Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 132/ШШ2018/00007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1964 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Агуйт, 3в хэсгийн 5 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт, 2а хэсгийн 4-2 тоотод оршин суух, -т холбогдох,

2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00515/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халуинаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Х******* нь өрх толгойлсон эмэгтэй, охин, зээ нарынхаа хамт амьдардаг. 2016 оны 9 дүгээр сард Жаргалант 5 дугаар багийн 5а-5-5 тоот хашаа, байшинг М.Чинцэцэ 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж 2.500.000 төгрөгийг урьдчилан өгч үлдэгдэл 2500 000 төгрөгийг байшингийн бичиг баримтыг авахдаа өгөхөөр тохиролцсон боловч түүний дүү болох М.Д******* нь хэл амаар доромжилж, шүүхэд нэхэмжлэл гарган байшингаас албадан гаргуулсан. М.Ч*******тэй уулзахад таныг хохиролгүй болгож өгнө гэсэн боловч 2500 000 төгрөгийг өгөөгүй. Эцэст нь байшингийн мөнгө ч үгүй, байшин ч үгүй болсонд гомдолтой байна. М.Ч*******ийн дүү нас барсан, 1 жилийн дараа байшингийн бичиг баримт гарна гэж хэлж байсан боловч байшингийнхаа бичиг баримтыг дүү Д*******дээ өгсөн байсан. Иймд М.Ч*******ээс байшин авахаар өгсөн урьдчилгаа 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Ч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 09 дүгээр сард Л.Х*******тай байшин худалдах наймаа хийж эхний ээлжинд 2.500.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл мөнгийг дараа нь авахаар тохиролцсон байсан нь үнэн. Тухайн үед 2 дүү минь нас барж мөнгөний хэрэгцээ их байсан учраас байшингаа зарсан. Уг байшин нь манай ээж Х*******, дүү А******* нарын өмчлөлийн эд хөрөнгө байсан. Дүү маань 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барж 1 жил өнгөрөхөөр бичиг баримтыг нь шилжүүлнэ гэж Х*******тай тохирсон байсан. Гэтэл Л.Х******* нь наймаа хийснээс хойш 12 сарын дараа байшингийн төлбөрийг бүрэн төлөөгүй байж дүү М.Д*******тэй маргалдаж маргаан үүсгээд энэ нь шүүхээр шийдвэрлэгдэж дүү М.Д*******д байшинг буцааж өгсөн байсан. Уг байшингийн гэрчилгээг зээл авахад барьцаанд тавиад буцааж аваагүй байсан бөгөөд надад газрын гэрчилгээ нь байсан. Дүү Д******* газрын гэрчилгээг манай охиноос авч байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна лээ. Би уг байшингаас хувь хүртэж захиран зарцуулах эрхтэй гэж бодож байна. Уг байшинг М.Д******* авсан тул 2500 000 төгрөгийг түүнээс гаргуулж Л.Х*******г хохиролгүй болгох нь зөв гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.Х******* нь М.Ч*******т холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч М.Ч******* нь байшинг дүү М.Д******* авсан тул 2500 000 төгрөгийг тэрээр хариуцан төлнө гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.Х*******, хариуцагч М.Ч******* нар нь 2016 оны 9 дүгээр сард Жаргалант 5 дугаар багийн 5а-5-5 тоот хашаа, байшинг 5000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийж, урьдчилгаа 2500 000 төгрөгийг М.Ч*******т өгч, байшингийн бичиг баримтыг шилжүүлсэний дараа үлдэгдэл 2500 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Л.Х*******гийн эзэмшилд байшинг шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заажээ:

Хариуцагч М.Ч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан уг байшин, хашаа нь ээж Х*******, дүү А******* нарын өмчлөлийн эд хөрөнгө байсан бөгөөд дүү А******* 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан учраас 1 жил өнгөрөхөөр байшингийн гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон байсан гэх тайлбараас үзвэл тэрээр өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгийг бусдад худалдахаар амаар тохирч хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч М.Ч******* нь эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар амаар хэлцэл хийж, байшинг бусдад шилжүүлсэн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Байшингийн бичиг баримтыг Л.Х*******д шилжүүлж өгөөгүй байхад хариуцагч М.Ч*******ийн дүү М.Д******* байшинг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаан үүсгэн өөртөө шилжүүлэн авсан нь зохигчдын тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 341 дугаартай захирамжаар тогтоогдож байна./хх-ийн 37-38/

Иймд хариуцагч М.Ч*******ээс 2500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Ч*******ээс 54950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ч*******ээс 2500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Ч*******ээс 54950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                               ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН