Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2017/00434

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00047/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, .............................. тоотод оршин суух, ............ овгийн Б-ийн Н- /РД:*******, утас:*******/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ................................ тоотод оршин суух, ...............  овгийн Ж-ын А- /РД:...................., утас:................/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...................................... тоотод оршин суух, .................. овгийн Б-ийн Н- /РД:......................., утас:................../,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, ........................................... тоотод оршин суух, ..................... овгийн Б-ийн Б- /РД:.................., утас:..................../-нарт холбогдох

 

Бусдын хууль эзэмшлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 15,131,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай, 1,353,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, 16,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г-, хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, хариуцагч Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Б.Н- миний бие 2009 оны 03 дугаар сард Б.Б-тэй танилцаж 2015 оноос хамтран амьдрах болсон. 2013 оны 07 дугаар сарын 25-нд хүү Б.Д-ийг, 2016 оны 08 дугаар сарын 09-нд хүү Б.Т-ийг төрүүлсэн. Бид 2 гэрлэлтээ батлуулж байгаагүй. 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би ипотекийн зээлд хамрагдаж Дархан-Уул аймаг, Дархан сум, .............. өрөө байрыг худалдаж авсан. Гэтэл орон сууц худалдан авсанаас хойш Б.Б-ийн ээж Ж.А- болон Б.Н- нар нь миний өмчийн байранд ирж амьдрах болсон бөгөөд намайг Б.Б- нь ээж Ж.А-тай нийлж байнга дарамталж, намайг хөөдөг, зоддог байсан. Одоогоор би байрны зээлийн төлбөрт сар бүр 264,000 төгрөгийг төлдөг байтлаа өөрийн өмчийн байрнаасаа хөөгдсөнд маш их гомдолтой байна. Иймээс Дархан-Уул аймаг, Дархан сум, .............. өрөө байрнаас Ж.А-, Б.Н-, Б.Б- нар нь хууль бус эзэмшигч тул албадан нүүлгэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Б.Б-тэй хамтран амьдраад 2015 онд байр авсан юм. Түүнээс өмнө бид байр түрээслэн амьдардаг байсан. Б.Б- нь намайг жирэмсэн байхад хөдөө ажил хийнэ гэж яваад, хөдөө ажиллаж байгаад Улаанбаатар хотод өөр эхнэр хүүхэдтэй болоод амьдарч байгаад 1 жил болоод ирэхдээ хүнтэй суугаагүй барилга дээр ажиллаж байгаад ирлээ цалингаа аваагүй байгаа хоёулаа байр аваад амьдаръя гэж байсан. Өмнө нь Б.Б- манайд манай эцэг, эхтэй амьдардаг байсан. Б.Б- нь 20.000.000 төгрөгний цалин авна чи зээл авчих хоёулаа байр аваад сайхан амьдаръя гээд байр авч байсан юм. Байрандаа орох гэхэд урьдчилгаа мөнгө байхгүй байсан учраас Б.Б- нь дүү Б.Б-аа зээл авахуулан хүмүүсээс мөнгө зээлээд манай дүүгээс 800.000 төгрөг аваад байрны урьдчилгаа төлбөрөө төлж байсан. Тэрнээс Б.Б-ий эцэг эх ямар ч мөнгө өгөөгүй. Байрандаа орж байхад ээж дүү нар нь хамт амьдарч эхэлсэн. Би өмнө нь шүдний эмнэлэгт ажилладаг байсан. Байр авах гэж зээл авч байсан юм. Б-ий эцэг эх нь дүүгээ хамтран зээлдэгчээр оруулчих гэхэд нь би гуйгаад дүүгээ хамтран зээлдэгчээр оруулж байсан. Б.Б-ийг байрны гэрчилгээнд оруулах гэсэн боловч бидний цалин хүрэлцэхгүй оруулах боломжгүй гэсэн. Гэтэл Б.Б-ийн эцэг эх өөрсдийн нэрээ оруулна гэсэн. Энэ талаар банкны захирал руу ороод уулзахад ядаж Б.Б- гэж хүнтэй гэрлэлтийн баталгаа хийлгээд ир гэхэд Б-ий эцэг нь гэрлэлт батлуулахгүй гэсэн. Би байрны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөд явж байна. Нийт төлөлтөөс Б.Б- нь нь 3 сарын төлөлтийг л хийсэн. Түүнээс хойш маш их дарамттай байсан. Ингээд байрнаасаа 2016 оны 11 дүгээр сард хөөгдөөд гарсан. Олон жил ажиллаж байж зээл аван байр авсан учраас би байрандаа амьдармаар байна. гэжээ.

 

Хариуцагч Ж.А- Б.Н- нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Б.Н- миний хүүтэй Б.Б-тэй хамтран амьдарч байгаа нэрийн доор, бид нараар байр авахуулж, эргэн төлөлтөөс хийлгэж, эцэст нь хүүтэй минь таарахгүй болж байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авчихаад, биднийг энэ байрнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.Б-, Б.Н- нарын хамтын амьдралын асуудал дээр яриад байх зүйл байхгүй. Н- нь ажил хөдөлмөр хийдэг байр авах талаар хөөцөлдөж байсан. Ингээд байр авахаар болж байрны урьдчилгаа төлбөр төлөх гэхэд мөнгө байгаагүй. Ингээд бага хүүгээрээ цалингийн зээл авахуулаад байрны урьдчилгааны мөнгийг нь төлсөн байдаг. Мөн байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан. Нэгэнт өөрсдийн мөнгийг уг байранд оруулсан учраас дээрх хүмүүс нь уг байранд амьдрах эрхтэй гэж үзээд байгаа. Хэрэв Н-ээс байрны урьдчилгаанд төлсөн мөнгө сарын төлөлт хийж байсан мөнгөө гаргуулаад авчих юм бол уг мөнгөөр өөр байрны урьдчилгаа төлөөд өөр орон гэртэй болох гээд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хариуцагч Ж.А- Б.Н- нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Б.Н- Б.Б-тэй хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон бөгөөд Б.Н- амьдралынхаа дундуур өөр хүнтэй гэр бүлий харилцаатай байж байгаад миний хүүгийн 2 хүүхдийн дундуур бас өөр хүний хүүхэд төрүүлж, сүүлд нь Б.Б-тэй эвлэрч хамтран амьдарсан. Бид энэ нөхцөл байдлыг бодоод хүүхдүүдээ орон байргүй байлгаад яахав тал талаасаа хөрөнгө босгоод лизингийн байр авахаар шийдсэн. Ингээд 2015 оны 09 сард авах байраа олоод бага хүү Б.Б-аа цалингийн зээл авахуулж Ж.А- би хамтран зээлдэгчээр орж байж 12 сая төгрөг банкнаас зээл байрны 30 хувийн урьдчилгаа гэж Б.Н-т өгсөн. ...Б.Н- нь банкны зээлийн гэрээг хийхдээ сар бүр 234,000 төлдөг гэж бидэнд гэрээ өгсөн. ...Ийм учраас биднийг энэ байрнаас гаргахаар нэхэмжилж байгаа бол бид Б.Н-т өгсөн мөнгөө 100 хувь гаргуулж авна. гэжээ

 

Нэхэмжлэгч Б.Н- нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 12,461,500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь байрны урьдчилгаанд болон байрны зээлний эргэн төлөлтөд би Б.Б-эс нийт 12,461,500 төгрөг авсан. Эдгээр нь байрны урьдчилгаанд Б.Б-ийн төрсөн дүү Б.Б-аас 7,000,000 төгрөг, Б.Б-ийн ээж Ж.А-гийн дүү Д-гаас 990,000 төгрөг, Б- гэх хүнээс 2,000,000 төгрөг, Б.Б-ийн өмнөх хамтран амьдрагч болох Д-гээс 2 удаагийн гүйлгээгээр 1,700,000 төгрөг, Б.Б-эс байрны эргэн төлөлтөд 2016 оны 04, 05, 06дугаар сарын нийт 771,500 төгрөг бүгд нийтдээ 12,461,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Өөрийн байрнаасаа хөөгдөж гадуур байр хөлсөлж амьдарсан. Үүний төлбөрийг нэхэмжилсэн. Сар болгон 250.000 төгрөг төлдөг. Мөн байрны тог, усны төлбөр надад ирдэг. Хүйтэн усны мөнгө 103.000 төгрөг нийт 1.350.000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнийг надаас авах мөнгөнөөс нь хасуулмаар байна. гэжээ

 

Хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Байрны урьдчилгаанд өгсөн гээд байгаа 12.000.000 төгрөг дээр маргахгүй байна гэж ойлгож байна. Уг байрны лизинд төлсөн төлбөр, уг байранд амьдарч байхдаа жижиг, жижиг засварууд хийж байсны төлбөр зэрэг зүйлс нь нэмэгдээд 16.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Байрны эргэн төлөлтөөс 2015.10.25-ны өдөр 264.000 төгрөг, 2015.11.15-ны 265.000 төгрөг, 2015.12.15-ны өдөр 264.000 төгрөгийг Б.Н-т өгсөн. 2016.01.15-2016-03.15-ний өдөр хүртэл нийт 396.000 төгрөгийг Б.Н-т өгсөн. 2016.04.15-2016.06.15-ны өдөр төлсөн төлбөрүүдийг Б- төлсөн. Үүнээс хойш 4 сар Б.Н-тэй хувааж төлсөн мөнгө нь нийт 528.000 төгрөг болж байгаа. Ингээд нийт 15.130.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч нь байрнаасаа хөөгдөж гараад түүнээс хойш байр хөлслөн амьдарч байна. Тийм болохоор байр түрээсэлсэн төлбөр 1.350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Н-ийг чирээд хөөгөөд гаргасан зүйл байхгүй. Гэр бүлийн хэрүүлийн улмаас өөрөө 2 хүүхдээ аваад гараад явсан хүн. Энэ хүн байр хөлслөх үү? үгүй юу гэдэг асуудал нь өөрийнх нь эрхийн асуудал. Б.Н-, Ж.А-, Б.Б- нарын дунд байрны түрээсийн төлбөр төлөх гэрээ хэлцэл хийгээгүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.Н- нь байрнаасаа хөөгдөж гараад байр түрээслэн амьдарсан. Түүнээс өөрийн эзэмшлийн байрандаа амьдарч байсан бол түрээс төлж байранд амьдрах шаардлага байхгүй. Тийм болохоор байрны түрээсийн мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй. Машин ломбардсан асуудал дээр уг машиныг 1.8 сая төгрөгөнд тавьсан. Түүнд нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр л орсон түүнээс нэг ч төгрөг аваагүй. Байрнаас хөөгдсөн асуудал дээр Б- нь Н-ийг зоддог. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэгдээд шүүх хуралдаан нь болох гэж байгаа. Үүнээс үзэхэд Б.Н- нь сайн дураараа гэрээсээ яваагүй гэдэг харагдаж байгаа юм. гэжээ

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн шаардлга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.Н- яаж ийж байгаад байртай болъё гэх үед нь Б.Н- барааны лангуу ажиллуулдаг орлого муутай, би ч ажилгүй байсан үе. Ингээд эцэг эхтэйгээ ярилцаад дүү минь цалингийн зээл аваад түүн дээр хүмүүсээс мөнгө зээлээд нийт 12.000.000 төгрөгийг Н-т өгч байсан. Банкнаас байрны зээл авах асуудлыг Н- хөөцөлдөж зээл авсан. Тухайн үед байрны гэрчилгээнд Н-ийн нэр бичигдсэн байсан. 3 сарын дараа 8 хувийн зээлдээ хамрагдахаар чиний нэр дээр болгоно гэж байсан. Гэтэл 8 хувийн зээл нь бүтээгүй. Байрны эргэн төлөлтийг Б.Н-т өгөөд явуулчихдаг байсан. Н- очиж төлдөг байсан юм. Гэтэл Б.Н- нь давхар цалингийн зээлтэй байсан юм билээ. Түүнийгээ биднээс нуусан байсан. Уг нь 28.000.000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч нөгөө мөнгө нь 30 гаран сая төгрөг төлөхөөр болсон байсан. Тийм болохоор урьдчилгаанд төлсөн 12.000.000 төгрөг, 10 дугаар сар хүртэл төлж байсан байрны төлбөр, уг байранд урсгал засвар хийсэн зардал, ажилд ормоор байна мөнгө өгөөч гэхэд нь машинаа ломбарданд тавиад өгч байсан 1.800.000 төгрөг зэрэг нийт 16.000.000 төгрөгийг Н-ээс гаргуулж хариуцагч нарыг хохиролгүй болгуулах саналтай байгаа. Гэжээ

 

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Байрны төлөлтийг цалингийн зээлтэй нь хамт төлж байсан гэж яриад байна. Байрны зээл болон цалингийн зээл хоорондоо огт хамаагүй. Би хүнээс мөнгө аваад цалингийн зээлээ бүтнээр нь хаалгуулсан. Хариуцагч талаас миний цалингийн зээлийг огт төлөөгүй. Байрны эргэн төлөлтийн графикийг хариуцагч нар авсан байгаа.

Одоогоор нийт 13 сарын төлөлт хийсэн байгаа. Үүнээс хариуцагч нар 5 болон 6 дугаар сарын мөнгийг л төлсөн. 12 дугаар сард Б.Б- зээлийн төлөлт хийсэн гээд байгаа. Үүнийг манай том хүүгийн үсний найр болоход хүмүүсээс өгсөн хуримтлагдсан мөнгийг нь өөрийн нэрээр хийсэн юм. Өөрөөр хэлбэл яг хариуцагч нараас 2 сарын төлөлтийг л төлсөн. Байрны засвар хийсэн гээд байгаа. Тухайн үед эцэг, эх 2 нь байгаагүй, дүү нь амраад явсан байсан. Хариуцагч нар байрны засварт мөнгө өгөөгүй. Машинаа ломбарданд тавьж өгсөн түүнийх нь 50 хувийг авна гээд байгаа. Би түүнийг төлөхгүй би зөвхөн хамтран зээлдэгчээр л орсон. Урьдчилгаанд мөнгө төлөхдөө зээлсэн хүмүүсийн мөнгийг надаас нэхээд байгаа. Б.Б- өөрөө машинаа зараад энэ мөнгийг төлсөн гэж байсан. Би машинаа хэдээр зарсныг ч мэдээгүй. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- нь Дархан-Уул аймаг, ............................... тоот 2 өрөө орон сууцыг Ж.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 1,353,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Н- нь........................... банкны Дархан салбартай 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээгээр ..................................... тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон нь ........................... зээлийн гэрээ, ................. үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

 

Хариуцагч Ж.А-, Б.Н- нар нь маргааны зүйл болсон орон сууцыг зээлээр худалдан авах үед зээлийн урьдчилгааг бүрдүүлж өгсөн, зээлийн эргэн төлөлтийг сар бүр төлж байсан, зээл авсаны дараа бид нарын нэрийг оруулна гэж байсан гэж маргаж байгаа боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргаж, өмчлөгч тус бүр гарын үсэг зурах , мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар бүртгүүлэх эрхтэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох тул хариуцагч нарын хариу татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, ......................................тоот 2 орон сууцыг Ж.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Н-т олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийн дагуу гаргасан ... өөрийн өмчлөлийн байрнаасаа хөөгдөж гарснаас хойш 1 өрөө байрыг хөлсөлж 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 5 сарын 1 250 000 төгрөг, хүйтэн усны төлбөр 103 000 төгрөг нийт 1 353 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байрандаа шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө, гаргах үед амьдраагүй тул өөр орон сууц түрээслэх, хөлслөх зэргээр нэмэлт зардал гаргасан гэж, хариуцагч тал хөөж гаргаагүй, өөрөө л хувцасаа аваад гарсан гэж маргаж байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Н- нь үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний нэг тал гэх Н.Мөнхбадралд гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн эсэх, мөн тухайн орон сууцтай холбоотой зардал болох цэвэр усны тооцоог хангагч байгууллагатай хийсэн эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүүлээгүй нотолж чадахгүй байх тул энэ үндэслэлээр 1 353 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ж.А-, Б.Н- нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхийн дагуу гаргасан 15 131 000 төгрөг гаргуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн 16 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчид маргааны зүйл болж байгаа орон сууцыг зээлийн нөхцлөөр худалдан авах үед хариуцагч талаас 12 000 000 төгрөгийг зээлийн урьдчилгаа төлбөрт Б.Н-, Б.Б- нарын хамтын амьдралд зориулан өгсөн талаар маргаангүй, уг орон сууц Б.Н-ийн өмчлөлд үлдсэн, Б.Н-, Б.Б- нар хамтын амьдралаа үргэлжлүүлээгүй байгаа тул 12 000 000 төгрөг, зээлийн төлб9өрт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 244 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 263 500 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 264 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 264 000 төгрөг, орон сууцны засвар болон бусад зардалд гаргасан тоолуурын үнэ 38 000 төгрөг, обойны үнэ 36 000 төгрөг, цоожны голны үнэ 9 500 төгрөг, обойн цавууны үнэ 263 000 төгрөг нийт 13 382 000 төгрөгийг Б.Н-ээс гаргуулан Б.Б-д олгож, Б.Н-т бэлнээр зээл төлөөрэй гэж өгсөн гэх 2015 оны 10, 11, 12 сарын 3 удаагийн төлөлт 792 000 төгрөгийн төлөлт, 2016 оны 01-3 дугаар сар, 2016 оны 07-10 дугаарын зээлийн төлөлтийг хувааж төлсөн гэсэн нь баримтаар нотлогдохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн Б.Н-, Б.Б- нар хамтран амьдарч байх үедээ .............. ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Б.Б- 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамтран хүлээх үүргийн гүйцэтгэл 1 800 000 төгрөгийг биелүүлсэн нь Кассын орлогын ордерооор нотлогдож байгаа, Б.Н- хамтран зээлдэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар шаардах эрхтэй, Б.Н- энэ нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Б.Н-ээс 918 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ж.А- орон сууцны зээлийн урьдчилгаанд болон зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгө, автомашин барьцаалсан зээлийг нэхэмжилсэн боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б- энэ талаар шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Дархан-Уул аймаг, ..................................................2 өрөө орон сууцыг Ж.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нийт 13 382 000 төгрөгийг төгрөгийг Б.Н-ээс гаргуулан Б.Б-д олгож 2,618,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар 918 000 төгрөгийг Б.Н-ээс гаргуулан Б.Б-д олгосугай.

 

4.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.Н-ээс 15 131 000 төгрөг, 918 000 төгрөг гаргуулах тухай Ж.А-, Б.Н- нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар Ж.А-, Б.Н- нараас 1 353 000 төгрөг гаргуулах тухай Б.Н-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .......... төрийн сан 70 200 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ................ төрийн сан 31 100 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр........................... банк төрийн сан 6 000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Б.Н- нарын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр........................... банк төрийн сан 233,605 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ................ төрийн сан 26 582 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Б.Н- нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-эс 232 950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ