| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
2025 02 27 2025/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Иргэдийн төлөөлөгч Ж.********,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хын Нд холбогдох эрүүгийн 2438000000562 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******** овогт Хын Н, 1972 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ............ аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ****, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялыг багтааж 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялыг багтаан 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *********** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Т сумын Таван толгой 5 дугаар багийн Хоргын үзүүр гэх газарт хохирогч Д.Стай маргалдаж улмаар цаасны хутгаар зүүн эгэм хэсэгт зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хохирогч Д.Бын эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн Эко пабад хохирогч П.********тэй маргалдаж хутгаар хутгалж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Т сумын Таван толгой 5 дугаар багийн Хоргын үзүүр гэх газарт хохирогч Д.Стай маргалдаж улмаар цаасны хутгаар зүүн эгэм хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хохирогч Д.Бын эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалан 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн Эко пабад хохирогч П.********тэй маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: 1. Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн Эко пабад хохирогч П.********тэй маргалдаж улмаар түүнийг хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 10-р хуудас), эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-12-р хуудас),
Хохирогч П.********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т сумын төвд байх Эко баарны караокед 21 цаг болох гэж байхад өөрийн эхнэр ********, хадам эгч ******** нарын хамт орсон. Караокед ороход нийтийн караокед буюу нэг давхарт нь манай сумын ******** буюу Хын Н нэлээн халамцуу сууж байсан. Хадам эгч, эхнэр хоёр давхар руу пиво аваад караокены өрөөнд орохоор гарсан. Би доор текний тэнд барментай яриад зогсож байсан чинь Н хажууд ирээд Англи Мөрөнгийн ******** пиво юм уу, архи аваад өг гэхээр нь би чамд ямар өртэй биш яахаараа архи авч өгдөг юм, чи ер нь манай аавыг доромжилдог хэн юм гэж хэлсэн чинь Н надтай маргаад бид хоёр барилцаж авсан...Би барилцаж аваад өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь нуруу руу халуу дүүгээд явчихсан. Би ч тухайн үедээ мэдээгүй салаад дээд давхар руу гараад хувцсаа тайлаад суух гэж байсан чинь манай эхнэр цус гарсныг хараад чи яачихсан юм, хутгалуулчихсан юм биш үү гээд намайг шууд эмнэлэг оръё гээд эхнэр, хадам эгч хоёр шат руу сугадаад уруудаж байсныг л санаж байна. Тэгээд ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэр шөнө Т сумын эмнэлэгт хэвтэж хоноод өглөө нь Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Мэс заслын эмч бол намайг үзээд цээжний хөндий рүү чинь нэвтэрсэн байна, уушги жаахан унасан байна. Хэд хоног хэвтэж байгаад эмнэлгээс гарч болно гэж хэлсэн...Би бол Нг хутгатай байсан гэдгийг мэдээгүй, хараагүй...Эмчилгээний зардал 7,500,000 төгрөг дээр нааш, цааш явсан зардал, энэ хугацаанд гарсан урсгал зардал нийт 1,300,000 төгрөг, зарцуулсан гэж тооцож, энэ хэргийн улмаас учирсан хохиролд Нгээс нийт 8,800,000 төгрөгийн зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16, 18-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хэргийн улмаас П.******** нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.157.775 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн иргэн ********ийн С нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 1.492.466 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Иймд 2.650.241 төгрөгийн хохирлыг нэхэмжилж барагдуулах саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),
Гэрч Э.********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд Н ороод ирсэн пиво авч өг, ******** ******** энэ тэр гээд уурыг нь хүргээд байсан. Тэгээд манай нөхөр ч гэсэн уучихсан байсан маргалдаад барилцаад авсан. Тэгэхээр нь эгч очиж салгаад би нөхрийгөө аваад шат өөд өгсөх гэж байхад Н араас нь татаад байсан. Тэгээд би нөхрийгөө чи дээшээ гарч бай гээд шат өөд түлхээд эргээд харахад Н гартаа шаргал эрээн иштэй хутга барьчихсан байсан. Би яах гээд байгаа юм гэж Нд хэлээд нөхрийгөө чи согтуу хүнтэй маргалдаад хэрэггүй, гартаа хутга барьчихсан байна гэж болгоомжлуулж хэлсэн. Ингээд дээшээ гараад өрөөнд сууж байтал баарны хүн орж ирээд гаднаас пиво оруулахгүй наадахаа гарга гэсэн шаардлага тавьсан...Өрөөнд орж ирээд хувцсаа тайлаад байхаар нь яав чи гээд араас нь харсан чинь зүүн талын дал орчмоос нь цус гарч байсан. Тэгээд л эгч цусыг нь дараад дүүгээ дуудаад тэндээс ********ийг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Гэрч Э.********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******** нь англи гэсэн үгэнд нь уурласан юм болов уу Х.Нг барьж аваад 2 удаа толгой руу нь мөргөсөн. Тэгээд нэг удаа цохисон. Тэгтэл Х.Н нь хэсэг сууж байгаад босож ирснээ арын халааснаас хутга гаргаж ирсэн...дахиад Х.Нг өшиглөж цохисон. Тэгтэл Н гараа хөдөлгөх шиг л болсон. Тэгээд ********ээ чамайг хутгалчхаж байгаа юм биш үү гэтэл зүгээр гээд ******** дээд давхар руу гараад явсан. Н нь ч гараад явсан. 5 минутын дараа ******** нь цус гараад байна хутга орсон байна гээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),
Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би бичиг техникийн алдаа гаргаж, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж бичсэн байна. Одоо дүгнэлтээ нягтлаад дахин уншиж унших үзэхэд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн биш, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байхаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Шүүгдэгч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 11-р сарын 07-ны орой Хөвсгөл аймгийн Т сумын төвд Эко караокед ороод текний хажууд зогсож байтал гаднаас ******** орж ирсэн. ******** 2 пиво барьчихсан орж ирсэн, зөөгч нь гаднаас пиво оруулахгүй шүү гэж хэлж байсан. Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор "наадахыг чинь оруулахгүй юм бол би нэг балгачихъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******** "тийм юм байхгүй, чи надаар пиво авахуулдаг хэн бэ" гэж хэлээд намайг 2 удаа мөргөчхөөд 2 пивоо шатны хажууд тавьчихаад дээшээ чатаар өгсөөд 2 давхар руу гарсан. Би манараад текний хажууд зогсож байсан. Хэсэг хугацааны дараа ******** хоёр пивоо авах гэж бууж ирсэн. Бууж ирэхдээ намайг шууд шилэн хүзүү рүү цохиж өшиглөсөн. Тэгэхээр нь уур хүрээд текен дээр байсан эрээн шаргал иштэй хутгыг барьж аваад ********ийг шатаар өгсөх гэж байхад нь араас нь айлгах гээд чичилсэн чинь хатгачихсан байсан. Би бол тухайн үед хатгаснаа ч сайн мэдэхгүй байсан. Би бол айлгах гэж чичсэн л гэж бодсон....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай:
1. П.********ийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. П.********ийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт (хх-ийн 36-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
2. Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хохирогч Д.Бын эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалан 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 72-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 74-76-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 77-79-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 80-82-р хуудас),
Шүүгдэгч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мах зарж байгаа газраас мах авах гээд машинтайгаа очтол нэг хүн миний машины урд салхины шилийг хага цохисон. Нөгөө хүн дахиад гараа атгаад далайхаар нь би машинтайгаа ухраад шууд яваад цагдаа дээр очсон...Би гомдолтой байна. Урд салхины шил болон гарсан зардлаа нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 86-87-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-924/11208 дугаартай: “...Үнэлэгдэж буй приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилний зах зээлийн үнэ 2024 оны 10 дугаар сарын байдлаар 500,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 96-98-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
3. Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Т сумын Таван толгой 5 дугаар багийн Хоргын үзүүр гэх газарт хохирогч Д.Стай маргалдаж улмаар цаасны хутгаар зүүн эгэм хэсэгт зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 120-р хуудас),
Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хорго гэх газар очоод машинаасаа буугаад юм яриад байж байтал ******** буюу Хын Н ална гээд хашхираад байсан. Тэгээд бид нар руу ирж байсан юм. Бид нар яриад сууж байтал хаанаас ч юм хутга гаргаж ирээд миний зүүн эгэмний доод талд нэг удаа хутгалсан. Би өвөр рүүгээ гараа хийгээд гаргаад иртэл алга дүүрэн цус гарч ирсэн. Би болохоо байлаа гээд ********ийн машиныг асаагаад шууд эмнэлэг явсан. Эмнэлгийн гадаа очиж зогсоод эмнэлэг рүү орж байснаа мэдэж байгаа юм. Тэгээд ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь бөөн дусал залгасан хутгалуулсан газарт минь оёо тавьсан байсан. Тэгээд 9 дүгээр сарын 30-ны өдөр Мөрөн сум руу эмнэлэгт орж ирээд мэс засалд хэвтэж одоо ч гэсэн хэвтэн эмчлүүлж байна...1 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 125-126-р хуудас)
Шүүгдэгч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... С архи аваад өг гэхээр нь миний уур хүрээд би чамд яахаараа архи авч өгдөг юм гээд цаасны хутгаар эгэм хэсэг рүү нь нэг удаа хатгасан ... Би 1 сая төгрөгийн хохирол барагдуулсан .... Гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 512 дугаартай:
1. Д.Сын биед зүүн эгэмэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаагаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 134-135-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438000000562 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Нгийн үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Х.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч Ж.******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтээр хохирогч П.********ийн биед учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 512 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Сын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд эдгээр нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй
байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн, хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Д.********, Д.С нартай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч нарын биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогч нарыг хутгалсны улмаас тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирлууд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Д.********, Д.С нарын биед учирсан хөнгөн, хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Х.Нгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан.
“Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба дээрх хуулийн тайлбаруудаас үзэхэд шүүгдэгч Х.Н нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч П.********ийг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.
Шүүгдэгч Х.Н нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч П.********ийг хутгалж биед хүнд гэмтэл санаатай учруусан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Т сумын Таван толгой 5 дугаар багийн Хоргын үзүүр гэх газарт хохирогч Д.Стай маргалдаж улмаар цаасны хутгаар зүүн эгэм хэсэгт зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн Эко пабад хохирогч П.********тэй маргалдаж түүнийг хутгалж биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон байхыг ойлгодог.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-924/11208 дугаартай дүгнэлт (хх-ийн 96-98-р хуудас)-ээр тогтоогдсон бөгөөд бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын ******** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хохирогч Д.Бын эзэмшлийн ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалан 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч П.********ийн зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч Х.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Х.Н нь хохирогч П.********ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Д.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Д.Бын эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Мөн хохирогч П.********, Д.С нарын эрүүл мэндэд хохирол учруулсантай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын санд нийт 2,650,241 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч нь уг хохирлыг нэхэмжилсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Алаг морьдын хатираа ХХК эмийн сангийн 22,800, 10,400, 17,200, 11,400 төгрөгийн е баримтууд (хх-ийн 60-63-р хуудас) нийт 61,800 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Нгээс 61,800 төгрөгийг гаргуулж хохирогч П.********т олгох нь зүйтэй байна.
50,000 төгрөгийн худалдан авалт хийсэн е баримт (хх-ийн 59-р хуудас) нь ямар зүйл худалдан авсан нь тодорхойгүй байх тул хохиролд оруулан тооцоогүй болно.
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-924/11208 дугаартай дүгнэлт (хх-ийн 96-98-р хуудас)-ээр хохирогч Д.Бт 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Нгээс 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.С нь эмчилгээний зардал 1 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Д.Ст 1 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн...” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг хохирол нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Хохирогч П.******** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,157,775 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 21-р хуудас), хохирогч Д.С нь 1,492,466 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 24-р хуудас)-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Нгээс нийт 2,650,241 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
Хохирогч П.******** нь баримтаар тогтоогдоогүй эмчилгээний зардал 7,438,200 төгрөг, унаа, замын зардал 1,300,00 төгрөг нийт 8,738,200 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Д.С нь эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, нийт 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, нийт 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн засаг даргын тодорхойлолт (хх-ийн 144-147, 149-163-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Х.Н нь урьд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялыг багтааж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялыг багтаан 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сонгинхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 147, 149-163-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогч П.********ийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Нгийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2438000000562 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 смын урттай, өргөн 2.5 см хэмжээтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт Хын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Хын Нг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан 5 (тав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нгийн цагдан хоригдсон 8 (найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Нгээс 61,800 (жаран нэгэн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч П.********т, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт, 2,650,241 (хоёр сая зургаан зуун тавин мянга хоёр зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч Д.Ст төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.******** нь эмчилгээний зардал 7,438,200 төгрөг, унаа, замын зардал 1,300,000 төгрөг нийт 8,8738,200 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Д.С эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн 2438000000562 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 смын урттай, өргөн 2.5 см хэмжээтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
Г.ДАВААХҮҮ