Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ11

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хн овогт Бийн Бэд холбогдох эрүүгийн 2313000000174 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр /Их булан/ баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Б.Бийн 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг эдэлж дуусгавар болсон гэх, Х ургийн овгийн Бийн Б, регистрийн дугаар ....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө, мөн 2023 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн орчимд тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвд хууль бусаар нэвтэрч, Балтика нэртэй шилэн савтай шар айраг 23 ширхэг, Норs Роскs нэртэй шилэн савтай шар айраг 3 ширхэг, Сhange Esse нэртэй тамхи 1 боодол, LG К4 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 197,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын дүгнэлт.

1.1. Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр согтуу байсан тул юу хийснээ мэдэхгүй байна. Анх би Думан төвийг ажиллаж байхад орсон. Тэгээд хэзээ гарснаа мэдэхгүй байна Тус газрыг ажиллаж байх үед орсон боловч хэдэн цагийн үед орсноо мэдэхгүй байна. Согтуу байсан тул орсон, гарснаа сайн санахгүй байна. Хохирлоо төлж барагдуулна гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт, бүр тодруулж хэлбэл хяналтын камерын бичлэг болон яллах дүгнэлтэд дурдагдсан бичгийн баримтуудаар ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ гэвэл шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд “Думан” баарны үйлчилгээний төв буюу түүний 1 давхарт байдаг  “Думан” бааранд нэвтэрч орсон байдаг.  Тухайн бааранд үйлчлүүлэхээр орох явцдаа дээшээ 2 давхар луу нь гардаг. Тухайн давхарт нь мэдээж хэрэг тус байгууллагын оффис нь байдаг. Тодруулбал захирлынх нь өрөө, дээрээс нь агуулах буюу эд зүйл хадгалах өрөө байдаг. Хяналтын камерын бичлэгээс харахад шүүгдэгч нь  тодорхой эд зүйл хайх, эрэх санаа зорилгоор орсон нь харагддаг. Улмаар нэг хаалгыг онгойлгож үзэж дараа нь дахин нөгөө онгорхой хаалга руу орсон нөхцөл байдал тогтоогддог. Тэгээд агуулах руу орж, өөрийнхөө хэрэглэх хэмжээгээр тухайн архи согтууруулах ундааны зүйлүүдийг хэрэглэсэн. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, үүрээр гарсан. Гарахдаа хаалгаар биш цонхоор гарсан. Ингэж гарахдаа хяналтын камерын бичлэгээр мэдээж хэрэг өөрийнхөө авч чадах хэмжээгээрээ архи, согтууруулах ундааны зүйл болон тамхи, бусад эд зүйлийг 05 цагийн үед авч гарчхаад хоёр цаг орчим тухайн авсан эд зүйлээ хэрэглэсний дараа дахин тэр цонхоороо нэвтэрч орсон нөхцөл байдал тогтоогддог. Энэ нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзвэл нийт хоёр удаагийн үйлдлээр тухайн объект руу нэвтэрсэн байна гэж үзэж байгаа. Сүүлийн үйлдлийн хувьд мэдээжийн хэрэг сэдэл, санаа, зорилго нь дахиж архи уух зорилгоор цонхоор орж байгаа. Эхний үйлдлийн хувьд шүүгдэгч 2 давхарт гарах эрхгүй. Тэр тусмаа агуулах сав, эд зүйл хадгалж байгаа газар луу орох эрхгүй хүн орж байгаа. Энэ сэдэл санаа зорилго нь эд зүйл эрж байх зорилгоор орсон. Ингэж ороход өөрийнх нь хэрэглэж байсан архи, согтууруулах ундааны зүйлүүд байсан. Түүнийгээ мэдээж хэрэг өөрөө хэрэглээд үлдсэнийг нь авч гарсан нөхцөл байдал тогтоогддог. Тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж үзвэл шүүгдэгчийн хувьд бусдын өмчлөх эрхэд халдсан байна. Ингэж халдахдаа нууц, далд аргаар халдсан. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн байна гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Иймд түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд буюу хулгайлах гэмт хэргийг бусдын агуулах байр, саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол, хор уршгийн асуудал яригдана. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Аэд нийт 137,000 төгрөгийн хохирол учирсан. Иргэний нэхэмжлэгчид 60,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ гэмт хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн хувьд дээрх хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй тул түүнээс 137,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Аэд, 60,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт:” Шүүгдэгч анхнаасаа Думан бааранд хууль бусаар орж, согтуугаар буюу өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх үедээ бусдын эд хөрөнгийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэд хэдэн удаа мэдүүлэг өгч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичлэг дээрх зургийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь 5 дугаар сарын 20-ны өдөр орой хууль ёсоор үйлчлүүлэхээр орсон. Тэгээд тус баарны 2 давхарт байх хурим, цайллага хийх давхар байдаг. Тийшээ шатаар гарах үед онгорхой байсан хаалган дотор баахан согтууруулах ундааны зүйл хураалттай байсныг хараад тэндээс уугаад тасарч унтсан. Маргааш нь үүрээр 05 цагийн сэрээд тэндээс авч гарах юмаа авч гараад явсан. Хоёр дахь оролт нь гарсан цонхоороо буцаж орсон байдаг. Энэ нь хууль бус нэвтрэлт байгаа. Тиймээс зүйлчлэлийн хувьд буруу гэх тайлбарыг хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирлын асуудал тодорхой гараагүй байсан. “Думан” баар нь хулгай хийсэн этгээд баригдсан тохиолдолд янз бүрийн эд зүйл нэхээд байдаг. Тухайн үед хохирлын хэмжээ тодорхойгүй байх үед тэрээр Улаанбаатар хотод байх уурхай руу явсан. Тэндээс буцаж ирээд цагдан хоригдсон байгаа. Шүүгдэгчийн эгч хохирлыг барагдуулах талаар надтай утсаар ярьж байсан. Гэвч одоо хүртэл барагдуулаагүй байгаа. Яагаад гэвэл шүүгдэгч нь архи хэрэглэдэг тул гэр орондоо нэр нүүргүй болсон. Өмнө нь архи ууж, цагдаагийн албан хаагчтай маргалдаж ял шийтгүүлсэн. Өнөөдрийн гэмт хэрэг дээр ч гэсэн архинаас болж орооцолдсон гэж байгаа. Мөн тэрээр хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Мөн эгч нь хохирлыг төлнө гэж байсан тул эгчтэй нь уулзаж хохирлыг барагдуулах талаас нь санаа тавья. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

2. Эрүүгийн 2313000000174 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн А.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

2.3. Гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

2.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/, 

2.5. Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 128-31 дэх тал/, 

2.6. Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41, 43 дахь тал/,

2.7. Иргэний нэхэмжлэгч С.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

2.8. Гэрч Ж.Юийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, 

2.9. Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн  23/29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-78 дахь тал/, 

2.10. Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  23/28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-65 дахь тал/, 

2.11. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0147 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дахь тал/, 

2.10. Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Хэрэгт тогтоогдсон үйл баримт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

-Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө, мөн 2023 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн орчимд тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвд хууль бусаар нэвтэрч, Балтика нэртэй шилэн савтай шар айраг 23 ширхэг, Норs Роскs нэртэй шилэн савтай шар айраг 3 ширхэг, Shange Esse нэртэй тамхи 1 боодол, LG К4 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 197,000 төгрөгийн хохирол учруулан үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн А.Аээс 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр миний эзэмшлийн “Думан” нэртэй хуримын ордны оффист хулгай орж 27 ширхэг балтика болон хопс рокс нэртэй пиво, 1 боодол тамхи хулгайд алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 03- 10 дахь тал/,

- Гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

- Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

- Хохирогч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн  01 цаг 30 орчим минутын үед ажлын газраа хааж гэрлүүгээ харьсан. Би ажлын газраа хаах үеэр 2 давхарт байрлах өөрийн оффиссын өрөөгөө шалгахад хаалга нь нээлттэй байсан бөгөөд, хяналтын камер унтарчихсан байсан, би сайн анзаарч харахгүйгээр дэлгэц нь унтарсан байж болзошгүй гэж бодон хаалгаа түгжээд 2 давхрын коридорын цонхны тавцанд байх цэцэгнүүдээ буулгаж орхиод гараад явсан. Би ажлын газраа хаах үеэр манай ажилтан болох Ж.Юсыф, түүний найз /нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт бүх хаалгаа түгжиж, цонхоо шалгаад гараад явсан. Харин өглөө нь буюу 09 цаг 30 орчим минутын үед ажлын байрандаа ирсэн бөгөөд манай сантехникч Айтуган гэх залуу ирчихсэн гадаа хүлээж зогсож байсан. Би Айтуганыг ажлын газрыг нээж оруулсан бөгөөд Айтуган надад "Энэ цонх чинь яачихсан юм бэ" гэж хэлэхээр нь харахад төмөр үүдний хаалганы хажууд байх 1 давхрын цонхны төмөр хаалт нь салсан, цонх нь хагас онгорхой байдалтай байсан. Би өчигдөр шалгаад гарсан тул сэжиглэж баар, паб орох 1 давхрын өрөөнүүдийн хаалгыг шалгахад хаалганууд нь цоожтой хэвээр байсан ба 2 давхар луу гарахад миний ажлын өрөөний хаалга нээлттэй, цоож нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд би дотогшоо орж үзэхэд хаалганы үүдний хажууд байх 2 сагс "Балтика" нэртэй пивоны 1 сагс нь байхгүй, үлдсэн 1 сагснаас 4 ширхэг пиво дутуу байсан. Тэгээд би өрөөний эд зүйлүүдийг шалгаж үзэхэд шүүгээнээс 1 хайрцаг "сhange" эссэ нэртэй тамхи 1 боодол алга болчихсон байсан. Тэгээд би цаашаа дамжин хуучны биллъярдын өрөө, одоо агуулах болгон ашиглаж байгаа өрөө рүү ороход хүн орсон байдалтай биллъярдны ширээн дээр 3 ширхэг пивотой шилэн аяга, ойролцоогоор 10 орчим дутуу болон хоосон "Балтика" болон "Хоппс Рокс" нэртэй пивонуудын хоосон болон дундуур сав байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  39-41, 43 дахь тал/,

        -Иргэний нэхэмжлэгч С.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Миний барьцаанд үлдээсэн гар утсыг үйлчилгээний төвөөс хулгай хийсэн залуу хулгайлсан байна гэж А.А хэлсэн. Тийм учраас би уг гар утасны мөнгийг төлүүлж авахыг хүсэж байна. Би шинжээчийн дүгнэлтээр гаргасан 60,000 төгрөгийг нэхэмжлэх болно. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 55 дахь тал/

        -Гэрч Ж.Юсыфийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “... Би уг хэрэгт үл таних нэг залууг сэжиглэж байгаа бөгөөд уг залууг гаргах тоолонд хаанаас ч юм мэдэхгүй дотор орчихсон байсан. Би тухайн үед баар, цэнгээний газарт үйлчлүүлсэн иргэдийг  бүгдийг нь гаргаж хаалга түгжсэн бөгөөд хоёр давхраас буюу дээд давхраас үл таних согтуу хүн бууж ирж байсан. Уг хүнийг гаргаж өрөөнүүдийг цэвэрлэж хогоо асгахаар гадагшаа гараад буцаж орж ирэхэд уг хүн дахиад ороод ирчихсэн байсан тул дахин гаргасан. Харин тэр хүн намайг ах А.Атэй хамт тооцоо хийж байхад дахиад ороод ирсэн байж болзошгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

      - Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23/28 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гутлын улны мөрийн хувийн онцлог шинж тэмдэг нь тоо болон чанар хангалтгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээр Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б.Бээс хурааж авсан гэх гутлын дардастай тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

        - Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23/29 дугаартай шинжээчийн “...Хэргийн газраас бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрөөс 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр болон Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б.Бийн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлж 3 гэж дугаарласан гарын мөр нь Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б.Бийн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 74-78 дахь тал/,

         - Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 0147 дугаартай үнэлгээний “...2023 оны 05-р сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан шар айраг, тамхи, гар утасны үнэлгээг хүснэгтэнд оруулан нэг бүрчлэн үнэлгээг гаргав. Нийтдээ 197,000 /нэг зуун ерэн долоон мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,

         - Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

         ...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орой, цагийг нь сайн санахгүй байна, Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Думан баар нээлттэй үйл ажиллагаа явуулж байх үед нь орсон. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орсон бөгөөд Думан баарны 2 давхарт гарахад нэг өрөөний хаалга онгорхой байсан. Уг өрөөний ширээн дээр болон шалан дээр байсан пивонуудыг уугаад өрөөн дотор тасарч унтсан байсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 5 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн үед Думан баарны үүдний хаалганы хажуу талын цонхоор гарсан ба тэр үед би дотроос ямар нэгэн эд зүйл авч гараагүй. Би тухайн үед согтуу байсан учраас дахиж Думан баарны гадна 07 цагийн үед ирж гарсан цонхоороо дотогшоо орсон. Дотогшоо ороод бас л пиво уусан. Би хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103, 106-107, 209 дэх тад/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ гэмт хэрэг гарсан байдлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гутал, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлон тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь хүрэлцээтэй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь  2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө, мөн 2023 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний  07 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвд тус тус хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан үйл баримт тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө, мөн 2023 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвд  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 197000 төгрөгийн эд бараа зэргийг хулгайлж,  нийт 197000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “хулгайлах”  гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

Тодруулбал: Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны орой 18-19 цагийн үед “Думан” үйлчилгээний төвийг үйл ажиллагаа явуулж байхад нь ердийн аргаар нэвтрэн орсон байх боловч тэрээр тус төвийн 2 давхарт байрлах, агуулах болгон ашиглаж байгаа өрөөг онгорхой байхад нь сэм орж, тухайн агуулахад хадгалж байсан пивыг ууж, тэндээ хоносон, тус төвийн ажилтнууд Б.Бийг агуулахад согтууруулах ундааны зүйл хэрэглэн, унтаж байгааг мэдээгүйн улмаас агуулахын өрөөг болон “Думан” төвийг хааж, гаднаас нь цоожилж, явцгаасан,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өглөө,  үүрээр 05 цагийн үед  “Думан” төвийн агуулахын өрөөнд сэрэх үед түүний хоносон агуулахын өрөө болон Думан төв гаднаасаа цоожтой байсан тул агуулахын өрөөний хаалгыг дотроос нь эвдэж гаран, улмаар тус төвийн 1 давхарт байрлах, гарах хаалганы хажуу талын цонхоор гадагшаа гарах үедээ агуулахаас шилтэй, пиво, тамхи болон бусад эд зүйлийг хулгайлан авч гарсан нь камерын бичлэгээр тогтоогдсон,

Шүүгдэгч Б.Б нь “Думан” төвийн цонхоор эд зүйл авч гарч яваад 2 цагийн дараа эргэн ирж, дахин 2023 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 07.00 цагийн үед “Думан” үйлчилгээний төвийн хаалганы хажууд байрлах онгорхой цонхоор дотогш нэвтрэн орж, эд зүйл хулгайан авч, 10.00 цагийн үед буцаж цонхоор гадагш гарсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримт болох камерын бичлэг, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудын хүрээнд  эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвийг үйл ажиллагаа явуулж байхад нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны орой  18-19 цагийн үед тус төвийн 1 дүгээр давхарт хууль ёсоор нэвтрэн орсны дараа тус төвийн агуулахын өрөө байрлах 2 дугаар давхарт сэм нэвтрэн орсон нь тогтоогдож байх бөгөөд тус төвийн 2 дугаар давхар нь шүүгдэгч Б.Бийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орохыг хориглосон обьект байх тул түүнийг 2023 оны 05 дугаар сарын 20-ны орой тус “Думан” үйлчилгээний төвийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйл хулгайлсан гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өглөө,  үүрээр 05 цагийн үед  “Думан” төвөөс эд зүйл хулгайлан авч, тус төвийн цонхоор гадагшаа гарч явсны дараа дахин тухайн өдрийн 10.00 цагийн үед “Думан” үйлчилгээний төвийн цонхоор нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь “Думан” үйлчилгээний төв болон тухайн төвийн агуулахад 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, хулгайн эд зүйлийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр буюу “Думан” төвийн цонхоор эд зүйл авч гарснаар түүний үйлдсэн хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бийн идэвхтэй үйлдлээр, шөнийн цагаар Думан” үйлчилгээний төвийн агуулахад  сэм орж, өөрийнх нь хувьд захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшлийн хүнсний эд зүйл болох пивийг ууж хэрэглэн, тухайн үйлчилгээний төвийн агуулахаас дахин пиво, тамхи, бусдын гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч гарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон  хүндрүүлэх шинжийг  бүрэн хангаж байна.

3. Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

4. Иймд шүүгдэгч Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аийн эд хөрөнгөд “Балтика” нэртэй шар айраг 23х4000=92000 төгрөг, “Hops Rocks нэртэй гар айраг” 3х3500=10.500 төгрөг, “Сhange esse” тамхи 1 боодол 1х34500=34500 төгрөг нийт 137000 төгрөгийн хохирол,

Иргэний нэхэмжлэгч С.Зэд LG K4 гар утасны /хуучин/ үнэ 60.000 төгрөг, нийт 197.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хохирогч Ш.Бахытбек, иргэний нэхэмжлэгч С.З нарын мэдүүлэг, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн БӨА-23-0147 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 197000 төгрөгөөр тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ./хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.  

3. Иймд шүүгдэгч Б.Бээс гэмт хэргийн хор уршигт 137.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Аэд, 60.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Зэд тус тус олгож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол болох 197000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул Б.Бийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”... Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 197000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй. Ийм учраас улсын яллагчийн санал болгож байгаа хорих ялыг багасгаж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож өгнө үү”гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ”...Шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

6. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.Б нь согтуугаар, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эд хөрөнгөд халдаж, материаллаг хохирол учруулсан, 

Учруулсан хохирол, хор уршгийн хувьд нийтдээ 197000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, 

Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Б нь 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр  багт оршин суух хаягтай, хувьдаа ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, урьд удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, хорих ял эдэлж байсан боловч засрал хүмүүжлээ олоогүй, төлөвшөөгүй нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан хувийн байдал зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,

7. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д тус тус нийцсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлжээ.

8. Шүүгдэгч Б.Б нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцүүлэн, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулж, уг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан нөхцөл байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчид оногдуулсан 2 жил, 5 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарйн 07-ны өдрийн 139 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийтдээ 75 хоног цагдан хоригдсон нь тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 202-205 дахь тал/,

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бийг урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь тэнсэнгийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хориглосон хязгаарлалтыг зөрчиж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 1 жил, 4 сарын хорих ял оногдуулснаар уг хорих ялыг биечлэн эдэлж дуусгавар болсон байна.

10. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бээс нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн CD хуурцгийг  эрүүгийн 231300000174 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн "Балтика" нэртэй 0,5 литрийн багтаамжтай ногоон өнгийн пивоны сав 9 ширхэг, "Хопс Рокс" нэртэй 0,5 литрийн багтаамжтай бор өнгийн пивоны сав 2 ширхэг, өнгөгүй шилэн стакан 2 ширхэг, шүүгдэгч Б.Бийн гарын дардас бүхий биет баримт 1 хуудас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  40 размерын шар өнгийн ултай, хар хөх өнгийн хос гутал 1 ширхэгийг шүүгдэгч Б.Бэд буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх  комисст даалгаж шийдвэрлэв.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх хорих ялыг нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогтой Бйн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бэд 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бэд  оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бээс гэмт хэргийн хор уршигт 137.000 /нэг зуун гучин долоон мянга/ төгрөг гаргуулж, хохирогч А.Аэд, 60.000 /жаран мянга/ төгрөг  гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Зэд тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Б.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолохоор тогтоосугай.

7.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Балтика” нэртэй, 0.5 литрийн, ногоон өнгийн пивоны сав 9 ширхэг, “Хопс Рокс” нэртэй, 0.5 литрийн багтаамжтай бор өнгийн пивоны сав 2 ширхэг, өнгөгүй шилэн стакан 2 ширхэг, шүүгдэгч Б.Бийн гарын дардас бүхий биет баримт 1 хуудас зэргийг устгаж, 40 размерын, шар өнгийн ултай, хар өнгийн хос гутлыг шүүгдэгч Б.Бэд буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б