| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00934/И |
| Дугаар | 155/ШШ2020/01289 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2020/01289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/00934/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ........................, Цэнгэлд овогт Отгонбаярын Энхзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ..... дугаар багт орших, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.494.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч О.Энхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Энхзаяа нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр даргын Б/42 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд, Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2020/00364 дугаар шийдвэрийн дагуу Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон.
Миний албан тушаалын цалин ТҮЭМ-5-1 ба сүүлийн 3 сард бүтэн авсан цалин хөлс нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нэг сарын 698.193 төгрөг бөгөөд ажилүй байх хугацааны цалинг дараах байдлаар тооцож нэхэмжилж байна. Үүнд:
2019 оны 11 сар 30 хоног, ажлын хоног 22, ажиллах байсан хоног 17, 1 сарын цалин 698.193, нэг өдрийн цалин 31.736, нийт авах ёстой цалин 539.513, 2019 оны 12 сар 31 хоног, ажлын хоног 22, ажиллах байсан хоног 22, нэг өдрийн цалин 31.736, 1 сарын цалин 698.193, нийт авах ёстой цалин 698.193, 2020 оны 01 сар 31 хоног, ажлын хоног 22, ажиллах байсан хоног 22, нэг өдрийн цалин 31.736, 1 сарын цалин 698.193, 2020 оны 02 сар 29 хоног, ажлын хоног 20, ажиллах байсан хоног 20, нэг өдрийн цалин 34.909, 1 сарын цалин 698.193, нийт авах ёстой цалин 698.193, 2020 оны 3 сар 31 хоног, ажлын хоног 22, ажиллах байсан хоног 22, нэг өдрийн цалин 34.909, 1 сарын цалин 698.193, нийт авах ёстой цалин 698.193, нийт цалин 3.332.285 төгрөг болж байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улс орон даяар ТҮЭМ 5-1-д заасан цалин 731.369 төгрөг болж 8 хувиар нэмэгдсэн. Өмнө нь 677.193 төгрөгийн цалинтай байсан. Энэ нэмэгдлээ тооцоход 1 сард 54.175.44 төгрөгөөр нэмэгдэж байгаа бөгөөд 2020 оны 1, 2, 3-ыг тооцоход 162.525 төгрөг нэмж авах ёстой байсан. Иймд цалингийн нэмэгдэл 162.525 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж нэхэмжилсэн. Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 3.494.810 төгрөгийг гаргуулж гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй. 11 сард 9 хоногийн цалин бодож олгосон гэдэгтэй маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Энхзаяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. О.Энхзаяаг тус эрүүл мэндийн төвд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар түр томилон ажиллуулсан. О.Энхзаяа тухайн ажилд орохдоо бага насны хүүхэдтэй байсан ба 1 сар 14 хоног ажиллаад хүүхэд харах хүнгүй гээд хүүхэд асрах чөлөө аваад гарсан. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орох талаар өргөдлөө гаргаж ажилдаа орсон. 3 сар 5 хоног ажиллаад хэвтэрийн гам дэглэм сахиж хүүхдээ тээж төрүүлэх шаардлагатай боллоо гээд бас чөлөө авсан.
2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ өгөөд дахин ажилдаа орж ажилласан. О.Энхзаяаг ажиллаж байх үед аймгийн санхүүгийн хяналт аудитын шалгалт манай байгууллага дээр ирж ажиллаад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ажлын баримтанд: Тус байгуулллагын нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь мэргэжлийн бус албан хаагч байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гээд зөвлөмжиндөө: Нийгмийн эрүүл мэндийн ажилтны мэдлэг чадвар нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд дээд шатны байгууллагаар дүгнэлт гаргуулж хариуг ирүүл гэсэн байдаг. Мэргэжлийн удирдах байгууллага ЭМГазрын даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар албан бичиг, мөн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1015 дугаар албан бичгүүдэд О.Энхзаяа нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй мэргэжлийн бус албан хаагч тул тухайн ажлын байрнаас чөлөөлж, бага насны хүүхэдтэй учир өөр ажилд шилжүүлэн ажиллуулах чиглэл өгсөн байдаг. Энэ талаар О.Энхзаяад удаа дараа танилцуулсан. Өөрөө ч энэ талаар ойлгож ярилцан тухайн үедээ зөвшөөрсөн. О.Эхзаяа нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа ирээгүй ба 98323391 дугаараас Би Мөрөнд аавыг эмнэлэгт үзүүлэх гээд явж байна. 3 дахь өдөр ажлаа хүлээлгэж өгөөд амралтаа авна гэж мессеж явуулсан байсан.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О.Энхзаяа М.Энхжаргалд ажлаа хүлээлгэн өгсөн ба би тэр үед Чамайг амраад буцаж ирэхэд манай байгууллага ямар нэг ажлын байраар хангана гэж ажлын хүлээлцэх үеийн хурлын тэмдэглэлд тэмдэглүүлсэн. Мөн ЭМТөвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 тоот тушаалаар М.Энхжаргалыг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилж, анагаах ухааны боловсрол эзэмшээгүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар баталсан Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий болон тусгай чиг үүргийг хангахгүй байсан тул О.Энхзаяаг байгууллагын даргын хувьд эрх зүйн байдлыг нь дордуулахгүй өөр албан тушаалд сэлгүүлэн томилох эрх надад байсан учраас тушаалын 3 дугаар заалтаар О.Энхзаяатай зөвшилцөн, өөр ажилд шилжүүлэн томилох асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргуулахыг ахлах сувилагч Ш.Пүрэвдаваад үүрэг болгосугай... гэж нэмж оруулж өгснөөс биш түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй.
О.Энхзаяа нь амралтаа дуусгаад ажилд орох талаар ахлах сувилагч болон надтай ирж уулзаагүй байж, ажилдаа буцаж орох талаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байдаг. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2020/00364 дугаар шийдвэрээр О.Энхзаяаг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн.
О.Энхзаяаг ажиллаж байх үед байгууллагын дотоод хяналтын нэгж ажлыг нь шалгах гэж ороход би юу ч хийгээгүй, энэ байгууллагыг сөнөөсөн гэж бичээд гарын үсгээ зурсан байдаг. Мэргэжлийн бус албан хаагч болохоор ажлаа санаачилж хийдэггүй байсны дээр байгууллага сөнөөнө гэж бичсэн нь айдас төрүүлж, удирдлагын итгэл найдварыг алдсан буруутай үйлдэл юм. Шаардлагатай үед холбоо барих гэхээр утас нь хаалттай байдаг ер нь бол ажилдаа хариуцлагагүй хандаж байсан.
Мөн О.Энхзаяа нь Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын байран дээр анхнаасаа ажиллах боломжгүйг мэдэж байсан хэдий ч орж гарсаар тогтвор суурьшилгүй байгаа нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болсон энэ ажлыг алдагдуулж байгууллагад эрсдэл учруулсан.
О.Энхзаяагийн хувьд ажилд орох боломж олгосоор байтал өөрөө ирээгүй байж ажилгүй үеийн цалин хөлс төлүүлнэ гэдэг нь зориудаар ирэхгүй байсан үйлдэл бөгөөд төрийн байгууллагын албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй асуудал юм.
О.Энхзаяа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орно гэж ирэхээр нь эгүүлэн авсан ба 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ өгч хүсэлтийн дагуу чөлөө олгосон. О.Энхзаяа өргөдөлдөө хүүхдээ 3 нас хүртэл ажлаасаа чөлөө авъя, цаашид энэ талын мэргэжил эзэмших шаардлагатай байгаагаа ойлгож байна гэж дурдсан нь өөр мэргэжлийн хүн энэ ажлыг хийх боломжгүй гэдгээ хэзээ хойно ухаарсан хэрэг.
О.Энхзаяа нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллаад түүнээс хойш 9 хоногийн ээлжийн амралтаа эдэлсэн ба амралт дууссанаас хойш ажлаар хангуулах асуудлаа өөрөө мэдсээр байж ирээгүй /ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шүүхийн тайлбар гаргаж өгөхдөө 2020 оны 01 дүгээр сарын 17-нд ажилдаа ирэх өнөөдрийг хүртэл гэж бичиж байгаа/ тул түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна.
Хэрэв О.Энхзаяа нь ээлжийн амралтаа дуусгаад байгууллага дээр ирсэн бол өөр ажлын байраар хангагдаж цалингаа аваад явах бүрэн боломжгтой байсан.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин нөхөн төлүүлэх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэл мөн цалингийн нэмэгдэл авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэж үзэж эвлэрэх санал тавьж байна. Нэхэмжлэгч О.Энхзаяа нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүсэлт гаргаад ирсэн бол байгууллага ажилд нь авах байсан боловч өөрөө энэ хүсэлтээ байгууллагадаа тавиагүй атлаа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Тийм болохоор байгууллагын зүгээс 2019 оны 12 сар, 2020 оны 01 сар, 2020 оны 02 сарын цалинг сарын 557.384 төгрөгөөр, 2020 оны 3 сарын цалин 4 өдрөөр тооцож 108.975 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин 1.781.127 төгрөгөөр тооцон эвлэрэх санал тавьж байна. Байгууллагын зүгээс 11 сард ээлжийн амралтыг нь бодож олгосон, 3 сард ажилдаа орох санал тавиагүйд нэхэмжлэгч өөрөө буруутай гэж үзэж байгаа учир энэ саналыг гаргаж байгаа гэдгийг нэхэмжлэгч ойлгох хэрэгтэй. 11 сард 6 сар ажилласан хугацаанд нь тохирсон ээлжийн амралтыг 9 хоногоор бодож олгосон байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энхзаяа нь хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3.332.285 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улс орон даяар төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн тул энэхүү нэмэгдэл болох 162.525 төгрөгийг нэмж, нийт 3.494.810 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч О.Энхзаяа нь Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2020/00364 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоогдож, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажилдаа томилогдсон болох нь талуудын тайлбар болон шүүхийн шийдвэр, ажилд томилогдсон тушаал зэргээр нотлогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хэрэгт Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2020/00364 дугаар шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ий өдрийн цалингийн тодорхойлолт, Цэнгэлд овогт Отгонбаярын Энхзаяад Хөвсгөл аймгийн Түнэл сумын нийгмийн даатгалын тасгаас нээн олгож зохих бичилт хийгдсэн А01265769 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг,
Хариуцагч нь хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 сараас 2019 оны 08 сар хүртэл НЭМ-ийн ажилтны ажлыг шалгасан хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 98323391 дугаарын утаснаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн зурвасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1015 дугаар Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн Дотоод хяналт шалгалтын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Н.Гэрэлтуяагийн нэхэмжлэгч О.Энхзаяагийн ажиллаагүй саруудын цалинг тооцоолсон тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2020/00364 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоогдож, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажилдаа орсон байна.
Нэхэмжлэгч О.Энхзаяа нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн ба ажлаас чөлөөлөгдөхийн өмнө 698.143 төгрөгний цалин авдаг байсан болох нь Цэнгэлд овогт Отгонбаярын Энхзаяагийн А01265769 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улс орон даяар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн тул ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг нэмж нэхэмжилсэн боловч энэ тухай баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт: Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.1-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. гэж заасан байх тул шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 8, 9, 10 дугаар сарын цалин 699193+698193+698193=2.095.579 төгрөг, ажлын өдрийг 8 сар 22 хоног, 9 сар 21 хоног, 10 сар 23 хоног, нийт 66 хоногоор тооцож, 1 өдрийн дундаж цалин 2.095.579:66=31.751 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019 оны 11 сард 9 хоногийн цалин, 2020 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн цалин 2020 оны 4 сарын цалинтай тооцогдсон гэдэгтэй талууд маргахгүй байгаа тул тухайн өдрүүдийг хасч 2019 оны 11 сард ажлын 10 хоног, 2019 оны 12 сард ажлын 22 хоног, 2020 оны 01 сард ажлын 22 хоног, 2020 оны 02 сард ажлын 17 хоног, 2020 оны 3 дугаар сард ажлын 20 хоног, нийт ажлын 90 хоногоор тооцоход 2.857.590 төгрөг болж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 2.857.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Энхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 637.220 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвөөс 60.671 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Энхзаяад олгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт: Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан байх тул О.Энхзаяагийн ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилд томилогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 2.857.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Энхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 637.220 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Энхзаяагийн ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилд томилогдох хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвөөс 60.671 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Энхзаяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА