Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч И.Өс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш утых овогт Иийн Өт холбогдох эрүүгийн 2513000000017дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн... дугаар хороо, ... дүгээр хорооллын ... дүгээр байрны.... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...2 дугаар /Цагаан эрэг/ багт түр оршин суух хаягтай,  урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ш. У.х ургийн овогтой И.н Ө, регистрийн дугаартай: ........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ  2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ..... УБД улсын дугаартай, “Toyota aqua” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч И.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2. Эрүүгийн 2513000000017 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, жолооч И.Өийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 631 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, иргэн И.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 11 дахь тал/, яллагдагч И.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,үйл баримт:

3.Шүүгдэгч И.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар .... УБД улсын дугаартай, “Toyota aqua” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.2. Жолооч И.Өийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

3.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 631 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

3.4. Иргэн И.Өийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

3.5. Яллагдагч И.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч И.Өийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч И.Ө нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Хууль зүйн  дүгнэлт.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж , “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж  хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

7. Шүүгдэгч И.Ө нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар /1.99% промиль/ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдон шалгагдаж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 202/ЗШ/631 дугаар шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар И.Өт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь тогтоогдож тул шүүгдэгч И.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч И.Ө нь шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр /1.87 промиль (%)/ согтуугаар .... УБД улсын дугаартай, “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтуурыг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

8. Шүүгдэгч И.Өийн шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багийн нутагт 94-18 УБД улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

9.Иймд шүүгдэгч И.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

10. Шүүгдэгч И.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч И.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгч И.Өээс “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дараа нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч И.Өийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

3. Шүүгдэгч И.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. 

4.Шүүгдэгч И.Өийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1994 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд  боловсролтой, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

5.Шүүгдэгч И.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч И.Өт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 4 сарын хугацаагаар  хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч И.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш. У. овогт И.йн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж, 2.800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Ө энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б.