Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 73

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Ц.Батзориг, Шүүгдэгч Т.Баярмэнд, Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201  дүгээр зүйлийн 201.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мангал овгийн Түмэнбаярын Баярмэндэд холбогдох эрүүгийн 201715000098 тоот хэргийг хянан хэлэлцэв.   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн “Ганданпунцоглин” хийдэд бичээч ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 16-09 тоотод оршин суух, хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Мангал овгийн Түмэнбаярын Баярмэнд. /РД:ЙД94020902/.  
Шүүгдэгч Т.Баярмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 16-09 тоотод орчиндоо аюул учруулж болох амьтныг /нохойг/ зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн М.Энхсайхан нь уруулж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Т.Баярмэнд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...нохойгоо сул байлгасны улмаас хүн  уруулсан миний буруу. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан.   Маш их гэмшиж байна. Нохойгооо хөдөө явуулчихсан. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.  
Хохирогч М.Энхсайханы хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгээс хүүхдээ аваад дүүтэйгээ хамт дүүгийн машинтай явж байгаад дүү өөр тийшээ явна гэхээр нь би 1 дүгээр багт байх “Энх тал” дэлгүүр дээр буугаад гэрээдээ алхаж яваад гудамж руугаа дөнгөж ортол, гудамжны зүүн үзүүрийн айлын нохойд уруулсан. Намайг урсан нохой шууд өөрийнхөө хашаа руу орохоор нь энэ айлын нохой байна гээд хашааг нь нүдтэл нэг хүүхэн гарч ирсэн. Би танай нохойд уруулчихлаа гэсэн чинь манайх нохойгоо уядаг гэж уурлаад байхаар нь би танай нохойг мэднэ, дандаа уядаггүй, энэ хавийн хүмүүс ч мэднэ гэсэн чинь тиймээ эгчээ уучлаарай, манайх нохойгоо уядаггүй юм. Би бэртэйгээ хамт байдаг болохоор айгаад уядаггүй юм гээд байсан. За одоо яахав, нохойгоо уяж байгаарай, спирт бент хөвөн авчираад өгчих гэсэн чинь, би ажилтай байна, намайг дагаж яваад ав гэхээр нь би яаж явахав дээ, нялх хүүхэд гэртээ үлдээчихсэн, тэгээд нохойнд уруулчихаад яаж явах вэ дээ гэсэн чинь тэгвэл би завгүй, шүд ороогүй л байна ш дээ, би зөндөө л нохойд уруулж байсан гэхээр нь тэгвэл би өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь за эгчээ уучлаарай, би хогоо аччихаад таныг эмнэлэгт үзүүлж боолгоё гэсэн. Тэгээд би гэртээ хүлээгээд, ирэхгүй болохоор нь залгасан чинь би завгүй байна, хуралтай гээд ажил дээрээ ирчихсэн байна гэхээр нь би чамайг хэзээ хүртэл хүлээх вэ дээ, өгдөг газар өгнө гэж хэлээд дүүтэйгээ хамт эмнэлэг дээр ирж боолгож, цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр хуудас/,  
 Шүүгдэгч Т.Баярмэндийн хэрэг бүртгэлтийн шатанд  сэжигтэнээр өгсөн.  “... 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед манай нохойнд нэг эмэгтэй хүн уруулчихлаа гээд хашааны жижиг хаалган дээр зогсож байсан. Тухайн үед би хашааныхаа хогийг ачиж байсан юм. Тэгсэн нөгөө нохойнд уруулсан эгч намайг эмнэлэг рүү явж, миний хөлийг үзүүлээч гэхээр нь би хогоо аччихаад хамт явъя гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө эгч тэгвэл би гэртээ байж байя, чи над руу яриарай гэхээр нь за тэгье гээд нөгөө эгч гэр лүүгээ яваад өгсөн. Би хогоо аччихаад нөгөө эгч рүү ярих гэж байтал ажлаас хуралтай, яаралтай хүрээд ир гэж дуудахаар нь яараад яваад өгсөн юм. Намайг ажил дээр байхад нөгөө эгч над руу залгаад чи яасан бэ гэхээр нь ажил дээр хуралтай болоод яараад хүрээд ирлээ. Хурлаа тараад яваад очъё гэсэн чинь нөгөө эгч тэгвэл би дүүгээ аваад эмнэлэг рүү явлаа, чамайг хэлдэг газар нь хэлнэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ...” Манай нохой 4 нүдтэй, шар халтар нохой байгаа. “... Би ганцаараа байсан, мөн ажилдаа явчихдаг болохоор гэр эзэнгүй байсан учир нохойгоо тавьчихсан юм. Би өөрөө гэртээ байгаа тохиолдолд нохойгоо уядаг. Тухайн үед хог ачиж байна гэж манай айлын хүн хэлэхээр нь яарч гэртээ ирээд хогоо ачих гэж байгаад нохойгоо уяхаа мартсан.” ...Би М.Энхсайханы эмчилгээний зардалд нийт 100.000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч, цагдаагийн ахлах дэсэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №137 дугаартай: “... М.Энхсайханы биед баруун шилбэний хэсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 26 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Баярмэндийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 11-12, 24-25 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Баярмэндийн ял шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Баярмэндийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.,  
Шүүгдэгч Т.Баярмэнд нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 16-09 тоотод орчиндоо аюул учруулж болох амьтныг /нохойг/ зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн М.Энхсайхан нь уруулж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Энхсайханы “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгээс хүүхдээ аваад дүүтэйгээ хамт дүүгийн машинтай явж байгаад дүү өөр тийшээ явна гэхээр нь би 1 дүгээр багт байх “Энх тал” дэлгүүр дээр буугаад гэрээдээ алхаж яваад гудамж руугаа дөнгөж ортол, гудамжны зүүн үзүүрийн айлын нохойд уруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч, цагдаагийн ахлах дэсэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №137 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-40/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 26/, 
шүүгдэгч Т.Баярмэндийн хэрэг бүртгэлийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,  
Шүүгдэгч Т.Баярмэндэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг /өөрийн эзэмшлийн нохойг/ зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.  
Шүүгдэгч Т.Баярмэнд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй шүүгдэгч Т.Баярмэндийн AZ0674138 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 24ний өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  
Шүүгдэгч Т.Баярмэнд нь орчиндоо аюул учруулж болох өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Баярмэндэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Баярмэндийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Т.Баярмэндэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Т.Баярмэндэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Мангал овгийн Түмэнбаярын Баярмэндийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Мангал овгийн Түмэнбаярын Баярмэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Шүүгдэгч Т.Баярмэнд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Баярмэндийн AZ0674138 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 
 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Баярмэндэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Баярмэндэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР