Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2021/00598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд холбогдох

Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музейд хадгалагдаж байгаа унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 04 ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Э.Ганхөлөг /онлайн/, Л.Бор, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 07 сарын 10 ны өдөр Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музей нь унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалд анхдагчаар огноотойгоор бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэн тэмдэг авч Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны 12 дугаарт хэвлэгдэн гарсныг 2019 оны 11 сард мэдсэн. Дээрх унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум 4 дүгээр баг угалз 11 дүгээр гудамж 63 тоот хаягт оршин суух овогтой *******д өв дамжин уламжлагдан ирсэн. *******гийн аав ******* нь дээрх цутгамалыг өөрийн төрсөн хүү болох *******д үе дамжуулан шүтэж яваарай гэж захиж үлдээсэн байдаг. ******* өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн шүтээнээ хадгалж хамгаалж 20 жилийг өнгөрөөсөн. Дээрх цутгамал нь ******* болоод өвөг дээдсээс нь үлдээсэн түүхийн хосгүй үнэт бүтээл юм. Гэвч Г.*******гийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутуу байдлыг ашиглан Баянхонгор аймгийн Түүх угсаатны музей, тухайн үеийн музейн ажилтан гэх хүн удаа дараа ирж танайд энэ хос хүрэл морь байж болохгүй, таарахгүй, музейд байх ёстой гэж сүрдүүлж байгаад гэртээ байхгүй үед нь эхнэрээс нь аваад явсан байдаг. Тэр үеэс хойш миний өвөө шүтээн маань музейд хадгалагдаж байгаа миний өмч гэсэн ойлголттой байсан боловч Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүй, байгалийн музейн 2019 оны 10 сарын 23 ны өдрийн 133 дугаартай албан бичгэнд 1980 онд Г.******* нь музейд бэлэглэсэн нь үнэн болно гэсэн албан бичиг өгсөн бөгөөд манай өвөө ямар нэгэн байдлаар музейд өгсөн, бэлэглэсэн юм огт байхгүй бөгөөд эзгүй хойгуур нь аваад явсан гэдэг. Энэхүү үйлдлээс нь үзэхэд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музей нь хууль бус аргаар унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалыг өмчлөлдөө авсан гэж үзэж байна. Миний өвөө энэ цутгамалыг үе дамжуулан хадгалж хамгаалж ирсэн бөгөөд зөвхөн өөрөө гэхэд л 20 жил эзэмшиж, хайрлаж хамгаалж ирсэн. Үүнээс үзэхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу энэхүү Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгч нь Г.******* гэж үзэх үндэслэлтэй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 06 сарын 15 ны өдрийн 128/ШШ2020/0409 дугаар бүхий шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Г.*******г Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгчөөр тогтоож өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөө ******* ******* нь ******* гэх хүний хүү юм. нь нас барахдаа энэхүү Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалыг үе дамжуулж шүтэж яваарай хэмээн өөрийн хүү тоо өвлүүлсэн байдаг. Ингээд Г.*******д ирсэн бөгөөд 3 үе дамжин өвлүүлсэн үнэт зүйл байдаг. Гэтэл энэ үнэ цэнэтэй зүйлийг нь Г.*******г гэртээ байхгүй, эзгүй хойгуур нь өөрөөс нь зөвшөөрөл авалгүй гэрээс нь Баянхонгор аймгийн Музейд ажилладаг гэх н. нь аваад явсан байдаг. Г.******* нь өөрөө тухайн цутгамал музейд хадгалагдаж байгаа гэсэн ойлголттой байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр музейд бэлэглэсэн гэсэн албан бичийг хүлээн авсан, бидний хувьд музейд бэлэглэсэн зүйл байхгүй бөгөөд энэ албан бичиг ирж бид энэхүү цутгамал нь Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн өмч болсон гэдгийг мэдсэн тул шүүхэд маргаан үүсгээд явж байна. Миний өвөө Г.******* нь музейн зүгээс мөнгөн урамшуулал авч байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материал дээрээс харахад мөнгөн урамшуулал олгосон гэх баримт дээр Б.******* гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр ******* гэх хүн нь музейн зүгээс олгосон мөнгөн урамшууллыг авсан байж болзошгүй юм. Бичлэг хийсэн гэдгийг манай өвөө огт мэдэхгүй гэж тайлбарладаг учир хэрэв тийм бичлэг хийгдсэн бол энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******д унагаа дээрээ зогсоосон хос морины баримал байдаг гэдгийг миний хувьд 1979 оноос хойш мэддэг. Учир нь 1979 онд Г.******* манай гэрт ирээд энэ барималыг сийлүүлмээр байна гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тухайн үед Г.******* нь ярихдаа миний энэ цутгамалыг музей өгчих гээд гуйгаад байна гэж байсан. Ингээд энэ барималын хамгийн анхны сийлбэрийг миний нөхөр н. сийлсэн байдаг. Бэлэглэлийн гэрээ гэдэг нь бэлгэлэгч талын сайн дурын хүсэл зоригийн дагуу явагддаг асуудал байдаг. Гэтэл Г.*******гоос зөвшөөрөл авалгүйгээр эхнэрээс нь аваад явсан энэ асуудлыг бэлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч талаас яригдаж байгаа видео бичлэгт Г.*******гийн морины баримлыг өгч авах талаар яригдсан зүйлүүд байгаа бол энэ талаар өөрөө яагаад мэдээгүй байгаа юм бэ, тэгэхээр энэ нь түүний хүсэл зоригийн асуудал бичигдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Г.*******д энэхүү хос морины цутгамал байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан материал болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдон тогтоогддог. Музейн зүгээс Г.*******г хүндэт иргэнээр тодорхойлохдоо Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 тоот албан бичиг дээр Г.*******г музейд хос морины цутгамлаа хадгалуулсан явдалд тань талархаж байна гэх утга бүхий бичгийг хүргүүлсэн байдаг.

Энэ албан бичгээс харахад Г.******* хос морины цутгамлаа музейд хадгалуулсан гэдэг нь харагдаж байна. Бэлэглэлийн гэрээ нь бэлэг бэлэглэгч талын санаа зорилго, сайн дурын үндсэн дээр тухайн эд зүйлийг бэлэглэсэн байх ёстой байтал Г.******* нь энэ цутгамлын араас 30 гаруй жилийн хугацаанд музейд гомдож, заргалдаж байгаа нь бэлэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Барааны тэмдгийн гэрчилгээн дээр музей нь зөвхөн эзэмшигч гэж байдаг болохоос өмчлөгч гэсэн зүйл байдагггүй юм. Өмчлөгч нь хэн бэ гэсэн асуудлыг хаана ч, хэн ч тогтоогоогүй байдаг. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох юм. Тиймээс барааны тэмдгийн гэрчилгээгээр музей өнөөдөр манай өмч гэсэн зүйл ярьж байгаа нь нийцэхгүй байгаа юм. Музейн дарга н.Маахүү 47,500 төгрөгийг Б.*******д олгосон гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл энэ Б.******* гэх хүн Бууцагаан сумын нутгийн хүн бөгөөд энэ үнэт зүйлийн өв сангийн асуудал яригдаж байхад хуурамч баримтыг бүрдүүлж музейд хандсан байдаг. Тухайн цаг үед музейгээс олгосон урамшууллыг хүлээн авсан болох нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогддог юм. Тиймээс энэхүү унагаа дээрээ зогсоосон хос морины цутгамлын өмчлөгчөөр Г.*******г тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэхүү хос морины цутгамлыг Г.*******гийн зүгээс Баянхонгор аймгийн Музейд бэлэглэсэн зүйл огт байхгүй байхад хувь хүний үнэ цэнэтэй зүйлийг бэлэглэсэн мэтээр тайлбарлаж, авсан байгаа нь хэд хэдэн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал байдаг. Мөн Г.******* нь музейн зүгээс мөнгөн урамшуулал авсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалын мөнгөн урамшуулал олгогдсон баримтууд дээр Б.******* гэж тэмдэглэгдсэн байдаг. Мөн Г.******* нь тайлбарлахдаа үе дамжин ирсэн үнэт шүтээнээ музейд өгсөн цагаас хойш түүний амьдрал ар гэрт маш олон сөрөг өөрчлөлтүүд гарсан олон хүүхдүүд нь цаг бусаар бурханы оронд одсон, гай зовлон тохиолдсон талаар ярьдаг. Сайн дураараа өөрөө бэлэглэсэн зүйлээ нэхэл дагуул болоод явж байгаа зүйл байхгүй юм. Музейн ажилтан Г.*******гийн эхнэрээс нь түүний зөвшөөрөөгүй байхад нь аваад явсан зүйл байдаг.. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байгаа Хос хүрэл адуу үзмэр нь тус музейн 1986 оны анхны тооллогын дансанд 1980 оны 01 сарын 01 ний өдөр музейд Г.******* бэлэглэсэн. Олдсон гаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Уул хайрхан хэмээн тэмдэглэсэн байна. Үүний дараа 1989, 1992, 1996, 2003, 2005, 2007, 2012 оны данснуудад мөн бүртгэгдсэн байдаг. Одоо баримталж байгаа 2019 оны улсын тооллогын Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтрийн 1678 дугаар дэсэд Хос хүрэл адуу нэртэй 80.1.3 хувийн дугаартай өндөр 8.5 см, урт 6 см, өргөн 3 см, жин 177 гр, холбогдох он цаг нь МЭӨ 4-3 дугаар зуун буюу хүрэл зэвсгийн үе, төрөл зүйл нь Археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл хэмээн бүртгэгджээ. Археологийн олдвор нь Монгол улсын өмч, археологийн олдвор гэдэг нь газрын хөрсөнд олон зуун жил дарагдсан түүхийн гэрч болох эд өлгийн зүйлс юм. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д Түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн хэмээн заасан байдаг. Иймээс аливаа археологийн олдвор нь Монгол улсын өмч бөгөөд одоогийн хуулиар хувь хүний өмчлөлд байх боломжгүй юм. Түүнчлэн 1980 оны БНМАУ ын соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах тухай 1970 онд батлагдсан хуулийг мөрдөж байсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлд БНМАУ ын соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авна хэмээсэн заалт байсан болно. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музейн сан хөмрөг дэх 80.1.3 хувийн дугаартай, хос хүрэл адуу үзмэр нь иргэн Г.******* болон түүний өвөг зохиож урлаагүй, мөн захиалж бүтээлгээгүй. Тухайн үедээ Бууцагаан сумын Уул хайрхан хэмээх газраас олоод музейд бэлэглэсэн тул музей үзмэрийн бүтээлдээ авч олон жил хадгалан хамгаалж ирсэн байна. Иймээс тус музей нь хос хүрэл адууны үзмэрээ лого буюу барааны тэмдэгт болгон ашиглахад холбогдох хуулиудын дагуу бүрэн эрхтэй хэмээн үзэж байна. Г.*******г 2017 оны 04 сард музейн захиргаанаас урамшуулж алдаршуулах зорилгоор аймгийн ИТХ-ын Соёрхол одон, мөнгөн урамшуулал гардуулах үеэр өөрийн өгсөн яриа тайлбарт хаанаас яаж олдсон, музейд өгсөн зэргийг видео бичлэгт хадгалагдан үлдсэн байдаг. 2019 оны 10 сарын 23 ны өдрийн 133 тоот албан бичиг нь өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу албан тоот гаргаж өгсөн болно..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байгаа Хос хүрэл адуу үзмэр нь тус музейн 1986 оны анхны тооллогын дансанд 1980 оны 01 сарын 01-ний өдөр музейд Г.******* бэлэглэсэн, олдсон газар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Уул хайрхан хэмээн тэмдэглэсэн байна. Үүний дараа 1989, 1992, 1996, 2003, 2005, 2007, 2012 оны данснуудад мөн бүртгэгдсэн байдаг. Одоо баримталж байгаа 2019 оны улсын тооллогын Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтрийн 1678 дугаар дэсэд Хос хүрэл адуу нэртэй 80.1.3 хувийн дугаартай өндөр 8.5 см, урт 6 см, өргөн 3 см, жин 177 гр, холбогдох он цаг нь МЭӨ 4-3 дугаар зуун буюу хүрэл зэвсгийн үе, төрөл зүйл нь Археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл хэмээн бүртгэгджээ. Археологийн олдвор нь Монгол улсын өмч, археологийн олдвор гэдэг нь газрын хөрсөнд олон зуун жил дарагдсан түүхийн гэрч болох эд өлгийн зүйлс юм. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д Түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн хэмээсэн заалт байсан болно..гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2019 онд манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133 тоот албан бичгийг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл дээрээ дурдсан Г.*******г гэртээ байхгүй эзэнгүй хойгуур нь эхнэрээс нь уг үзмэрийг аваад явсан гэх асуудал дээр тайлбар хийхэд манай байгууллагаас 2017 онд Г.*******г Баянхонгор аймгийн Хүндэт иргэнээр тодорхойлсон боловч шаардлага хангахгүй гэсэн тул Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал болох Соёрхол одонгоор түүнийг шагнаж байсан. Шагналыг гардуулж байх үеэр Г.******* нь энэхүү үзмэрийг хэрхэн яаж бэлэглэж байсан талаараа тодорхой ярьсан видео бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар Г.*******г эзэнгүй хойгуур нь хос морины цутгамлыг авсан гэдэг асуудалд тайлбар хэлэхэд ******* ******* нь 2006 онд музейд өөрийн биеэр ирж дахин музейн зүгээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэх утга бүхий хүсэлтийг бичиж иргэний үнэмлэхээ хавсаргасан байдаг. Энэ баримтыг байгууллагын архиваас гаргуулж дардас даруулан хэргийн материалд хавсаргасан. Хуурамч материал бүрдүүлсэн зүйл байхгүй юм. Тухайн үзмэрийг музейд 1980 онд Г.*******гийн өгсөн 41 жилийн турш музейд сурталчлагдаж байгаа манай МЭӨ 3 аас 4 дүгээр зууны үед бүтээгдсэн, хүрлийн үеийн томоохон олдвор байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Бүгд Найрамдах Монгол Ард улсын Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар газрын хэвлий, өнгөн хэсэгт байгаа археологийн олдворууд нь монгол улсын өмч юм гэж хуульчилсан байдаг. Мөн одоо мөрдөгдөж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Монгол улсын газар нутаг дээр байгаа газрын хэвлий болон газар дээр байгаа археологийн олдворууд нь монгол улсын өмч юм гэж хуульчилсан байдаг гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд хандан уг унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Монгол улсын хэмжээнд музейд хадгалагдаж байгаа бүх үзмэрүүд нь монгол улсын өмч гэж хуульд заасан байдаг тул уг үзмэрийн өмчлөгчөөр иргэн Г.*******г тогтоох боломжгүй юм. Музейн зүгээс иргэн Г.*******д мөнгөн урамшуулал олгож байсан талаар баримтуудыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа түүхээс арай өөр түүхийг ярьж байгаа видео бичлэгийг үзүүлэх нь зүйтэй юм. Мөнгө олгосон 2006 оны баримтад Б.******* гэж санамсаргүй алдаа гаргасан байж магадгүй юм. Тухайн үед ажиллаж байсан н.Маахүү даргыг хэрэгт гэрчээр оролцуулж болно. Энэ үзмэрийг музейд өгчхөөд 20 оос 30 жилийн дараа үзмэрт зориулсан хөшөө дурсгал босож энэ үзмэрээр Баянхонгор аймгийн 9 алдартанд зориулсан шагнал бий болж үзмэрийн үнэ цэнэ өсөж, олон хүнд танигдан ирсэн энэ үед өмчлөл манайх байх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа нь байж боломгүй зүйл гэж хэлмээр байна.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд холбогдуулан Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музейд хадгалагдаж байгаа унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэн шаарджээ.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлохдоо Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музейн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 133 дугаар албан бичгээр хариуцагч байгууллага нь Хос хүрэл морь үзмэрийг 1980 оны 01 сарын 01-ний өдөр Г.******* нь аймгийн музейд бэлэглэсэн нь үнэн гэж бидэнд мэдэгдсэн тул энэ үеэс бид Хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгч мөн болохоо шүүхээр тогтоолгох маргаан үүсгэж, эрх зөрчигдсөнөө мэдсэн гэжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.. 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ..гэсэн байна. Иймд Г.******* нь Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд холбогдуулан өмчлөгч тогтоолгох маргаанаа шийдвэрлүүлэх, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.

Шүүхээс хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг тодруулахад 2006 оны 04 сарын 06-ны өдөр олгосон 370001147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музей /ХХ66-67/ гэсэн нэршлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2017 оны 01 сарын 13-ны өдөр нь тус байгууллагын даргаар томилогдсон тухай бичилт хийгдсэн байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын дарга нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар ******* нь Түүх угсаатны зүй, байгалийн музейн захирлаар томилогдсон тул хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нэршил, одоогийн хэвлэмэл бланкын нэрийн зөрүүг тодруулахад улсын бүртгэлийн гэрчилгээ нь улсын бүртгэлийн байгууллагаас дахин шинэчлэгдэн гараагүй гэх үндэслэл тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна. Үйл баримтаар хос морины цутгамлыг хариуцагч Баянхонгор аймгийн Музейн ажилтан анх Г.*******гоос авахдаа түүхийн хосгүй дусгалт, археологийн олдвор тул олон нийтэд үзүүлэн сурталчилах, хадгалах, хамгаалах чиг үүргийн хүрээнд тухайн эд зүйл нь айлд бус музейд байхад зүйд нийцэх талаар ухуулан, ятгаж авсан гэх үйлдэл нь зохигчдын нэхэмжлэл, тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Тухайлбал: Г.*******гийн Музейн захиргаанд гаргасан хүсэлт /ХХ51-52/ нд Тус музейн ажилтан нар удаа дараа ирж музейд байх шаардлагатай гэсээр байгаад 1982 онд уг зүйлийг музейд авсан билээ..гэсэн бол Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй-Байгалийн музейн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Г.*******г Баянхонгор аймгийн Хүндэт иргэнд тодорхойлсон тодорхойлолтонд /ХХ56-57/ Монголын хүрэл зэвсгийн үеийн МЭӨ 5-3 зуунд хамрагдах дахин давтагдахгүй, ховор, соёлын дурсгалыг аймгийн музейн сан хөмрөгт 37 жил хадгалуулж ирээдүй, хойч, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэв..гэжээ. Дээрх байдлаас дүгнэвэл Г.******* нь 1980 онд өөрийн эзэмшлийн өв дамжиж ирсэн хос морины дүрс бүхий цутгамалыг Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейн захиргаанд хүлээлгэн өгсөн, уг цутгамлыг Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музей нь одоог хүртэл эзэмшилдээ байлгаж, түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэн, олон нийтэд сурталчилан таниулж байгаа болох нь бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон буюу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байсан цутгамалыг хариуцагчийн эзэмшилд тодорхой хугацаагүйгээр шилжүүлж, хадгалуулсан болох нь нотлогдож байна гэж үзэв.

Тухайн үеийн Иргэний хуулийн /1963 он/ 295 дугаар зүйлд Хадгалалтын гэрээгээр нэг этгээд хадгалагч нөгөө этгээд, хадгалуулагчаас хадгалуулахаар өгсөн эд хөрөнгийг хадгалах ба түүнийг хадгалуулсан эзэнд нь буцаан өгөх буюу хүлээн авах эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгнө.. 296 дугаар зүйлд Хэрэв хадгалалтад өгч байгаа эд хөрөнгийн үнэ нэг мянган төгрөгөөс дээш байвал иргэдийн хооронд хадгалалтын гэрээг бичгээр хийнэ..гэжээ. Түүнчлэн дээрх хуулийн 299 дүгээр зүйлд хадгалалтын гэрээг хугацаагүй байгуулж болохоор заасан байна. Тэгвэл одоо үйлчилж байгаа Иргэний хуулийн 422 дугаар зүйлд Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.. 422.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ..гэж заасан байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлээ тайлбарлахдаа Г.******* нь 1980 онд Хос хүрэл морь үзмэрийг музейд бэлэглэсэн ..тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч үйл баримтаар зохигчдын дунд бэлэглэлийн гэрээ, хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч татгалзлалаа нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн онолоор нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй бол хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол уг татгалзлалаа нотлох үүргийг хүлээж, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хууль тогтоомжид тусгасан байна. Хэрэв хариуцагч тал нь нэхэмжлэлийн зүйлийг 1980 онд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бол 40 жилийн хугацаанд цутгамалын өмчлөгч болохоо улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тогтоолгох бүрэн боломжтой байжээ. Нөгөө талаар хариуцагч талаас Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д Түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлий нь төрийн хамгаалалтанд байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн... гэсэн заалтын дагуу уг цутгамал нь төрийн өмч гэх тайлбарыг гаргасан ч үйл баримтаар нэхэмжлэлийн зүйлийг хэзээ, хэдэн онд, хаанаас олсон уг зүйл нь энэ хуульд заасан Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл..мөн эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, гэрчилгээ авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нийтийн өмчийн соёлын биет өвийг төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцөлөөр тус тус эзэмшинэ...эзэмших боломжтой хуулийн этгээдийн жагсаалтанд төрийн болон орон нутгийн музейг хамааруулсан байна. Улмаар хуулийн 32 дугаар зүйлд Соёлын биет өвийг эзэмшигч нь ... өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах..зэрэг эрхийг тодорхойлжээ. Дээрх хуулийн агуулгаас үзвэл төрийн болон орон нутгийн музей нь иргэн хуулийн этгээдийн өмчлөлийн соёлын биет өвийг өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах..зэрэг чиг үүрэгтэй болох нь харагдаж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчид маргаан бүхий цутгамалийн өмчлөх эрх шилжээгүй, хуульд зааснаар өмчлөх эрх үүсгээгүй байна гэж үзэв. Харин Г.******* нь хос морины дүрс бүхий цутгамалыг 1980 оноос өмнөх цаг хугацаанд өөрийн эцэг, өвөг эцгээс уламжлан үе дамжин өвлөж, эзэмшиж байсан, энэ эрхээ одоог хүртэл иргэн, хуулийн этгээдэд албан ёсны гэрээ хэлцлээр шилжүүлээгүй болох нь нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан ... Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна.. 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна..гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан байх тул маргаан бүхий Хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгчөөр тогтоогдох шалгуурыг Г.******* нь хангасан байна гэж үзэв. Иймд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд халгалагдаж байгаа Хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгч нь Г.******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ...гэсний дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн / Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей/ музейд хадгалагдаж байгаа унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалын өмчлөгч нь Г.******* мөн болохыг тогтоосугай. 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сиди 1 ш ийг хэрэгт үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ