| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/306 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/306
2025 01 27 2025/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ө.Эрдэнэмөнх, шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0131/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх гэр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
- урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
- Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн,
- Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/828 дугаартай магадлалаар 1 жилийн хорих ялыг 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж тус тус шийтгэгдэж байсан. Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ххх дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх төвийн орчим “ххх нэртэй ххх тоглоомын газарт байхдаа фейсбүүк цахим сүлжээнд “ххх” гэх фейсбүүк хаягаас “хөргөгч, угаалгын машин зарна” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан хохирогч В.Оийг ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт байхад нь хуурч, түүний хөргөгч, угаалгын машин худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг далимдуулан, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын дансаар 350,000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн фейсбүүк /facebook/ -цахим хуудас дахь “ххх” гэх нэртэй хаягаар дамжуулан “хөргөгч, угаалгын машин зарна ” гэсэн хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Үаас 280,000 төгрөгийг мөн өөрийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт хохирогч нарт 630,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2022 оны 4 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хотод байхдаа арван хэдэн хүнээс фесбуук дээр хуурамч зар тавьж өөрийн ххх банкны дансаар мөнгө авсан. Тэгээд 2022 оны 9 дүгээр сард баригдаад ххх аймгийн түр саатуулах газар ороод тухайн үед анх хорих ангид орсон. 18 хохирогч хохироогоод 6 сарын хорих ял авсан. ххх аймаг дахь хэрэг болохоор хэргийг нэгтгэж чадаагүй үед үйлдэгдсэн хэрэг байсан. 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарч ирэхэд ххх аймгаас байцаагч нь амралтаа авсан байж таараад чиний хэргийг нэгтгэж чадаагүй юм гэсэн. Одоо ингээд шалгагдаж байгаа гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Оийн:...би 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ххх аймгийн ххх банкны салбар дээр явж байгаад rap утсаараа фейсбүүк гэх аппликейшн орсон. Тэгээд ххх гэсэн фейсбүүк хаягтай хүн хөргөгч, угаалгын машин зарна гэж зар тавьсан байхаар нь би чатаар холбогдсон. Би тухайн угаалгын машин, хөргөгч хоёрыг худалдаж авъя гэж чат бичсэн. Тэгээд надруу мөнгө шилжүүлэх данс чатаар явуулахаар нь би тухайн ххх гэсэн дугаарын данс руу 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Би буцаад холбогдох гэхэд хариу бичихгүй байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Үын:...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би фейсбүүк хаягаараа зар харж байтал хөргөгч, угаалгын машин зарна гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухайн хаягтай холбогдоод 280.000 төгрөгөөр зарна гэхээр нь би шилжүүлчихсэн. ххх гэсэн хаягтай хүн байсан. Би өөрийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын данснаас ххх банкны ххх дугаартай данс руу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед 280.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 240-241 дүгээр тал/,
2.3. Хохирогч В.Оийн ххх банкин дахь ххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст, 146-155 дугаар тал/,
2.4. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтаст, 168-169 дүгээр тал/,
2.5. Б.Огийн ххх банкин дахь ххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дүгээр хавтас, 140-143 дугаар тал/,
2.6 ххх банкны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 28/438 дугаартай Б.О ххх байх ба харилцагчийн мэдээллийг шалгахад ххх аймгийн ххх сумын 2 дугаар баг ххх гэх хаягт оршин суудаг гэсэн бүртгэл байна гэсэн албан бичиг, дансны хуулга. /2 дугаар хавтас, 6-9 дүгээр тал/,
2.7. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 2 дугаар хавтас, хэргийн 10-13 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх төвийн орчим “ххх ” ххх нэртэй ххх тоглоомын газарт байхдаа фейсбүүк цахим сүлжээнд “ххх” гэх фейсбүүк хаягаас “хөргөгч, угаалгын машин зарна” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан хохирогч В.Оийг Булган аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт байхад нь хуурч, түүний хөргөгч, угаалгын машин худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг далимдуулан, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын дансаар 350,000 төгрөг шилжүүлэн авч, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн фейсбүүк /facebook/ -цахим хуудас дахь “ххх” гэх нэртэй хаягаар дамжуулан “хөргөгч, угаалгын машин зарна ” гэсэн хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Үаас 280,000 төгрөгийг мөн өөрийн эзэмшлийн ххх Банкны ххх дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт хохирогч нарт 630,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч В.Оийн:...би 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ххх аймгийн ххх банкны салбар дээр явж байгаад rap утсаараа фейсбүүк гэх аппликейшн орсон. Тэгээд ххх гэсэн фейсбүүк хаягтай хүн хөргөгч, угаалгын машин зарна гэж зар тавьсан байхаар нь би чатаар холбогдсон. Би тухайн угаалгын машин, хөргөгч хоёрыг худалдаж авъя гэж чат бичсэн. Тэгээд надруу мөнгө шилжүүлэх данс чатаар явуулахаар нь би тухайн ххх гэсэн дугаарын данс руу 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Би буцаад холбогдох гэхэд хариу бичихгүй байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
- хохирогч Б.Үын:...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би фейсбүүк хаягаараа зар харж байтал хөргөгч, угаалгын машин зарна гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухай хаягтай холбогдоод 280,000 төгрөгөөр зарна гэхээр нь би шилжүүлчихсэн. ххх гэсэн хаягтай хүн байсан. Би өөрийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын данснаас ххх банкны ххх дугаартай данс руу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15:00 цагийн үед 280,000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 240-241 дүгээр тал/,
- хохирогч В.Оийн ххх банкин дахь ххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст, 146-155 дугаар тал/,
- дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтаст, 168-169 дүгээр тал/,
- Б.Огийн ххх банкин дахь ххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дүгээр хавтас, 140-143 дугаар тал/,
- ххх банкны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 28/438 дугаартай Б.О ххх байх ба харилцагчийн мэдээллийг шалгахад ххх аймгийн ххх сумын 2 дугаар баг ххх арслан гэх хаягт оршин суудаг гэсэн бүртгэл байна гэсэн албан бичиг, дансны хуулга. /2 дугаар хавтас, 6-9 дүгээр тал/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 2 дугаар хавтас, хэргийн 10-13 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсаныг шүүгдэгч, хохирогч, хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нарт эд зүйл зарна гэж мөнгийг нь шилжүүлэн гэж авч байгаа Б.Огийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Огийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ог “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Од нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Ог эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч В.От 350.000 төгрөг, хохирогч Б.Үад 280.000 төгрөгний хохирлын хэрэг бүргэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд төлж барагуудсан байна. Хохирогч В.О, Б.Ү нар нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй шүүх хуралд оролцохгүй гэж байх тул шүүгдэгч Б.Ог бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ