Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

 

 

 

   2025         01         21                                     2025/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн 8 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Ххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Элжгэнжумаа овогт Галбадрахын Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Эийг хххх цагийн үед согтуугаар Ххх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххх гэх хоолны газарт хохирогч Э.Бтой үл ойлголцон хаалгаар гарахдаа мөргөлөө гэх таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Э нь хххх цагийн үед согтуугаар Ххх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Бтой үл ойлголцон түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн ххх дугаар тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02-13/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/,

Согтуурусан мансуурсан хүнийг саатуулах тогтоол, илтгэх хуудас /хх-ийн 16-17/,

Орчуулагч /хэлмэрч/ томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26/%

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 47/,

 

Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие хххөдөр ах Бтэй орой 21 цагийн орчимд Ххх дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах “Хххх” гэх лоунжид ороод 750 граммын савлагаатай нэг шил архи уусан. Бид хоёр гарч явахад хаалганы хажууд 2-3 эрэгтэй хүн зогсож байсан. Би тухайн эрэгтэйд зөрөөдөхье гэж хэлээд хажуугаар нь гарах гэхэд урд талаар ороод мөргүүлээд унасан. Би учраа олъё гэж бодоод уучлаарай гэж хэлтэл барилцаж авсан. Тэр үед нөгөө залуу намайг цохиод авсан. Түүний дараа араас хоёр залуу гарч ирээд нийлээд намайг зодсон. Ах Б салгах гэж ороод хамт зодуулсан. Бид хоёр зодуулж байгаад дотор ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөч гэж бармен эмэгтэйд хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагч нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“хххөдөр Ххх дүүргийн 07 дугаар хороо Хххх дотор зодоон болоод байна гэх дуудлагын дагуу Би ххх хамт очсон. Очиход ххххтэй иргэн Э нь Б гэх залууг нүүрэн тус газар цохиж байсан. Түргэн шуурхай очиж Э гэгчийг салгаж тусгай хэрэгсэл хэрэглэж эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан. Э зодуулсан Быг архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нөхцөл байдалтай байсан. Хамт байж байсан найз гэх Бд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...22 цагийн үед хэсэг ххххтэй хүмүүс гадаа тамхи татаад байсан. Удалгүй тухайн хүмүүс гаднаас орж ирээд маргалдаад байсан. Тэгсэн тэр Б гэх эрэгтэй эд нартай хэл амаа ололцохгүй юм байна гээд хашхираад цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгсэн нэг ххххтэй залуу нь шууд Б гэх залууг цохисон. Тэгсэн Б гэх залуу өө, та нар харж байна уу дахиад намайг цохиод авчихлаа цагдаа дуудаад өг гээд орилоод байхаар нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн хххх дугаар:

Э.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, эрүүнд цус хуралт, дух, барун хөмсөгт шарх, дух, зүүн хацар, зүүн болон баруун өвдөгт зулгаралт, зүүн талын завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шинжээч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Бын биед учирсан хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтэл нь хөнгөн зэрэгт, эрүүний зүүн хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

Шүүгдэгч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Ххх дүүргийн 7 дугаар хороо Хххх гэх ресторанд 3 найзын хамт пиво уугаад сууж байсан. Манай 2 найз тамхи татах гээд гараад явсан.Тэгсэн тухайн газрын зөөгч нь ирээд танай 2 найз чинь гадаа хүмүүстэй маргалдаад байна гэж хэлхээр нь би очоод салгах гэсэн чинь нэг эрэгтэй хүн нь шууд над руу нулимаад нэг удаа цохисон. Нөгөө залуу над руу дайраад байсан. Тэгэхээр би нэг удаа зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Эийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-52/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 68-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

Иймд шүүгдэгч Г.Эийг хохирогч Э.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, эрүүнд цус хуралт, дух, барун хөмсөгт шарх, дух, зүүн хацар, зүүн болон баруун өвдөгт зулгаралт, зүүн талын завьжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Э.Бод учирсан хохиррлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Г.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Гн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ