| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/310 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/310
2025 01 27 2025/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Э.Баасанжаргал, шүүгдэгч Н.З /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Уд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0133/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.З нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ххх” shoр гэх фейсбүүк хаягнаас ор худалдана гэх зарыг оруулж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод оршин суух иргэн Д.Нийг төөрөгдөлд оруулж өөрийн ххх банкны ххх тоот данс руу 490.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Мөнгө хэрэг болоод байсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Н:...би 2023 оны 11 дүгээр сард фейсбүүкээ үзээд байж байтал “ххх” гэх фейсбүүк хуудсан дээр ор худалдана гэх зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүнтэй хувь чатаар холбогдтол ххх дугаарыг өгөөд утсаар яриарай гэж хэлсэн. Ингээд би тухайн хүний өгсөн ххх дугаар луу холбогдоод ор захиалах гэсэн юм гэж хэлтэл та хүссэн ороо сонгочих тэгээд манайд урьдчилгаа мөнгө шилжүүлчих юм бол таны орыг удахгүй хүргэж өгнө гэх зэргээр ярихаар нь тухайн үед ярьж байгаад орхисон. Ингээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн хүнтэй дахиж холбогдоод ор захиалахаар болоод тэр хүний өгсөн ххх дугаарын данс руу 490,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа ххх дугаарлуу залгаад ороо асуусан чинь одоо удахгүй хүргэж өгнө гэх зэргээр ярьсаар 1 cap орчим болсны дараа гар утас нь холбогдох боломжгүй болоод фейсбүүк хуудсаа хаачихсан байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би мөнгөө ххх дүүргийн ххх дугаар хороо ххх тоотод байхдаа шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Згийн:...би 2023 оны 11 дүгээр сарын үед өөрийн “ххх” гэх фейсбүүк дээр хүмүүст ххх-аас бараа захиалж өгдөг байсан. Тухайн үед надтай ххх гэх фейсбүүк хаягтай хүн хөх өнгийн ор худалдаж авья гэж чат бичсэн байхаар нь би тэр хүнд өөрийнхөө ашиглаж байсан ххх дугаарыг өгөөд бид хоёр утсаар ярьсан. Тухайн үед тэр хүн 490,000 төгрөгийн ор сонирхож байсан ба би ххх-аас захиалж өгнө ххх хоногийн дотор ирнэ гэж хэлтэл тэр хүн надаас ор захиалуулахаар болсон. Ингээд тэр хүн миний ххх дугаарын данс руу ххх дугаарын данснаас 490,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүний шилжүүлсэн 490,000 төгрөгөөр ххх-aac эрэгтэй, эмэгтэй хүний хувцас захиалаад хувцасаа “ххх” гэх нэртэй компаниас очиж авсан. Ингээд тэр хүний өгсөн мөнгийг өөр хүнд зарцуулчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55 дугаар тал/,
2.3. “ххх банк”-ны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 29/5270 дугаартай “ххх тоот дансыг ххх регистрийн дугаартай хатагтай Н.У эзэмшдэг гэх лавлагаа. /хх-ийн 41 дүгээр тал/,
2.4. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ./хх-ийн 28-29 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2.Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.З нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ххх” shoр гэх фейсбүүк хаягнаас ор худалдана гэх зарыг оруулж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод оршин суух иргэн Д.Нийг төөрөгдөлд оруулж өөрийн “ххх” банкны ххх тоот данс руу 490.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Д.Нийн:...би 2023 оны 11 дүгээр сард фейсбүүкээ үзээд байж байтал “ххх” гэх фейсбүүк хуудсан дээр ор худалдана гэх зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүнтэй хувь чатаар холбогдтол ххх дугаарыг өгөөд утсаар яриарай гэж хэлсэн. Ингээд би тухайн хүний өгсөн ххх дугаарлуу холбогдоод ор захиалах гэсэн юм гэж хэлтэл та хүссэн ороо сонгочих тэгээд манайд урьдчилгаа мөнгө шилжүүлчих юм бол таны орыг удахгүй хүргэж өгнө гэх зэргээр ярихаар нь тухайн үед ярьж байгаад орхисон. Ингээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн хүнтэй дахиж холбогдоод ор захиалахаар болоод тэр хүний өгсөн ххх дугаарын данс руу 490,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа ххх дугаарлуу залгаад ороо асуусан чинь одоо удахгүй хүргэж өгнө гэх зэргээр ярьсаар 1 cap орчим болсны дараа гар утас нь холбогдох боломжгүй болоод фейсбүүк хуудсаа хаачихсан байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би мөнгөө ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод байхдаа шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,
- яллагдагч Н.Згийн:...би 2023 оны 11 дүгээр сарын үед өөрийн “ххх” гэх фейсбүүк дээр хүмүүст ххх-аас бараа захиалж өгдөг байсан. Тухайн үед надтай ххх гэх фейсбүүк хаягтай хүн хөх өнгийн ор худалдаж авья гэж чат бичсэн байхаар нь би тэр хүнд өөрийнхөө ашиглаж байсан ххх дугаарыг өгөөд бид хоёр утсаар ярьсан. Тухайн үед тэр хүн 490,000 төгрөгийн ор сонирхож байсан ба би ххх-аас захиалж өгнө 7-14 хоногийн дотор ирнэ гэж хэлтэл тэр хүн надаас ор захиалуулахаар болсон. Ингээд тэр хүн миний ххх дугаарын данс руу ххх дугаарын данснаас 490,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүний шилжүүлсэн 490,000 төгрөгөөр ххх-aac эрэгтэй, эмэгтэй хүний хувцас захиалаад хувцасаа “ххх” гэх нэртэй компаниас очиж авсан. Ингээд тэр хүний өгсөн мөнгийг өөр хүнд зарцуулчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55 дугаар тал/,
- “Хаан банк”-ны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 29/5270 дугаартай “ххх тоот дансыг ххх регистрийн дугаартай хатагтай Н.У эзэмшдэг гэх лавлагаа. /хх-ийн 41 дүгээр тал/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ./хх-ийн 28-29 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь ор захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Нээс 490,000 төгрөгийг шилжүүлэн авч байгаа Н.Згийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хаан банкны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Згийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Зг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нт 490,000 төгрөгний хохирол учирсан боловч шүүгдэгч Н.З нь бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Зг бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Зг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ