Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

 

 

 

   2025        02           24                                     2025/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч З.Ч, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Зийн Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Чийг “Хххх улс руу явах виз гаргуулж өгнө” хэмээн итгүүлэн, иргэн Д.Хийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар хххөдөр Ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Д.Хээс виз гаргуулахаар өгсөн нийт 10,200,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ххх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн   дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

            Шүүгдэгч З.Ч нь Ххх дүүргийн 03-р хорооны нутаг дэвсгэрт хххөдөр Д.Хийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хххд Ххх дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххх” зочид буудалд үйлчлэгчээр ажилд орсон юм. Тухайн үед тогооч хийж байсан Ч гэх эмэгтэй эгчтэй танилцаж байсан. Ингээд ажлын цайны цагаар хамт хоол идэж байх хоорондоо “визний асуудал” ярьж байгаад тухайн Ххх эгч “надад виз гаргадаг хүн танина, асуудалгүй гаргадаг ойрын хугацаанд 40 гаран хүн гаргана, 1 хүний 3,400,000 төгрөг болно" гэхээр нь би ар гэрийнхэнтэйгээ ярилцаад нөхөр болон найз Ггийн хамт бид 3 нийлээд 10,200,000 төгрөг болгоод Ххх эгчид хэлэхэд “9 сард хүмүүс явна мөнгөө бэлнээр өгөөд бичиг баримтаа хамт өгнө” гэж хэлсэн. Ингээд би ххххөдөр Ххх дүүргийн 3 дугаар хороо Ххх буудал буюу ажил дээрээ очиж Ххх эгчид мөнгө болон бичиг баримтаа бор цаасанд хийж өгсөн. Ингээд хэлсэн хугацаа буюу 09 дүгээр сард асуухад болоогүй байна гэхээр нь хамт ажилдаг байсан учраас итгээд хүлээсэн. Ххх эгч залгаад “лавлагааны 70,000 төгрөг миний хххх дугаартай данс руу шилжүүл” гэхээр нь тухайн данс руу шилжүүлсэн. Ингээд ххх сард Ххх эгч залгаад “орчуулгын мөнгө хэрэгтэй Б гэх хүний хххх банкны ххх дугаартай данс руу 211,500 төгрөг шилжүүлээрэй” гэхээр нь тухайн хэлсэн данс руу шилжүүлсэн. Тухайн үед виз яасан юм бол гэхэд “барилга барьж байгаа шинэ ажилчид авна хүлээж бай" гэж хэлж байсан. Ингээд манай найзын бие муудаад виз гарахгүй бол мөнгөө авъя гээд тухайн хүнээс мөнгөө авахаар залгаж асуухад “манай зуучлалын газар мөнгө орж ирэхгүй байна ирэхээр нь өгнө” гэх мэтээр худал хэлсээр өнөөдрийг хүрч байна.

... Нөхөр бид 2 машинаа зараад манай найз өөрийнхөө мөнгийг олоод нийлүүлж 10,200,000 төгрөгийг ххххөдөр Ххх эгчид ажил буюу ххх хороо Ххх зочид буудалд бэлнээр өгсөн. ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...би тухайн хүнд өгсөн 10,200,000 төгрөгөө бүтнээр нь авмаар байна.” /хх-ийн 18-24/,

 

Гэрч И.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...манай эхнэр Х нь ххх сард “надтай хамт ажилдаг эгч маань Хххх руу хүмүүс гаргадаг туслаад гаргаад өгье гэнээ нэг хүний мянган доллар гэж байна хоёулаа бол 2,000 доллар болох юм байна” гэж хэлээд” би тухайн үед нь юм тоолгүй байж байгаад хөдөө ажпаасаа бууж ирээд эхнэртэй ярилцаж байгаад бид 2 виз гаргуулахаар болоод мөнгө хэрэгтэй болоод өөрийн унаж байсан ххххЕ улсын дугаартай Хххх гэх машинаа 8,950,000 төгөргөнд бодож ченжид өгсөн юм. Уг нь хэд хоног харж байгаад заръя гэхэд манай эхнэр “мөнгөө хурдан өгөх юм бол гарах юм байна” гээд яаруулаад байсан юм. Ингээд 8,950,000 төгрөгийг өөрийн Хххх банкны хххх гэх дансаар авч тухайн өдрөө Ч гэх хүний хххх дугаарын данс руу 6,200,000 төгрөгийг “орлого” гэх утгатай хххөдөр шилжүүлсэн. Ингээд маргааш өдөр нь визний материал бүрдүүлнэ гээд 230,000 төгрөгийг шилжүүлж авч байсан. ...тэрнээс хойш манай эхнэрээс бага багаар мөнгө нэхээд авч байсан. Тэгээд бид хоёрын виз гаргаагүй асуух үед удахгүй өгнө гэж байсан.” /хх-ийн 39-40/,

 

 - Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл /хх-ийн 11/,

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12-13/,

- Хохирогчийн мөнгө шилжүүлсэн тухай баримтууд /хх-ийн 42-47/,

- Шүүгдэгч З.Чийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 61-68/,

- Хохирол төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 117/,

 

Шүүгдэгч З.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би ххх онд хөдөө ажилаар явж байгаад хх гэх хүнтэй танилцаж байсан юм. Тухайн үед Д гэх хүн “би ххххын виз гаргадаг та хэрэгтэй үедээ холбогдоорой” гэж хэлж байсан юм. Би тухайн үед ххх гэх буудалд тогоочоор ажиллаж байсан юм. Ингээд манай буудалд 2020 онд шинээр үйлчлэгч гэх хүн Х гэх хүн ажилд орсон юм. Ингээд хамт ажиллаж байх хугацаанд Х “таньд виз гаргадаг хүн байна уу гэж асууж байсан” тухайн үед нь би Д гэх хүн рүү залгаад “манай ажлын газрын хүн нөхөрийн хамт Хххх гармаар байна гэж байна тийм боломж байна уу” гэхэд Д гэх хүн нь “болно би нэг хүний 3,800,000 төгрөгөөр гаргадаг юм танай ажлын хүн юм бол нэг хүний 3,200,000 төгрөг 2 хүний 6,400,000 төгрөгийг бичиг баримтын хамт надад өгчих” гэж хэлэхээр нь би Хт хэлсэн чинь зөвшөөрөөд Х тухайн 2 хүний мөнгөө бэлэн бичиг баримтын хамт өгөөд би Д гэх хүнтэй уулзаад тухайн мөнгө бичиг баримтыг нь өгсөн юм. Ингээд сар гарны дараа Х ахин холбогдоод “манай найз бас гарах гэсэн юм” гэхээр нь би “миний гаргадаг хүн нэг хүний 3,800,000 төгрөгөөр гаргадаг би ажлын газрын хүн гэж өмнө хямдруулсан” гэхэд Х нь тухайн явуулах гэж байсан найзынхаа 3,800,000 төгрөгийг бэлэн өгөөд мөн бичиг баримтын хамтаар надад өгсөн. Би өмнөх шигээ тухайн мөнгө бичиг баримтыг Д гэх хүнд уулзаад бэлнээр өгсөн юм. Ингээд тухайн өдрөөс хойш Д гэх хүн надтай холбогдохгүй таг болсон юм. Ингээд надад мөнгөө өгсөн миний хамт ажилдаг байсан хүмүүсээс санаа зовоод тухайн үед нь би гар утасаа хаяаад Д гэх хүний утасыг мэдэхгүй хэцүү байдалд орсон юм. Би одоог хүртэл Д гэх хүнийг олохгүй байгаа юм хохирол мөнгийг бүрэн барагдуулна.

...хххх дугаартай данс руу би өөрөө хүнд өртэй байсан тэгээд тухайн мөнгөө өөр хүний данс руу шилжүүлж тухайн өр зээлээ дарсан юм. Ингээд хххх болон хххх дугаартай данс нь миний данс би тухайн үлдэгдэл мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан юм. Хохирол мөнгөө төлж барагдуулна Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаао шийдвэрлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

 

Хохирогч Д.Хийн: “З.Чаас хохирол болох 10.200.000 төгрөгийг ххх өдөр бүрэн хүлээж авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбар /хх-ийн 118/,

Шүүгдэгч З.Чийн: “Яллагдагч З.Ч би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо бүрэн төлсөн. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 119/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч З.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай лавлагаа /хх-ийн 84-108/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч..., зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Ххх дүүргийн прокурорын газраас З.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч З.Ч нь иргэн Д.Хийг Ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа нь “хххх улс руу явах виз гаргуулж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ххх-ны өдөр 10.200.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, банкны хуулга болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч З.Ч нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч З.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 117-р хуудаст авагдсан банкны хуулгаар тогтоогдсон, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, яллагдагч зөвшөөрснөөр З.Чт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

            Шүүгдэгч З.Ч нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

            Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж торгох ялыг тухайн зүйл хэсэгт заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Зийн Чийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Чийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Чт оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч З.Ч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ