| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
2025 02 17 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,
шүүгдэгч Д.Э
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Д.Э-д холбогдох 000000000 дугаартай /0 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ш овогт Д.Э, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, 00 настай ....., ам бүл 1, ......... тоотод түр оршин суух хаягтай, .................. регистрийн дугаартай,
урьд Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн .... оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 4 сарын хорих ялаар шийтгэгдэж, 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хасаж, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..........тоотод байрлах өөрийн гэртээ байхдаа хохирогч Б.М-ыг урьд нь маргалдаж байсан гэх шалтгаанаар зүүн өвдгөн тус газар нь нэг удаа хутгалж зүүн өвдгөнд хүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д.Э нь .......... тоотод байрлах өөрийн гэртээ байхдаа хохирогч Б.М-ыг урьд нь маргалдаж байсан гэх шалтгаанаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодод “...зүүн өвдгөн тус газар нь нэг удаа хутгалж зүүн өвдгөнд хүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/,
-шүүгдэгч Д.Э-ын сэжигтнээр өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 8 цагийн үед гэртээ байж байхад Б.М нь 0.33 литрийн Хараа гэх нэртэй архитай ирсэн. Бид хоёр хуваагаад ууж байсан чинь 10 цагийн үед танил дүү Б.Д гаднаас 0.75 литрийн Хараа гэх нэртэй 1 шил архи, ундаа барьчихсан орж ирсэн. Бид гурав хуваагаад уусан. Өмнө нь Б.М-тай үл ялих зүйлээс болж маргалдаж байсан. Хэсэгхэн хугацаанд уусан архиндаа ухаан балартсан, нэг сэрсэн чинь гэрийн хүнсэнд хэрэглэдэг шар иштэй хутгыг гартаа барьчихсан Б.М-ын зүүн талын гуянд 1 удаа хутгалсан байсан. Гэрт байсан Б.Д болон Б.М хоёр миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Б.М-ын биед учирсан гэмтлийг би ганцаараа учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-23/,
-шүүгдэгч Д.Э-ын яллагдагчаар өгсөн: “...өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би хохирогчийн 3 хоног эмчилгээ хийлгэсний төлбөр болох 200,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-40-41/,
-хохирогч Б.М-ын өгсөн: “...бид гурав хамт архи хувааж уугаад намайг баруун талын орон дээр сууж байхад Д.Э юу ч хэлэлгүй гэнэт аяга тавганы шүүгээнээсээ шар иштэй хутга авч, ингэж шаадаг юм гэж хэлээд миний зүүн хөлний гуяны гадна талд нэг удаа хутгалсан. Би Д.Э-тай ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион хийгээгүй. Миний зүгээс Д.Э-д гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17/,
-гэрч Б.Д-ийн өгсөн: “...архи уугаад юм яриад сууж байтал Д.Э ах босоод шургуулганаас хутга аваад гэрийн баруун талын орон дээр Б.М ахын зүүн талын гуянд нэг удаа хутгалсан. Би гайхаад Д.Э ахыг та яаж байна гэж хэлээд бариад автал чамайг ч гэсэн хутгалж ална шүү гэхээр нь тавиад гэрээс гараад хашааны хойд талын хаалгаар гартал Б.М ахын дүү Б.М машинтайгаа явж таарахаар нь танай ахыг Д.Э ах хутгалчихлаа гэж хэлсэн. Б.М маш хурдан гэр рүү нь орж цагдаа эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хх-19/,
-гэрч Б.М-ын өгсөн: “...танай ахыг чинь Д.Э ах хутгалчихлаа гэж хэлэхээр нь гялс машинаасаа буугаад ортол Б.М ах зүүн гуяндаа хутгалуулсан байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудсан. Тэгээд Б.Д-ээс юу болсон талаар асууж тодруулахад Д.Э, Б.М ах хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Гэрт архи хувааж ууж байтал гэнэт Д.Э ах танай ахын зүүн гуянд нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Надад өөр мэдэж байгаа зүйл алга” гэх мэдүүлэг /хх-21/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 0000 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай Б.М зүүн өвдөгний гадна хэсэгт 6.2 см урттай зах ирмэг тэгш мэс заслын оёдол тавиулсан шархтай. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-26-27/,
-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг 15 см, нийт 31.5 см урттай” нэг ширхэг хутга зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-ын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Д.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........................... тоотод байрлах өөрийн гэртээ байхдаа хохирогч Б.М-ыг урьд нь маргалдаж байсан гэх шалтгаанаар зүүн өвдгөн тус газар нь нэг удаа хутгалж зүүн өвдгөнд хүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор Б овогт Б.М-ыг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Миний зүүн хөлийн гуянд хутгалсан. Миний биед өөр гэмтэл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй. Миний зүгээс Д.Э-д гомдол санал байхгүй” гэжээ.
Шүүгдэгч Д.Э нь эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг төлсөн гэх ба хохирогч Б.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл: “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг 15 см, нийт 31.5 см урттай” 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө: “...шүүгдэгч Д.Э гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.Э гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 000000000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн бариултай ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг 15 см, нийт 31.5 см урттай” нэг ширхэг хутга хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “шар өнгийн бариултай ажлын хэсэг нь 16.5 см, бариул хэсэг 15 см, нийт 31.5 см урттай” 1 ширхэг хутгыг” шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН