Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2018/00081

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Б*******н аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Төлөөлөн нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Б*******н аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Хонгор–Өндөр гудамжны 1-7 тоотод оршин суух -ийн төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Б*******н аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Дэнжийн 1-4 тоотод оршин суух, -д холбогдох,

Зээл, зээлийн хүү, алданги 12025000 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Б*******гийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00610/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б*******, түүний өмгөөлөгч Ж.Ш*******, хариуцагч Х.Б*******, түүний өмгөөлөгч Д.О*******,

Гэрч: 1974 онд төрсөн, эмэгтэй, Б*******н аймгийн Хангал сум Булаг хороолол, 1-26 тоотод оршин суух 

Гэрч: 1982 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймгийн тойргийн нотариатч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2-23-110 тоотод оршин суух, Хнарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр н нар нь мөнгө зээлэх талаар надтай уулзахдаа “Мөнгөний хэрэг гараад байна, өөр газар руу яваад мөнгө олдохгүй байна, танай дүү нар чинь гадаад дотоодод байдаг биздээ, мөнгө зээлээч” гээд манай дүү Ж.Б*******ын утасны дугаарыг аваад Эрдэнэт хот руу явсан. Үдээс хойш нь 15,16 цагийн үед манай дүүтэй очиж уулзсан байсан. Манай дүү над руу яриад Х.Б*******, О.О******* нарыг ямархуу хүмүүс вэ гэж надаас асуухад нь “манай ажлын хүмүүс, мөнгө зээлэх эсэхээ өөрөө мэд” гэж хэлсэн. Х.Б******* нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний дүү Ж.Б*******оос 1 сарын хугацаатай 6500000 төгрөгийн 25%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Зээлийг авахдаа гэрээг бичгээр байгуулж, мөнгийг нотариатчийн хажууд хүлээн авсан. Мөн зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Приүс маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Миний дүү Ж.Б******* нь  2016 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу ажиллаж амьдрахаар явсан. Дүү маань тус улсаас элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр Х.Б*******гаас үндсэн зээл 6500000 төгрөг, зээлийн хүү 1625000 төгрөг, алданги 3900000 төгрөг, нийт 12025000 төгрөг нэхэмжилж байна.

Х.Б*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд тэр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж дүүгээс маань мөнгө зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул би нөхрийн хамт Х.Б*******гийн гэрт нь очиж машиныг нь авсан. Одоо тэр машин манай хашаанд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрахгүй гэв.  

Хариуцагч Х.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр О.О******* эгч намайг Эрдэнэт яваад өгөөч гэж гуйхад нь би жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан. Эрдэнэтэд очоод Ж.Б*******той уулзаж мөнгө төгрөгний асуудал ярьсан. Тэгэхэд Ж.Б******* барьцаа өг гэж хэлсэн. О.О******* эгч намайг машинаа барьцаалаад өгөөч дараа нь чамд туслана ш дээ гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлийн гэрээ байгуулахаар болсон. Ж.Б******* О.О*******д 6500000 төгрөг банкнаас авч өгсөн. Мөнгийг би аваагүй О.О*******  эгч тоолж аваад гадаад руу шилжүүлэхээр банк руу явсан. Ж.Б******* бид хоёр гэрээ байгуулахаар нотариат явсан, нотариатч мөнгө хаана байна гэж асуугаад байхаар нь О.О******* эгчийг дуудаж мөнгийг нь харуулсан. Би тэр мөнгөнд гар хүрээгүй. Ж.Б******* эгчээс мөнгө гуйж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны орой Ж.Б******* эгч нөхөртэйгээ гэрт ирж дарамталсан. Ж.Б*******ыг утсаар ярихад нь О.О******* мөнгө авсан гэдгийг хэлсэн. Тэгээд би О.О******* рүү залгаж Ж.Б******* мөнгөө нэхээд байна гэж хэлэхэд удахгүй мөнгө олж өгнө гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Би өөрийн гар дээр мөнгө аваагүй учраас зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж байгаа. О.О******* Ж.Б******* хоёр мөнгө өгөлцөж авалцахыг би харсан. О.О******* эгч нотариатчид мөнгөө ирж харуулчихаад буцаагаад аваад явсан. Үүнийг Ж.Б******* мэдэж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Б******* эгч нөхөр болон О.О******* нарын хамт гэрт ирж дарамталсан. Би машинаа өгөхгүй, харин түлхүүрийг нь ав гэж хэлсэн. Гэтэл тэр 3 миний машиныг чирээд аваад явсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Б*******гийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Гэрч О.О******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2017 оны 08 дугаар сард гадаад хүнтэй холбоо тогтоож, Х.Б******* бид хоёр тэр хүн рүү мөнгө явуулахаар болсон. Би Ж.Б*******гээс мөнгө зээлэхийг гуйхад 6500000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаас шилжүүлж надад өгсөн. Хэд хоногийн дараа надад дахиад мөнгө шилжүүлээч гэсэн хүсэлт ирсэн. Би мөнгө шилжүүлэхээ больё гэсэн боловч Х.Б******* “та юу яриад байгаа юм бэ, үр дүнгээ хамтдаа үзнэ гэж тохирчихоод болино гэсэн шийдвэрийг ганцаараа гаргалаа. Ямар ч байсан эцсийг нь үзнэ” гээд дургүйцсэн. Ингээд бид хоёр дахиад мөнгө хайсан боловч олдоогүй. Ж.Б*******гээс мөнгө асуухад “дүүдээ хэлж  үзье” гээд утасных нь дугаарыг өгсөн. Ж.Б*******гийн дүүтэй нь уулзахад “юу барьцаалах юм бэ” гэхэд Х.Б******* “би машинаа барьцаална” гэж хэлсэн. Ж.Б*******, Х.Б******* хоёр гэрээ байгуулахаар нотариат руу явсан. Х.Б******* намайг  банкин дээр очоод дугаар авч бай гэсэн. Х.Б******* миний араас мөнгөө авч ирээд гадаад руу шилжүүлсэн гэв.

Гэрч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  Ж.Б*******, Х.Б******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг баталгаажуулсан тухай тэмдэглэл бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн. Би ажилласан хугацааны туршлагаасаа хамаараад иргэд хоорондын гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө болон эд хөрөнгийг бодитой гардуулна гэсэн зарчмыг баримталдаг. Тухайн хүний данснаас нөгөө хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримттай бол мөнгийг биет байдлаар авч ирэхийг шаарддаггүй. Зээлийн гэрээнд мөнгөний тоо ширхэг, дэвсгэртийг бичүүлж өөрсдөөр нь гарын үсэг зуруулдаг. Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээнд 20000х75=1500000, 10000х500=5000000 гэж бичээд хүлээн авсан Х.Б******* гэж гарын үсгээ зурсан байгаагаас үзэхэд мөнгийг миний дэргэд тоолж өгөлцөж авалцсан болох нь харагдана. Гэрээний талууд гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн байгуулдаг. Миний зүгээс үйлчлүүлэгч нартаа гарах үр дагаварыг тайлбарлаж өгдөг. ...Нотариатын үйлчилгээний хөлс 20000 төгрөгийг Х.Б******* төлсөн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Б******* нь өөрийн нэрийн өмнөөс “нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх” эрхийг Ж.Б*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг бүрэн эдлүүлэхээр итгэмжлэл олгожээ. /хх-3/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэн нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул Ж.Б*******ыг төлөөлөн Ж.Б*******г шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд гэж үзнэ.

Төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б******* нь Х.Б*******д холбогдуулж зээл, зээлийн хүү, алданги 12025000 төгрөг гаргуулах тухай, Х.Б******* нь Ж.Б*******д холбогдуулж зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Б*******гийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Төлөөлөн нэхэмжлэгч нь “...Ж.Б******* нь Х.Б*******д 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6500000 төгрөгийг 1 сарын  хугацаатай, 25 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Х.Б******* нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 6500000 төгрөг, зээлийн хүү 1625000 төгрөг, алданги 3900000 төгрөг, нийт 12025000 төгрөгийг гаргуулна. 71-02  БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар аваагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагч нь “...Ж.Б*******оос 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөнгө зээлж аваагүй. О.О*******гийн гуйлтаар 71-02  БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаалж О.О*******гийн өмнөөс дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. 6500000 төгрөгийг О.О******* авсан учраас нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б******* нь миний машиныг хууль бусаар эзэмшилдээ авсан тул түүний хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэлээ чөлөөлүүлнэ гэж маргажээ. 

Хариуцагч Х.Б******* нь Ж.Б*******оос 6500000 төгрөг аваагүй хэмээн маргаж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,  282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд хуулийн энэ шаардлагын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны  өдөр байгуулсан гэрээгээр 6500000 төгрөгийг бэлнээр өгсөн байх тул 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар зээлдүүлэгч хяналт тавих үүрэг хүлээхгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар  зүйлийн 156.1, 156.4-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрхи гэрээнүүдийн дагуу хариуцагч нь үндсэн зээл  6500000 төгрөг,  хүү  1625000  төгрөг гэрээний хугацаа дууссан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй ба 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 300 хоногоор тооцож алданги  3900000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээл 6500000 төгрөгөөс тооцсон гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар  алдангийг 3250000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Мөн талууд зээлийн гэрээнд зээлийн хүүг 25 хувь гэж тохирсон хэдий ч энэ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгаж 10 хувиар тогтоох боломжтой гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Х.Б******* нь “...энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан бөгөөд О.О*******гийн гуйлтаар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулж хүү, алдангиар дарамт учруулж байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нь уг мөнгийг О.О******* авсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Хуулийн энэ шаардлагын дагуу зээлдүүлэгч Ж.Б******* нь хариуцагч Х.Б*******д 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6500000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд иргэний эрх зүйн чадамжтай аливаа этгээд өөрийн хийж байгаа үйдлийн учир холбогдлыг ойлгохгүйгээр эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэгдсэн аливаа ажиллагаанд оролцсон байх боломжгүй юм.

Харин талуудын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-ний 2 дугаарт барьцааны хөрөнгө нь барьцаалуулагчид хадгалагдахаар заасан байхад төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б******* нь барьцаалуулагч Х.Б*******гийн зөвшөөрөлгүйгээр Приус маркийн 71-02  БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирж авч явсан зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь хууль бус байх тул Ж.Б*******гийн хууль бус үйлдлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10400000 төгрөгийг хангаж, үлдэх 1625000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Б*******гийн хууль бус эзэмшлээс  Приус маркийн 71-02  БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Х.Б*******гаас 10400000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Ж.Б*******од олгож, үлдэх 1625000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Б*******гийн сөрөг нэхэмжлэлээс Ж.Б*******гийн хууль бус эзэмшлээс Приус маркийн 71-02  БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төлөөлөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 207350 /хоёр зуун долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Х.Б*******гийн төлсөн 259350 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*******гаас 181350 /нэг зуун наян нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б*******д, төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б*******гээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б*******д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б*******н аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОДОНЧИМЭГ