Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2020/01116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын.........дугаар багт оршин суух Боржгоны бороохой овогтой Ганболдын ******* /.................../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ............дугаар багт оршин суух Хатуу овогтой Сономжийгийн******* /........................./-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч: Миний бие хариуцагч С.Энхбаатартай 2008 онд танилцаад 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2010 онд хүү Э.Гарьдмагнайг төрүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд нөхөр маань архи ууж, агсам тавьдаг болсон учраас би 2015 онд нөхрөөсөө салахаар шийдэж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Гарьдмагнайг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч С.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ:

Миний бие С.Энхбаатар нь эхнэр Т.*******тай 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, үүнээс хойш хамт амьдрах болсон. Хамтран амьдрах явцад 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүү Э.Гарьдмагнайг төрүүлсэн. Гэвч бид таарч тохирохгүйн улмаас 2015 оноос тус тусдаа амьдрах болж хүү маань ээжийнхээ асрамжид үлдсэн.

Иймд эхнэр Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хүү Э.Гарьдмагнайг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.Мөн Э.Гарьдмагнай нь миний төрсөн хүү мөн учир хүүхдийн тэтгэлэг төлнө, гэрлэлтээ цуцлуулна.

...Миний бие С.Энхбаатар нь Өмнөговь аймагт нүүрсний тээвэрт ажилладаг тул шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байна. Миний бие эхнэр Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.Энхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Зохигчид нь 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь № 49 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүү Э.Гарьдмагнай төрсөн болох нь 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №0399017 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Их эмч Б.Золцолмонгийн эрүүл бойжиж байгаа тухай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/74 дугаартай тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрлэгчид 2015 ноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байгаа болно.

Мөн хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Гарьдмагнайг төрсөн эх Г.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Хэдийгээр гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьлаа.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хатуу овогтой Сономжийгийн******* /........................./, Боржгоны бороохой овогтой Ганболдын ******* /................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Гарьдмагнайг төрсөн эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг С.Энхбаатар, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.******* нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ