Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

 

       2021           1              7                                        2021/ДШМ/39

 

 

Ч.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Н.Золжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3007 дугаартай шүүгчийн захирамжийг прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 99 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Дт холбогдох эрүүгийн 2006006411942 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Тэрэгт овогт Ч.Д, 1977 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер механикч мэргэжилтэй, Дотоод Хэргийн их сургуулийн Хангалт үйлчилгээний газарт хангалтын албаны дарга ажилтай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 7 дугаар байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МЗ77122272/;

           

Шүүгдэгч Ч.Д нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/607 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ахлах дэслэгч цолтой томилогдон ажиллах хугацаандаа 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн бүртгэлийн ЗТО-400 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” болон “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас” дахь холбогдогч Д.Батжаргалын гарын үсгүүдийг хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч буюу хууль сахиулагчаар ажиллах хугацаандаа дээрх гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:Ч.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтууд зэргээс үзэхэд Ч.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд, Ч.Дын яллагдагчаар өгсөн “...Батжаргалын талаас наадахынхаа оноог битгий хасаач ээ, тэртэй тэргүй хохирлыг барагдуулах юм чинь яах юм бэ гэх зэргээр холбогдож ярьж байсан хүн байгаа” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар хүн ярьсан” гэх мэдүүлэг зэргийг шалгах шаардлагатай. Хэдийгээр Ч.Дт нөлөөлөөгүй боловч Д.Батжаргалын эрх ашгийн үүднээс түүний хүсэл зоригийг илэрхийлсэн байдал нь хэрэгт холбогдолтой бөгөөд анхнаасаа буруутай үйлдэл хийснээ зөвшөөрч байсан эсэх, хохирол төлөхөө илэрхийлж байсан эсэх нь тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ. Нөгөөтэйгүүр Ч.Д нь ЗТО-400 дугаартай зөрчлийг шалгаад зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй” гэж зааснаар буюу зөрчил үйлдсэн нь тогтоогдсон үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. Энэ тэмдэглэл болон шийтгэлийн хуудас дээр зөрчилд холбогдсон этгээдийн гарын үсгийг хуурамчаар зурсан үйл баримт тогтоогдсон байна. Гэвч хялбаршуулсан журмаар зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл нь тухайн ЗТО-400 дугаартай зөрчлийг шууд нотолсон нотлох баримт мөн эсэх, тухайн зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн эсэхийг нотолсны дараа хийгддэг процесс ажиллагаа, шийтгэлийн хуудас нь тухайн эрх бүхий албан тушаалтны шийдвэр болохыг анхаарах нь зүйтэй. Хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн санаатай үйлдлийн улмаас тухайн нотлох баримтын нотолгооны ач холбогдол буурах эсхүл нотлох баримт нотолгооны ач холбогдлоо алдах, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд саад учрах, гэм буруутай этгээд ял завших, гэм буруугүй этгээд хилсээр шийтгүүлэх нөхцөл бүрдэх үр дагавар бий болохыг ойлгохоор байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хуурамч гарын үсгийг хэн зурсныг тогтоолгох, Төгсбаяр зурсан байж болзошгүй байдлыг шалгаагүй талаар мэтгэлцэж оролцсон ба нэгэнт хуурамч гэж тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, хэний гарын үсэг болохыг тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэв. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Ч.Д /РД:М377122272/ нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/607 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ахлах дэслэгч цолтой томилогдон ажиллах хугацаандаа 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн бүртгэлийн ЗТО-400 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” болон “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас” дахь холбогдогч Д.Батжаргалын гарын үсгүүдийг хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч буюу хууль сахиулагчаар ажиллах хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх 3-9/, мөрдөгчийн баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх 11-34/, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх 36-73/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 74-76/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/607 дугаартай тушаал, албан тушаалтын тодорхойлолт /1хх 183-189/, гэрч Д.Батжаргалын “...Би нөхрийнхөө Toyota harrier маркийн 13-94 УБК улсын дугаартай автомашинтай явж байгаад 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр КТМС-н урд зам дээр приус-20 маркийн 1742 УБМ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн юм. ...тэгээд мөргөлдөөд цагдаа болон даатгалаа дуудаад цагдаа ирж тэмдэглэл хөтлөөд замаа чөлөөл гээд харьцгаасан. Тэгээд тэр өдөртөө би Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр очоод осол болсон газарт ирсэн цагдаатай уулзаад маргааш нь ирэхэд Ч.Д луу шилжсэн гэхээр нь уулзаад мэдүүлэг өгсөн. Надад Ч.Д нь чиний буруу гэхэд би буруутай гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй гээд гараад явж байсан. ...тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр шүүхээс над руу залгаад ирж Б.Баян-Алтайн нэхэмжлэлийг ав гэхэд нь очиж аваад хариу тайлбараа гаргаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх хурал болоход би хүүхдээ хараад очиж чадаагүй, нөхрөө явуулахад шүүх дээр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” гэх зүйл үндэслээд шийдвэр гаргах гээд байхад нь миний гарын үсэг биш байсан учир хүлээн зөвшөөрөөгүй хойшлогдсон, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх дээр манай нөхөр анх хараад миний гарын үсэг биш байна гэж мэдсэн. ...Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 400 дугаартай 21 хуудас материалын 1-р хуудас дахь ...гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл дээрх гарын үсэг, 4-р хуудас дахь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч дээрх гарын үсэг, 6-р хуудсан дахь миний бичиг болон гарын үсэг, 7-р хуудсан дахь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх 3 ширхэг гарын үсгүүд нь миний гарын үсэг мөн байна, бусад 18 дугаар хуудсан дахь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн арын нүүр болон 19-р хуудас дахь шийтгэлийн хуудсан дахь гарын үсгүүд нь миний гарын үсэг биш байна. ...надад 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас өгч байгаагүй, сүүлд нь torguuli.mn сайтаас харж л мэдсэн, тухайн үед 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх 78-80/, гэрч Б.Баян-Алтайгийн “...уг өдөр би 16:00 цагийн орчимд эхнэр хүүхдийн хамт Сансарын колонкоос Цайз чиглэлд КТМС-н сургуулийн урд замын 2-р эгнээгээр зорчиж явтал зүүнээс баруун зүг явж байсан Toyota harrier маркийн машин гэнэт буцаж эргэх үйлдэл хийж миний машины зүүн урд хэсгийг мөргөсөн. ...маргааш өглөө Дамдинбазар гэх  ахмадтай ирж уулзаарай гээд явуулсан. ...тэгээд маргааш нь цагдаа дээр ирж Дамдинбазар ахмадтай уулзахад нөгөө хүнээ ирэхээр ороод ир гэсэн. Тэгээд Батжаргал руу залгатал утсаа авахгүй байхаар нь хэлтэл маргааш хүрээд ир, би өөрөө дуудчихъя гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 5-ны өдөр нь очиход Батжаргал нь бас ирээгүй байсан. Тэгээд би бичиг баримтаа Дамдинбазараас аваад явсан. Намайг дахин дуудагдаагүй, очоогүй байж байгаад 7 дугаар сарын 15-ны өдөр очиход Дамдинбазар нь шилжээд явчихсан гээд нэг эмэгтэй цагдаа чиний асуудал прокурорт байгаа, 7 хоногийн дараа хүрээд ир гээд би 7 хоногийн дараа ирэхэд нь прокуророос ирээгүй байсан. Тэгээд очиж асуусаар 8 дугаар сарын 21-ний өдөр байхаа очиход прокуророос ирчихсэн байхаар нь 10-аад хуудас хуулбарлан авч, даргын нарийн бичгээр нь хуулбар үнэн тэмдэг даруулж аваад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 8 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1хх 82/, гэрч Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн дарга ажилтай Б.Сүхбатын Ч.Д нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тушаалаар манай хэлтэст зохицуулагчаар томилогдсон. Зохицуулагч албан тушаал нь зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй байдаг. Тодруулбал Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “эрх олгох тухай” А/32 дугаар тушаалаар зохицуулагч нь Зөрчлийн тухай хуулийн 14.4, 14.5, 14.6дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлд заасан зөрчилд тус тус ердийн болон тусгай журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх олгогдсон байдаг. Энэ тушаалыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар ханга гэсэн үүрэг чиглэлийн дагуу ачаалал ихтэй үед эсхүл хэрэг бүртгэгч нарыг ээлжийн амралттай үед нэмэгдлээр ажиллуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг...гэх мэдүүлэг /2хх 27-28/, гэрч Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч ажилтай Д.Төгсбаярын ...Ч.Д нь ЗТО-400 дугаартай зөрчлийн материалаа надад 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн орой юм уу 5-ны өдрийн өглөө юм уу өдөр өгсөн байх. Манайхан надад хэрэг, материалаа өгөхдөө өрөөнд оруулж ирээд гардаг ба ингэхэд ямар нэгэн тэмдэглэл үйлдэгддэггүй, надад өгөхдөө бүгд үдэж, боож дуусгаад өгдөг. Тэгээд би прокурорт оруулж өгөхдөө цугларсан хэрэг, материалаа нэг бүрчлэн эргүүлж шалгаад дутуу зүйл байвал тухайн алба хаагчдын хажууд нь юм уу зогсож байгаад гүйцээлгээд прокурор руу авч ордог. Дутуу зүйл гэдэг нь ихэвчлэн манайхан согтуу хүнийхээ эрхийг нь хасаагүй байдаг, өөрийнхөө гарын үсгийг зураагүй байдаг, хялбаршуулсан тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл зэрэгтээ сору, paste хийснээс нь болоод овог нэрийг нь зөрүүлсэн зүйлс байдаг. Тэгээд тэд нарыг нь засуулдаг....ЗТО-400 дугаартай зөрчлийн материалыг Ч.Даас авахад гарын үсэг зурагдаагүй баримт, тэмдэглэл байсан эсэхийг нь одоо санахгүй байна...Хэрэв би анзаараагүй прокурор руу өгсөн дутуу зүйлтэй хэрэг материал байвал прокурорууд өөрсдөө тухайн алба хаагч нарыг дуудаад гүйцээлгэдэг, ихэвчлэн өөрсдөө гарын үсэг зураагүй байдаг ба дуудаад зуруулцгаадаг. Гэхдээ холбогдогч, гэрч нарын гарын үсгүүд зуруулаагүй тохиолдол байдаггүй, байлаа гэхэд шалгасан албан хаагчаар нь өмнөөс нь зуруулна гэж байхгүй, яагаад зуруулаагүй талаарх тэмдэглэл зэрэг үйлдүүлж авдаг . гэх мэдүүлэг /2хх 38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 2 дугаар Сарын 12-ны өдрийн “ ...Шинжилгээнд ЗТО-400 дугаартай материалын 18 дугаар хуудасны арын нүүрэн дэх болон 19 дүгээр хуудсан дахь Д.Батжаргалын гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Батжаргалын гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй...” гэх №711 дугаартай дүгнэлт /1хх 95-99/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн ЗТО-400 гэж хаягласан хавтаст материалын 18, 19 гэж дугаарласан хуудсуудад авагдсан баримтуудын “Д.Батжаргал” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Дын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий бүтцээрээ тохирохгүй байна гэх №1284 дугаартай дүгнэлт /1хх 135-140/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн үйл баримтуудаас дүгнэвэл шүүгчийн захирамжид “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хуурамч гарын үсгийг хэн зурсныг тогтоолгох, Төгсбаяр зурсан байж болзошгүй байдлыг шалгаагүй талаар мэтгэлцэж оролцсон ба нэгэнт хуурамч гэж тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, хэний гарын үсэг болохыг тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэв...” гэж дүгнэсэн атлаа “Ч.Дын яллагдагчаар өгсөн “...Батжаргалын талаас наадахынхаа оноог битгий хасаач ээ, тэртэй тэргүй хохирлыг барагдуулах юм чинь яах юм бэ гэх зэргээр холбогдож ярьж байсан үнэ байгаа” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар хүн ярьсан” гэх мэдүүлэг зэргийг шалгах шаардлагатай, хэдийгээр Ч.Дт нөлөөлөөгүй боловч Д.Батжаргалын эрх ашгийн үүднээс түүний хүсэл зоригийг илэрхийлсэн байдал нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд анхнаасаа буруутай үйлдэл хийснээ зөвшөөрч байсан эсэх, хохирол төлөхөө илэрхийлж байсан эсэх нь тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ” гэсэн нь ойлгомжгүй, тухайн этгээдийг олж гэрчийн мэдүүлэг авах нь дээрх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3007 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ. ...” гэж заасны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Батжаргалын мэдүүлэг зэргээс үзэхэд зөрчил гаргасан нь тогтоогдсон болохоос биш Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Дын гарын үсэг биш гэдгийг тогтоосон. ЗТО-400 материал нь Төгсбаяр гэх хүнээр дамжуулан прокурорт хүргэгдсэн. Төгсбаяр гэх хүн нь гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй гэх баримтуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн шатанд уг хэргийг хэн үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотлоогүй байгаа. Ч.Дын зүгээс Авлигатай тэмцэх газрын комиссар нөлөөлсөн гэж мэдүүлдэг. Зөрчлийн мэдэгдэх хуудыг torguuli.mn-ээр танилцуулж төлөх боломжтой байсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3007 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдсан гомдлыг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж дүгнэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, ...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзвэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хариуцлага хүлээлгэхээр байна.

 

Ч.Дыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутай эсэхийг прокурор яллах талын баримтыг, харин шүүгдэгчийг цагаатгах, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлийг өмгөөлөгч тус тус гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хуульд заасан зарчмыг баримтлан бодит байдлыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Ч.Дыг бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой бүхий гэж үзэхэд хүрвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх эсэх, харин ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэхээр байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Тухайн ажил үүргийг гүйцэтгэх эрх, үүрэг бүхий этгээдэд хэн нэгний санал болгосноор аливаа нотлох баримтыг хуурамчаар үйлдэх эрхгүй бөгөөд энэ ч үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульд хуульчилсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд прокурор Ц.Ганцэцэгийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Дт холбогдох эрүүгийн хэргийг  шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 угаар сарын 31-ний өдрийн 3007 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Дт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ч.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ