Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Баян-Өлгий  аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Б.Тд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М м овгийн Баны Тид холбогдох 2413002490347 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын .... дугаар /Х с/ багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М Мургийн овогтой Бы Т, регистрийн дугаар: ..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даян үйлчилгээний төвийн гадна зогсоолд байрлуулсан хохирогч Т.Бийн өмчлөлийн .... БӨА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн дугуйг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Т.Бэд 340.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлж өгсөн. Хүргэн ах маань байсан учраас тоглосон. Энэ үйлдэл гэмт хэрэг болно гэдгийг мэдээгүй” гэв.

2. 2413002490347 дугаартай эрүүгийн хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Т.Бээс 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-25 дахь тал),

2.3. Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-30 дахь тал),

2.4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал),

2.5. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Миний бие Дэлүүн сумаас Өлгий сумын төвд байрлах Даян үйлчилгээний газарт эхнэрийн төрсөн дүү Шашу гэх охины хуриманд оролцохоор 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ирээд маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Даян үйлчилгээний газарт өөрийн эзэмшлийн Ланд-80 загварын .... БӨА улсын дугаартай тэврийн хэрэгслээр эхнэр Д, хоёр хүүхдүүд болон баз Нл, Нын эхнэр С нарын хамт хүрэлцэн очиж Даян үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр зүүн урд талын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулаад хуримд оролцоод, хурим найр дуусаад 00 цагийн орчимд гараад машинаа унаад хөдлөх гэсэн боловч миний машины дугуйны хий гарсан байсан. Тухайн үед миний дугуй хэд хэдэн газар зүссэн мэт хагарсан байсан ба тухайн үед дотроо хэн нэгэн зүссэн байх гэж хардах сэтгэл төрөөд цаг орой болсон байсан тул запас дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцсон. Тухайн үйл явцыг Н, С нар гэрчлэх болно. Маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дугуйгаа нөхүүлэх гэсэн боловч хэд хэдэн газар хутга эсвэл мэсний үзүүртэй зүйлээр зүссэн байж болзошгүй байсныг дугуй засварт нөхүүлэх явцад мэдсэн, Харин дугуйны дотор талын олгой камер байсан ба дахин ашиглах боломжгүй болсон тул түүнийг хаяаад шинээр 40.000 төгрөгөөр худалдаж авч дугуйндаа ашигласан. Миний тээврийн хэрэгсэлд ашиглаж байсан нэг дугуйг 2023 оны 7 дугаар сард 390.000- 420.000 төгрөгөөр худалдан авч байсан санагдаж байна. Ланд засварын газар ажиллуулдаг Хек гэх залуугийн хүү Х гэх залуугаас худалдан авсан. Иймд миний тээврийн хэрэгслийг устгаж, сүйтгэсэн этгээдийг олж, надад учирсан хохирол болон миний эсрэг хорлонтой үйлдэл гаргасан үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

2.6. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-24-0230 дугаартай үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал),

2.7. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дугаартай албан тоот, түүний хавсралт (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

2.8. Яллагдагч Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /(хавтаст хэргийн 44 дэх тал),

2.9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 59 дэх тал),

2.10. Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даян үйлчилгээний газарт хамаатны эгчийн хуримын цайллаганд эхнэрийн хамт очсон. Уг хуриманд хүргэн ах Т.Б мөн ирсэн байсан ба өмнө нь бид хоёр хэрэлдэж байсан. Тэр үед би гомдоод юм хэлэхгүй орхичихсон байсан, тэгээд цайллага дуусахын алдад ганцаараа гадна гараад байж байхдаа Т.Бийн машиныг хараад тэрний дугуйг хагалж хийг гаргаж, чадья гэж бодоод  тэр хавиас үзүүртэй төмөр олоод уг машины туслах талын арын дугуй буюу зүүн хойд дугуй руу нь олсон төмрөө нэг удаа зоосон. Тэр үед хий нь гарч сулрах чимээ гарахаар нь холдоод өөрийн приус 20 загварын хар өнгийн машинд суугаад дугуй цоолсон төмрөө замдаа явж байхдаа гудамжинд хаячихсан. Тэгээд шууд гэртээ очиж том хүүхдээ аваад буцаад цайллагад очиж эхнэрээ аваад гэртээ харьсан. Би хохирлыг бүрэн барагдуулж төлж барагдуулсан бөгөөд түүнд 500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт“Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгодог байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан иргэн Т.Бээс 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-25 дахь тал), Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-30 дахь тал),  Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал), яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даян үйлчилгээний төвийн гадна зогсоолд байрлуулсан хохирогч Т.Бийн өмчлөлийн .....7БӨА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн дугуйг хууль бусаар гэмтээж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 340.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

3.4. Шүүгдэгч Б.Т нь өөрийн идэвхтэй үйлдлээр иргэн Т.Бийн өмчлөлийн эд хөрөнгө болох .....БӨА улсын дугаартай Ланд-80 загварын тээврийн хэрэгслийн дугуйг төмрөөр цоолон хагалж,  хууль бусаар гэмтээсэн нь тогтоогдож байх ба хохирогчид учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

3.5. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч Т.Бийн эд хөрөнгөд 340.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзлээ.

3.6. Шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Тийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

4.2. Шүүхээс хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хохирогчид учирсан хохирлыг  340.000 төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч Т.Бэд 500.000 төгрөгийг төлснөөр хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж хохирогч мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Тээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.Тийг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь хувийн байдлын хувьд 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 60 дахь тал),

2.4. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг хохирогчид Т.Бэд төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

2.5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаасШүүгдэгч Б.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аээс “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс гаргасан хохирлыг төлж өгөхөөр илэрхийлж байгаа учраас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, саналыг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.6. Шүүх шүүгдэгч Б.Тийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

3.1. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М м. овгийн Б.ны Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  4 (дөрөв) сарын  дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Тид сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2413002490347 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Б