төгрөгийг авсан гэж маргахгүй байгаа учраас түүнийг хариуцагчаас түүнд зээлдүүлсэн үндсэн зээл 1 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны 1 сарын хүү 135 000 төгрөгийг буцаан авсан гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн түүнд төлсөн 1 750 000 төгрөгийг хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр зээлийн гэрээгээрээ зөвхөн 1 сарын хугацааны хүү тогтоосон байх тул үүнээс илүү хугацааны хүү авах эрхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн А.Болороод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнийн хариуцагч А.Болороод холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА