| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00863/И |
| Дугаар | 155/ШШ2020/01205 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2020/01205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/00863/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ....................., Хурдан морьтон овогт Баасансүрэнгийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багт орших, Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийг өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагч Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Очирхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, гэрч П.Нарангарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус компаний диспетчер реле хамгаалалтын хэсгийн ээлжийн диспетчер Л.Отгонзулын жирэмсний амралтын хугацаанд тус үүрэгт ажилд түр хугацаагаар томилогдсон.
Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрийн ажил үүрэгтэй холбоотой заавар, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвхи санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.
Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажил хэрэгч соёлтой хувцасласаар ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтэй тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна.
Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа жирэмсэн болсон учир 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авч үргэлжлүүлэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан.
Ингээд жирэмсний амралтаа аваад удаагүй хэд хонож байтал өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн болохоо бусдаас олж мэдсэн. Тухайн үед надад энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй. Энэхүү ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа Хөвсгөл-Эрчим хүч ХХК-иас авахаар очиход надад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дугаар тушаалыг өгсөн.
Миний би тус тушаалыг гардаж аваад ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөхөөр Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж уулзахад та жирэмсний амралттай байгаа учраас таныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. гээд тэр даруйд нь Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий нягтлан бодогч Ц.Энхбаяр луу холбогдож танай байгууллага яагаад хууль зөрчөөд байгаа юм бэ? дахиад акт тавиулах гээд байгаа юм уу, ийм тушаал гаргаж болохгүй ээ гэх албан шаардлагыг тавьсан.
Хөвсгөл-Эрчим хүч ХХК нь Нийгмийн даатгалын хэлтсийн дээрх шаардлагыг хүлээн авч, миний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нь үргэлжлүүлэн төлөхөөр болсон.
Ингээд хүүхдээ төрүүлж, асарч байх хугацаандаа дахин жирэмсэн болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг авах эрхээ үүсгүүлэхэд холбогдох баримтаа бүрдүүлэхээр Хөвсгөл-Эрчим хүч ХХК-иас нийгмийн даатгалын дэвтрээ авахаар очиход миний нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 7 дугаар сараас хойш ямар ч бичилт хийгдээгүй байсан учир энэ талаар тодруулахад чи ажлаас чөлөөлөгдсөн, тийм учир нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийх боломжгүй гэх тайлбарыг өгч, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг мөн гардуулан өгсөн.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дахин хандаж тодруулахад таны Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт 2019 оны 7 дугаар сар хүртэл бичигдсэн бөгөөд та ажлаас чөлөөлөгдсөн учир тэтгэмж авах боломжгүй байдал үүсээд байгаа учир шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэ гэх хариуг өгсөн тул шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
Ажил олгогч байгууллагаас надад огт мэдэгдэлгүйгээр 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дугаар тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн байсан нь ойлгомжгүй байдлыг бий болгосон. Миний хувьд тус ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардаж авсан. Түүнээс өмнө өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг огт мэдээгүй бөгөөд надад ажил олгогч байгууллагын зүгээс энэ талаар огт мэдэгдэж байгаагүй юм.
Миний хувьд ажил олгогчийн зүгээс Жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох хуулийн зохицуулалт байсаар байтал намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа болно.
Тус ажлаас халах тухай тушаалын үндэслэл болгосон хуулийн заалтаар ... ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэж ажлаас чөлөөлсөн байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсан амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэх хуулийн заалттай ноцтой зөрчилдсөн тушаал болсон байна.
Одоо миний хувьд дээр дурдсан хууль бус ажлаас чөлөөлсөн тушаалыг даруй хүчингүй болгуулахгүй бол хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа болно.
Иймд миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэн, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******ын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Б.******* нь Хөвсгөл аймгийн Эрчим хүч ХХК-д ажиллаж байх хугацаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдол гарсан. Ажлаас чөлөөлөх халах явцад Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь харагддаг. Тухайлбал ажлаас чөлөөлөхдөө 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т заасан: Ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа иргэн орох хугацаанд томилогдсон учраас ажлаас чөлөөлж байна гэж удирдлага болгон заагаад ажлыг нь нэг өдөрт багтаан хүлээлцүүл гэж комиссын дарга н.Хишигбаатарт үүрэг болгосон байдаг. Хэдийгээр Б/29 дугаар тушаал байдаг боловч өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон нэхэмжлэлд дурдсан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөөд энэ нь өөрөө үндэслэлгүй болох нь тогтоогдож, нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж шаардлагын дагуу энэ тушаалаа цуцлаад 4 дүгээр сарын 24-ний өдөр дахин энэ тушаалаа гаргасан юм шиг харагдаж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах шийдвэрт заан ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан гэж тооцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажлаас халагдсан, ажил хүлээлцсэн ямар нэг байдлаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичилт цалин тогтоомж авах эрх нь байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь миний үйлчлүүлэгчийн тайлбар, хариуцагч талаас гэрээ байхгүй талаар албан бичгийг хавсаргаж өгсөн албан бичгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэл нь Б.*******аас хамаарах асуудал биш юм. Ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухай ажилтны эрх зүйн байдал ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзэж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр илүү тодорхойлсон байдаг. Шийдвэрт цуцлах саанаачлагыг хэн гаргасан гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс санаачлага гаргаад байгаа юм уу? ажилтны зүгээс гаргаад байгаа юм уу? гэдэг нь тодорхой бус хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцлах тухай Хөдөлмөрийн гэрээний 38 дугаар зүйлд заасан байдаг. Уг тушаал нь хууль ёсны байх үндэслэлээ алдсан юм. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд Б.*******ыг жирэмсний амралттай байх хугацаанд хугацаанд ажлаас чөлөөлсөн асуудал яригдсан. Ээлжийн амралттай байх хугацаанд н.Отгонзул ажилдаа орсон, хөдөлмөрийн гэрээг нэг жилээр байгуулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Очирхуяг болон гэрч н.Нарангарав нар тодорхой мэдүүлж байна. Гэвч энэхүү нэг жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг 11 сар болоод ээлжийн амралтаа авах байтал үүнийгээ зөрчсөн. Тухайн үед ээлжийн амралтаа авах хүсэлт өгөхөд та 11 сар ажиллаагүй байна гээд ээлжийн амралт өгөхөөс татгалзах эрх нь хариуцагч талд байсан. Энэ нь цэвэр хариуцагч талтай хамааралтай асуудал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байдаг. 3 сар ээлжийн амралттай байх хугацаанд нь н.Отгонзул гэж хүн ажилдаа орсон ба энэ хугацаанд харилцаа үүсээгүй санал тавиагүй 4 дүгээр сард Б.*******ыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1-т заасан хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанли он сар өдрөөр эсвэл жил, улирал, сараар үйл явдлаар тухайлбал ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа тохилдолд ажилтан эргэж ажилдаа орох хүртэл гэсэн байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл 7 сар дуустал төлөгдөж явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмж нь төлсөн сүүлийн 12 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах хэмжээний дунджаар 100%-иар бодож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэвэр тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Хөдөлмөр эрхэлж байгаад хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн бол тэтгэвэр тэтгэмж олгоно гэж заасан байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нийгмийн даатгал дээр очих үедээ нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн байдаг. Иймд Иргэний хуулийн хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж байна. Б.*******ын хууль ёсны эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч Хөвсгөл Эрчим хүч ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Очирхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.*******ын гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баасансүрэн овогтой ******* нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын дугаар Б/26 тушаалаар тус компаний диспетчер реле хамгаалалтын хэсгийн ээлжийн диспетчер Лхагвасүрэн овогтой Отгонзулын жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд түр томилогдож, Л.Отгонзул нь ажилдаа орох өргөдөл гаргаснаар уг албан тушаалаас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн. Ажилтны өргөдлийг үндэслэн ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилон ажиллуулах хуульд заасан үүргийг биелүүлж ажилласан.
Үндсэн ажилтан томилогдсоноор Б.******* нь ажлын байрыг чөлөөлж өгөх үүрэгтэй тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч тушаал гардуулах нь миний үүрэг биш. Би гаргаж буй тушаалдаа гарын үсгээ зурж өгдөг манай байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтан уг тушаалыг хүргүүлэх, танилцуулах асуудлыг хариуцдаг. Тийм болохоор уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл өөрөө үндэслэл төгөлдөр болж чадаагүй. Хөдөлмөрийн гэрээ нь байнгын болон хугацаатай байгуулагдах боловч талууд харилцан тохиролцон хугацаатай байгуулж болно гэж заасан байдаг. Түүнийг үндэслээд ажил олгогч гэрээг хугацаатай байгуулж гэж харагдаж байгаа боловч гэрээ нь бичгийн хэлбэрээр байхгүй учир маргааныг дагуулж байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ биелүүлсэн гэж байгаа нь гэрээний дагуу гэрээгээр ажилласан гэж үзэх үндэслэл болж байна. Ажил үүргийн хувьд н.Отгонзул нь жирэмсний амралтын хугацаатай байсан ч ажилдаа орох хүсэлт гаргасан тул ажилд нь авсан. Байнгын ажилтан ажилдаа орж байгаа тохиолдолд түр ажиллаж байгаа хүн ажлаа хүлээлгэн өгөх үүрэгтэй. н.Отгонзулыг ажилд авч байгаа тушаал нь Б.*******ын эзгүйд ажил үүргийг нь хэн нэгэн биелүүлэх ёстой учир үндсэн ажилтнаа авсан байдаг. Тухайн байгууллагын дотоод журам нэг мөр мөрдөгддөг. Он дамжиж ажилласан учир ээлжийн амралтыг нь олгосон гэж тайлбарлаж байна. Он дамжих асуудлаас үл хамаараад 11 сар ажилласаны дараа ээлжийн амралт олгох асуудал яригддан. Ийм асуудлаас тухайн байгууллагын дотоод журам зөрчигдсөн. Дараа нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох зохицуулалтаар энэ харилцаа шийдэгдэх ёстой байсан. Мэдээж гэрээнд заасан хугацааны дагуу ажил үүрэг дуусгавар болох ёстой байсан. Шинэ он эхэлсэн учраас сунгагдаж ажиллаж байсан гэж харагдаж байна. Гэтэл гэрээ байхгүй учраас үүн дээр тайлбар хэлэх боломжгүй. Байгууллагын дарга гаргасан тушаалаа ажил олгогчид гардуулж өгөх үүрэгтэй биш хуулинд зааснаар ажилтан гаргасан шийдвэрийг гардаж авснаас хойш сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ тушаал гарсан гэдгийг мэдсэн өдрөөс хойш жилийн дараа ажилтан тушаалаа авсан гэдэг асуудал байгаа юм. Энэ асуудлыг тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтан ажил үүргээ хангалттай биелүүлээгүйгээс ажил олгогч талын алдаа шиг харагдаж байна. Эцэст нь хэлэхэд хэргийн оролцогч тал адил, тэгш эрхтэйгээр оролцдог. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэж, гардан авч нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж,
Хариуцагч нь би тушаалаа гаргаад хүний нөөцөд өгдөг хүний нөөцийн ажилтан хүргүүлэх үүрэгтэй гэж марган шүүх хуралдаанд П.Нарангаравыг гэрчээр оролцуулахад гэрч нь ... Б.*******ыг ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэхээр түүний дугаар луу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш дахин залгаагүй түүнд ажлаас чөлөөлөгдсөн тухай мэдэгдэж чадаагүй... гэж мэдүүлж байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь жирэмсэн болон амаржсаны амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлан хэрэгт Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар Б.*******ыг ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******ын А0737172 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, тушаал гардаж авсан тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Жирэмсэн болон амаржсаны 0322559, 0512932 дугаар эмнэлгийн хуудсууд болон тэтгэмж олгосон баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Хариуцагч нь нэхэмжлэгчийг байгууллагын үндсэн ажилтныг жирэмсэн болон амаржсаны амралттай байх хугацаанд түр томилон ажиллуулж байсан бөгөөд үндсэн ажилтан нь ажилдаа орох өргөдөл гаргаснаар Б.*******ыг ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/289 дүгээр албан тоот, ажлын байрны тодорхойлолт, Л.Отгонзулын ажил орох тухай өргөдөл, Л.Отгонзулыг ажилд томилсон тухай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаал зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, ээлжийн амралтын мэдэгдэх хуудасны хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Очирхуягийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ээлжийн диспетчерийн үүрэгт ажилд түр томилогдон ажиллаж байсан ба түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХ компанийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Очирхуягийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар жирэмсэн болон амаржсаны амралттай байсан Л.Отгонзулын орон тоон дээр ээлжийн диспетчерийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан бөгөөд жирэмсэн болон амаржсаны амралттай байсан Л.Отгонзул нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг байгууллагадаа гаргаснаар нэхэмжлэгчийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож, тухайн үйл баримттай талууд маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт: Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж,
мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт: ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан ээлжийн диспетчер нь байнгын ажлын байр бөгөөд хариуцагч буюу ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/289 дүгээр албан тоот зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, 38 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, 39 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах, 40 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсэн заалтуудын аль тохирох зүйлийг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх заалтуудын аль тохирохыг заавал бичээгүй нь Хөдөлмөрийн тухай хуультай нийцээгүй байна.
Иймд ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйгаа ажлаас чөлөөлсөн тушаалдаа дурдаагүй зэрэг үндэслэлээр Б.*******ын ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хурдан морьтон овогт Баасансүрэнгийн *******ыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаний ээлжийн диспетчерийн ажилд эргүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1994 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, РМ94121107 дугаар регистртэй, Цэнгэлд овогт Отгонбаярын Энхзаяагийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд байрлах, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2019/01544/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч О.Энхзаяа, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттогтох нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Этүгэн их сургуулийг 2016 онд хүний нөөцийн менежер мэргэжлээр төгссөн бөгөөд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Бага хүүгээ 2018 онд төрүүлээд хүүхэд асрах 6 сарын чөлөөгөө эдлэж дуусаад 2019 оны 4 дүгээр сард ажилдаа орсон. Гэтэл манай байгууллагын дарга намайг мэргэжлийн бус тул ажлаасаа гар, хүсэлтээ бичиж өг гэх дарамт шахалт үзүүлэх болсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр ажилла гэх санал тавьсан боловч цалингийн зөрүүтэй учир зөвшөөрөөгүй. Би эрүүл мэндийн ажилтны хамрагдах курст суралцаад, ажлаа хийгээд явах боломж байсан ч намайг курст явуулаагүй. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар намайг ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөхийг хориглож, хэрэв зайлшгүй чөлөөлөх бол тухайн албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр адил шатны албан тушаалд томилно гэсэн заалтыг зөрчсөн.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Өлзийбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан Т.Давааням нь өндөр насны тэтгэвэрт гарч, сул орон тоо гарсан бөгөөд нэхэмжлэгч О.Энхзаяаг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 620 дугаартай албан бичгийн дагуу Түнэл сумын Эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтнаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан. О.Энхзаяа нь ажилд орохдоо бага насны хүүхэдтэй байсан ба тус албан тушаалд 01 сар 14 хоног ажиллаад хүүхэд харах хүнгүй гээд хүүхэд асрах чөлөө авья гэхэд нь зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Гэтэл О.Энхзаяа нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орьё гэхэд нь дахиад ЭМТөвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ажилд түр томилж ажиллуулсан. Тэгээд О.Энхзаяа нь 03 сар 05 хоног ажиллаж байгаад дахиад хэвтрийн гам, дэглэм сахихгүй бол дутуу төрөх гээд байна гэхэд ЭМТөвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны Б/28 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд О.Энхзаяа нь хүүхдээ төрүүлчихээд, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн. ЭМТөвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар ажилд түр томилж оруулсан. О.Энхзаяаг ажиллаж байх хугацаанд нь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт манай байгууллага дээр хийгдсэн бөгөөд тэр шалгалтын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3001 дугаартай ажлын баримтад Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан нь мэргэжлийн бус албан хаагч байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гээд зөвлөмжиндөө нийгмийн эрүүл мэндийн ажилтны мэдлэг чадвар нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулан хариуг ирүүлэх гэсэн байсан. Ингээд О.Энхзаяаг томилон ажиллуулах зөвшөөрөл олгосон аймгийн Эрүүл мэндийн газарт дүгнэлт гаргуулахаар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай албан бичгийг хүргүүлсний дагуу Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаартай албан бичгээр ...одоо ажиллаж байгаа О.Энхзаяа нь мэргэжлийн бус мэргэжилтэн байгааг анхаарч ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж байна... гэх хариуг ирүүлсэн. Мөн тус эмнэлэгт өмнө биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байсан бага эмч мэргэжилтэн М.Энхжаргал ажлын байр нь хасагдахад түүнийг хүний оронд сэлгэн түр тушаалаар томилон ажиллуулж байсан бөгөөд М.Энхжаргал нь нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтнаар мэргэжилгүй хүн ажиллаж байна, миний хувьд бага эмч мэргэжилтэй, ажлын туршлагатай хүн тул намайг авч ажиллуулна уу гэсэн хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байсны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1015 дугаартай албан бичгээр ...М.Энхжаргалыг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллуул... гэсэн хариу ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч нь надад аавын бие муу байгаа, би ажлаа хүлээлгэж өгөөд амралтаа аваад аавыгаа эмчлүүлэхээр явлаа гэхэд ажилласан хугацаанд нь тохирох амралтын мөнгийг бодож олгоод ЭМТөвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Б/42 тоот тушаалаар М.Энхжаргалыг эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар томилж, анагаах ухааны боловсрол эзэмшээгүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар баталсан Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Энхзаяаг чөлөөлж, байгууллагын даргын хувьд О.Энхзаяагийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өөр албан тушаалд сэлгүүлэн томилох эрх надад байсан учраас тушаалын 3 дугаар заалтаар ...3. О.Энхзаяатай зөвшилцөн, өөр ажилд шилжүүлэн томилох асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргуулахыг ахлах сувилагч Ш.Пүрэвдаваад үүрэг болгосугай... гэж нэмж оруулж өгснөөс биш түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй. Мөн би сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагаар 20 гаруй жил ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэх заалтыг хэрэгжүүлэн, мөрдөн ажиллаж байсан ба энэ үндэслэлээр нэг ч хүн ажлаас халсан шийдвэр гаргаж байгаагүй. Гэвч О.Энхзаяа нь удирдлагын зүгээс үзүүлсэн итгэлийг эвдэж, ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилд орох талаар ажил олгогчтой өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй, би төрийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтны хувьд түүнийг албадан авчирч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулах эрх, үүрэг хариуцлага хүлээгээгүй болно.
Иймд О.Энхзаяаг Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Б/42 тоот тушаалаар анагаах ухааны мэргэжил эзэмшүүлэх сургууль төгсөөгүй, эрүүл мэндийн нийгмийн ажилтан эсхүл нийгмийн ажилтны бакалаврын зэргийн боловсролгүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар баталсан Эрүүл мэндийн нийгмийн ажилтан-ы ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэдий ч тушаалын 3 дахь заалтаар адил чанарын өөр ажилд сэлгэн томилогдож ажиллах эрхийг нь нээлттэй үлдээсэн боловч О.Энхзаяа нь өнөөдрийг хүртэл өөрөө ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 36-05 тоотод оршин суух, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт хуулийн зөвлөх ажилтай, ..............дугаар регистртэй, Шар торгууд овогт Халтарын Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Энхзаяаг Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь анагаах ухааны болон нийгмийн ажилтны бакалаврын зэргийн боловсролтой байх шаардлагатай байдаг. Гэтэл О.Энхзаяаг дээрх шаардлагыг хангаагүй байхад эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулж байсан бөгөөд аймгийн санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар зөрчилтэй гарч, нийгмийн эрүүл мэндийн ажилтны мэдлэг чадвар нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Үүний дагуу аймгийн Эрүүл мэндийн газраас бага эмч М.Энхжаргалыг тус албан тушаалд томилох шаардлагатай гэх хариу ирүүлсний дагуу тушаал гаргасан байгаа. О.Энхзаяаг ажлаас нь чөлөөлөөгүй, адил шатны өөр ажил санал болгоход зөвшөөрөөгүй. Тухайн санал болгосон ажлыг хийж байх хугацаандаа эрүүл мэндийн нийгмийн ажилтны 6 сарын курст суралцаж төгсөөд тус ажлыг хийх боломжтой байдаг. Гэтэл О.Энхзаяа Эрүүл мэндийн төвийн даргатай огт уулзаагүй, ажилд орох талаар санаачлага гаргахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энхзаяа нь хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Энхзаяаг чөлөөлж, байгууллагын даргын хувьд О.Энхзаяагийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өөр албан тушаалд сэлгүүлэн томилох асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргуулахаар зааж өгсөн бөгөөд түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй. О.Энхзаяа нь өнөөдрийг хүртэл өөрөө ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.Энхзаяа Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...Эрүүл мэндийн хүний нөөцийн менежер О.Энхзаяа нарыг мэргэжлийн дагуу ажиллуулахыг зөвшөөрч байгааг уламжилж байна... гэх Хариу хүргүүлэх тухай 020 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...1. Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Отгонбаяр овогтой Энхзаяаг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай... гэх бичилттэй О.Энхзаяаг ажилд түр томилох тухай Б/23 дугаар тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...1. Түр тушаалтай ажиллаж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтан Отгонбаяр овогтой Энхзаяа хүүхдээ асрах чөлөө хүссэн тул 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй О.Энхзаяаг ажлаас чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ...1. Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Отгонбаяр овогтой Энхзаяаг 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай... гэх бичилттэй Отгонбаяр овогтой Энхзаяаг ажилд түр томилох тухай Б/13 дугаар тушаал, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ...1. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан О.Энхзаяа жирэмсэн жирэмсэний амралт авсан тул 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Отгонбаяр овогтой Энхзаяаг ажлаас чөлөөлөх тухай Б/28 дугаар тушаал зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон НДД № А 01265769 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч О.Энхзаяаг эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3001 дугаар ажлын баримт, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 757, 1015 тоот албан бичгүүдийг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М.Энхжаргалыг ажилд томилох тухай Б/42 тоот тушаал, ажил хүлээлцэх тухай тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдов.
Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...Илэрсэн асуудал 3: Тус байгууллагын нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан мэргэжлийн бус албан хаагч байна. Байх ёстой шаардлага /шалгуур/: МУ-ын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 501 дугаар Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай тушаал. Бодит байдал: Тус ажилтан нь МУ-ын Этүгэн их сургуулийг 2016 онд менежмент, хүний нөөцийн мэргэжлээр төгссөн, 2017 оноос тухайн байгууллагад ажиллаж байна. Зөрчлийн шалтгаан: Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас. Байгууллагад үзүүлэх нөлөө: Мэргэжлийн бус албан хаагч ажиллах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй...Анхаарах зүйл ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж: ...2. НЭМАжилтны мэдлэг чадвар нь ажлын байрны тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулан хариуг ирүүлэх... гэх бичилттэй дотоод аудитын тайлан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ...Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анагаах ухааны их, дээд сургуулийг төгссөн нийгмийн эрүүл мэндийн болон бага эмч, сувилагч, эх баригч мэргэжлийн боловсон хүчин ажиллах шаардлагатай байгаа тул одоо ажиллаж байгаа О.Энхзаяа нь мэргэжлийн бус мэргэжилтэн байгааг анхаарч ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж байна... гэх бичилттэй 757 дугаар албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...одоо ажиллаж буй мэргэжлийн бус мэргэжилтэн О.Энхзаяаг нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлаас чөлөөлөх саналыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар бүхий албан бичгээр хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй байгааг шийдвэрлэж, Хөдөлмөрийн хуулийн дагуу өөр боломжит ажлаар хангаж ажиллах... гэх бичилттэй 1015 дугаар албан бичиг зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Монгол улсын Этүгэн их сургуулийн менежмент, хүний нөөцийн мэргэжлийн бакалаврын диплом, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч О.Энхзаяа эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл О.Энхзаяа эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллах мэргэжлийн боловсон хүчинд тавигдах болзол шаардлагыг хангаагүй байна.
Гэвч ажилтан О.Энхзаяаг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М.Энхжаргалыг ажилд томилох тухай Б/42 тоот тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтныг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:
1. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан 37 дугаар зүйл: Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, 38 зүйл: Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, 39 дүгээр зүйл: Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах, 40 дүгээр зүйл: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэх заалтын аль тохирох зүйлийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зүйлийн аль тохирох заалтыг заавал бичнэ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтад нийцүүлэн О.Энхзаяаг өөр ажилд шилжүүлэн томилохоор тушаалд заасан шалтгаан, үндэслэл тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ. О.Энхзаяа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрж, 2 нас хүрээгүй хүүхэдтэй боловч 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг өөр ажилд шилжүүлэн томилох тухай хуулийн зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халж болохгүй.
Ажил олгогч нь ажилтныг эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай тушаал гаргахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд О.Энхзаяаг ажлаас бүр мөсөн чөлөөлөөгүй, адил шатны өөр ажилд шилжүүлэн томилохоор тушаалд заасан гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч О.Энхзаяаг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоов.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн цалингийн тодорхойлолт хэрэгт ач холбогдолгүй,
2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М.Энхжаргалыг ажилд томилох тухай Б/42 дугаар тушаал давхардсан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1044 дугаар албан бичиг, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/4953 дугаар албан бичиг, Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 тоот тушаал, Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, танилцуулга, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирлын Санал хүргүүлэх тухай 1/159 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, аймгийн Эрүүл мэндийн газрын Эх, хүүхдийн үзлэг, хяналт үнэлгээний баг эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллан гаргасан зөвлөмж зэрэг баримтуудын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.