Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Орчуулагч, хэлмэрч А.А

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М ургийн овгийн Хий Дд холбогдох 2513000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эхнэр, 5 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дугаар /Партизан/ багт оршин суух бүртгэлтэй, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Их булан/ багийн . дугаар гудамжны ..1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М. ургийн овогтой Х.ий Д., регистрийн дугаар .....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Егийн эзэмшлийн дугуй засварын газрын гадна хохирогч Т.Жтэй дугуй засуулах дарааллаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь үүдэн гурван шүдний 2-р зэргийн хөдөлгөөнтэй гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Х.Д гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан, Х.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй, эхнэр, бага насны 5 хүүхдийн хамт амьдардаг, эрүүл мэндийн хувьд тэрээр ахуйн осолд орсны улмаас, улаан хоолой болон ходоодны мэс засалд орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон, мөн гэдэсний түгжрэлд орж, хагалгаанд орж байсан зэргийг харгалзан, миний үйлчлүүлэгч Х.Дыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

1.3. Улсын яллагч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 190.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Тиймээс түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогчийн хувьд өөрт учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан зардалгүй. Түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх саналыг гаргаж байна” гэв.

 

2. Эрүүгийн 2513000000024 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч Т.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр баг буюу Бугат руу явах зам дагуу байрлах Т.Егийн дугуй засварт хэд хоногийн өмнө үлдээсэн байсан дугуйгаа авах гэж очсон. Тэгээд дугуйгаа авах гэж хүлээгээд байж байтал дугуй засварын нэг өрөөнөөс үл таних залуу гарч ирсэн. Би Т.Е руу дугуйны олгойг шидэхэд нөгөө үл таних залуу над руу “чи яахаараа наадахаа шиддэг юм хөөе” гэж дайрахаар нь би түүнд “чи зүгээр явчихаа, би дугуйгаа нөхүүлж аваад явъя” гэж хэлсэн чинь намайг үгээр идээд, надтай зууралдаад огт салахгүй түлхээд байсан. Би түүнд уурлаж “чи гар л даа” гэж хэлсэн чинь нөгөө үл таних залуу бас уурлаад миний нүүрэн тус газар буюу ам руу гараараа хүчтэй цохисон. Тэгээд Т.Е тэр залууг надаас салгаж аваад машинд нь суулгаад явуулчихсан. Тэрнээс хойш би тэр залуутай уулзаагүй байна. Урд өмнө харж байгаагүй үл таних залуу байсан бөгөөд Т.Егаас асуусан чинь Өлгий сумын 4 дүгээр багт амьдардаг Х.Д гэх залуу юм байна лээ ... Миний үүдэн 3 шүд маань хөдөлж, буйл хавдсан гэмтлүүдтэй байна. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Х.Д гэх залуу миний ам руу нэг удаа гараараа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

Хохирогч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин  өгсөн  “....Гэмт хэргийн улмаас үүдэн 3 шүдээ авхуулж, хиймэл шүд хийлгэсэн. Х.Д нь миний хохиролд 190.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

2.2. Гэрч Т.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуваариа дугуй засвар ажиллуулдаг. Тухайн өдрийн орой 20 цагийн үед санагдаж байна, дугуй засварт улаан өнгийн машинтай зүс таних Доска гэх залуу ирээд “Би хөдөө явах гэж байна, дугуй засуулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Түүний араас портер машинтай, Ж гэх залуу хүрч ирсэн. Тэр хоёр хоёулаа яарч байгаа шалтгаанаар хоорондоо маргалдаад байхаар нь зодолдох гээд байвал гадаа гарч зодолдоорой гэж хэлээд тэр хоёрыг гаргаж явуулаад өөрөө ажлаа хийсэн. Гэтэл тэр хоёр гадаа гараад чанга дуу чимээ гаргаж, орилж хашгираад байхаар нь гарахад бие биенийгээ заамдаад авчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж, Досбек гэх залууг явуулчхаад буцаж ажлын байрандаа орж ирээд байж байсан чинь араас Ж гэх залуу орж ирээд “Тэр намайг цохичихлоо шүд суларч амнаас цус гараад байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

2.3.  Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

2.4. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Еын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай “....Т.Жийн биед үүдэн гурван шүдэнд 2-р зэргийн хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.39.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2.5. Шүүгдэгч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 1998-2008 оны хооронд Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийг төгссөн. Түүний дараа аймгийн мэргэжлийн боловсролын сургуульд 2 жил, 6 сарын хугацаагаар суралцаад цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ хувиараа ажил хийж, амьдарч байгаа. 2014 онд эхнэр Жанаргүлтэй гэр бүл болсон, дундаасаа 5 хүүхэдтэй, том хүүхэд маань 8 настай, бага хүүхэд маань 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 23 хоногтой. Эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, гэрт хүүхдүүдээ хардаг. Би 1996 онд 6 настай байхдаа тоглож байгаад кислата ууснаас болж улаан хоолой болон ходоодны хагалгаанд орсон. Мөн 2023 оны зун гэдэсний түгжрэлийн улмаас хагалгаанд орж 4 хуруу орчим урттай буюу 10 орчим см хэмжээтэй гэдэс тайруулах болон залгах хагалгаанд орсон. Улаан хоолой, ходоод, гэдсэндээ хагалгаа хийлгүүлж байсан учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай комиссын шийдвэртэй холбогдох баримтуудаа авч ирсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн лавлагаа  (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),

-Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 29 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Добсолыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Д болон түүний өмгөөлөгч А.Серикжан нар гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Т.Еригалигийн мэдүүлэг(хавтаст хэргийн 09 дэх тал), таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал), шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), шүүгдэгч Х.Дын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Д нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Жийг зодож, эрүүл мэндэд нь үүдэн гурван шүдний 2-р зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогджээ. 

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Хууль зүйн дүгнэлт

4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.Д нь хохирогч Т.Жийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүүл мэндэд нь үүдэн гурван шүдний 2-р зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Х.Д нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Д гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Иймд шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

5.1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  шүүгдэгч Х.Д гэмт хэргийн хор уршигт 190.000 төгрөг төлснөөр хохирогч Т.Ж нь гомдол саналгүй, хиймэл шүд хийлгэсэн тул  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Доос гаргуулах хохирол хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Дыг шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа  учруулсан хохирлыг төлсөн” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.  

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн гэр буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн хор уршгийг арилгасан нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч С.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх прокурорын дүгнэлтийг хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх” хүсэлтийг тус тус гаргав.

2.5. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан, дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын доод хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж” болохоор заасан байна. 

Шүүгдэгч Х.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан, хувийн байдлын хувьд улаан хоолойн түлэгдэлт оношоор улаан хоолой, ходоодны мэс засалд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан, мөн 2024 онд гэдэсний түгжрэл өвчнөөр өвчилж, мэс засал хийлгэж, эмчилгээтэй байгаа, тэрээр хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдож, гэм буруугийн асуудлаар маргахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогджээ.

2.7. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Х.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт  эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овгийн Хий Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Х.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Д нь гэмт хэргийн хор уршигт 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл  мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б