| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бдаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, И овогт Шы Хад холбогдох 2513000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян- Өлгий аймгийн Ногооннуур сумын ... дүгээр /Б/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И.и ургийн овогтой Ш.ы Х, регистрийн дугаар: ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Х нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр /Бахлаг/ багийн нутаг дэвсгэр Ёлтын Тангад гэх газарт хохирогч Х.Хийг зодож, зүүн чамархай хэсэгт оёдолтой шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Надаас өөр нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлж өгөх болно” гэв.
1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ш.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.
1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ш.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч Ш.Х нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр /Бахлаг/ багийн нутаг дэвсгэр Ёлтын Тангад гэх газарт хохирогч Х.Хийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-09 дэх тал), хохирогч Х.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 14, 55 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ерболын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), иргэний нэхэмжлэгч А.Асемгүлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал), яллагдагч Ш.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч Ш.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Х.Хэд мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 55 дахь тал),
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч А.Асемгүлээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 349.199 төгрөгийг шүүгдэгч Ш.Хаас гаргуулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ш.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч Ш.Хын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ш.Х болон түүний өмгөөлөгч С.А нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Ш.Хын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Ш.Х нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, шүүгдэгч Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.овогт Ш.ны Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ш.Хад сануулсугай.
4. Шүүгдэгч Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч А.Асемгүлээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 349.199 (гурван зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн ес) төгрөгийг шүүгдэгч Ш.Хаас гаргуулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б.