Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2020/01290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 155/2019/01023/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ..... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ............., Саарал адуу овогт Чагнаадоржийн Нэргүйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ..... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар .................., Шарынхан овогт Цэрэнбатын Болдхуягт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 19.100.000 төгрөгний үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ч.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ц.Болдхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Нэргүй миний бие 2010 онд нөхөр Ц.Болдхуягтай танилцаж, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Б.Түмэндорж 2012 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Одоо 7 настай. ЕБС-ийн 2 дугаар ангид сурдаг. Хүү Б.Түвдэндорж 2015 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн, 4 настай, цэцэрлэгт явдаг. Бид гэр бүл болоод 2018 оны 6 дугаар сарыг хүртэл хамт амьдарч байгаад 6 дугаар сард намайг зодож баруун хөлний гуяны махыг хөх няц болгож, гуяны мах тасалсан. Тэгэхээр нь би айл руу гүйж ирээд утсаар өөрийн эгч рүү хэлээд байж байтал өөрөө ах эгчтэйгээ ирж, дахиж тийм зүйл болохгүй гээд гэртээ очсон боловч удаагүй дахин хавирга гэмттэл зодож байсан. Гэсэн ч би хүүхдүүдээ бодоод дуугүй өнгөрүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд архи уусан үедээ зодож ална гэж хутга барьж дайрахад нь би нүцгэн шахуу зугатаж гараад ахындаа очсон. Түүнээс хойш би ээжийндээ 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг л удаа хүүхдүүдтэйгээ уулзсан. Хааяа нэг ярихаар ална, хядна чамд юу ч өгөхгүй пизда минь гэж хэл амаар доромжилдог. Цаашид хамт амьдрах нь маш эрсдэлтэй, амь нас минь хутганы ирэн дээр үнэхээр хэцүү байдаг тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн хувьд бид гэр бүл болохдоо тал талаасаа өөрийн гэсэн өмчний хэдэн малтай айл өрх болж байсан ч би нэг ч эд зүйл, мал авч гараагүй, өмссөн хувцастайгаа гарсан тул одоог хүртэл хувцас хунараа ч авч чадаагүй. Өвөл боллоо өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өвлийн хувцас, дээлийг авмаар байна гэхээр чи юутай ирсэн юм, чиний юм байхгүй гээд юу ч өгдөггүй. Миний хувьд анх гэр бүл болохдоо 5 тугалтай үнээ, 60 гаруй бог малтай очсон. Нөхөр 60 гаруй бог, 2 хайнагийн үнээ гээд эд хөрөнгөтэй нийлж байсан. Мал маань өсч үржээд 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 218 толгой малтай байснаас 2019 оны эхээр хонь, ямаагаа бүгдийг зарсан. Одоо манайх 15 адуу, 53 тооны үхэртэй. Би эдгээр эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж байна.

Адуу 15 толгой, нийт 8.800.000 төгрөг, Үүнд:

гүү 3 /унагатай, 6 толгой/ 3x1.000.000 төгрөг= 3.000.000 төгрөг,

морь /5 толгой/ 5х800.000 төгрөг=4.000.000 төгрөг,

шүдлэн /2 толгой/ 600.000 төгрөг=1.200.000 төгрөг,

даага /2 толгой/ 2х300.000 төгрөг=600.000 төгрөг,

Үхэр 53 толгой, нийт 19.100.000 төгрөг, Үүнд:

тугалтай үнээ /7 тугалтай, нийт 14 толгой/ 7х600.000 төгрөг = 4.200.000 төгрөг,

шар /1 толгой/ 1х900.000 төгрөг=900.000

эр үхэр /2 толгой/ 2х700.000 төгрөг=1.400.000 төгрөг,

хязаалан үхэр /12 толгой/12х500.000 төгрөг=6.000.000 төгрөг,

шүдлэн үхэр /9 толгой/ 9х400.000 төгрөг=3.600.000 төгрөг,

бяруу /15 толгой/ 15х200.000 төгрөг=3.000.000 төгрөг,

нийтдээ 27.900.000 төгрөгийн мал хөрөнгөтэй.

Мөн нэг портер машин, мотоцикль, гэр зэрэг эд хөрөнгийг үнэлж, нэхэмжлээгүй, түүнийгээ Ц.Болдхуяг өөрөө авна биз. Харин би малаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийн хөрөнгө болох нэг хүнд 6.975.000 төгрөг, 3 хүнд 20.925.000 төгрөгийн мал хөрөнгөд 19.100.000 төгрөгийн үхрээ бүрэн хэмжээгээр гаргуулж авмаар байна. Харин адууг Болдхуягт үлдээнэ. Өнгөрсөн хугацаанд би Болдхуягийг эд хөрөнгийг маань өгөх байх гэж хүлээсэн боловч өгөөгүй. Өмчинд авч очсон авдар сав, ор зэргээ ч авч чадаагүй үүнийгээ би өөрөө авна.

Иймд Ч.Нэргүй намайг миний нөхөр Ц.Болдхуягтай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, хүү Б.Түмэндорж, хүү Б.Түвдэндорж нарыг миний асрамжид үлдээн, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдийн тэтгэмж гаргуулж, хамтран өмчлөн дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд маань ногдох хэсэг болох 19.100.000 төгрөгийн үнэ бүхий 53 толгой үхрийг гаргуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч Ч.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би шүүх хуралдаанд гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ц.Болдхуяг миний үнэлсэн үнэлгээнүүдийг зөвшөөрч байна. Харин сувай үнээний тухайд тугалтай үнээгээ 600.000 төгрөгөөр үнэлсэн болохоор түүнээс бага байна гэж тооцон 500.000 төгрөгөөр үнэлсэн. Ц.Болдхуяг энэ үнэлгээг зөвшөөрөхгүй 800.000 төгрөгөөр сувай үнээг үнэлнэ гэж байна. Ц.Болдхуягийн хэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оноос хойш малаа маллаагүй болохоор яг хэдэн үхэр, хэдэн адуу байгааг мэдэхгүй байна. 2018 оны мал тооллогын дараагаар бүх хонь, ямаагаа зараад үхэр авсан. Манайх одоо үхэр, адуу гэсэн 2 төрлийн л малтай байгаа. Ц.Болдхуяг мал үхэж үрэгдээд одоо тугалтай үнээ 11, бяруу 7, шүдлэн 5, эр үхэр 2, сувай үнээ 2, нийт 38 тооны үхэр, унагатай гүү 2, даага 2, морь 5, шүдлэн үрээ 1, сувай гүү 1, нийт 13 тооны адуу байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр малуудаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг гаргуулж авъя... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч шүүхэд хандан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 19.100.000 төгрөгний үхэр гаргуулах гэсэн 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш эвлэрүүлэх хугацаа өгсөн. Хүүхдийн асаргааны талаар хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэхээр 2 сар гаран явсан байдаг. Энэ хугацаанд талууд эвлэрч чадаагүй. Хариуцагч нь эхнэрээ зоддог байсан талаараа өмнөх шүүх хуралдаан дээр хаяа зөрчилдсөн маргаанаа энэ маягаар шийддэг байсан гэж хэлснээр нотлогддог. Энэ нь гэр бүл цуцлах нөхцөл байдал мөн гэж үзэж байна. Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, хүүхдийн санал, нэхэмжлэгчийн өөрөө орлого олж гэр бүлээ тэжээдэг, тусдаа амьдрах хугацаандаа хүүхдүүд ээжийнхээ асрамжид байсан, Ц.Болдхуягаас малаа гаргуулаад авчихвал нэхэмжлэгч үр хүүхдээ тэжээн тэтгэж, өсгөж, хүмүүжүүлээд явах боломжтой болох нь харагдаж байна. Тийм болохоор хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргааны хувьд анх нэхэмжлэл гаргахдаа миний үйлчлүүлэгч 19.100.000 төгрөгийн үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдийгээр шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Ц.Болдхуягийн хэлснээр одоо байгаа малаа хүлээн зөвшөөрч эвлэрье гэж байгаа боловч өмгөөлөгчийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны мал толлогыг зөвшөөрдөггүй юм бол 2019 оны мал тооллогоор 15 адуу тоологдож, 2 төл болох унага нэмэгдэж 17 тооны адуу, 40 үхэр дээр төл болох 10 тугал нэмэгдээд нийт 67 малаас нь өөрт нь болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл 2019 оны мал тооллого дээр зарж үрэгдүүлсэн 15, хүнсэнд хэрэглэсэн 8 үхэр яваад байна. Энэ бүгдээс эхнэр хүүхэддээ өгч байгаагүй. Багийн Засаг даргын тодорхойлт үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу гараагүй байгаа учраас тухайн багийн Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаас хасуулах саналтай байна. гэжээ.

Хариуцагч Ц.Болдхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Цэрэнбатын Болдхуяг миний бие нэхэмжлэгч Ч.Нэргүйтэй гэр бүл болоод 9 жил болж байна. Эхнэр бид 2 хоорондоо ярилцдаг, айл гэр ямар байдаг тийм байсан. Гэтэл сүүлийн жил гаран буюу 2018 оны 6 дугаар сараас хойш эхнэрийн харьцаж байгаа харьцаа нь өөр болоод байсан. Яасан талаар нь асуухаар яагаа ч үгүй гэсэн хирнээ ихэнхдээ уурлаад байгаа юм шиг байдаг байсан. Миний хувьд гэр бүл болсон цагаасаа хааяа найз нөхөдтэйгээ архи уух үе байсан. Гэхдээ би эхнэрээ зоддоггүй байсан. Харин сүүлийн 1 жилд эхнэр бид 2-ын таагүй харьцаанаас үүдээд би эхнэрээ зодсон. Миний хувьд эхнэр хүүхдүүдийнхээ өмнө буруутай үйлдэл гаргасан. Ийм үйлдэл хийсэндээ одоо хүртэл гэмшиж, харамсаж байна. Миний бие гэр бүлээ элэг бүтэн байлгах хүсэлтэй. Удаа дараалан эхнэртэйгээ эвлэрэх оролдлого хийж, уучлалт гуйсан. Цаашид архи, согтууруулах ундаа огт хэрэглэхгүй. Эхнэр, үр хүүхдийнхээ төлөө амьдарна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед ийм асуудал үүссэн. Эрүүл байх үедээ бид хоёрт хэрүүл маргаан үүсэх шалтгаан байдаггүй. 2019 оны 01 сараас хойш оторт явсан байж байгаад 6 сард хүүхдүүдтэйгээ уулзсан. Түүнээс хойш ойр ойрхон уулзаж байгаа. Хоёр хүүхэд маань гэртээ байхдаа жирийн харьцаатай байсан. Одоо хүүхдүүд минь надтай ярихгүй, нулимс нь цийлэгнээд суугаад байна. 2 хүүгээ маш их өрөвдөж, бас санаж байна. Гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийг хүсч байна. гэжээ.

Хариуцагч Ц.Болдхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би

гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байсан боловч энэ хүн гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ энэ хүний асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй. Энэ хүн ээжтэйгээ амьдардаг ахуй амьдралын хувьд тийм ч сайн биш. Тэгээд ч эрэгтэй хүүхдүүд аавтайгаа байсан нь дээр гэж бодож байна. Малын тухайд энэ өвөл маш их зуд болж мал маань нилээд үрэгдсэн. Одоо манайд тугалтай үнээ 11, бяруу 7, шүдлэн 5, эр үхэр 2, сувай үнээ 2, нийт 38 тооны үхэр, унагатай гүү 2, даага 2, морь 5, шүдлэн үрээ 1, сувай гүү 1, нийт 13 тооны адуу байгаа. Эдгээр хөрөнгөө гэр бүлийн гишүүдэд хуваахад татгалзах зүйлгүй. Малын үнэлгээг Ч.Нэргүй адуунуудаа нилээд өндөр үнэлсэн, үхэрнүүдээ бага үнэлсэн байна лээ. Сувай үхрийн тухайд 800.000 төгрөгөөр үнэлнэ. Бусад малын үнэлгээтэй санал нийлж байна... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг миний үйлчлүүлэгч зөвшөөрч байгаа. Зарим зүйл дээр зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө 2 жил гаран малаа маллаагүй. Энэ хугацаанд малаа маллаж хөдөлмөрлөж явж байгаа хүн хөлс мөнгө ярьвал ярих байх. Хариуцагчийн хувьд гэр бүлээ салгах үр хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй байгаа. Эхнэр нь зоддог гэсэн байр суурьнаас хандаж байна. Зоддог гэдгээр шалтаглаж байна гэж бодож байна. Энэ талын нотлох баримт хэрэгт байдаггүй. Болдхуяг нь жилийн 4 улирал дамнан малаа малладаг. Халуунд халж хүйтэнд хөрөн байж малаа харж явсан. Тийм байтал нэхэмжлэгч талаас мал өссөн байх ёстой гэж байгаа нь шударга биш байна. Хариуцагч нь байгаа зүйлийг байгаагаар хуваах санал гаргаж байгаа нь үнэн бодитой байна. Нэхэмжлэгч дан үхэр авна гэж нэхэмжилж байгаа нь хэт дураараа аашилж байгаа хэлбэр юм. Малаа маллаж байгаа хүн мэдээж идэж таарна. Мал харж байгаа хүндээ цалин хөлс өгнө. Мөн гэр бүл цуцлуулах асуудал дээр санал нэг байгаа, хүүхдүүдийн асрамж, тэжээн тэтгэх асуудал дээр 2 талын аль аль нь тэжээн тэтгэх боломжтой байгаа боловч хариуцагчид хэт шүүмжлэлтэй хандаж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нөхцөл байдлын үнэлгээгээр шийдвэр гаргасан байгааг эсэргүүцэж байна. Хүүхдүүд эхийн асрамжид байх ёстой гэдэг нь хэтэрхий нэг талыг харсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг архины хамааралтай нөхцөл байдлын үнэлгээн дээр дүгнэсэн байна. Үүнээс харахад төрийн албаны буруу дүгнэлт болон ажиллагаанаас болж иргэн хохирох тал ажиглагдаж байна. Хамтран өмчлөх дундын өмчийн хувьд 2019 оны байгаа мал тооллогоор нь шийдүүлэх саналтай байна. Үүнийг талууд хоорондоо зөвшөөрсөн. Ц.Болдхуяг нь малаа байгаагаар хувааж авах хүсэлтэй байгаа. Хүүхдүүд эхийн асрамжид үлдвэл хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзах эрхийг хасахгүй байхыг шүүхийн шийдвэртээ тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд харахад хүүхдүүд эхийн асрамжид үлдэх юм байна гэж харж байна. Эцэг эхийн хувьд хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Хариуцагчийн хувьд энэ үүргээ умартахгүй биелүүлж явна гэдгээ илэрхийлсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нэргүй нь хариуцагч Ц.Болдхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтын өмчлөлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6719000025 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахыг хориглох үндэслэл тогтоогдохгүй, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгсөн боловч талууд эвлэрээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Нэргүй, хариуцагч Ц.Болдхуяг нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Түмэндорж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Түвдэндорж нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан байх ба нэхэмжлэгч Ч.Нэргүй нь хүү Б.Түмэндорж, Б.Түвдэндорж нарыг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэгт өөрийн орлогыг нотолсон Хаан банкны орлогын мэдүүлгүүдийг ирүүлсэн,

Хариуцагч Ц.Болдхуяг нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хүү Б.Түмэндорж, Б.Түвдэндорж нь эх Ч.Нэргүйгийн асрамжид байгаа, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 7 нас, 11 сар, 30 хоногтой, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 5 нас, 2 сар, 28 хоногтой буюу бага насны хүүхдүүд байх тул хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдүүдийн одоогийн өсч байгаа орчныг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн эх Ч.Нэргүйгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүү Б.Түмэндорж, Б.Түвдэндорж нарыг эх Ч.Нэргүйгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ц.Болдхуяг, эх Ч.Нэргүй нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хүү Б.Түмэндорж, Б.Түвдэндорж нарт сар бүр эцэг Ц.Болдхуягаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Нэргүй нь миний хувьд анх гэр бүл болохдоо 5 тугалтай үнээ, 60 гаруй бог малтай очсон. Нөхөр 60 гаруй бог, 2 хайнагийн үнээ гээд эд хөрөнгөтэй нийлж байсан. Мал маань өсч үржээд 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 218 толгой малтай байснаас 2019 оны эхээр хонь, ямаагаа бүгдийг зарсан. Одоо манайх 15 адуу, 53 тооны үхэртэй. Би эдгээр малнаас 53 тооны үхрээ гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Болдхуягийн тугалтай үнээ 11, бяруу 7, шүдлэн 5, эр үхэр 2, сувай үнээ 2, нийт 38 тооны үхэр, унагатай гүү 2, даага 2, морь 5, шүдлэн үрээ 1, сувай гүү 1, нийт 13 тооны адуу байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр малыг гэр бүлийн гишүүддээ хувааж, өөрт болон хүүхдүүддээ ногдох хэгсийг гаргуулахад татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Малын үнэлгээний тухайд талууд нэхэмжлэгчийн анх шүүхэд үнэлж гаргасан малын үнэлгээг хүлээн зөвшөөрч, сувай үнээний үнэлгээг шүүх хуралдааны явцад 800.000 төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт: Гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. гэж,

Мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт: Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн хэнд ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад олгож болно. гэж тус тус заасан байх тул тугалтай үнээ 11 буюу 6.600.000 төгрөг, бяруу 7 буюу 1.400.000 төгрөг, шүдлэн 5 буюу 2.000.000 төгрөг, эр үхэр 2 буюу 1.400.000 төгрөг, сувай үнээ 2 буюу 1.600.000 төгрөг, нийт 38 тооны 13.000.000 төгрөгний үхэр, унагатай гүү 2 буюу 2.000.000 төгрөг, даага 2 буюу 600.000 төгрөг, морь 5 буюу 4.000.000 төгрөг, шүдлэн үрээ 1 буюу 600.000 төгрөг, сувай гүү 1 буюу 800.000 төгрөг, нийт 13 тооны 8.000.000 төгрөгний адуу, нийт 51 тооны 21.000.000 төгрөгний малыг гэр бүлийн гишүүдэд хувааж, хариуцагчаас тугалтай үнээ 9 буюу 5.400.000 төгрөг, бяруу 5 буюу 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 4 буюу 1.600.000 төгрөг, эр үхэр 1 буюу 700.000 төгрөг, сувай үнээ 1 буюу 800.000 төгрөг, нийт 20 тооны 9.500.000 төгрөгний үхэр, сувай гүү 1 буюу 800.000 төгрөг, унагатай гүү 1 буюу 1.000.000 төгрөг, даага 2 буюу 600.000 төгрөг, шүдлэн үрээ 1 буюу 600.000 төгрөг, морь 4 буюу 3.200.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгний адуу, бүгд 39 тооны 15.700.000 төгрөгний малыг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Нэргүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.400.000 төгрөгний мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгоход урьдчилан төлсөн 135.258 төгрөгийг хариуцагч Ц.Болдхуягаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Нэргүйд олгож, нэхэмжлэгч 19.100.000 төгрөгний мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх тул хариуцагч Ц.Болдхуягаас 236.450 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Нэргүйгээс 69.350 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар ............ регистрийн дугаартай, Саарал адуу овогт Чагнаадоржийн Нэргүй, ................. регистрийн дугаартай, Шарынхан овогт Цэрэнбатын Болдхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ................ регистрийн дугаартай, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, хүү Шарынхан овогт Болдхуягийн Түмэндорж..................... регистрийн дугаартай, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, хүү Шарынхан овогт Болдхуягийн Түвдэндорж нарыг эх Ч.Нэргүйгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Түмэндорж, хүү Б.Түвдэндорж нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Болдхуягаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.Болдхуягаас тугалтай үнээ 9 буюу 5.400.000 төгрөг, бяруу 5 буюу 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 4 буюу 1.600.000 төгрөг, эр үхэр 1 буюу 700.000 төгрөг, сувай үнээ 1 буюу 800.000 төгрөг, нийт 20 тооны 9.500.000 төгрөгний үхэр, сувай гүү 1 буюу 800.000 төгрөг, унагатай гүү 1 буюу 1.000.000 төгрөг, даага 2 буюу 600.000 төгрөг, шүдлэн үрээ 1 буюу 600.000 төгрөг, морь 4 буюу 3.200.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгний адуу, бүгд 39 тооны 15.700.000 төгрөгний малыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.400.000 төгрөгний мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.258 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 236.450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 69.350 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА