| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Х.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тогоо хагархай” гэх газар байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө иргэн *******ын баруун өгзгөнд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол, иргэн *******ийн биеийн баруун гар хэсэгт модоор цохих, өгзөг хэсэг рүү нь өшиглөх, зүүн цавь хэсэг рүү нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасныг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 112-113 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 11 дүгээр сарын 21-ны шөнө гэртэй байж байсан чинь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн ******* ирсэн тухайн үед би гэртэй ганцаараа байсан юм аа тэгээд бид хоёр хоол хийж идээд 1 шил архи уусан дээр нь жаахан монгол архи уугаад тэгээд тухайн газраасаа яваад гэх айлд очсон тэгсэн чинь гэх хүн архи уухгүй та хоёр өөрсдөө уу гэхээр тэднийхээс гараад тэгээд нэг сэрсэн чинь ******* гэх айлд сэрсэн тэгээд тухайн айлд байж байсан чинь ******* гэх айлд нилээн согтуу байсан тэгээ гарах гээд байж байсан чинь ******* араас хутгалуулсан тэгэхээр нь тэр гэрээс гараад өглөө гэртэй ирээд байж байхад манай гэрт ирсэн тэгсэн чинь тэр *******ын гэрт бас хутгалуулсан байдалтай байна гэж хэлхээр нь би чи тэр ******* гэх айлд очоодох би араас чинь яваад очий гэж хэлээд явуулсан тэгээд араас нь мотоциклоо асаагаад явсан чинь миний өмнөөс нь аваад хүрээд ирсэн тэгээд бид хоёр манай гэр очоод эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн юм аа. Тухайн үед би нилээн согтуу байсан намайг ******* араас хөөгөөд миний баруун талын өгзөг хэсэгт 1/нэг/ удаа хутгалсан харин яг яаж хутгалсан талаар би сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,
4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт тэмээ эрэн хайж яваад ******* гэх айлд ирсэн тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 21- ны өдөр тухайн айлын хүнтэй 1 шил архи дээр нь 2 литр монгол архи уугаад тэгээд тухайн айлаасаа яваад ******* гэх айлд очсон тэгсэн чинь ******* гэх хүн архи уухгүй та хоёр өөрсдөө уу гэхээр тэднийхээс гараад тэгээд нэг танихгүй айлд очоод тэгээд тэр айлаас гараад тэр Х.******* гэх айлд очоод 1 шил архи хувааж уусан тэгсэн чинь тэр айлын Х.******* гэх хүн бид хоёртой хэрүүл маргаан хийгээд эхэлсэн тэгэхээр нь өмнөөс би хөшин хүн байж аятайхан байгаарай гуйлгачин минь гэсэн чинь Х.******* гэх хүн нь намайг гуйлгачин гэлээ гээд орилоод босож ирээд шууд чамайг ална гээд хутга бариад над руу дайраад эхлээд толгой хэсэг рүү явуулахаар бултаад ухарсан тэгсэн чинь ахиад баруун гартаа барьсан хутгаараа миний зүүн талын гуянаас дээшээ ташаан толгой хэсэгт 1 удаа хутгалсан тэгсэн чинь би газар өнхрөөд ойчсон тэгээд би тухайн айлын баруун талаас мөлхөөд гарсан чинь араас тэр Х.******* гэх залуу араас нэлээн олон удаа өшиглөөд байсан тэгээд гадаа гараад намайг жижиг банзаар миний баруун гар луу 2-3 удаа цохиж зодсон тэгсэн чинь тэр ******* гэх залуу Х.*******ын хөлөөс зулгаагаад газар унагасан тэгсэн чинь *******ыг зодож цохиод эхэлсэн тэгж байхдаа ыг хутгалсан байхаа, тэгснээ тэр Х.******* мотоцикл асаагаад яваад өгсөн тэгээд ******* алга болсон харин би явж чадахгүй байхаар нь тухайн айлын зүүн талын орон дээр нь гараад хэвтэж байсан чинь өглөө ******* ирсэн тэгээд *******ыг олоод ирье гээд гараад явсан тэгсэн чинь удаагүй Х.******* нэлээн согтуу орж ирсэн чамайг гүйцэх гэж ирлээ гээд орж ирээд над руу ахиад дайрсан чинь яг тэр үед нь ******* гаднаас орж ирээд салгасан чинь Х.******* гараад яваад өгсөн тэгээд ******* намайг аваад ******* гэх айлд авчиж өгсөн тэгсэн чинь Тэр *******ын ах ******* гэх хүн ирээд эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн юм аа... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /,
.....Надад энэ хэрэгтэй холбогдуулан цаашид хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байна. Х.*******аас эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн зардал болон мөнгө төгрөгөө гаргуулаад авчуул надад гомдол санал гээд байх юм алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: бид хоёр н.ын гэрт монгол архи, нэг шил 0.5-тай соёрхол архи зэргийг хувааж уучхаад нэг шил 0.5-тай архи өвөртөлсөн. Тэгээд бид хоёр миний мотоциклтой явж байгаад дугуй хагарсан. Тухайн үед би мотоцикл унаж явсан. Тэр үед замдаа н.*******тай тааралдсан. Тэгээд н.******* “манайхаар ороод янзлаад яв” гэсэн тул н.*******ын гэрт очсон. Тэгээд өвөртөлж явсан архиа хувааж уусан. Н. бид хоёр их хэмжээний согтолттой байсан бөгөөд н.******* “та хоёр шиг банди намайг барахгүй” гээд томроод байсан. Тэгэхээр нь би “харахад хөгшин хүн шиг байх юм, аятайхан байгаа ч гуйлгачин минь” гэж хэлтэл н.******* хутга авч бос ч ирээд миний цавь хэсэгт хутгалсан. Тэгээд хутгалах үед нь өнхөрч ойчоод толгойгоо дараад хэвтэхэд миний дээрээс өшигчөөд байсан. Тэгээд миний эрүү хэсэгт өшиглөсөн байсан. Тэгээд нүдээд байхаар нь мөлхөөд гэрээс нь гартал өмнөөс банз оруулж ирээд цохисон. Манай найз н.*******ыг надаас салгах гэтэл хутгалсан байсан. Би яг манай найзыг яаж хутгалсныг хараагүй. Н. бид хоёр н.*******ын малыг үргээсэн үйлдэл гаргаагүй. Миний бие н.*******аас 6000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад хохирлын баримт байхгүй гэв. гэв.
6. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…*******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,423,499 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг/хх-ийн 44-45/,
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:….. Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 21-ны шөнө 00 цаг өнгөрсөн бараг 01 цаг болж байхад манай гэрт тэр , нар жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд тэр гэх залуу нэг шил ерөөл нэртэй архи гаргаж ирээд задлаад надад хийгээд өгөхөөр нь би уухгүй ууж чаддаггүй талаараа хэлээд өгсөөн тэгсэн чинь нөгөө хоёр нэг нэг хийж уугаад үлдсэн архийг нь аваад гараад явсан тэгээд маргааш өглөө 08 цагийн үед *******ын эхнэр утсаар залгаад Х.******* гэх айлд хүмүүс зодоон цохио хийсэн юм шиг байна очоод үзээдэх гэхээр нь очсон чинь тухайн Х.*******ын гэрт ******* гэх залуу унтаж байсан харин нөгөө хоёр нь алга байхаар нь ******* гэх залуугаас яг юу болсон талаар асуусан чинь би хүнд хутгалуулсан юм шиг байна гэхээр яг хаана чинь гэж асуусан чинь миний цавь хэсэгт юм шиг байна чи яваад *******ыг олоод ир гэхээр тухайн Х.******* гэх айлаас гараад *******ын гэрт яваад очтол ******* гэртээ мөн түүний ах ******* нар байж байхаар нь яг юу болсон талаар асуусан чинь ******* нь намайг болон ******* нарыг Х.******* хутгалсан талаар надад хэлсэн тэгэхээр би *******од тэр залуу чинь айлд босож чадахгүй хэвтэж байна чи ав гэж хэлсэн тэгсэн чинь ******* за би ядаж цустай хувцсаа солиодохъё гээд солиод эхэлсэн тэгээд удаад байхаар нь за би түрүүлээд явж байя гээд *******ын гэрээс гараад Х.*******ын гэрт очсон чинь Х.******* гэртээ ирсэн *******ийн хэвтэж байсан орны урд хэсэгт суусан байдалтай хоорондоо чи яахаараа манай хонийг хөөдөг юм гээд жаахан хэрүүл маргаан хийх шинжтэй байхаар нь Х.*******ыг за чи малдаа яв гэж хэлээд Х.*******ыг нь явуулаад ******* гэх залууг мотоциклынхоо араар суулгаад ******* гэх залуугийн гэр лүү нь явсан тэгсэн чинь урдаас ******* мотоциклоо унасан байдалтай гараад ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өглөө 08 цагийн үед ******* гэх айлд яваад очсон чинь ******* гэртэй ганцаараа Х.******* намайг хутгалсан талаар хэлээд байж байхаар би гэрт нь гал түлж өгөөд малаа усалчхаад ирье гэж хэлээд малдаа яваад буцаад ирсэн чинь тэр ******* нь ******* гэх айлд ирсэн байсан тэгсэн чинь Тэр ******* гэх залуу нь бас хутгалуулсан байхаар би Баянхонгор аймгийн бөмбөгөр сумын эмнэлэгт дуудлага дуудаж өгсөн. Тухайн үед намайг очиход архи нь гарсан шинжтэй ******* нь нүүр хэсэгт жаахан шалбарсан тэгээд арын өгзөг хэсэгтээ хутганы шархтай байсан, харин нөгөө ******* нь нүүр хэсэгт бас жаахан шалбарсан, нэг талын цайв хэсэгтээ хутгалуулсан шархтай харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн криминалистикийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн:.....1. Шинжлэгдэж буй "Ерөөл" нэртэй архины шил болон хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Ерөөл нэртэй 0,5 литрийн архины шилэн дээрээс 4 ширхэг гарын мөр илэрч байна. Харин бор иштэй хутган дээрээс гарын мөр илрээгүй.
2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрийг нэгдсэн санд 2024- 021-БНХ гэсэн кодоор кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд УБ нэгдсэн санд ММ003810013416 дугаараар бүртгэлтэй ******* овогтой *******ын баруун гарын ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 68-70/
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед баруун өгзөгний шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 78-79/
11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн:.... 1. *******ийн биед зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн 1 удаагийн, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 86-87/ болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19/, шүүгдэгч Х.*******ын хувийн байдлуудтай холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тогоо хагархай” гэх газар байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих өдөр өөрийн гэрт ирсэн *******, ******* нарын авчирсан “Ерөөл” гэх архийг хамтран ууж улмаар *******ын зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж түүний баруун өгзгөнд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь баруун өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол, мөн *******той хамт ирсэн иргэн *******тай маргалдаж биеийн баруун гар хэсэгт модоор цохих, өгзөг хэсэг рүү нь өшиглөх, зүүн цавь хэсэг рүү нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт болсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч *******, ******* болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 3, 6, 7 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч *******, ******* нар нь хамт архидан согтуурч улмаар архидалтыг үргэлжлүүлэх зорилгоор шүүгдэгч Х.*******ын гэрт очиж архидан согтуурч улмаар хохирогч нар нь зүй бус үйлдэл буюу хэрүүл маргаан үүсгэж шүүгдэгчтэй маргалдсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэрт байсан хутгаар хохирогч *******, ******* нарыг хутгалж, хохирогч *******ийг модоор цохих зэргээр хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Х.*******ыг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал зургаан сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Х.*******ыг хохирогч *******од төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч *******, ******* нар нь гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлсэн бөгөөд түүний зардал 1.423.499 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар буруутай этгээд шүүгдэгч Х.*******аас төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Х.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.423.500 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг гаргаж ирүүлсэн тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Уг үйл баримт болох үед хохирогч А. нь *******ын гэрээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, шүүгдэгч Х.******* нь хохирогч *******, ******* нартай “Ерөөл” нэртэй архи хувааж ууж гэмт хэрэг үйлдсэний дараа буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хохирогч *******, шүүгдэгч Х.******* нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Зөрчлийн хуулиар шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн приус мод 1 ширхэг болон хамтран архидан согтуурсан “ерөөл” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг мянга хоёр зуун / 1200 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, бор өнгийн приус мод 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ