Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0810

 

 

 

 

 

 

    2022           11          04                                    128/ШШ2022/0810                

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор дүгнэлттэй, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.А*******шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

“...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******гийн 0009169 дугаар шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор гийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар прокурорын дүгнэлтээр миний 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0009169 дугаар шийтгэлийн хуудсаар Э с ХХК-д шийтгэл оногдуулахдаа төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй тул өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Баянгол дүүргийн прокурорын газрын дүгнэлтээр тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******д холбогдуулан “...Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******гийн 0009169 дугаар шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулахаар” прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******* нь Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Баянгол дүүргийн прокурорын газрын “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******гийн 0009169 дугаар шийтгэлийн хуудас “шийдвэрлэх нь” хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичиж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Д.Б******гийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0009169 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН