| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 197/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Тогтох,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Хохирогч, шүүгдэгч Б.Х,
Шүүгдэгч М.Т, тэдний өмгөөлөгч Б.Энхболд /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Ххххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, М.Т нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь согтуурсан үедээ хххххшөнө 02 цагийн орчим Ххххх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ххххх худалдааны төвийн 2 давхарт хохирогч Б.Хтай маргалдаж толгой хэсэг рүү архины шилээр цохиж улмаар биеийн зүүн зулайн хуйханд няцарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ хххххөдөр Ххххх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ххххх худалдааны төвийн 2 давхарт хохирогч Б.Хххххтэй маргалдаж “шилэн стакан шидэж” улмаар бие зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугаарал, зөөлөн эдийн няцрал, зүүн, дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, дээд, доод зовхи, хацарт зүсэгдсэн, шарх, зулгаралт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ххххх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х, М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Х, М.Т нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус бүрдээ үйлдсэн гэм буруутай болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 5/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас /хх-н 6-7/,
Хохирогч Б.Хххххгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би тэр залууд хандан "Өрөө андуурч орж болохгүй ээ, уусан идсэнээ зөв шингээ" гэж хэлчихээд өрөөрүүгээ хартал, махлагдуу байрын бор залуу манай өрөө лүү орж явсан. Би тэр бор залууд хандан "боль", "наадах руугаа орж яах гээд байгаа юм" гэж хэлэхэд "Би яасан юм" гэх мэтийн зүйл яриад ноцолдож эхэлсэн. Хэн түрүүлж хэнийгээ цохисныг мэдэхгүй байна. Түүнийг камер л мэдэж байгаа байх. Манай эхнэр намайг татаад өрөө рүү оруулаад байж байтал, толгойгоо хагалсан өндөрдүүхэн залуу нь орилоод ороод ирсэн. Тэгээд баахан бужигнаан болоод зодолдоод юу болсныг сайн санахгүй байна. Манай эхнэр найзынхаа хамт биднийг өрөөндөө оруулаад өрөөний хаалга гаднаас нь дараад биднийг гаргаагүй ээ. Тэгтэл тэр 3 залуу хоорондоо зодолдсон, буйдан авж манай өрөөний хаалга руу шидсэн. Манай эхнэрийг тэр толгойгоо хагалсан залуу цустай гараараа алгадсан. Караоке ажлуулдаг залуу ирээд "Болиорой" гэж хэлэхэд үл таних 3 залуу нийлээд тэр үйлчлэгч залууг хөөгөөд зодож эхэлсэн. Манай эхнэр очиж салгасан. Бид дахиж хоорондоо зууралдаад салаад өрөөндөө ороход тэр толгой нь хагархай залуу 250 грамм орчим хэмжээтэй, вискины хундага аваад над руу шидээд миний зүүн нүдний зүүн доод хэсэгт оноод хагараад надаас цус гарч эхлээд байж байтал төд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,
Хохирогч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн:
...Тэгээд бид гурав Ххххх нэртэй 0.7гртай шилтэй виски ууж дуусаад Хххххан залуусын караоке ороод ганц шил юм уучаад гэр лүүгээ орьё гэж ярилцаад хххххшөний 00 цаг 30 минутад хххххан залуусын пабад ороод Ххххх 0.7 гр-тай виски захиалаад зааланд уугаад сууж байхад хэсэг хугацааны дараа М хажууд байхгүй байхаар нь Мтай, Мын талаар яриад сууж байхад хажуу талын караоке өрөөнөөс М гарч ирээд хажууд сууж байтал нойлоос 4 залуу ирээд “Юу хэлснийг санахгүй байна” миний толгой хэсэг лүү нэг эмэгтэй хүн архины шилээр цохьсон. Тэгсэн миний толгойноос цус гараад байж байхад хажуу талаас тухайн пабын зохион байгуулагч гэх нэг залуу ирээд намайг бариад чи тайван бай гээд зогсоод байсан.Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна.
Би ширээнийхаа хажууд сууж байхад нэг эмэгтэй толгой луу архины шилээр цохьсон яг ямар хүн гэдгийг би харж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 16/,
Гэрч М.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... бид 3 Ххххх дүүргийн 21-р хороонд байрлах Ххххх худалдааны төвийн 2 давхарын пабд орж үйлчлүүлсэн. 0.7 литрийн Б виски захиалж уусан. Манай үеэл дүү караоке өрөө рүү нь 2-3 удаа орж гараад байсан. Тэгээд би яах гээд байгаа юм болиоч танихгүй хүмүүс рүү битгий ороод бай гэж хэлсэн. Тэгээд ууж байсан виски дуусаад явах гэтэл дүү байхгүй болохоор нь тэр өрөөнд байгаан болов уу гэж бодоод тэр караокений өрөө рүү шагайтал араас нэг залуу хөөш чи яах гээд байгаан гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө маргаан болж эхэлсэн. Тэгээд маргалдаж байх хооронд намайг нэг хүн тухайн пабын эзэн 2 намайг түлхэж салгасан. Тэгээд бид нар бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор маргалдаад сүүлдээ зодоон болох шинжтэй болсон. Тэгээд зодоон болоод байж байхад цагдаа ирсэн.
Б.Х тухайн өрөөний хаалга руу 2 удаа шилэн стакан шидсэн. 1 нь ханан дээр хагарах шиг болсон. Нөгөө шидсэн хундага нь хаалга руу шидэгдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Т.Уийн мөрдөн байцаалтад өгсөн:
...удалгүй хамт явж байсан нэг залуу манай өрөө рүү шагайгаад байж байтал манай нөхөр Ххххх цаанаас нь чи наад өрөөрүүгээ орж яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд маргалдаад эхэлсэн. Тэгээд маргаан сүүлдээ зодоон болсон. Тухайн зодооны явцад манай нөхөр Ххххх 2 хүнтэй зодолдоод нэг нь дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд тухайн пабны эзэн, би 2 эмэгтэй найзын хамт салгасан. Тэгээд салгаад би өөрийн найзуудаа өрөөрүүгээ түлхэж оруулаад эргээд хартал нэг бараан хувцастай залуу нь толгой хэн хагалчих ваа гээд орилоод намайг алгадаад, буйдан авч шидээд, өрөөний хаалга цөм цохиод байсан. Тэгээд тухайн пабын эзэн тэр 3 залууг түлэхээд холдуултал түүнийг тэд нар зодож эхэлсэн. Тэгээд тэр эзэн нь зугтаад гараад явсан. Тэгээд манай найзууд өрөөнөөсөө гарч ирээд дахин зодолдож эхэлсэн. Тэгээд буцаагаад найзуудаа өрөөрүүгээ түлхээд оруулж байтал тэр 3 залуугийн бараан хувцастай залуу нь шилэн стакан шидээд байсан. Тэгээд юу болов гээд эргээд өрөөрүүгээ хартал манай нөхөр үүдэнд нь цустайгаа холилдчихсон тонгойгоод байж байсан. Тэгээд цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ххх дугаартай:
Б.Хын биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ххх дугаартай:
Д.Хххххгийн биед зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хурал г, зүүн дээд, доод зовхи, хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэпээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...саарал өнгийн фудволк, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Б.Х/ сууж байна. ...ВИП өрөөний үүдэнд 2 хүн маргалдаж, хоорондоо зодолдож зодоон эхэлж байна. ...цагаан цамц хар өмдтэй эмэгтэй хүн /М.Т/ архины шил барин саарал фудволк, саарал өмдтэй эрэгтэй хүний /Б.Х/ толгой хэрэгт цохиж байна. ... саарал фудволк, саарал өмдтэй эрэгтэй хүн /Б.Х/ тухайн ВИП өрөөний хаалга чиглэл рүү ямар нэгэн зүйл шидэж байна..” гэх тэмдэглэл, зураг /хх-н 44-46/,
Шүүгдэгч М.Тийн “... гэм буруу дээр маргаангүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд санал хүсэлт байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 100/,
Шүүгдэгч Б.Хын “... гэм буруу дээр маргаангүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд санал хүсэлт байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /101/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77-86/,
М.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87-94/ зэрэг нотлох баримтууд,
Хохирогч нарын хэргийн материалтай танилцахдаа гаргасан “сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-н 95-97/-г шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Ххххх дүүргийн прокурорын газраас Б.Х, М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ххххх, Б.Х, гэрч Т.У, Б.Нямаа, М.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, өөрсөддөө холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.Х, М.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Тийн хохирогч Б.Хын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,
Шүүгдэгч Б.Хын хохирогч Б.Хххххгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Ххххх, Б.Х нарт хх өдөр хэргийн материалыг танилцуулахад “... сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, гомдол санал байхгүй, санал хүсэлт байхгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, мөн хохирогч Б.Хххххд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар гаргасан, хохирогч Б.Х нь шүүх хуралдаанд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” болохоо тайлбарласан зэргийг үндэслэж шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Х, Х овогт Мийн Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, М.Т нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ