| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
2025 02 20 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *, *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * *, ** нарт холбогдох эрүүгийн *дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * хамт, * аймаг * сум *-р баг, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, * * /РД:*/,
Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *аймагт * ажилтай, ам бүл * хамт * аймаг * сумын, * баг * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ** /РД:*/
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *, * нар нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг * зоогийн газрын орчим иргэн *ийн өмсөж явсан сандаал /таавчиг/, Самсунг А15 загварын гар утсыг хулгайлж иргэн *д 610,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *, * нар нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг * зоогийн газрын орчим иргэн *ийн өмсөж явсан сандаал /таавчиг/, Самсунг А15 загварын гар утсыг хулгайлж иргэн *д 610,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *гийн: “...2024 он 08 дугаар сарын 01-ний өдөр болсон асуудал. Бид хоёр 07 сарын 27-аас 08 сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл ногоон дээр ажиллаж байгаад Номгонд хамт ирсэн. * эхнэртэйгээ маргалдсан гээд манайд ирсэн байсан. Номгоны дэлгүүрээс 1 пиво аваад гахай хооллож, гахайны баас цэвэрлэчхээд манай хуурай ахынд өдөр 15 цагийн үед очсон. Тэндээс гараад Хөтөлд 17 цагийн үед “*” зоогийн газар орж дуулж ойр зуурын юм ууж байгаад 16 дугаар байрны дэлгүүрээс 2, 3 пиво аваад Дөмбөн уул руу явсан. Тэнд би тасраад 1 сэрсэн утас, табочка байхгүй байхаар нь замын пост руу явган алхаад ирсэн хүн байхгүй байсан. *гийн ард хүмүүс орилолдоод байхаар нь яваад очсон *, танихгүй ах, * 3 байж байсан. Тэр танихгүй ах яваад өгсөн. Миний утас хаана байна гэсэн хашаан дотор хаячхаж олоод өгье гээд 10, 20 минутын дараа олчихлоо гээд гаргаж өгсөн. Очиход * ах, * хоёр 0,5 литрийн архи хувааж уугаад байж байсан. Тэр архиа бараг бүтэн ч ууж дуусгаагүй өглөө 4, 5 цагийн үед ахындаа очиж унтсан. Тэгээд орой нь Дархан руу очоод эдний найз авдаг гээд очсон авахгүй гэхээр нь Олон улсын худалдааны төв рүү орж 130,000 төгрөгт зарсан. Энэнд данс байхгүй болохоор нь миний дансаар мөнгийг нь авсан. 3.80-ын тэнд караокед дуулж байгаад Номгонд ирсэн...” гэв.
Шүүгдэгч *гийн “...Ногооноос ирээд эдний ахынд очсон нь үнэн. Өдөр нь 1 пиво уугаад ахад нь бас пиво авч өгсөн. Ногооноос ирэхдээ *гийн данс руу хамт явах юм чинь гээд мөнгөө авсан. 16 цагийн үед нэг ахынд нь очиж пиво уугаад Наашаа Хөтөл рүү 17 цагийн үед орж ирсэн. Надад 200 гаруй мянган төгрөг байснаараа караокед дайлсан. 8,9 цагийн үед * найз охинтойгоо уулзана гээд явахаар нь би дэлгүүрээс 3 пиво аваад тэрийгээ уугаад * тасраад уначихсан. Над руу орилоод байхаар нь би хаяад зам дээрээс машинд суух гэсэн * хоёулаа ярилцъя гээд араас ирсэн. Тэр зогсоосон машины ах *г таниад хамт пиво уусан. Өглөө 4,5 цагийн үед эдний ахынд хоночхоод маргааш өдөр нь 4,5 цагийн үед Дархан орсон. * намайг Дархан оръё гээд байхаар нь би орохгүй гэсэн хамт явъя гээд гуйгаад байсан. Энэ найзындаа очиж хувцсаа сольчхоод Бирж ороод утас зарахаар нь хэний утас юм гэж асуусан манай дүүгийн утас гэсэн. Тэгээд тэр утсыг зараад орой 8 цагийн үед 3.80 цагийн караокед очиж дуулж байгаад шөнийн 1 цагийн үед эгчийнд нь ирж 2 хоносон...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч *ийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гэр бүлийн хамтаар ажиллаж амьдардаг. 2024 оны 07 дугаар сарын 20-ны орчим Сайхан сумын Мобикомоос лизингээр Samsung A15 загварын гар утас худалдаж авсан юм. 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө гэртээ байж байгаад * нэртэй зоогийн газар орж 1 шил архи аваад гарч явсан чинь замд * гээд таньдаг дүү бас нэг танихгүй залуутай явж байгаад таарсан. Тэгээд мэнд мэдээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд би нэлээн муудаад "ах нь явлаа" гэсэн чинь намайг явуулахгүй байсан. Цаашаа юу болсныг би сайн санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь өмсөж явсан таавчиг байхгүй, гар утас байхгүй * зоогийн газрын гадаа сэрсэн. Тэгээд шууд цагдаа орж гомдол гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
2. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрч *ын өгсөн “...Би Даран-Уул аймгийн Дархан сумын Олон улсын худалдааны төвд гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл худалдааны чиглэлээр хувиараа лангуу ажиллуулдаг. 2024 оны 08 сарын 01-ний өдөр * тоот * гэх хүний данс руу 130.000 төгрөгийг "утас" гэх утгатай шилжсэн байна. Утас гэсэн утгатай мөнгө шилжүүлсэнийг би яг гэдгээ сайн санахгүй байна. Утас гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн бол гар утас худалдаж авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
3. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” тайланд:
"Самсунг А15" маркийн 128GB багтаамжтай гар утас (хэрэглэж байсан) 1ш, сандаал гутал (хэрэглэж байсан) 1хос зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.
Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны байдлаар 610000=00 (Зургаан зуун арван мянган) төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/,
4. Гэрч *ын * банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-р хуудас/,
5. Яллагдагч *гийн * банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-25-р хуудас/,
6. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000530150 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 48-50-р хуудас/,
7. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60-63-р хуудас/,
8. Шүүгдэгч *гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөх тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65-69-р хуудас/
9. Шүүгдэгч *гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөх тодорхойлолт /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *, * нар нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг * зоогийн газрын орчимд *тэй тааралдаж, хамт архидан согтуурч, улмаар эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу *ийн өмсөж явсан сандаал /таавчиг/, Самсунг А15 загварын гар утсыг хулгайлж иргэн *д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг буюу гар утсыг хулгайлан Дархан-Уул аймагт гар утасны чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт зарж борлуулсан талаараа мэдүүлдэг боловч тухайн гар утсыг хулгайлах санааг хэн гаргасан, хэн хулгайлсан зэрэг үйлдлээ тодорхой мэдүүлдэггүй бөгөөд харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх эрхээ эдэлж байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар авах нь хууль бус гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *, * нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” тайлангаар "Самсунг А15" маркийн 128GB багтаамжтай гар утас (хэрэглэж байсан) 1ш, сандаал гутал (хэрэглэж байсан) 1хос зэрэг эд зүйл нь 610,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 10-11 хуудас/
Шүүгдэгч * нь хохирогч *д Самсунг А15 маркийн гар утас, табочканы хохирол нийт 700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 70-71-р хуудас/,
Хохирогч *ийн: “..Миний бие * овогтой * нь 2024 оны 7 сарын 31-ний өдөр утсаа хулгайд алдсан юм. Хулгай хийсэн хүмүүс нь олдож хохирлоо барагдуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй тул тухайн хүмүүсийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлтээр хохирол төлбөрөө барагдуулсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 80-р хуудас/. Иймд шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн дээрх хохирлыг шүүгдэгч * төлж барагдуулсан ба шүүгдэгч *гээс хохирлын мөнгө нэхэмжлэхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *, * нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Бадам: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *, * нарыг тус бүр 10 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Иргэн *д учруулсан 600,000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирлыг барагдуулсан тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хоригдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч *, * нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хураагдаж ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна... гэв,
Шүүгдэгч *: “...Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч *: “...Мөнгөн торгууль оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 60-63-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмшиж байгаа байдал, хохирол нөхөн төлөхөд оролцсон оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан болно.
Шүүгдэгч *, * нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас хохирогч *д учирсан хохирлыг шүүгдэгч * төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * * /РД:*/, ** /РД:*/ нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *г 8/найман/ сарын хугацаагаар, шүүгдэгч *г 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, шүүгдэгч *г Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч *г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч * хохиролд 700,000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *, * нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН