Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0248

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, С** э ч ХХК-ийн захирал Б.Э*** Эрчим хүчний яамны сайд Н.Т*** нараас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Г-4/2022 дугаар эвлэрлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж буй С*** э ч ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох 70/2017/22 тоот техникийн нөхцөл болон 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Эрчим хүчний яам /түүнийг төлөөлж Сайд Н.Т****/-тэй дараах үндэслэлээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээг байгуулав.

С*** э**** ч***** ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-д заасны дагуу холболтын цэг өөрчлөхгүйгээр сунгахаар харилцан тохиролцов.

Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний яаманд холбогдох 70/2017/22 тоот техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.

Талуудын эвлэрлийн гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 68 дугаар зүйлийн 68.4-т тус тус заасны дагуу шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасан.

Нэхэмжлэгч С э ч ХХК-ийн захирал Б.Э, Эрчим хүчний яамны сайд Н.Т*** нарын нэхэмжлэгч нь Эрчим хүчний яаманд холбогдох 70/2017/22 тоот техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, мөн хариуцагч Эрчим хүчний яам нь С э ч ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-д заасны дагуу холболтын цэг өөрчлөхгүйгээр сунгахаар буюу харилцан буулт хийх замаар тохиролцон байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Г-4/2022 дугаар эвлэрлийн гэрээг хянан үзвэл уг гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, тамга тэмдэг дарж гарын үсгээ зурсан байх хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд, хуульд харшлаагүй, бусад /гуравдагч/ этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С э ч ХХК-ийн захирал Б.Э, Эрчим хүчний яамны сайд Н.Т нарын эвлэрлийг баталж, С э ч ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох 70/2017/22 тоот техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА