| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 179/2018/0062/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 337
Ш.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Ш.Б-д холбогдох 201722000241 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Ш-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ш.Б- нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлогдвол зохих байдлыг дурдсан байх ба тус заалтын 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хамааруулсан байна. Гэтэл шүүх хохирогч Р.М-ын зүй бус үйлдлээс болж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар нотлоогүй, хохирогчийн гаргасан ямар үйлдэл зүй бус байсан талаар дүгнэлт хийлгүй нотлогдоогүй зүйлийг үндэслэн шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний гэр бүлийн гишүүдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд хохирогчийг мотоцикл хулгайлах гэсэн, станцын суурь төмрөөр шүүгдэгч болоод түүний хүүг цохисон талаар мэдүүлдэг боловч хэргийн газар байсан мотоцикл, станцын суурь төмөр зэрэгт огт үзлэг хийгээгүй, хурууны хээ авч бэхжүүлээгүй, тэдгээрт хохирогч гар хүрсэн эсэхийг огт тогтоогүй нь хохирогчийн хэрэг учралын газарт гаргасан үйлдэлд үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнээс гадна Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 57 дугаар дүгнэлтэд хохирогч Р.М-ын цусанд спиртийн агууламж илрээгүй талаар тусгагджээ. Хохирогч Р.Мөнхжаргал нь өмнө нь гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл байсан бөгөөд аливаа зүй бус үйлдэл гаргаж байсан удаагүй болно.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 469 дүгээр шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дугаар зүйлд “...Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг шүүгдэгч Ш.Б, хохирогч Б.Б, Н.Э, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал нарт танилцуулаагүй, гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, хэргийг прокурорт буцаасны дагуу прокурор Л.Отгончимэг нь шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр, хохирогч Б.Б дээрх прокурорын тогтоолыг танилцуулсан боловч хохирогч Н.Э одоог хүртэл танилцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх зөрчил нь шүүхийн шийтгэх тогтоол гарахад нөлөөлсөн бөгөөд шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэн авч үзэх нэг шалтгаан болсон байх магадлалтай юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн станцын суурь төмөр, 80 см урттай мод зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” хэмээн заасан байна. Гэтэл тус эрүүгийн хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд огт хэрэглээгүй 80 см урттай модыг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-т заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх бөгөөд хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй эд мөрийн баримтыг нотлох баримтаас хасах талаар шүүх шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй байдаг. Одоог хүртэл гэмт хэрэг үйлдэх үед ашиглагдсан мод олдоогүй бөгөөд гэрч Б.Н, М.Д нар шүүгдэгч Ш.Б-ийг хохирогчийг мод, төмрөөр цохисон талаар мэдүүлсэн байтал мод, төмөрт үзлэг хийгээгүй, түүнээс цусны толбо илэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хурууны хээ аваагүй болно. Үүнээс гадна хохирогчийн хэрэг гарсан өдөр ашиглаж байсан “Нокиа” загварын гар утас одоог хүртэл олдоогүй, тодорхойгүй байдлаар алга болсон. Гар утсыг олох талаар зөвхөн гэрч Б.Б-г нэг удаа асуусан бөгөөд тэрээр “гар утастай байсан, утсаар хүүхдүүдтэйгээ удахгүй гэртээ харина гэж ярьсан, ...талийгаач гэрээс гарахдаа утсаа халааслаад аваад гарсан, тэгээд шууд машины хойно суусан” гэж мэдүүлсэн. Дээрхээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн хэрэгслийг хэргийн газраас олоогүй, хохирогчийн хэрэглэж байсан гар утас тодорхойгүй байдлаар алга болсон, төмөр станц гэх эд мөрийн баримтаас хурууны хээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан модноос цусны толбо илрүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн гэж үзэж байна. Прокурорын “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоолыг хохирогч Н.Э-т танилцуулаагүй гэж өмгөөлөгч гомдол гаргаж байгаа боловч уг тогтоол Н.Э хохирогчоор тогтоогдсон хэрэгт биш Р.М-д холбогдох хэрэгт хамааралтай асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гомдлыг үндэслэн Ш.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 05 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-32-08 тоотод хохирогч Р.М-ыг хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгой руу нь модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Хохирогч Р.Мөнхжаргал нь Ш.Б-ийн хүү Б.Б-той маргаан үүсгэж цохьсон асуудал нь шүүгдэгч Ш.Б болон Р.М нарын маргалдах шалтгаан болсон талаар шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, улмаар шүүгдэгчид ял оногдуулахдаа энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь хууль зөрчөөгүй болно.
Хохирогч мотоцикл хулгайлахыг оролдсон тухай Ш.Б-ийн гэр бүлийн гишүүдийнх нь мэдүүлэг шүүхээр эцэслэн хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримт бус бөгөөд хохирогчийн уг үйлдлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин шүүгдэгч Ш.Б нь хувийн сэдэлт, шалтгааны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг хууль буруу хэрэглэсэн, ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН