Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0246

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А****,

Хариуцагч: Монгол Улсын Дээд шүүх

Нэхэмжлэгч Н.А Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ардчилсан нам-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр-ийн талаар мэдээлэл өгөхийг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А*** шүүхэд ... Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ардчилсан нам-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр-ийн талаар мэдээлэл өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс маргааны хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд:

1. Нэхэмжлэгч Н.А нь Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ардчилсан нам-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр-ийн талаар мэдээлэл өгөхийг даалгах шаардлагаасаа татгалзахаар,

2. Хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардах мэдээллийг өгөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид 100 хувь олгохоор харилцан тохиролцов гэж, нэхэмжлэгч Н.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З*** нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 109 дүгээр зүйлийн 109.1-д ...шүүгч ...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/4754 тоот албан бичгээр ...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З*** Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан төлөөлөгчийн эрх, үүргийг эдэлж оролцохоор буюу нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхийг олгожээ.

Нэхэмжлэгч иргэн Н.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З*** нарын нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзах, хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардсан мэдээллийг өгөхөөр буюу нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийх замаар тохиролцон байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээг хянан үзвэл уг гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд, хуульд харшлаагүй, бусад /гуравдагч/ этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцан төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З*** нарын эвлэрлийг баталж, Н.А*** нэхэмжлэлтэй, Монгол Улсын Дээд шүүхэд холбогдох, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ардчилсан нам-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр-ийн талаар мэдээлэл өгөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Дээд шүүхээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А*** олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА