| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00131/И |
| Дугаар | 155/ШШ2020/00929 |
| Огноо | 2020-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2020/00929
2020 04 30 155/ШШ2020/00929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг ............. тоотод оршин суух, Барга овогт Цэрэндоржийн ******* /......................../ -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг ..................... тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Санжаажанчив ...................../,
Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж ................. байрны..... тоотод оршин суух, Хөндлөн овогт Дамбадаржаагийн ******* /...................../ нарт холбогдох
5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2020/00131/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч Д.Санжаажанчив нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Санжаажанчив, *******, Бямбасүрэн түүний нөхөр нарыг 2018 онд таньдаг болсон. Санжаажанчив гадаадын хөрөнгө оруулалттай компани ноогдол ашиг тараадаг, маш их ашигтай, би Дуламсүрэн багшийг оруулсан, та ор гэж 2017 оны 11 сараас зөвлөдөг болсон. Ингээд 2018 оны 3 сард Улаанбаатар хотоос ирсэн өөрийн найз *******, Бямбасүрэн нартай сургалт хийж, бид энэ компанид ороод жил болоогүй ч байртай болсон, цаг алдаад хэрэггүй, 7 хоног бүр ноогдол ашиг авдаг, айх зүйлгүй бид арыг нь бүрэн хариуцна гэсэн. Дампуурвал яах вэ? гэхэд ямар ч тохиолдолд чамаас авсан мөнгийг чинь буцааж өгнө, амлаж байна гэсэн. Үүнийг Санжаажанчив, *******, Дуламсүрэн, Бямбасүрэн түүний нөхөр нар бүгд гэрчилнэ. Ингээд 2018 оны 3 сард 7.300.000 төгрөгийн зээл авч *******ы дансанд бүх мөнгөө хийж байгаа гээд би *******ы ХААН банкны 5045005228 тоот дансанд 6.877.700 төгрөг шилжүүлгээр, өөрт нь 300.000 төгрөгийг бэлнээр тоолж тус тус өгсөн. Нийт 7.177.700 төгрөгийг хувьцааны үнэ гэж өгсөн. 5 сарын 15 хүртэл ноогдол ашиг гэж 3.143.373 төгрөгийг буцаан надад өгсөн. Би одоо зээлээ төлсөөр байдаг. Хэлснээрээ энэ хүмүүс надад 16 сая төгрөг өгөх ёстой. Мөнгийг чинь өгнө гэж хуурсаар одоог хүрлээ. Утсаар хэлэхэд хэрэлддэг, доромжилдог, хохь чинь гэж хүртэл хэлсэнд маш их гомдолтой байдаг. Би ашиг харалгүйгээр зөвхөн зээл, зээлийн хүүнд яг одоогоор 8.900.000 төгрөгийг авах үндэслэл байгаа ч Япон улсад сургалтаар явах болсон тул хохирлоо үл тооцон өөрт даруй шаардлагатай 5.000.000 төгрөгийг Санжаажанчив, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 03 сард 7.000.000 төгрөгийн цалингийн зээл авч хариуцагч Д.*******д 6.877.700 төгрөгийг түүний ХААН банкны 5045005228 тоот дансанд шилжүүлж, хариуцагч Д.Санжаажанчивт 300.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Би тухайн үед *******д би чамд их хэмжээний мөнгө зээлээр авч өгч байгаа учир чамд надад буцаагаад төлөх баталгаа байна уу гэж асуухад ямар ч асуудалгүй таны мөнгийг буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би итгээд өгсөн. Ер нь би хүнд их итгэсэн итгэлийнхээ үндсэн дээр хохирсон. Энэ хүмүүс ч бас ойлгож байгаа байх. Бидний хооронд үл ойлголцлын зүйл байсан. Хүний ёсоор хандах байх гэж бодож байна. Цаашлаад найз нөхөддөө ч дамжуулаад хэлэх байх. Өмнө нь энэ хүмүүст хэлж ярьж байсан зүйлдээ энэ хүмүүсээс уучлалт бас гуйж байна. Гадаад нэртэй гадны компани байгаа ч юм уу, үгүй ч юм уу би сайн мэдэхгүй байна. Ийм учраас би Д.*******, Д.Санжаажанчив нарт бэлнээр болон дансаар нийт 7.177.700 төгрөг өгсөн байгаагаас мөнгөний яаралтай хэрэг гарч Япон улсад суралцахаар явах болсон тул 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсныгаа шүүх хуралдаан дээр багасгаж хариуцагч Д.Санжаажанчиваас бэлнээр өгсөн 300.000 төгрөгийг, хариуцагч Д.*******д дансаар шилжүүлэн өгсөн 6.877.700 төгрөгөөс түүний шүүхэд өгсөн тайлбарт бичигдсэн надад өгсөн гэх 3.425.557 төгрөгийг хасаад үлдэх хэсэг болох 3.452.143 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Санжаажанчив шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2017 оны 10 сард Мөрөн сумын нутаг төв 4 зам дээр эртний танил Улаанбаатар хотод амьдардаг Бямбасүрэнтэй тааралдсан. Мөрөнд сургалт хийхээр ирсэн гээд байр хайж байна гэсэн. Түүнтэй хамт ирсэн нөхөр Зоригт, түүний найз ******* нарыг тэгэхэд таньдаг болсон. Испани улсын хөрөнгө оруулалтын Questra World компани нь 1993 онд байгуулагдсан. Ноогдол ашиг өгөх, хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгө арилжих зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Монголд 2016 оны 1 сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх мэт танилцуулгыг хийсэн. Мөн 90 еврогоор багц идэвхжүүлэх буюу хөрөнгө оруулахад жилийн дараа 180 евро болно гэсэн. Тэгээд би 2017 оны 10 сарын 30-нд 90 евро буюу 270.000 төгрөгийг 5045005228 ******* гэсэн дансанд хийж ноогдол ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулсан. Үүнээс хойш 7 хоног бүр миний дансанд 8000-10.000 төгрөг буюу ноогдол ашиг нь орж байсан учраас итгэл төрсөн. Тэгээд нэмж хөрөнгө оруулсаар 2019 оны 5 сарын 19-ний өдрийг хүртэл нийт 11 сая төгрөг нэмж хийсэн. Би А.Дуламсүрэн багшийг манай охины анги удирдсан багш учраас эртний танина. Түүнд хөрөнгө оруулалтын компани байна гэж танилцуулсан маань үнэн. А.Дуламсүрэн багш *******тай утсаар холбогдож 270 еврогийн багцаар нь хөрөнгө оруулалт хийсэн. 270 евро нь 787.050 төгрөг юм. 2018 оны 3 сард *******, Бямбасүрэн, Зоригт нар дахин сургалт ороход А.Дуламсүрэн багш Ц.******* багшийг дагуулан ирж хамт сургалтанд суусан. *******, Бямбасүрэн нарын сургалтанд сууж 2430 евро буюу 7 сая төгрөгийн багцыг сонгож өөрсдөө тухайн мөнгөө *******ы 5045005228 дансанд хийсэн. Энэ компани нь 7 хоног бүрийн хагас сайн өдөр бүх хүмүүсийнхээ дансанд ноогдол ашиг гэж мөнгө орж байснаа 2018 оны 5 сарын 12-ны өдрөөс хойш компанийн сайт хаагдлаа. Удахгүй 9 сард нээгдэнэ хүлээх хэрэгтэй гэснээр мөнгө өгөх нь зогссон. 2019 оны 9 сард компанийн сайт удахгүй нээгдэнэ гэсэн мэдээ ирсээр өдийг хүрлээ. Анх энэ хоёр багш мөнгөө *******ы дансанд хийх үед дампуурвал яах вэ? гэж асуусан нь үнэн. Гэхдээ бид үндсэн мөнгөн дээр хүү тооцож хариуцлагыг хүлээнэ гэж огт хэлээгүй. ******* үндсэн мөнгийг чинь би хариуцна гэж хэлж байсан. 2019 оны 6 сард ******* багш, Дуламсүрэн багш хамт намайг цагдаад өгсөн байсан. Мөн миний ажлын удирдлага болох Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс 5 сая төгрөг өг гэж нэхсэн. Залилангийн хэргээр 15 жилийн ял өгүүлнэ, фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд зургийг чинь тавина, чиний нэр сүр гэж юу байдгийн, чи хүн юм уу? гэх мэтээр доромжлон миний утас руу мессэж бичиж байсан. Мөн цагдаа дээр уулзахад бас доромжилж байсан. Би найз нөхөдтэйгээ нийлж санаатайгаар мөнгө залилан хувьдаа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Энэ хоёр багшийн хөрөнгө оруулж *******ы 5045005228 тоот дансанд байршуулсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Би ч гэсэн өөрийн хөрөнгө оруулсан үндсэн мөнгө болон ноогдол ашгийг бүрэн аваагүй, адилхан хохирогч болсон. Энэ хоёр багшийн мөнгийг өгүүлэх талаар Улаанбаатар хотод амьдардаг *******, Бямбасүрэн хоёртой утсаар ярьж, уурлаж, учирлаж хэлж байсан. Тухайн компанид хөрөнгө оруулсан хүмүүс хохирсон гээд анх Монголд үйл ажиллагааг нь эхлүүлсэн Бумантуяа гэх эмэгтэйг Орос улсаас Монгол улсад авчруулахаар хөөцөлдөж байгаа гэсэн хариу өгсөөр байгаа. Би нэхэмжлэлд дурдагдсан утсаар доромжилдог, хохь чинь гэж хүртэл хэлсэн маш их гомдолтой байна гэсэн өгүүлбэрийг би хэлээгүй. Улаанбаатар хотод амьдардаг Бямбасүрэн шуналтай авгай нар өөрсдөө их мөнгөөр орчихоод, би мөнгийг чинь аваад идчихсэн биш, хохь чинь гэж хэлсэн. Үүнийг Бямбасүрэн өөрөө надруу залгаж хэлсэн. Хариу тайлбарт бичигдсэн зүйлс нь үнэн болно гэжээ.
Хариуцагч Д.Санжаажанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Ц.*******гийн надад холбогдуулан нэхэмжилсэн 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* би 2017 оны 8 сард гадаадын хөрөнгө оруулалттай Questra World компанийн 3 удаагийн вакумжуулсан сургалтанд О.Нийсэлмаа болон компанийн захирал П.Бумантуяа нарын урилгаар хамрагдсан. 2017 оны 9 сарын 5-нд өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хийж QW компанийн гишүүн болсон. 2018 оны 3 сарын 18-ны өдөр QW компанийн гишүүн Л.Бямбасүрэнгийн урилгаар түүний хамт Хөвсгөл аймагт сургалт хийсэн. сургалт нь /компанийн гэрээ, дүрэм танилцуулсан/
1. Багцаа өөрсдөө сонгож хөрөнгө оруулалт хийнэ. /Багц 90 Сн, 270Сн, 810Сн, 2430 Сн, 7290 Сн евро гэх мэт/
2. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулна. Жилээр гэрээгээ үргэлжлүүлж /дахин/ сунгаж болно.
3. Хөрөнгө оруулалтын багцыг 7 хоног болгон графикийн дагуу ноогдол ашиг болгон олгоно.
2018 оны 3 сарын 18-ны өдөр ******* нь сургалтанд сууж Б.Идэрмөрөн гэдэг хүүхдийнхээ нэр дээр 7.217.100 төгрөг миний дансаар дамжуулан шилжүүлж, 2430 евроны багцыг өөрийн хүсэлтээр сонгон авч, гэрээ байгуулж QW компанийн гишүүн болсон. /Бямбасүрэн, Санжаажанчив, ******* өөрөө гэрчилнэ/
Компанийн гэрээний дагуу Б.Идэрмөрөнгийн 2430 евроны ноогдол ашиг болох 3.425.557 төгрөгийг *******гийн ХААН банк 5890418120 дансанд шилжсэн байна. /2018 оны 03 сарын 18-аас 2018 оны 06 сарын 30-ныг хүртэл ноогдол ашиг/
2018 оны 6 сарын 30-нд компанийн үйл ажиллагаа түр зогсож, хөрөнгө оруулагч нарынхаа ноогдол ашгийг одоо болтол олгоогүй байна. Questra World компани нь хөрөнгө оруулагч нарынхаа ноогдол ашгийг олгохгүй байгаа нь Э.******* миний биед ямар ч хамааралгүй болно. Жич би өөрөө хөрөнгө оруулалт хийж багц худалдан авсан, компанийн гишүүн хүн 2018 оны 6 сараас хойш нэг ч ноогдол ашиг аваагүй. Нэхэмжлэгч *******гийн хүүхэд Б.Идэрмөрөн компанийн хөрөнгө оруулагч, компанийн гишүүн, 6 сараас хойш ноогдол ашиг аваагүй. QW компанийн хөрөнгө оруулагч гишүүд бид нар гэрээний дагуу ноогдол ашгаа өгөхийг QW компанийн Монгол дахь захирал П.Бумантуяад шаардаж хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариу: Questra World компани нь 5 сард үйл ажиллагаа эхлүүлж ноогдол ашгаа өгнө гэсэн мэдээллийг Монгол дахь компанийн захирал П.Бумантуяа бүх гишүүддээ онлайнаар мэдэгдсэн гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.Санжаажанчив, Д.******* нарт холбогдуулан 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Санжаажанчиваас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Д.*******аас 3.452.145 /гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгажээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.******* Хөвсгөл аймагт гадаадын хөрөнгө оруулалттай ногдол ашиг хуваарилдаг компанийн талаар сургалт хийж энэ компанид хөрөнгө оруулахыг санал болгоод, эрсдлийг өөрөө хариуцна, оруулсан мөнгийг ямар нэгэн хохиролгүйгээр буцааж өгнө гэж амлалт өгч өөрийн дансаар 6.877.700 төгрөгийг, хариуцагч Д.Санжаажанчивт бэлнээр 300.000 төгрөгийг тус тус өгсөн. Би Япон улсад сургалтаар явах болсон учир өөрт учирсан хохирлоо үл тооцож даруй шаардлагатай байгаа 5.000.000 төгрөгийг Д.*******, Д.Санжаажанчив нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа шүүх хуралдааны үед багасгаж нийт 3.752.143 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар, үүнээс 300.000 төгрөгийг хариуцагч Д.Санжаажанчиваас, 3.452.143 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэж,
Хариуцагч Д.Санжаажанчив нь нэхэмжлэгч Ц.*******гийн надад холбогдуулан нэхэмжилсэн 300.000 төгрөгийг миний бие төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж,
Хариуцагч ******* нь Ц.******* сургалтанд сууж Б.Идэрмөрөн гэдэг хүүхдийнхээ нэр дээр 7.217.100 төгрөг миний дансаар дамжуулан шилжүүлж 2430 еврогийн багцыг өөрийн хүсэлтээр сонгон авч гэрээ байгуулж Questra World компанийн гишүүн болсон. 2018 оны 3 сарын 18-аас 2018 оны 6 сарын 30-ныг хүртэлх хугацааны ногдол ашиг болох 3.425.557 төгрөгийг Ц.*******гийн дансаар шилжүүлж өгсөн. 2018 оны 6 сарын 30-нд компанийн үйл ажиллагаа түр зогсож хөрөнгө оруулагч нарынхаа ногдол ашгийг одоо болтол олгоогүй байна. Хөрөнгө оруулагч нарынхаа ногдол ашгийг олгохгүй байгаа нь Д.******* миний биед ямар ч хамааралгүй болно гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч Д.Санжаажанчивт холбогдуулан нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул хариуцагч Д.Санжаажанчивын нэхэмжлэгч Ц.*******д 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хариуцагч Д.*******аас 3.452.143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Д.*******ы ХААН банкны 5045005228 дугаарын дансанд 6.877.700 төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Questra World гэх компаниас ногдол ашиг хүртэх зорилгоор шилжүүлэн өгсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Цэрэндоржийн *******гийн ХААН банкны 5890418120 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-8-р тал/, шүүх хуралдааны үед хийгдсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Зохигч нь дээрх мөнгийг өгсөн авсан эсэх, гадаадын хөрөнгө оруулалттай Questra World компанид хөрөнгө оруулалт хийж түүнээс ногдол ашиг авсан тухай үйл баримтанд маргаагүй болно.
Харин хариуцагч Д.******* нь энэхүү гадаадын хөрөнгө оруулалттай компани нь хөрөнгө оруулагч нарынхаа ногдол ашгийг олгохгүй байгаа нь миний биед ямар ч хамааралгүй болно гэж татгалзлаа тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Ц.******* нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Д.*******ы ХААН банкны 5045005228 дугаарын дансанд 6.877.700 төгрөгийг шилжүүлэн өгсөн, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Ц.*******гийн ХААН банкны 5890418120 дугаарын данс руу нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 5045005228 дугаарын данснаас идэрмөрөн ногдол ашиг гэх утга бүхий гүйлгээгээр 2018 оны 3 сарын 24-ний өдөр 306.446 төгрөгийг, 2018 оны 3 сарын 31-ний өдөр 331.904 төгрөгийг, мөн өдөр 18.968 төгрөгийг, 2018 оны 4 сарын 07-ны өдөр 313.850 төгрөгийг, 2018 оны 4 сарын 14-ний 358.248 төгрөгийг, 2018 оны 4 сарын 15-ны өдөр 19.971 төгрөгийг, 2018 оны 4 сарын 22-ны өдөр 282.374 төгрөгийг, 2018 оны 4 сарын 28-ны өдөр 18.231 төгрөгийг, мөн өдөр 329.987 төгрөгийг, 2018 оны 5 сарын 05-ны өдөр 310.621 төгрөгийг, 2018 оны 5 сарын 21-ний өдөр 260.812 төгрөгийг, 2018 оны 6 сарын 30-ны өдөр 303.264 төгрөгийг, нийт 3.143.363 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан Цэрэндоржийн *******гийн ХААН банкны 5890418120 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Ц.*******г гадаадын хөрөнгө оруулалттай гэгдэх Questra World компанийн хөрөнгө оруулагч гишүүн гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэхүү татгалзлаа нотолж чадахгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагчийн надад буцаан өгсөн гэх 3.425.557 төгрөгт маргахгүй, энэ дүнгээр Д.*******д дансаар шилжүүлэн өгсөн 6.877.700 төгрөгөөс 3.425.557 төгрөгийг хасаж үлдэх мөнгө болох 3.452.143 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 3.452.143 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.184 төгрөгийг, хариуцагч Д.Санжаажанчиваас 300.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 3.452.143 /гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Санжаажанчиваас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.650 /ерэн дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70.184 /далан мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг, хариуцагч Д.Санжаажанчиваас 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН