| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 02 12 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,
шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч М.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А.М-д холбогдох 0000000000 дугаартай 0 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт А.Мөнхтулга, 19.. оны 0 дүгээр сарын 00-ны өдөр ........ төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт 00 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, АА00000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч А.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг "Бригадын төв" гэх газрын ойролцоо шороон зам дээр 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д ...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..." гэсэн заалтыг зөрчиж онхолдсоны улмаас зорчигч М.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Хэргийн үйл баримт ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч А.М нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг "Бригадын төв" гэх газрын ойролцоо шороон зам дээр ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Н-ийн амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-“Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг, Бригадын төв гэх газар тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
-А.М-ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танил дүү болох хуурай дүү лам Б Улаанбаатар хотоос манай гэрт ирээд бид нар ярьж хөөрч байгаад Б бид хоёр хувааж уугаад талдаа орж байтал манай нутгийн залуус А, Н хоёр мал хайж яваа гээд манайд ирээд бид нар дахиад тал шил архи хувааж уугаад гадуур явж байгаад орж ирсэн чинь нөгөө хэд самбартын гуанз руу архинд явна, бензин тос авна гээд явахаар болсон байсан. Бид нар хөдлөх гэж байгаад би Б-ын эзэмшлийн ...... улсын дугаартай .... маркын тээврийн хэрэгслийг жолоодоод Б миний хажууд урд суудалд суугаад А, Н хоёр хажууд нь суугаад 16-17 цагийн үед манай гэрийн гаднаас хөдлөөд явж байгаад удаагүй 1 км орчим яваад машинтайгаа онхолдож, машин хөрвөөгөөд босох үед нь бид нар тээврийн хэрэгслээс буухад эхнэр М.Н-г машины хойд талд дээшээ харсан хэвтэж байсан. Очоод дуудтал ямар нэгэн хариу үйлдэл байхгүй нүүр нь хөхөрсөн байсан. Би тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-124-125/,
-гэрч Б.Н-ын өгсөн: “...М-ын гэрт ирэхэд М эхнэртэйгээ болон танихгүй лам гээд нэг залуу хамт тэр гурав 1 шил архи уугаад дуусч байсан. Тэр архинаасаа бид хоёрт хийж өгөөд нөгөө архиа ууж дууссан. Тэр үед талийгаач тал шил архи гаргаж ирээд бид нар хувааж уугаад байж байтал лам гээд байгаа хүн нь А бид хоёрыг Баян-Өнжүүл юм уу самбартын гуанз руу архинд яваад өг гээд гуйгаад байхаар нь үгүй ээ бид хоёр явлаа гэхэд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд А бид хоёр сүүлдээ зөвшөөрөөд хамт явахаар болоод гэрийн гадаа байсан саарал өнгийн приус 20 маркын машинтай явах гэтэл М ах А-т машинаа өгөхгүй өөрөө жолооны ард суусан. Жолоочийн хажуу урд талын суудал дээр лам, би хойд голын суудал дээр суугаад машины зүүн хойд талын суудалд талийгаач, баруун хойд талд нь А суугаад машиныг М ах жолоодоод бид нар самбартын гуанз руу хөдлөөд удаагүй 1 км орчим яваад юу юугүй машин дайвалзаад онхолдсон. Машин 2 удаа хөрвөөх шиг болсон. Машинаас яаж гарснаа ч мэдэхгүй, нэг мэдсэн машины гадна гарсан байсан. Талийгаач машины хойд талд дээшээ харсан хэвтэж байсан. Осол болох үед маш их хурдтай явж байсан. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Жолоочийн хажууд сууж байсан лам гэх залуу суудлын бүсээ зүүсэн байсан. Харин бусад нь бүсээ зүүгээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-28-29/,
-гэрч Ц.Б-ын өгсөн: “...Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирээд 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багт байх хуурай ах эгч болох М ах, Н эгч хоёр дээрээ очоод ярьж хөөрч суугаад 2 шил тал архи уусан. Архи ууж байхад М ахынд нутгийн хоёр залуу ирсэн. Бид нөгөө хоёр шил тал архийг хувааж уугаад архи дуусаад ирсэн 2 залуугийн 1 залуу эрүүл байсан учраас машин жолоодоод Төв аймгийн Баян-Өнжүүл сум юм уу эсвэл самбартын гуанз ороод өг гээд нөгөө залуугаар машин жолоодуулах гэтэл М ах би жолоодно чи буцахдаа жолоод гээд ...бид нар ...... улсын дугаартай ....... тээврийн хэрэгсэлтэй М ахын гэрээс гараад дөнгөж 1 км орчим яваад машин онхолдож эргэсэн. Нэг мэдсэн би машинаас гараад ирсэн байсан. ...Н эгч машины хойно дээшээ харсан хэвтэж байсан. М ах Н эгчийг барьсан, толгойг нь түшсэн сууж байсан. Бид нар сандралдаад түргэн дуудаад Н эгчийг өнгөрсөн байна гэсэн. М ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэлээн хурдтай явж байсан. Машин гэнэт мурилзаад явчихсан. Би сайн мэдэхгүй байна. Би суудлын бүс зүүсэн. Бусад нь зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. .... улсын дугаартай ...... маркын тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-31-32/
-гэрч Н.А-ын өгсөн: “...М ахын гэрт байсан лам гэх хүн намайг чи машин бариад Баян-Өнжүүл сум юм уу Самбартын гуанз яваад өг гээд байхаар нь би явахгүй гэж байгаад гуйгаад байхаар нь тэгье гээд явах болсон чинь М ах жолоочийн суудалд суугаад би одоо бариад явчихъя чи ирэхдээ бариад ир гэхээр нь гайгүй байгаа юм байх гэж бодоод тоогоогүй. ...М ахын гэрээс хөдлөөд 1 км орчим яваад нэг мэдсэн машин онхолдож хэд хэд эргэлдсэн. Миний толгой манараад хэсэг шоконд ороод нэг мэдсэн машинаас буучихсан М ахын эхнэр машины ард хэвтсэн, М ах хажууд нь сууж байсан. М ахын эхнэр нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-34-35/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .... дугаартай “Амь хохирогч М.Н-ийн... баруун чамархайгаас дээрээс доошоо, гаднаас дотогшоо чиглэлээр суурь ясны баруун их далавчийг хамарч, турк эмээл хүрсэн шугаман хугарал. Дагз ясны дотор төвгөрөөс дээрээс доошоо, хойноос урагшаа чиглэлээр дагз ясны дотор хянганын зүүн талаар хайрс хэсгээр үргэлжлэн суурь ясны зүүн их далавч хүрсэн шугаман хугарал. Их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд аалзан хальсан доорхи цус харвалт. Бага тархины дээд гадаргад аалзан хальсан доорхи цус харвалт. Бага тархины зүүн тал бөмбөлгийн няцрал. Баруун талын 3, 4, 5 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал. Баруун талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганууд суганы арын шугамаар хугарал. Зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганууд багана нурууны хажуугийн шугамаар хугарал. Дэлүүний няцрал, задрал. Хөнгөн зэргийн согтолт. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-63-67/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай “А.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-46-47/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай “Ц.Б-ын биед хохирлын зэрэг тогтоохгүй зүүн хөлийн тавхайд шарх, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-46-47/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай “Н.А-ын биед хохирлын зэрэг тогтоохгүй баруун мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-55-56/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай “Б.Н-ын биед зүүн мөр, дух, баруун хацар, хамар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-59-60/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .... дугаартай “Б” гэсэн хаягтай цус, “Н” гэсэн хаягтай цус, “М .. нас” гэсэн хаягтай цус, “А .. нас” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-82-83/,
-2024 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 0000 дугаартай “Хэргийн материалтай танилцахад ... маркын ....улсын дугаартай автомашины жолооч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч ...замын болон ...хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд хэрэглэж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын гадаргуугын байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-106-108/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20/, хүний биеэс дээж авсан тэмдэглэл /хх-78-81/, шүүгдэгч А.М-ын иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-128, 130-133/ зэрэг нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.У: “...шүүгдэгч А.М нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг "Бригадын төв" гэх газрын ойролцоо шороон зам дээр .... маркын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д ...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..." гэсэн заалтыг зөрчиж онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, драгейр багаж үлээлгэж, амьсгал дахь спитрийн агууламжийг тогтоосон тэмдэглэл, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байна. А.М-ын цусанд спиртийн агууламж илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдлыг нотлоход онцгой ач холбогдолтой хэрэгсэл биш. Шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тал бүрээс нь харьцуулсны үндсэн дээр тухайн үйл баримтыг нотлон тогтооно гэж заасан байдаг...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө: “Миний үйлчлүүлэгч А.М нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч 2001 онд жолооч болж байсан. Жолооны үнэмлэхийн лавлагаа хэрэгт байгаа. Сумын эрүүл мэндийн төвд 20 гаруй жил жолооч хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бол Эрүүл мэндийн газар жолоочоор авахгүй байх байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэдэг нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлын баримтуудаар тогтоогдож байна. Гэрч А болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй талаар мэдүүлдэг. Улсын яллагч согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисыг шалгаж тогтоох Эрүүл мэндийн сайд, хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан драгейр багажаар үзсэн тэмдэглэлийг үндэслэж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа тухайн багаж нь стандартын шаардлага хангасан эсэхийг хавтаст хэрэгт хавсаргах ёстой. Хэзээ шалгасан гэдэг нь тодорхойгүй. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэдэг. Шүүгдэгч тухайн өдөр шалгасан гэдэг. Хавтаст хэргийн 17 дугаар талд байгаа тэмдэглэл шаардлага хангаагүй, засвартай штриктсэн. 18 дугаар талд фото зураг авч байгаа атал видео бичлэгээр баталгаажуулах ёстой. Гэтэл энэ журам хангагдаагүй. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүний биеэс биологийн дээж аваад шинжилгээ хийгдсэн. Шинжилгээний хариу 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарахдаа А.М-ын цусанд спирт илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулна. Хэрвээ боломжгүй бол дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулна гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдсон. Харин шүүгдэгч согтуу байсан уу, үгүй юу гэдэг нь тогтоогдохгүй байна. Эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А: “Хэлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэх тайлбарыг,
Иргэний хариуцагч Ц.Б: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг "Бригадын төв" гэх газрын ойролцоо шороон зам дээр 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ... маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч М.Н-ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон нь уг зүйл хэсэгт заасан “хүний амь нас хохирсон” хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн шүүгдэгч А.М-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Ө маргадаггүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг боловч, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч,
Шүүхийн мэтгэлцээнд улсын яллагч Э.У: “шүүгчдэгч А.М-ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг хэрэгт авагдсан гэрч А нарын мэдүүлэг, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcotest AL7510 гэх багаж ашиглан шалгахад 1.43 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Цусны дээжид хийсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө: “Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бол цусны дээжээр шинжилгээ хийнэ гэж заасан. Ямар багажаар шалгасан нь тодорхой бус амьсгал дахь спиртийн агууламж шалгасан гэх баримтаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “согтуурсан үедээ“ үйлдсэн гэх хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй” гэж тус тус маргасан.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эсм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3635 дугаарт бүртгэгдсэн байна.
Тус журмын 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж ашиглана”, 1.5-д “Цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн мэргэжилтэн нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө шалгуулагч этгээдэд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж, дуу, дүрс бичлэгээр баталгаажуулна”, 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж журамлажээ.
Хэрэгт авагдсан 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-д ослын газарт А.М-ыг “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг баримтлан /Alcotest AL7510 гэх мэт/ багаж ашиглан шалгахад 1.43 хувь тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэж тусгасан байх боловч мөрдөгч нь шалгах ажиллагааг явуулахдаа “Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж ашиглана” гэсэн шаардлага хангасан болохыг нотлох баримтыг үйлдээгүй, хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан гэрэл зургийг холбогдох хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.
Дээрх журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж зааснаар шинжээч томилж, цусны дээжид шинжилгээ хийлгэхэд гарсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4090 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Б” гэсэн хаягтай цус, “Н” гэсэн хаягтай цус, “М 00 нас” гэсэн хаягтай цус, “А 00 нас” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-82-83/-ийг,
гэрч Б.Н-ын “...М ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэгээд нилээн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,
гэрч Ц.Б-ын “...М ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэгээд нилээн хурдтай явж байсан машин гэнэт мурилзаад л явчихсан би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-32/
гэрч Н.А-ын “...М ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэгээд нилээн хурдтай явж байсан нэг мэдсэн машин дайвалзаад бөмбөрөөд хөрвөөсөн. Яг юунаас болж осол гарсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-35/,
А.М-ын яллагдагчаар өгсөн “...Тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгчдэгч А.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “Би маш их буруутай. Би тухайн үед согтуу байгаагүй. Ханийгаа алдаад, үр хүүхдүүдээ өнчрүүлсэн. Миний буруу” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэх тайлбараар үндэслэл болгон хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шалган тогтоох ажиллагааны үр дүнд “согтуурсан” хувь хэмжээг тогтоосноор тус зүйлд заасан хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч А.М-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэж “хүндрүүлэх” нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүгдэгчид ашигтайгаар хөнгөрүүлэн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэл бий болж байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.М-ыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч А.М-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.У: “...гэм буруугийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг шүүх өөрчилж байх тул шүүгдэгч А.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах бүсийг түүний оршин суугаа газар болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Энэ хэрэгтээ шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хураасан зүйлгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө: “Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах саналд хэлэх зүйлгүй. Түүний хувийн байдал болох насанд хүрээгүй нэг хүүхдээ асарч байгаа. Тухайн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгчдэгч А.М эцсийн мэдүүлэг өгөхдөө: “Би маш их буруутай. Миний ялыг бага ч болов хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
“Тус багийн малчин А.М нь ам бүл 2. Тус багт оршин суудаг нь үнэн“, “Тус багийн малчин А.М нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 2, хонь 45, ямаа 34, бүгд 81 мал тоолуулсан болно” гэх ... Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн... дугаартай тодорхойлолтууд /хх-155-156/,
А.М-ын Төрийн банк дахь харилцах дансны хуулга /хх-158-157/,
“.... ажиллаж байсан А.М-ын ажил байдлын тодорхойлолт /хх-157/,
-хувийн байдлыг тодорхойлох гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хөрөнгийн лавлагаа /хх-167-169/,
-2007 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай хүү М.З-ийн “Оюуны хөнгөн хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй” гэх сэтгэцийн эмчийн тодорхойлолт /хх-170/,
А.М-ын эрүүл мэндийн хяналтын хөтөч карт /хх-171/ зэргийг шүүхэд ирүүлсэн.
Мөн шүүгдэгч А.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдон тогтоогдсон. /хх-128/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.М-ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.М-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч А.М-ын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрх бүхий этгээдүүд мөнгөн хэлбэрээр шаардаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй,
улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад саад болох нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
А.М-ын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг дэвсгэрээр тогтоож, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төв болон Бараат багийн нутаг дэвсгэр хооронд зорчихыг зөвшөөрч, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглож шийдвэрлэв.
Өөртөө болон түүний асрамжид байх хүүхдэд эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан байгууллагын зөвшөөрлийг авч зорчих боломжтой болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,
Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас М.Н-ийн амь нас хохирсон, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.А-ийг тогтоосон байх ба мэдүүлэгтээ: “Амь хохирогч М.Н нь миний төрсөн ээж байгаа юм. ...Осол болох үед би байгаагүй. Очоод юу болсон талаар асуухад манай аав М тээврийн хэрэгслийг жолоодож яваад осолдсон гэж байсан. ... сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж, шүүх хуралдаанд “шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч А.М-ын жолоодож явсан ..... маркын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь Ц.Б байх бөгөөд түүний тээврийн хэрэгсэлд 6,100,000 төгрөгийн хохирол учирсныг “Тэнүүн үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон /хх-96-100/. Тус хэрэгт Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон мэдүүлэг өгөхдөө хохирол нэхэмжилнэ гэсэн боловч, иргэний хариуцагчаар татагдаж мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн учир шүүгдэгч А.М-ыг бусдад төлөх төлбөргүй талаар энэ тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6.-36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг дэвсгэрээр тогтоож, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төв болон Бараат багийн нутаг дэвсгэр хооронд зорчихыг зөвшөөрч, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч А.М-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасан журмын дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН