| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0014/э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-ийн М-д холбогдох эрүүгийн 2417001670004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 14-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг ........ сум, .......... дүгээр баг замчдын байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт А-йн М /РД:...................../,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.М нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 429/232 дугаартай тэмдэгтийн орчим иргэн Ч.Эийн эзэмшлийн 18-43 УЕО улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Мын эрүүл мэндэд цээжинд баруун талын 1,2,3-р хавирганы хугарал, баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд шарх, өвчүүний доод хэсэгт, зүүн хөхөнд, зүүн суганд, зүүн бугалганд цус хуралт баруун шилбэний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажилаллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Олон овоо 25 дугаар зөрлөг дээр ажлаа хийж байсан. М бид 2 чатаар холбогдоод Ч лам дээр очиж ирье гэж ярьж айгаад орой ажил тарахаар явахаар болсон юм. Би 25 дугаар зөрлөгөөс Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу явж Мыг авсан юм.Чу ламынд очиход 17 цаг 40 минут болж байсан. Ч ламтай уулзахад Мыг галаа тахиулах шаардлагатай байна гэж ярьж байсан. М бид 2 өглөө эрт заслаа хийлгүүлье гээд зуух авахаар Чойр луу явж байтал шороон зам орж ирсэн тэгтэл өөдөөс гэрэл орж ирсэн тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. 18-43 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай ажлын хүн Энэбишийн машин байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/
2. Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 он 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз М миний фэйсбүүк хаягаар холбогдоод Ч лам руу явах гэсэн юм ганцаардаад байна гээд ярихаар нь найз нь хамт явах уу, найз нь явах гэсэн унаагүй байна гэж хэлтэл манай найз ажлаа дуусгаад намайг Даланжаргалан сумаас очиж авсан юм. Ч ламын гэрт очоод уулзтал би засал хийхгүй маргааш хүрээд ир гэсэн. Тэгээд бид буцаад явах гэтэл манай найзын машин бензингүй байсан. Тэгээд найз нь 30000 төгрөгөнд бензин хийж өгье гээд Чойроос бензин хийх гээд явж байтал хойноос урагшаа явж байсан гэрэл орж ирсэн. Тэгээд би найздаа хөөе гэрэл гэж хэлсэн, манай найз ертөнцийн зүгээр баруун тийш дарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа юм. Нэг сэрсэн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн таны уруул дээр оёдол тавих гэж байна гэсэн. Тэгээд зам тээврийн осолд орсон талаараа мэдсэн. Би сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй. Ямар нэгэн эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2023 оны 11 дүгээр сард Нет капитал ББСБ-аас авч байсан юм. Тухайн өдөр би ажилтай байсан М гуйж аваад явсан. Тэгээд орой нь Мийн аав залгаад манай охин машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн хохиролын үнэлгээний талаар санал хүсэлт байхгүй. Миний тээврийн хэрэгслийн хохирлыг М барагдуулж өгнө гэсэн болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш А-ийн М нь эмчилгээний зардалд 5.329.149 төгрөг, М-ы Мын эмчилгээний зардалд 1.437.462 төгрөг нийт 6.766.611 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 6.766.611 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 дансанд төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
5. Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: М манай том ахын бага охин байгаа юм. Манай дүү хүнтэй харилцаа зөв, хийж байгаа ажилдаа хариуцлагатай, амьдралын төлөө зүтгэдэг. 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Төмөр замын 3 дугаар ангид замчин ажилтай гэх мэдүүлэг. //хх-ин 22-23 дугаар хуудас/
6. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаартай дүгнэлтэд:
- М.Мын биед цээжинд баруун талын 1,2,3-р хавирганы хугарал, баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд шарх, өвчүүний дунд хэсэгт, зүүн хөхөнд, зүүн суганд, зүүн бугалганд цус хуралт, баруун шилбэний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Цээжинд баруун талын 1,2,3-р хавирганы хугарал баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Тархи доргилт, баруун нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Өвчүүний дунд хэсэгт, зүүн хөхөнд, зүүн суганд, зүүн бугалганд цус хуралт, баруун шилбэний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3- зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 31-32 дугаар хуудас/
7. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд:
- А.Мийн биед бүсэлхийн L1 нугалмын шахагдаж бяцарсан хугарал, нугасны сувгийн нарийсал, дарагдал, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал, бүсэлхийн L1 нугалмын баруун, талын талын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Бүсэлхийн L1 нугалмын шахагдаж бяцарсан хугарал, нугасны сувгийн нарийсал, дарагдал, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
- Бүсэлхийн L1 нугалмын баруун, зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 36-37 дугаар хуудас/
8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6592 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд “33 эм М” гэж хаяглан ирүүлсэн “С64438687” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.
Дүгнэлт гаргасан химийн шинжээч Ж.Доржбат. /хх-ийн 41-42 дугаар хуудас/
9. Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 013/2024 дугартай магадлагаанд:
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн.
-хэргийн газрын үзлэг схем зураг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд зам тээврийн осол нь зам орчны нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
Магадлагаа гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/
10. Ашид билгүүн ХХК-ний автомашин үнэлгээний тайлан /хх-ийн 50-52 дүгээр хуудас/
11. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикризийн хуулбар, өвчтөний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 63-155 дугаар хуудас/
Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-09 дүгээр хуудас/,
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч А.М нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 429/232 дугаартай тэмдэгтийн орчим иргэн Ч.Эийн эзэмшлийн 18-43 УЕО улсын дугаартай Т.Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Мын эрүүл мэндэд цээжинд баруун талын 1,2,3-р хавирганы хугарал, баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд шарх, өвчүүний доод хэсэгт, зүүн хөхөнд, зүүн суганд, зүүн бугалганд цус хуралт баруун шилбэний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч А.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэм буруутайд тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт “хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мийн өгсөн мэдүүлэг, хохирогч М.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.Эийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4 715 000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болохыг “Ашид билгүүн” ХХК-ны тайлангаар нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч нь учирсан хохиролоо нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.М нь авто засварын газар өгч засуулахад 9 000 000 төгрөгөөр засуулсан талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 400 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Иргэний нэхэмжлэгч Э-эд 4 715 000 төгрөгийн хохирол учирсан. Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 6 766 611 төгрөгийн хохирол учирсан. Дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч А.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, бүтүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч А.Мийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1, 1.2 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг, иргэний нэхэмжлэгч Ч.Эийн эзэмшлийн 18-43 УЕО улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан 4 715 000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй гэснийг, хохирогч М.М нар нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.
Харин хохирогч М.М болон шүүгдэгчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.766.611 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Мөөс 6.766.611 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийн оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Мөөс 6.766.611 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ