Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/70

 

 

 

 

 

 

    2021           1              13                                       2021/ДШМ/70

 

 

 

Д.Т, З. Өнөболд, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч З.Өын өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жавчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2075 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дугаартай эсэргүүцлээр Д.Т, З.Ө, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 2005014460239 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Боржигон овогт Д.Т, 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 6 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УП94091237/;

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг багтаан, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ялаар тогтоосон,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 241-я дугаартай шүүгчийн захирамжаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж
байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан
өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн,
сулласан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

 

            2. Гэлэнгүүд овогт З.Ө, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 9 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У394011016/;

 

            3. Зураач овогт Ц.Ц, 2002 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 4 дүгээр гудамж 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЦ02240874/;

 

шүүгдэгч Д.Тг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” цэцэрлэгийн хашаанд өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 4.1416 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж,

шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг бүлэглэж, 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрч Ц.Цд “чи энэ хэргийг даагаад явчих, ах нь өөрөө хүн амины хэрэгтэй, бусад ах нар нь бас тэнсэнтэй, ахынхаа хэргийг даагаад явчихвал, ах нь хариуг нь том барина, ахынх нь шээснээс мансууруулах бодис илэрсэн учраас шоронд явах гээд байна, чи өөрөө санаанаасаа зохиогоод худлаа хэлчих гэсэн" гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, сүрдүүлэн хууль бусаар нөлөөлсөн, мөн гэрч Ц.Цд “өөрийгөө хүн амины хэрэгт холбогдсон, ахынхаа хэргийг даагаад явчихвал ах нь хариуг нь том барина” гэж амлалт өгч, хууран мэхэлж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж,

шүүгдэгч З.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ттэй бүлэглэж, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрч Ц.Цд “Тэмүүжин ахынхаа ярьсан зүйлийг очоод цагдаа дээр хэлээрээ, сандарч болохгүй шүү, чам дээр хариуцлага тооцохгүй яах ч үгүй, ална шүү, танай гэрийг мэдэж байгаа шүү” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, сүрдүүлэн хууль бусаас нөлөөлсөн, мөн гэрч Ц.Цд “чам дээр хариуцлага тооцохгүй ална шүү, танай гэрийг мэдэж байгаа шүү” гэж амлалт өгч, хууран мэхэлж. хүч хэрэглэхээр заналхийлж хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж,

            шүүгдэгч Ц.Цыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа цэнхэр ууттай зүйлийг “Легро” гэх нэртэй танилаасаа 10 дугаар хороололд таараад авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Т, З.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж прокуророос яллаж байгаа дээрх байдал нь хэргийн үйл баримт хийгээд цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөр хоорондоо зөрчилдөж байна. Тухайлбал, шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэсэн мөртлөө тухайн гэмт хэргүүд үйлдэгдсэн гэх цаг хугацааг өөр өөрөөр тодорхойлсон байна. Үүнд: “шүүгдэгч Д.Тг шүүгдэгч З.Өтой бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “шүүгдэгч З.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Ттэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ...,” гэжээ. Нэг гэмт хэргийн талаарх үйл баримтыг өөр өөр цаг хугацаагаар тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн заалтад хамаарах ба энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Д.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Мөнхгэрэл эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж прокуророос яллаж байгаа дээрх байдал нь хэргийн үйл баримт хийгээд цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөр хоорондоо зөрчилдөж байна. Тухайлбал, шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх" гэмт хэргийг тус тус үйлдсэн гэсэн мөртлөө тухайн гэмт хэргүүд үйлдэгдсэн гэх цаг хугацааг өөр өөрөөр тодорхойлсон байна. Шүүгдэгч Д.Тг шүүгдэгч З.Өтой бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр "шүүгдэгч З.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Ттэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэжээ. Нэг гэмт хэргийн талаарх үйл баримтыг өөр өөр цаг хугацаагаар тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн заалтад хамаарах ба энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно" гэж хуульчилсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас прокурор дараах дүгнэлтийг хийсэн Тухайлбал: Яллагдагч Д.Т, З.Ө нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцсон боловч яллагдагч Д.Т, З.Ө нарын гэрч  Ц.Цыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, заналхийлэх хэлбэрийн ам хэл. уйл хөдлөлөөр гүйцэтгэсэн үйлдэл нь өөр өөр цаг хугацаанд буюу,                    Д.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр, 3 Өнөболд нь 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэрч Ц.Цтай уулзаж. ятгаж, заналхийлэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг гүйцэтгэсэн гэж прокурор дүгнэсэн. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Т, 3 Өнөболд нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцож, улмаар уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор өөр өөр цаг хугацаанд буюу яллагдагч Д.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрч Ц.Цтай уулзаж “чи энэ хэргийг даагаад явчих, ах нь өөрөө хүн амины хэрэгтэй, бусад ах нар нь бас тэнсэнтэй, ахынхаа хэргийг даагаад явчихвал ах нь хариуг нь том барина, ахынх нь шээснээс мансууруулах бодис илэрсэн учраас шоронд явах гээд байна, чи өөрөө санаанаасаа зохиогоод худлаа хэлчих гэсэн” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж сүрдүүлэн хууль бусаар нөлөөлсөн, мөн хүч хэрэглэхээр заналхийлж хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, яллагдагч З.Ө нь 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэрч Ц Цогтсайхантай уулзаж, “Тэмүүжин ахынхаа ярьсан зүйлийг очоод цагдаа дээр хэлээрээ сандарч болохгүй шүү, чам дээр хариуцлага тооцохгүй яах ч үгүй, ална шүү, танай гэрийг мэдэж байгаа шүү" гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, сүрдүүлэн хууль бусаар нөлөөлсөн, мөн хүч хэрэглэхээр заналхийлж хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан болох нотлогдсон. Яллагдагч Д.Т, З.Ө нар нь гэрч Ц.Цыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр тохиролцсон, уг үйлдлээ өөр өөр цаг хугацаанд хэрэгжүүлсэн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж үзсэн болно. Анхан шатны шүүхээс прокурорын энэ хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэх дүгнэлт хийхгүйгээр зөвхөн 2 яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд гүйцэтгэсэн үйлдлийг цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал гэж дүгнэсэн нь Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэИймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2075 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Яллах дүгнэлтэд дурдсан бүлэглэсэн гэдэг нь огт тогтоогдоогүй. Бүлэг гэдэг нь өмнө үгсэн тохирсон байхыг ойлгодог. Гэтэл Д.Т, З.Ө нар өмнө уулзаж байгаагүй. Шүүгдэгч Д.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. ...” гэв.

 

шүүгдэгч З.Өын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болох нь харагдаж байна. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх гэмт хэрэгт дараах гол шинж байх ёстой. Ц.Ц хэдэн настай байсан гэхэд нь эргэлзээтэй. Ц.Ц 2012 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн. Мэдүүлгээ 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу 18 насанд хүрсний дараа өгсөн. Ямар үндэслэлээр хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх зүйл ангиар татсан болох нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ямар байдлаар үгсэн тохирсон, биеэр болон сэтгэл санааны хувьд нэгдэхийг бүлэглэн гэмт хэрэг гэж үздэг. Д.Т, З.Ө нар нь үнэхээр дарамталсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, Д.Т, З.Ө, Ц.Ц нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Прокуророос “...шүүгдэгч Д.Тг З.Өтой бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр. ...”, шүүгдэгч З.Өыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед шүүгдэгч Д.Ттэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ...” гэж  яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд нэг гэмт хэргийн талаарх үйл баримтыг өөр өөр цаг хугацаагаар тодорхойлсон нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг  хангаагүй гэж үзэж энэ талаар шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

           

Шүүгдэгч Ц.Цыг зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж тус тус хэргийг зүйлчилсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ Ц.Ц хэдэн настай байсныг нарийн тогтоож дүгнэлт хийлгүйгээр Ц.Ц, Д.Т, З.Ө нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.  

 

            Мөн шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг урьдчилан тохиролцож, бүлэглэсэн гэж ямар үндэслэлээр дүгнэсэн нь ирж прокурорын яллах дүгнэлтээр тогтоогдохгүй ойлгомжгүй байх тул энэ талаар шалгах шаардлагатай. Иймээс дээрх үндэслэлээр хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2075 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ