| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/00917/И |
| Дугаар | 155/ШШ2020/01125 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2020/01125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... дүгээр багийн ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух Шагдар овогтой Энхбаатарын Болормаа /..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух Онход овогтой Балжирын Нямбанзрагч /................/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Болормаа, хариуцагч Б.Нямбанзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч Б.Нямбанзрагчтай 2013 онд танилцаж үерхээд, бидний дундаас 2014 онд охин Н.Мөнххүслэн төрсөн. Ингээд бид 2014 оны 4 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж маргалдах болсноор бид 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.Энэ хугацаанд Б.Нямбанзрагч хүүхэдтэйгээ огт уулзаагүй, мөн өөр эмэгтэйтэй болж, дундаас нь хүүхэд нь төрсөн.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Мөнххүслэнг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү.Шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч бид эвлэрээгүй.Уг ажиллагаанд Нямбанзрагч ирээгүй.Тусдаа амьдарсан жилүүдэд нэг ч удаа надтай болон охинтойгоо уулзаж байгаагүй байж одоо салахгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бид тусдаа байгаад 4 жил болсон, цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Нямбанзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2013 оноос танилцан үерхээд, бидний дундаас 2014 онд охин Н.Мөнххүслэн төрж, 2014 оны 4 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан.Би Э.Болормаатай 2016 оны 7 сараас хойш уулзаагүй нь үнэн. Гэхдээ Э.Болормаатай уулзмаар байна гэж хэлж байсан. Намайг эхнэр, хүүхэдтэй болсон гэж тайлбарлаж байна. Ийм зүйл байхгүй. Бид ангийнхаа уулзалтан дээр муудалцаад, хадам ээжтэй буруу ойлголцсон.Би Болормааг оюутан байх хугацаанд охиноо хараад Э.Болормаагийн гэрт аав ээжтэй нь 3 жил амьдарж байсан.Бид тусдаа амьдраад 4 жил болсон гэдэг нь үнэн.Энэ хугацаанд эхнэр болон охинтойгоо огт уулзаж байгаагүй нь ч үнэн. Учир нь Болормаагийн ээж намайг дахиж хүүхэдтэй маань уулзуулахгүй, манай битгий ир гэж хэлсэн учир уулзаагүй юм.Боломжтой бол эвлэрэх хугацаа авмаар байна. Бид хоёрын хувьд болж бүтэхгүй зүйл байхгүй гэж бодож байна.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Болормаа нь хариуцагч Б.Нямбанзрагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №670100007 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид тусдаа амьдраад 4 жил өнгөрсөн бөгөөд бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Э.Болормаа, хариуцагч Б.Нямбанзрагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр охин Мөнххүслэн төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Э.Болормаа нь охин Н.Мөнххүслэнг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Нямбанзрагч зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Э.Болормаагийн асрамжид охин Н.Мөнххүслэнг үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн охин Н.Мөнххүслэнг эх Э.Болормаагийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Нямбанзрагч, эх Э.Болормаа нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж, Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Э.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, хүүхдийн тэтгэлэгт төлсөн 34.214, нийт 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр охин Н.Мөнххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Нямбанзрагч төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Мөнххүслэнд сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, нийт 104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар суух Онход овогтой Балжирын Нямбанзрагч /..................... суух Шагдар овогтой Энхбаатарын Болормаа /................/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Мөнххүслэнг төрсөн эх Э.Болормаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Мөнххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Нямбанзрагчаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Нямбанзрагч, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Болормаа нарт тус тус даалгасугай
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ