Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

     Улсын яллагч Ө.Манзушир

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

     Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-т холбогдох 2516000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *** иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай ам бүл ***, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** ургийн овгийн ***-ын ***.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 14-ний *** аймгаас *** аймаг руу явах замдаа *** сумын гүүрний орчим хохирогч ***-той үл ялих зүйлээс болж маргалдан муудалцаж улмаар түүний нүүрэн тус хэсэгт нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд зүүн зовхины хэсэгт шарх, хаван гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би *** аймгийн ***сумд байрлах *** гэх алтны уурхайд ажилладаг. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ буюу *** аймгийн *** руу хамт ажилладаг 8 хүнтэй *** гэх Фургоны жолоочтой хамт *** аймгийн *** хотоос хөдөлсөн. Бид нар замдаа 2 шил архи уугаад ажлынхаа талаар ярилцаад явж байсан. Тэгээд *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт болох ***-ын цахилгаан станцын гүүр дөнгөж гараад явж байхад ажил ярьж байснаа *** надтай маргалдсан. Би фургоны хамгийн хойд талын суудал дээр суугаад явж байсан. Надтай маргалдсан *** миний өөдөөс хараад суугаад явж байсан юм. Тэгснээ би чамайг өрөөндөө авч өөр дээрээ авсан гээд байхаар нь би чиний гэрт байгаа биш дээ гэхэд баруун гараа атгаж байснаа миний зүүн талын хөмсөг руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний зүүн талын хөмсөг руу цохисны дараа миний хөмсөгнөөс цус гарч эхэлсэн..." гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р тал/

Гэрч ***-ын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ажлаасаа буугаад фургонд суугаад *** аймгийн чиглэл рүү жолооч ***, эхнэртэйгээ *** бид нар явсан юм. Жолооч тээврийн хэрэгслээ засаж байх хугацаанд ***, ***, ***, ***, дөрөв уучихсан байсан юм. Тэгээд машинд үргэлжлүүлээд машин дотор уугаад явцгаасан. ***, *** хоёр маргалдаад байсан юм. Тэгтэл *** ***-ийн хойноос чи *** руу томорлоо, над руу бас янз бүрийн юм ярилаа гээд байсан. Тэгсэн *** эргэж хараад ***-ыг цохиод авсан. *** бид хоёр ***, *** хоёрыг салгахад жолооч машинаа зогсоогоод бүгд бууцгаасан. Буугаад ***, *** хоёр гар барилцаад эвлэрээд өнгөрсөн. Тухайн үед *** ***-ыг гараараа нэг удаа цохисон. Тэгсэн ***-ын шанааны дээд талд халцраад цус гарчихсан байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р тал/

Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тухайн үед ***, ***, ***, ***, *** бид хэд ажлаасаа буугаад 10 цаг гэхэд *** аймгийн төв орсон байсан. Тэгээд бид хэд *** аймгийн төвд хоол идээд *** аймгийн чиглэл руу хөдөлсөн юм. Замдаа архи согтууруулах ундааны зүйл ***, ***, жолооч эхнэрийн хамт болон бид хэд хэрэглээгүй бусад нь хэрэглэсэн. Тэгээд *** аймгийн *** сумын гүүрний тэнд ***, *** хоёр маргалдсан яг юунаас болж маргалдсан талаар би сайн санахгүй байна. Тэгээд маргалдаж байснаа *** эргэж хараад ***-ыг баруун гараараа нэгээс хоёр удаа л цохисон. Тэгээд бид хэд салгасан юм. Тухайн үед *** ***-ыг гараараа нэгээс хоёр удаа цохисон юм. Тэгсэн ***–ын зүүн хөмсөгний дээд талд язраад цус гарчихсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р тал/

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Базардаргиагийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №0000000059 дугаартай 1. ***-ын биед зүүн зовхины хэсэгт шарх, хаван гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. ***–ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-33-р тал/,

Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, /хх- ийн 05-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т   оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-т   мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ