Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2021/00063

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр                       Дугаар 137/ШШ2021/00063                           Замын-Үүд сум

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Цэдэнпэлжээ даргалж  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1985 оны 02-р сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  р баг, Борхойн гудамжны .... тоотод оршин суух, хувиараа ачаа тээвэр эрхэлдэг ажилтай,  М овогт Ч. Ө /РД: утас: /

Хариуцагч: 1978 оны 10-р сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   баг хилийн   тоотод оршин суух, хувиараа ачаа тээвэр эрхэлдэг ажилтай, Ш.овогт В.Г /РД:, утас:  /-д холбогдох

Машины үнэ 2,000,000 төгрөг, радиатор засуулсны болон тосолны үнэ 79,000 төгрөг нийт 2,079,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг, нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч В.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг 2020 оны 12 сарын 20-ны өдөр авсан. Би 12 сард том машинаа урагшаа гаргасан байсан болохоор амралтын байдалтай байсан. Гэрийн гадаа тойрч үзсэн, надад нэмж өгнө гэж ярьж байсан. 12 сарын 21-ний өдөр урдаас миний машин орж ирээд гааль гэж явж байгаад 12 сарын 22-ны өдөр том машинаа бариад хот руу яваад 12 сарын 25-ны өдөр ирээд урагшаа машинаа гаргасан. Жолооч солилцоо гээд бид нар өөрсдөө урагшаа орохгүй байгаа. Тэгээд машинаа өгч явуулчхаад 27, 28-ны өдрүүдэд байх, Энхбаяр гээд найзаа дуудаад, ийм жижиг тэрэг авсан 2-уулаа үүнийг үзье гээд машинаа асаах гэтэл аккумлятор нь дийлэхгүй байхаар нь хүн дуудаж холбуулж асаагаад гадуур унах гэсэн чинь ус нь халаад явахгүй байсан. Тэгээд өөрт нь хэлээд засвар оръё гээд ороод үзүүлсэн чинь радиатор нь цооронхой байна масло нь олон жил солиогүй юм байна, масло соль гэсэн. Тэгээд энэ 2-ыг янзлуулсан. Тэр өдрөө хойшоо МЧ-ээ 3 хүртэл явсан. Маргааш нь машин урдаас орж ирээд би өөрөө том машинаа бариад 3-ын хаалтаас хөдлөөд авсан гээд байгаа машиныг найзаараа бариулаад араас дагаад яв гээд хөдөлсөн. 2000-ын хашааны тэнд машин нь унтраад үлдсэн. Гааль дээрээс бичиг энээ тэрээ авна гээд яараад явсан. Ажлаа амжуулчихаад Энхбаяр луу залгасан чинь асахгүй байна, асаах гэхээр хий эргээд байна гэхээр нь энэ хүн рүү ярьсан чинь би гэртээ байна найз руугаа яриулаад намайг ирээд авчих гээд Энхбаяр энэ хүнийг аваад намайг ложистокоос авсан. 3-уулаа асаах гэж үзсэн чинь аккумлятор нь дийлэхгүй байхаар нь гэртээ хариад өөр аккумлятор авчираад тавьсан чинь бас дийлээгүй. Энэ хүн ремен нь тасарсан байна гэрт хүргээд өгчих гээд таксигаар чирүүлээд гэрийнх нь гадаа аваачсан. Тэгээд би том машиныхаа бичиг баримтыг хөөцөлдөж байгаад орой нь ярьсан чинь ахын дүү ремен нь тасарсан байна доороо бөөгнөрөөд барьсан байна ах нь хот руу найз руугаа ярьсан чинь ийм ремен байна гэж байна ахын дүү аргыг нь олоод нааш нь авчираад өгөөч тэгээд ах нь янзлаад өгье гэсэн. Тэр орой эхнэртэйгээ ярилцаад ийм машин гэж юу байсан юм гээд маргааш өглөө нь очиж уулзаад унах гэхээр л нэг юм нь болохгүй байна, надад эвдэрсэн машин зөндөө байгаа янзлаад унаж чадна нялх хүүхэдтэй эмнэлэг орох гээд л бэлэн машин авсан гэтэл наадах машин чинь эвдэрсэн машин байна ер нь больё гэсэн чинь ах нь мөнгийг чинь үрсэн 1 сарын 02 гэж ярьсан тэр үед 2 сая төгрөгийг чинь буцаагаад өгье одоо бол мөнгө байхгүй гээд тухайн үед тэгж тохироод бичиг баримтыг нь би буцааж өгсөн. 01 сарын 13-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад ах мөнгөө авах гэсэн юм надад мөнгөний хэрэг гараад гэсэн чинь  надад мөнгө байхгүй ах нь ажилгүй байгаа, тохирсон хугацаандаа өгье гэсэн. Дараа нь ярихад тэр мөнгийг чинь яаж өгөх юм бэ надад мөнгө байхгүй чаддаг юм бол цагдаа шүүхдээ өгөөд ав, олоод авахыг чинь харъя гэсэн гэв.

Хариуцагч В.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Эрхэм шүүгчид хариу тайлбар өгөхөд, бид хоёр 2019 оны 12 сарын 20-ны өдөр би машинаа зарна гэсэн зарыг фейсбүүкт тавьсан байсан. Үзэж хараад авъя гээд мөнгөө бэлдсэн хүмүүс ч байсан. Тэр үед энэ Өсөхбаяр гээд залуу залгаад ах аа та хаана байна, би машиныг чинь үзэх гэсэн юм, ийм тийм гээд учраа хэлээд бид 2 уулзсан. Тухайн үед миний нэг том тэрэгний найз жолооч надтай хамт явсан. Өсөхбаяр тухайн үед сууж үзээд унаж үзээд буцаж ирээд болох юм байна ах аа, би танд 2,000,00 төгрөг өгнө, үлдсэн 1,000,000 төгрөгийг сарын дараа сардаа найдвартай өгнө. Би сардаа 500,000 төгрөг, 600,000 төгрөг олдог. Өмнө нь Саната-6 машинтай байсан. Нялх хүүхэдтэй машин хэрэгтэй байна гэхээр нь залуу хүн за яах уу тусалж дэмжээд болох байх гэж хэлээд өгсөн. ...Сэлбэг өгнө гэсэн гэж яриад байна, илүү дутуу сэлбэг өгнө гэж хэлээгүй. 1 юм л өгнө гэсэн. Тэрийг л өгнө гэсэн болохоос өөр юм өгнө гэж хэлээгүй. Тэр өдрөө шууд жижигхэн цаасан дээр мөнгө өгсөн авсан гэсэн гэрээ байгуулсан. Энэ дээр бид хоёр тохиролцоод би машинаа хүлээлгэж өгөөд явсан. Найзыгаа дуудаад 5, 6 хоногийн дараа унаж үзсэн юм шиг зүйл  яриад байх юм машин авах үедээ найз нь жижиг тэрэг авлаа одоо очлоо хаана байна гээд явсан. Замын-Үүд чинь тэр чигтээ камер байгаа шүү ингэж худлаа ярихгүй шүү. Би чамайг ингэж худлаа ярихыг мэдсэн бол камерын бичлэг авчрах байсан юм. Энэ машинтай танай эхнэр яаж хаагуур явсан, чиний найз хаагуур унасан гэдгийг гаргаад ирэх байсан юм. 10 хоног танай гадаа зүгээр байгаагүй. Урагшаа орсон үедээ өөр хүнд машин дамжуулсан байсан. Шүүхийн өмнө гүжирдэж худлаа яриад байж таарахгүй шүү дээ. Би бас хохироод байгаа хүн. Маш хямд зарсан. Би эмчийн хяналтад байдаг. Ганцаараа амьдардаг хүн. Эм тариандаа хэрэглэх гээд машинаа зарсан. Өсөхбаярын яриад байгаа цагдаа шүүхээр ороод авахыг чинь харна гэсэн гэнэ ээ. Би тийм зүйл яриагүй. Над руу залгаад миний мөнгөөр архи уулаа архичин минь гээд орилж хашгираад байсан. Залуу хүн бас машин тэрэг мэдэхгүй байгаа байх гээд хамжиж дэмжсэн. Радиаторын доод хэсэг цоорсон байсныг бөглөөд, бөглөрөөг нь гаргасан. Чи мотор халаагаад зууруулсан байна, тос масло үзэж байж хөдөлгөөнд оруулах ёстой. Намайг очиход хар хүйтэнд зам дээр ингээд яах уу манай тийшээ очоод янзалъя гээд би чирэгч гаргаж өгөөд явсан. Та үзэж хараад асаагаад өгөөч гээд чи явсан. Би маргааш өдөр гарч үзсэн чинь ремен нь сэмэрсэн байсан. Тасраагүй байсан шүү. Өсөхбаярт үзүүлээд ийм болсон байна ах нь хот руу суудлын бүрээс ремен 2 хотоос захьчихлаа чи явж байгаагаараа үүнийг аваад ирээч дөхүүлээд өгөх байх гэсэн. Тэгээд ремен ирлээ гээд авто засварын хүүхдүүдтэй хамт граж руу оруулаад задлаад хажуу тагийг аваад үзэхэд доод анги нь эргэхээ байгаад зуурсан байсан. Халаасан, тосол байхгүй, өглөөнөөс хойш зөндөө удаан нормалдсан байсан. Ингэсэн байна гэсэн чинь яасан сонин юм бэ? Больё буцаая гээд бөөн юм болсон. Маргааш нь ирээд би болилоо гэж хэлсэн. Миний дүү юу яриад байгаа юм бэ? Аль болох чиний ярьснаар мөнгө төгрөгөө тохирсон одоо ахад нь мөнгө төгрөг байхгүй. Бүр боломжгүй гэж байгаа бол би машин тэргээ янзалж зараад өгье, 2 талаас нь гаргаж янзалъя гээд ярьсан. Авахгүй манай эхнэр уурлаж байна гээд явсан. Аль болох л хүнд юм өгч байгаа юм гээд бүх юмыг нь үзүүлж харуулаад зааж өгсөн. Чи жолооч хүн ийм байж болохгүй шүү дээ. Анх зүгээр байсан машин өгсөн надад ямар хамаатай юм гээд би хаявал хаяна шүү дээ. Тухайн үед надаас бэлэн мөнгөөр нь авъя гэсэн хүмүүс байсан, чи бид 2-ыг хүртэл яриад сууж байхад зарчихлаа гээд би хэлж байсан удаа байгаа шүү. Энэ чинь бас миний хөрөнгө. Чи моторыг нь эвдчихээд надад өгчихсөн байхад би эргүүлээд чамд 2,079,000 төгрөг өгөх үү? тийм зүйл байхгүй. Чиний найз, эхнэр, чи ч унаж байсан наадхаа. Чиний машин тэнд явж байна лээ, чи зарсан юм уу? үгүй юм уу? гээд асууж байгаа юм чинь. Чи өөрөө ч хэлсэн яндангаас нь ус гоожиж байна мотор нь сайхан юм байна гэж байсан биз дээ. Миний буруугаас болов уу, танаас болов уу гээд ярьж болно шүү дээ, хоорондоо эвтэй яриад. Заавал шүүх цагдаагаар ороод асуудал үүсгээд явах шаардлага байхгүй. Техник гэдэг чинь техник шүү дээ. Тэгэхээр ийм үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө р нь хариуцагч В.Г-оос машины үнэ 2,000,000 төгрөг, радиатор засуулсан болон тос солиулсны үнэ 79,000 төгрөг нийт 2,079,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Ө  нь хариуцагч В.Г-оос 2020 оны 12 сарын 20-ны өдөр 07-91 УАА улсын дугаартай автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 2,000,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2021 оны 01 сарын 20-ны өдөр төлнө гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч нь  тухайн автомашиныг худалдаж авсаны дараа радиаторыг засуулж, тос солиулахад 79,000 төгрөгийн зардал гаргаж, тухайн автомашинд эвдрэл гэмтэл гарсан учир автомашиныг эзэмшигчид нь буцаан өгсөн үйл баримт тогтоож байна.

 

            Энэ нь зохигчдын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг  эд хөрөнгийн доголдолтой машин шилжүүлсэн гэж үзэж гэрээнээс татгалзаж, машиныг буцаан өгч, эд хөрөнгийн доголдол болох машины радиаторыг засуулан, тос солиулж 79,000 төгрөгийн зардал гаргасан болох нь зохигчдын тайлбар, гэрч Г.Ганцоожийн “....Намайг таксинд явж байхад нэг хүн миний машинд суугаад каргоны тэнд засмал зам дээр хойшоо хараад зогсож байсан машинд хүргүүлсэн. Машинаас буугаад машинаа асаах гэтэл машин нь асахгүй байсан. Тэгээд миний машинаар буцаж яваад гэр байрны нэг айлаас аккумлятор аваад, мөн Бөмбөөлэй гэх засварын газарт очиж тэндээс нэг хүн аваад машин дээрээ эргэж очсон.  Тэгээд хамт ирсэн хүн нь машиныг асаах гэж оролдоод, аккумлятор дийлэхгүй байна гээд машин нь асахгүй байсан. Тэгээд миний машинаар чирүүлэхээр болоод Бөмбөөлэй засварын газрын хажуугийн хашаанд аваачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч А.Энхбаярын “...0791 УАА машиныг би гурвын хаалтнаас барьж,  Өсөхбаяр өөрийн том машинаа барьсан. Би араас нь 40 километр цагийн хурдтай дагаад явсан. Гурвын хаалтаас яг каргоны хажуу зогсоол хүртэл явсан. Тэгээд зүгээр явж байтал машин нь унтарчихсан. Тухайн үед Өсөхбаяр урд явж байсан учраас намайг анзаараагүй яваад өгсөн. Тэгээд  би зогсоод тэр машиныг асаах гэж оролдсон. 2,3 дараад асахгүй болохоор нь Өсөхбаяр руу ярьсан. Өсөхбаяр өмнө нь аккумлятор нь муу машин гэж хэлж байсан л даа. Тэгээд надад Ганболдын дугаарыг өгсөн. Би машин чинь унтарчихлаа, асахгүй байна гэж Ганболдтой ярьсан. Ганболд “яасан юм бол, намайг ирээд авчих, гэртээ байна” гэсэн. Тэгээд би 95071165 гэх дугаартай такси дуудаж Ганболдыг гэрээс нь машин дээр нь авчирсан. Тэр хүн өөрөө хамраа сөхөж үзээд дараад машин нь асахгүй байсан. Тэгтэл Өсөхбаяр ирж таарсан. Өсөхбаяр гэрээсээ илүү аккумлятор авчирч асаах гэтэл бас л асахгүй, мотор нь хий иргээд байсан. тэгээд Ганболд “ирмэн нь тасарчихсан байна” гэж хэлсэн. Машин чирээд гэрийн гадаа аваачаад өг гэсэн. Тэгээд бид нар Ганболдын гэрээс чирэгч аваад машиныг нь аваачиж өгсөн. В.Ганболд гэдэг хүн машины ирмэн нь тасарчихсан байна.  Ах нь янзлаад өгъе. Гэрийн хадаа аваачаад өг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэргээр нотлогдож байна.

 

             Иргэний хуулийн 254 зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “Эд хөрөнгийн доголдотой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Иймд худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийн доголдолтой машиныг засуулахад гарсан зардлыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч уг зардлыг төлөх үүрэгтэй байна.

 

            Уг машины радиаторыг засуулж, тос солиулахад нэхэмжлэгчээс 79,000 төгрөгийн зардал гарсаныг хариуцагчийн “зуны маслотай байсан учраас өвлийн маслоор сольсон” гэх мэдүүлгээр хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

 

            Хариуцагч В.Г  нь нэхэмжлэгч Ч.Ө  миний машины моторыг зууруулсан тул нэхэмжилсэн 2,079,000 төгрөгнөөс моторын үнэ 950,000 төгрөг, засварын хөлс 300,000 төгрөгийг хасаж 829,000 төгрөгийг л төлнө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлж, татгалзаж байгаа татгалзлаа нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл уг машины моторыг засч янзлаагүй, зардал мөнгө гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч В.Г-оос машины үнэ 2,000,000 төгрөг, машины радиаторыг засуулан, тос солиулахад гарсан зардал 79,000 төгрөг, нийт 2,079,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ө-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн машины ременийг нэхэмжлэгч нь буцаан авах талаар хүсэлт гаргасан тул ременийг нь  буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ганболдоос 48,214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Өсөхбаярт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч В.Г-оос машины үнэ 2,000,000 төгрөг, радиатор засуулсны болон тосолны  үнэ 79,000 төгрөг, нийт 2,079,000 /хоёр сая далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ө-т олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Г-оос 48,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ө-т олгосугай.

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т зааснаар эд мөрийн баримтаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн машины ременийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                     

 ДАРГАЛАГЧ                                      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ