| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/01094/И |
| Дугаар | 142/ШШ2017/01087 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2017/01087
2017 оны 10 сарын 24 өдөр Дугаар 142/ШШ2017/01087 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,*******,*******,*******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* холбогдох угаалгын машины үнэ 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч Ө.Цасчихэр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Цасчихэрээс автомат угаалгын машин зарна гэхээр нь 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Маргаашнаас нь ус соруулаад юм угаах болсон чинь араас нь ус гоожоод болохгүй байсан юм. Тэгээд Ө.Цасчихэртэй яриад хэлсэн ирж үзээд би дүүгээ явуулья гэж хэлсэн. Ингээд ирэхгүй алга болсон. Удаа дараа залгахад хэл амаар доромжлоод сүүлдээ утсаа авахаа больсон. Би гэрт нь угаалгын машиныг нь аваачиж өгсөн. Иймд миний 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Цасчихэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк дээр тавьсан зарын дагуу иргэн Танья над руу залгаж угаалгын машин авья гэсэн санал тавьсан. Итали бүрэн автомат угаалгын машин орос айл хэрэглэж байсан маш цэвэр хэрэглэсэн гэдгийг өөрт нь хэлсэн. Тэгээд гэр хороололд авах гэж байна гэхээр нь бүрэн автомат угаалгын машин даралтгүй устай газар болох юм уу, яг авна гэвэл аваачиж өгье гэж хэлсэн. Мотор тавиад ажиллуулчихдаг юм болдог юм яг авна аваад ир гэсэн. Гэрт нь хороололд аваачиж өгөхөд хүүхдүүд нь нөхөр нь 5-лаа байсан. Үзэж харж шалгаад авсан, мотороо аваагүй байсан. 3 хоногийн дараа намайг хөдөө явж байхад угаалгын машины буцааж ав гэр хороололд мотороор ажиллуулж чадахгүй байна гэсэн. Би гэр хороололд болно гэсэн болохоор сайн асууж байж зарсан болохоор буцааж авах боломжгүй, мөнгийг банкныхаа зээлэнд хийсэн гэдгээ хэлсэн. Тэгээд байнга залгаж дарамтлаад байхаар нь хамтраад зар өгөөд зарья гэсэн. Баян худалдааны төвд хамт наймаа хийдэг хүндээ зарах гэж байхад урдуур нь орж болно бүтнэ гэсээр байгаад авсан. Би худал хэлж хуурч мэхлэн хүчээр өгөөгүй. Хөдөөнөөс ирээд сонирхож байсан нөгөө байрны хүндээ зараад мөнгийг нь гаргаад өгье гэсэн чинь эвдэрхий угаалгын машин зарсан луйварчин хүүхэн гээд ойр хавиар минь яриад тэгээд боломжгүй болгосон. Намайг Цагдаагийн газарт хүртэл өргөдөл гаргаж шалгуулсан. Цагдаа энэ асуудлыг манайх шийдвэрлэхгүй гээд буцаасан. Сар хагасын дараа угаалгын машиныг гэрт авч ирээд хаячихсан. Би угаалгын машиныг гэрт нь аваачиж шалгуулж өгсөн. Гэр бүлээрээ байж үзэж харж авсан. Цагдаагийн гадаа машинаас бичиг баримт хулгайлж намайг янз бүрээр доромжилж чиний мууг үзнэ хэмээн дарамталсан цагдаа бичиг баримтыг Таньяагийн биеэс олж авч өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ө.Цасчихэрээс угаалгын машины үнэ 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2017 оны 07 сарын дундуур Ө.Цасчихэр хуучин бүрэн автомат угаалгын машин худалдахаар facebook сайтад зар тавьсаны дагуу ******* утсаар ярьж худалдан авахаар тохиролцсоны дагуу Ө.Цасчихэр гэрт нь хүргэж өгсөн байна.Угаалгын машиныг нэхэмжлэгч хүлээн аваад тогонд залгаж үзэхэд барбан нь эргэж байсан учраас нэхэмжлэгч хүлээн авч үнэ 400 000 төгрөгийг төлсөн байна.
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдагч Ө.Цасчихэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.Гэтэл нэхэмжлэгчийн худалдан авсан угаалгын машины шланкаас нь ус алдаж тухайн машиныг зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй байгаа тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч шүүх хуралдаанд ...Танья угаалгын машиныг шалгаж авсан.Тиймээс 400 000 төгрөгийг буцааж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч угаалгын машиныг хүлээн авах үедээ мотор байхгүйгээс нэхэмжлэгч угаалгын машинд ус хийж ажиллуулж үзээгүй нь тухайн эд хөрөнгийн доголдлын талаар мэдэлгүй түүнийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлоо гаргасан байна.
Иймд худалдагч нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Цасчихэрээс 12 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Цасчихэрээс 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Цасчихэрээс 12 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА