Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

 

 

2020.1.7                                                    2021/ДШМ/38

 

 

О.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч О.Хгийн өмгөөлөгч Г.Энхболд,

хохирогч Т.Э,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Хд холбогдох эрүүгийн 2008023091210 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Монгол овогт О.Х, 2002 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Э-мартад тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 64-1025 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП02242771/;

           

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн эзэмшлийн 48-71 УАА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Т.Эгийн хар өнгийн үүргэвчин цүнх, нүүр будалтын тень зэрэг 720.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Монгол овогт О.Хг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хгийн цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч О.Хгийн эдлэх ялыг 664 (зургаан зуун жаран дөрөв) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг нэн даруй суллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хгээс 1.430.000 (нэг сая дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Хгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 7 дугаар сарын З-наас 4-нд шилжих шөнө О.Х гэгчид приус-20 маркийн 48-71УАА улсын дугаартай машинаа эвдүүлж гар утас болон эд бараагаа дээрэмдүүлж өөрөө зодуулж зүй бус халдлагад өртсөн бөгөөд О.Хгийн учруулсан хохирол болох ажлын хэрэгслээ алдсаны улмаас 4 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй үүнийг Монгол бүсгүй 30.000 гишүүнтэй группийн гишүүд буюу үйлчлүүлэгчид батална. Мөн О.Хгийн ар гэрийнхэн нь сошиалаар нэр хүндэд халдаж /Улмаа Эрдэнэбат/ сэтгэл санаанд нөлөөлж тавгүй байдал үүсгэж байна. О.Хтэй холбогдож хохирол барагдуулах талаар ярих гэсэн боловч утас болон “facebook chat” блок хийж зугтсаар өдий хүрлээ. Иймээс цаашид хохирлоо барагдуулж чадахгүй гэсэн айдастай байна. Нийт хохирол 1.430.000 төгрөг болсон бөгөөд үүнээс гадна сэтгэл санааны хувьд одоо ч гаргаагүй байгаа. Мөн ажлын хэрэгсэлгүй ажлаа хийж чадахгүй байгаа тул, О.Хд өгсөн 664 цаг албадан ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгэл санаа эд хөрөнгө бие махбодийн хохирлыг маань харгалзан үзэж О.Хд өгсөн ялыг хохирогчийн байдлыг харгалзан үзэж дахиж шийдэж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч О.Хгийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.  Шүүгдэгч О.Х нь хохирогч Т.Эд учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа боловч санхүүгийн нөхцөл байдлаас болж одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учир хохирлыг барагдуулж чадахгүй. Цаашид хохирлыг хурдан шуурхай төлөхөө илэрхийлж байгаа. ....” гэв.

           

            Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн эзэмшлийн 48-71 УАА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Т.Эгийн хар өнгийн үүргэвчин цүнх, нүүр будалтын тень зэрэг 720.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

            Хохирогч Т.Эгийн: ”...2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гадуур гоо сайхны хүргэлт хийгээд явж байтал 22 цагийн үед манай хамаатны хүүхэд Ерөөлт над руу залгаж намайг 21 дүгээр хороолол хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрч Ерөөлтэй 1 дүгээр хороололд 23 цагийн орчимд уулзсан. Ерөөлт надад хэлэхдээ миний зүс таних Хүслэн гэх залуутай очиж уулзах гэсэн юм хөдөөнөөс ирсэн гээд дуудсан гэсэн. Бид хоёр Хүслэнгийн гэр буюу давхар Ч дэлгүүрийн буудлын тэр хавьд байдаг нийтийн байранд очсон. Ерөөлтийн хамт ороход танихгүй хоёр залуутай хамт пиво уугаад сууж байхаар нь жоохон юм яриад суусан. Хүслэн, Ерөөлт хоёр муудалцсан. Бид хоёр явах гэтэл Хүслэн намайг зайл гичий минь гэх мэтээр доромжлоод машины түлхүүрийг гараас булааж авч гараад миний машиныг асаахаар нь Ерөөлт бид хоёр хойд сандал дээр суусан. Хүслэн машин бариад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээх станцын хажуу талд зам дээр зогсоод хэрүүл маргаан хийж байгаад өсгөгч аваад жолоочийн хойд талын цонхыг хоёр удаа цохиж хагалчхаад зам гараад такси бариад зугтаагаад яваад өгсөн. Цагдаад дуудлага мэдээлэл өгчхөөд Ерөөлт бид хоёр Хүслэнгийн гэрт яваад очтол байхгүй байсан. Гэрээс нь гартал Хүслэн саарал машинд суугаад зугтаад яваад өгсөн. Бид хоёр буцаад М-Ойл шатахуун түгээх станцын тэнд машин дээрээ иртэл машины 2 толыг хөлөөрөө өшиглөж хугалж байхыг нь хараад хөөе гээд дуудтал миний хар цүнхийг аваад саарал машинд суугаад яваад өгсөн. Миний эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утас болон хар цүнх авч явсан. Машины хоёр толь, жолоочийн хойд талын хаалганы шил хагалсан, хаалга 2-3 газар хонхойсон байдалтай болсон байсан. ...” /хх 14-19/,

 

            Гэрч А.Ерөөлтийн "...Энхжин эгч бид хоёр гэрт ороод ууж байсан пивоноос ганц, ганц хийж уучхаад 20- 30 минут орчим байж байгаад явах гээд машиндаа сууж байтал Хүслэн араас гарч ирээд явуулахгүй гээд Энхжин эгчийн машины түлхүүрийг булааж аваад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд зогсоод машин дотор байсан хар өнгийн өсгөгчөөр цохиод байсан. Тэр үед Энхжин эгч цагдаа руу залгах гээд утсаа гаргаж иртэл гар утсыг нь булааж аваад өгөхгүй байсан. Жолоочийн ар талын хаалганы цонхыг өсгөгчөөр цохиод хагалчихсан. Энхжин эгч чи яаж байгаа юм бэ гээд машинаас буухад цохих гээд дайраад байсан. .../хх 25/,

 

            Гэрч Б.Билгүүний “...Гаднаас Ерөөлт, түүний эгч Энхжин нар халамцуу орж ирээд үлдсэн нэг ширхэг пиво байсныг хувааж уусан. Энхжин надаар тоглоом хийж, янз бүрийн үг хэлж байгаад О.Х, Ерөөлт, Энхжин гурав гараад явсан. Харин Цэнгэл бид хоёр гэрт нь хөзөр тоглоод үлдсэн. Хэсэг хугацааны дараа О.Х гаднаас ганцаараа орж ирээд Энхжин, Ерөөлт хоёртой маргалдсан гэж хэлэхээр нь Хилчин хотхоны М-Ойл шатахуун түгээх станцын хажууханд очсон. Энхжингийн цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын цонх хагарчихсан, багааж нь онгорхой байсан. Тэгтэл О.Х гэнэт гүйж очоод машины хоёр толийг хөлөөрөө өшиглөж хугалаад багааж дотор байсан хувцсыг авч энд, тэнд шидэхээр нь очиж авч болиулж машинд суу гэж хэлээд Цэнгэлийн машинд суулгаад авч явсан. Тэгтэл замдаа явж байгаад машины арын цонхоор юм шидэх шиг болохоор нь юу шидээд байгаа юм бэ гэхэд юу ч бишээ чигээрээ дуугүй яв гэж хэлсэн. О.Хг гэрт нь буулгачхаад Цэнгэл бид хоёр Цэнгэлийн гэрт очсон. .../хх 34-35/,

            Гэрч Б.Насанбатын ”... 48-71УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол эхнэр Т.Э бид хоёрын дундын өмч юм. Транс капитал банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авсан. Тухайн байгууллагын нэр дээр байдаг боловч бид хоёрын эд хөрөнгө юм. Т.Э эзэмших эрхтэй. .../хх 40/,

 

            Шүүгдэгч О.Х яллагдагчаар өгсөн: “...Энхжин, Ерөөлт хоёрын хамт гэрээсээ гарч Энхжин гэх эмэгтэйн машиныг нь би барьж яваад Хилчин хотхоны М- Ойл шатахуун түгээх станцын ойролцоо зогстол Энхжин гэх эмэгтэй чи гэртээ байсан. Ноолууран цамцаа надад зарчих гэж хэлэхээр нь үгүй ээ зарахгүй гэхэд тэгвэл машинаас буу зайл пизда минь гэж хэлээд миний нүүр рүү баруун хацар луу нэг удаа алгадахаар нь зөрүүлээд нэг удаа баруун гараараа алгадсан чинь Ерөөлт хажуунаас орж ирээд намайг салгах гээд бариад автал Энхжин гэх эмэгтэй намайг үсдэж маажиж цохихоор нь машинаас нь бууж байгаад гарт нь байсан гар утсыг нь булааж аваад газар савж эвдчихээд машиныхан урд талд байсан хөгжимний өсгөгчийг баруун гарандаа атгаж байгаад жолоочийн хойд талын хаалганы цонхыг 2 удаа цохиж хагалчхаад буцааж гэртээ гүйж очоод Цэнгэл, Билгүүн хоёрыг дагуулж ирээд машиныхан 2 толийг хөлөөрөө өшиглөж хугалчхаад багажийг нь онгойлгож байгаад дотор нь байсан хувцаснуудыг тарааж газар шидчихээд эмэгтэй хүний хар өнгийн цүнх байхаар нь авч яваад гудамжинд нээж үзтэл будаг шунх байхаар нь хаячихсан юм. Тэгээд гэртээ байж байтал маргааш өдөр нь Энхжин гэх эмэгтэй манай гэрт хүрч ирээд миний эд зүйлсийг төлж өг гэж хэлэхээр нь чадахгүй гээд хэлчихсэн чинь яваад өгсөн. Тухайн үед Энхжин гэх эмэгтэй намайг алгадаж элдэвээр хэлэхээр нь уур хүрээд машиныхан 2 толийг хугалж цонхыг нь хагалж, гар утсыг нь газар савж эвдэж тэнд нь хаясан. Цүнхийг нь уур хүрээд авч явж байгаад гудамжинд хаячихсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй, тухайн үед согтуу байсан мөн уурандаа ийм зүйл хийчихсэн./хх 90/ гэх мэдүүлгүүд,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “...Т.Эгийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, баруун шуу, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 57/,

 

            “Ашид билгүүн” ХХКйн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 320 дугаартай “48-71УАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр нийт 410.000 төгрөг. .../хх 43-44/ гэх дүгнэлтүүд,

            “Мастер үнэлгээ”ХХКйн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 20/101 тоот хөрөнгийн үнийн тодорхойлолт, хавсралт: “гар утас 300.000 төгрөг, үүргэвч 20.000 төгрөг, нуур будалтын тень 700.000 төгрөг, нийт 1.020.000 төгрөг. ...” гэх тайлан /хх 51- 52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Хг “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

 

Хохирогч Т.Э “...Хохирол 1.430.000 төгрөг болсон, мөн ажлын хэрэгсэлгүй ажлаа хийж чадахгүй байгаа тул О.Хд өгсөн 664 цаг албадан ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгэл санаа эд хөрөнгө бие махбодийн хохирлыг маань харгалзан үзэж О.Хд өгсөн ялыг хохирогчийн байдлыг харгалзан үзэж дахиж шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хохирогч Т.Эгийн: ”... Цагдаад дуудлага мэдээлэл өгчхөөд Ерөөлт бид хоёр Хүслэнгийн гэрт яваад очтол байхгүй байсан. Гэрээс нь гартал Хүслэн саарал машинд суугаад зугтаад яваад өгсөн. Бид хоёр буцаад М-Ойл шатахуун түгээх станцын тэнд машин дээрээ иртэл машины 2 толийг хөлөөрөө өшиглөж хугалж байхыг нь хараад хөөе гээд дуудтал миний хар цүнхийг аваад саарал машинд суугаад яваад өгсөн. Миний эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утас болон хар цүнх авч явсан. Машины хоёр толь, жолоочийн хойд талын хаалганы шил хагалсан, хаалга 2-3 газар хонхойсон байдалтай болсон байсан. ...” /хх 14-19/, Гэрч А.Ерөөлтийн "...Хүслэн араас гарч ирээд явуулахгүй гээд Энхжин эгчийн машины түлхүүрийг булааж аваад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд зогсоод машин дотор байсан хар өнгийн өсгөгчөөр цохиод байсан. Тэр үед Энхжин эгч цагдаа руу залгах гээд утсаа гаргаж иртэл гар утсыг нь булааж аваад өгөхгүй байсан. Жолоочийн ар талын хаалганы цонхыг өсгөгчөөр цохиод хагалчихсан. Энхжин эгч чи яаж байгаа юм бэ гээд машинаас буухад цохих гээд дайраад байсан. .../хх 25/, шүүгдэгч О.Х яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Энхжин гэх эмэгтэй намайг алгадаж элдвээр хэлэхээр нь уур хүрээд машиныхан 2 толийг хугалж цонхыг нь хагалж, гар утсыг нь газар савж эвдэж тэнд нь хаясан. Цүнхийг нь уур хүрээд авч явж байгаад гудамжинд хаячихсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй, тухайн үед согтуу байсан мөн уурандаа ийм зүйл хийчихсэн. ...” /хх 90/ гэх мэдүүлгүүдээс  уг үйлдэл нь “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэх шинжийг агуулж байх тул  О.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           

            Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хгээс 1.430.000 (нэг сая дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ