| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01379/И |
| Дугаар | 155/ШШ2020/01154 |
| Огноо | 2020-06-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2020/01154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/01379/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын :.... дугаар багийн ............ тоотод оршин суух, Харчин овогт Адъяасүрэнгийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......дугаар багийн ........... тоотод оршин суух, Боржигон овогт Шийлэгпагмын*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ш.Шийлэгтөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Адъяасүрэн овогтой ******* нь*******тэй 2015 онд танилцаж, дотносон, 2016 онд гэр бүл болж 2016 оны 07 дугаар сарын 08-нд хүү Ш.Бат-Эрдэнийг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд******* нь архи ууж, агсам тавьж үргэлж сэтгэл санааны дарамтанд оруулж писи тоглоом эргүүлж яваад гэртээ бараг ирдэггүй байсан ба салахаас өмнө байнга архи ууж, зодож, цаг үргэлж хэрэлдэж таардаггүй байсан. 2018 оны 6 дугаар сард намайг шүүх рүү дагуулан явж эвлэрүүлэн зуучлах төвөөс гэрлэлтээ салгасны дараа яваад эргэж ирээгүй. Мөн холбоогүй болсон. Түүний дарамттай байдал нь үргэлж сэтгэл зовоож, хүүгийн минь хүмүүжилд маш муугаар нөлөөлж ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдээ өөрийн асрамжиндаа авч эцэг*******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй. гэжээ.
Хариуцагч Ш.Шийлэгтөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Шийлэгтөмөр нь А.*******тай 2015 онд хайр сэтгэлийн улмаас гэр бүл болсон. Бидний дундаас хүү Ш.Бат-Эрдэнэ төрсөн. Бид 3 хамт амьдрах хугацаанд миний бие эцэг хүний үүргийг сайн гүйцэтгэж хань А.*******д халамжтай сайн хань байж бид маш аз жаргалтай сайхан амьдарч байсан. Бид хамтдаа нэг гэр бүл болж амьдарч байх хугацаанд миний бие Ш.Шийлэгтөмөр нь хоёр ажил зэрэг эрхлэн хөдөлмөрлөж ар гэр ахуй амьдарлаа онц сайн авч явдаг байсан. Үүнд:
Хөвсгөл Эрчим хүч ХХК-д IT инженер, Хадам аав болох н.Адъяасүрэнгийн Овоо нам ХХК-д бүх ажлыг хийж хадмууддаа маш их тус болдог байсан.
Хоёр ажил давхар эрхэлж байснаас улбаалсан сөрөг нөлөө нь гэр бүлдээ зарцуулах цаг хуацаа бага хагас, бүтэн сайн өдөр ажиллаж, заримдаа шөнө дунд хүртэл ажилладаг байсан. Зарим үед хөдөө томилолтоор явдаг байсан. Нэхэмжлэлд бичсэн зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид жижигхэн зүйлээс болж маргалдан 2 тусдаа амьдрах болсон. 2 тусдаа амьдрах энэ хугацаанд эхнэр болон хүүтэйгээ уулзах хүсэлтэй байсан ба хадам аав, ээж уулзуулахгүй байсан. Үүний тод жишээ нь 2 тусдаа амьдарч эхэлсний дараа эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэж Улаанбаатар хотоос Мөрөн сум руу очсон. Энэ хугацаанд хадам ээж бид гурвыг уулзуулахгүй байсаар байсан ба уулзах гэхээр аашилж загнаж байсан. Би Мөрөн суманд 7 хоноод аргагүй эрхэнд уулзаж чадалгүй Улаанбаатар хот руу буцсан. Энэ бүхний гол шалтгаан нь хадам аав, ээж болох н.Адъяасүрэн, н.Оюунчимэг нар нь бидний хүү Бат-Эрдэнийг өргөж авах хүсэлтэй байсантай холбоотой. Үүнийг миний бие зөвшөөрдөггүй байсан. Удаа дараа өргөж авах гэж оролдсон. Үүнээс болж эхнэр бид хоёрыг хооронд нь байнга муудалцуулдаг байсан. Сүүлдээ миний жижигхэн алдааг далимдуулан намайг гэрээс минь хөөсөн. Тиймээс би эхнэр болон хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдрах хүсэлтэйгээ хэлэхэд эхнэр хүүхдийг минь явуулаагүй . Би эхнэр хүүхэддээ гар хүрч, зодож дарамталж байсан удаа байхгүй гэдгийг албан ёсоор мэгдэж байна. Эхнэр, хүү бид 3 эвтэй найртай сайхан амьдарч байсан. Иймээс миний бие Ш.Шийлэгтөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ш.Шийлэгтөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000124 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ш.Шийлэгтөмөр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү Боржигин овогт*******ийн******* төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч А.******* нь хүү Ш.Бат-Эрдэнийг өөрийнхөө нь асрамжид авах, эцэг нь хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй байна.
Хүү Ш.Бат-Эрдэнийг эх А.*******ын асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ш.Шийлэгтөмөр, эх А.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хүү Ш.Бат-Эрдэнэд сар бүр эцэг Ш.Шийлэгтөмөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж тус тус заасан байх тул хариуцагч Ш.Шийлэгтөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 102.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлэх хугацаанд хариуцагч Ш.Шийлэгтөмөр, нэхэмжлэгч А.******* нарт эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар .................. Харчин овогт Адъяасүрэнгийн *******, регистрийн дугаар ............, Боржигин овогт Шийлэгпагмын******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ16270818, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт*******ийн Бат-Эрдэнийг эх А.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ....................., 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт*******ийн Бат-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Шийлэгтөмөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Ш.Шийлэгтөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 102.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА