| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0193/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/357 |
| Огноо | 2025-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/357
2025 02 03 2025/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч А.Марал, шүүгдэгч Ц.С, хохирогч Г.С /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц. Сд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0193/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын орчимд ххх дүүргийн ххх дүгээр хороо, “Баясах” төвийн баруун замд ххх маркийн ххх УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: ө/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт хоблогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний урдуур явж байгаа тэрэгний урууд зам хөндлөн гарсныг нь би харсан. Миний урьд талын машин зогсоод араас нь би туулж очоод зогсоод сигнал өгөөд араар нь тойроод гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн. Би араа харж яваад эргэсэн. Машины урдуур гүйгээд ирснийг нь би ойлгоогүй. Тэгээд юм тулгах шиг болоод зогссон гэв.
1.2. Хохирогч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн өдөр орой найзынхаа төрсөн өдөрт манай найз нөхөртэйгөө бид гурав явж байсан. Зам хөдөлгөөн гараад такси барьсан. Энэ хүний машины урьд такси зогссон. Гэр бүлийн хүмүүсийг хойгуур нь суулгаад би машины хойгуураар нь тойроод машины урдуур суух гэж байхад хажуу талаас нүд ирмэхийн зур дүрс тарс болоод дайрсан. Машины хойгуураас тойрохдоо би хойд тал руугаа эргэж харахад машин байхгүй байсан. Энэ хүн намайг урдуур нь тойрч саад боллоо гэсэн байр суурьтай байгаа. Хүнтэй зөв ч харьцахгүй, чамайг алаагүй нь их юм ухааны юм ярьдаг. Урд талын дугуйгаар миний хөлийг дайрсан. Би айдастай болсон нэлээн гомдолтой байна. Би нярай хүүхэдтэй байсан ч ажил эрхэлж өдөрт зун хэдэн мянган төгрөгийн орлоготой байсан. Тэр ажил маань 2-3 сарын алдагдалтай явж байна. Тэрийг за яах вэ гээд өөр аргаар зохицуулсан. Эрүүл мэндээ я би өөрөө үзүүлж харуулсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Сийн:...би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд 13 дугаар хорооллын уулзвараас Халдварт руу уруудаад байдаг ресторанд найзуудтайгаа уулзсан. Тэнд сууж байхдаа виски уусан байсан. Тэгээд ресторан хаахаар болоод 00:00 цагийн үед гарсан. Тэгээд найз Ж түүний нөхөр Бтай цуг гараад зам хөндлөн гараад замын хажуу талд такси барих гээд зогсож байхад нэг ххх ирээд зогссон тэгэхээр нь манай найз Ж таксины хойд суудал дээр нөхөртэйгөө ороод суух гэж байсан. Би багтахгүй шинжтэй болохоор нь урд суудал дээр нь суух гээд тэр таксины хойд талаар нь тойроод гарахдаа хойд талд машин харагдаагүй, тэгээд тэр таксигаа тойроод урд хаалга дээр нь очоод онгойлгох гэж байхад л хажуу талаас намайг нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд эргэж хархийн завдалгүй миний баруун хөлөн дээгүүр гарчихсан. Би хойшоогоо нумраад унасан.Тэгээд манай найзууд ирээд юу болов яав ийв гээд цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд түргэний машин ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.С:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхзмжлэл гарган оролцож байна. ххх дүүргийн ххх дүгээр хороо ххх төвийн баруун замд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ххх маркийн ххх УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Г.Сийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.С нь нийт 868.742 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 868.742 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Сээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ххх сан банк дахь ххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч С.Уын:..би ямар хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсоноо мэдэж байгаа. Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Ц.С нь миний аав байгаа. Тухайн машин нь миний нэр дээр байдаг боловч аавын өөрийнх нь машин, миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Ц.С нь миний аав, манай аав Ц.С ххх оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, айлын том хүүхэд дороо 5 дүүтэй. Бага насаа Улаанбаатар хотод өнгөрүүлж 2 дугаар сургуулийг төгссөн. 10 жилээ төгсөөд ххх-д барилгын коллежид сураад шавар пилтачин мэргэжлээр сураад нэг жил ажиллаад цэрэгт яваад жолооч болсон. Ххх он хүртэл тээврийн жолооч хийж байсан. ххх оноос хойш хувиараа ажиллаж байсан. ххх жилийн өмнөөс ххх дугаар цэцэрлэгт манаач хийж байгаа. Одоо манай дүү Жтай цуг амьдарч байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тын:...би 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнө таксинд явж байгаад ххх уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар луу урдаас хойшоо чиглэн явж байсан. Тэгтэл зам дээр 3 хүн гар өргөөд зогсож байсан. 2 эмэгтэй 1 эрэгтэй байсан. Тэгээд тэр хүмүүсийг авах гээд зогсох үед миний хойд талд цагаан өнгийн ххх маркийн машин ирээд зогссон. Тэгээд 1 эрэгтэй 1 эмэгтэй нь хойд суудал дээр орж суугаад нэг эмэгтэй нь миний машины хойд талаар тойроод явсан тэгэхэд миний машины хойд талд юм тулаад унах шиг болсон. Би буугаад очиход тэр миний хойд талаар тойрч байсан эмэгтэй хөлөө барьчихсан газарт сууж байсан. Тэгээд хөл дээгүүр гарчихлаа гэж хэлээд орилоод байсан. Тэгээд цуг явж байсан залуу нь 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд түргэн тэр хүнийг үзлэг хийгээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар дугаар тал/,
2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №13392 дугаартай дүгнэлтэд:
1.2. Г.Сийн биед баруун шаантаг ясны сэлтэрсэн хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
7. Баруун шаантаг ясны сэлтэрсэн хугарал нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,
2.6. ххх тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ххх техникийн хяналтын төвийн шинжээч Б.Еы 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ххх дугаартай дүгнэлт. /хх-ийн 35-41 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: зам тээврийн ослын талаар дуудлага мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3- р дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-р дүгээр тал/, явган зорчигч, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, хохирогч Г.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Д.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р дугаар тал/, гэрч Б.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р дугаар тал/, иргэний хариуцагч С.Уын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.С 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ххх дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх хяналтын төвийн шинжээч Б.Е 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-41 дүгээр тал/, дүгээр тал, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1894 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 46-р дугаар тал/, жолооч Ц.Сийн жолоочийн авто тээврийн хэрэгслийн нэгдсэн санд бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67-75 дугаар тал/-д авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгч болон хохирогч хавтас хэрэгээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ххх төвийн баруун замд ххх маркийн ххх УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: ө/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Г.Сийн:...би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд 13 дугаар хорооллын уулзвараас ххх руу уруудаад байдаг ресторанд найзуудтайгаа уулзсан. Тэнд сууж байхдаа виски уусан байсан. Тэгээд ресторан хаахаар болоод 00:00 цагийн үед гарсан. Тэгээд найз Ж түүний нөхөр Бтай цуг гарсан, ингээд зам хөндлөн гараад замын хажуу талд такси барих гээд зогсож байхад нэг ххх ирээд зогссон тэгэхээр нь манай найз Ж таксины хойд суудал дээр нөхөртэйгөө ороод суух гэж байсан. Би багтахгүй шинжтэй болохоор нь урд суудал дээр нь суух гээд тэр таксины хойд талаар нь тойроод гарахдаа хойд талд машин харагдаагүй, тэгээд тэр таксигаа тойроод урд хаалга дээр нь очоод онгойлгох гэж байхад л хажуу талаас намайг нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд эргэж хархийн завдалгүй миний баруун хөлөн дээгүүр гарчихсан. Би хойшоогоо нумраад унасан.Тэгээд манай найзууд ирээд юу болов яав ийв гээд цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд түргэний машин ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч С.Сийн:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхзмжлэл гарган оролцож байна. хххх дүүргийн ххх дүгээр хороо ххх х төвийн баруун замд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ххх маркийн ххх УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Г.Сийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.С нь нийт 868.742 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 868.742 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Сээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ххх сан банк дахь ххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,
- иргэний хариуцагч С.Ун:..би ямар хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсоноо мэдэж байгаа. Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Ц.С нь миний аав байгаа. Тухайн машин нь миний нэр дээр байдаг боловч аавын өөрийнх нь машин, миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний аав Ц.С ххх оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, айлын том хүүхэд дороо 5 дүүтэй. Бага насаа Улаанбаатар хотод өнгөрүүлж 2 дугаар сургуулийг төгссөн. 10 жилээ төгсөөд ЗХУ-д барилгын коллежид сураад шавар пилтачин мэргэжлээр сураад нэг жил ажиллаад цэрэгт яваад жолооч болсон. ххх он хүртэл тээврийн жолооч хийж байсан. ххх оноос хойш хувиараа ажиллаж байсан. 5 жилийн өмнөөс 108 дугаар цэцэрлэгт манаач хийж байгаа. Одоо манай дүү Жтай цуг амьдарч байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,
- гэрч Б.Тын:...би 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнө таксинд явж байгаад ххх уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар луу урдаас хойшоо чиглэн явж байсан. Тэгтэл зам дээр 3 хүн гар өргөөд зогсож байсан. 2 эмэгтэй 1 эрэгтэй байсан. Тэгээд тэр хүмүүсийг авах гээд зогсох үед миний хойд талд цагаан өнгийн ххх маркийн машин ирээд зогссон. Тэгээд 1 эрэгтэй 1 эмэгтэй нь хойд суудал дээр орж суугаад нэг эмэгтэй нь миний машины хойд талаар тойроод явсан тэгэхэд миний машины хойд талд юм тулаад унах шиг болсон. Би буугаад очиход тэр миний хойд талаар тойрч байсан эмэгтэй хөлөө барьчихсан газарт сууж байсан. Тэгээд хөл дээгүүр гарчихлаа гэж хэлээд орилоод байсан. Тэгээд цуг явж байсан залуу нь 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд түргэн тэр хүнийг үзлэг хийгээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ххх дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/, авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ххх техникийн хяналтын төвийн шинжээч Б.Ены 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №40885833 дугаартай дүгнэлт. /хх-ийн 35-41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, Ц.Сийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой гэдгийг мэдсээр байж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Сийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ц.Сийн гэм буруугийн улмаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зураг дугаар хавсралтаар сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэгт багтаж байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 15 дахин үржүүлж 9.900.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Сээс гаргуулж хохирогч Г.Ст олгох,
- мөн шүүгдэгчийн гэм буруугийн улмаас хохирогч Г.С нь Эрүүл мэндийн даатгалаас 868.742 төгрөгний эмчилгээ, үйлчилгээ авсан тул шүүгдэгч Ц.Сээс 868.742 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх,
- харин хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж торгох ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянган долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 10 /арав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сээс 10.768.742 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ст 9.900.000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг, 868.742 /найман зуун жаран найман мянга, долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ххх сан банк дахь ххх дугаартай дансанд төлүүлэх, хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ