Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, У с овогт Эны Бд холбогдох 2513000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг,Алтай сумын .... дугаар /Б.../ багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаар хорих ялаар шийтгүүлж байсан, У С ургийн овогтой Эы Б, регистрийн дугаартай: ....

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нас барсан хүү Б.Бг нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2018 оны 9 сараас 2023 оны 01 сар хүртэл хугацаанд төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 3.680.000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Б.Бгийн эзэмшлийн Төрийн банкны 290100104202 тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Э.Б нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нас барсан хүү Б.Бг нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2018 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 сар хүртэл хугацаанд төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 3.680.000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Б.Бгийн эзэмшлийн Төрийн банкны 290100104202 тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мангиликийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /8-9 дэх тал/, Б.Б  2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан талаарх гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/, Б.Бгийн эзэмшлийн Төрийн банкин дахь 290100104202 тоот дансны хуулга,  /хавтаст хэргийн 20-26 дахь тал/, мөрдөгчийн  хохирлын тооцоо хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/, яллагдагч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд 3..680000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 3.680.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б бүрэн төлж барагдуулсан нь банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 81 дэх тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Бгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Э.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Бд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

5. 2513000000006 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У с овогт Эы Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” буюу “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Бд тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Э.Бд  сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг, шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.680.000  (гурван сая зургаан зуун наян мянга) төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б