Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч Э.А, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А, Б.Х нарт холбогдох 2516000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт амьдардаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *** дугаар сарын ***-ны өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, О овогт Э-н А.

Монгол Улсын иргэн, халх, 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын ********* дүүргийн ***-р хороо, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********* регистрийн дугаартай, Б овогт Б-н Х.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А, Б.Х нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Э.А, Б.Х нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө ******* сумын *********-д хууль бусаар нэвтрэн орж хүлээн авах өрөөнд байх саарал өнгийн шкафын дээд 2 хаалганы нэг талын шилийг хагалан дотор нь байсан 6 ширхэг жижиг түлхүүр авсан, мөн агуулахын өрөөний хаалганы цүүг эвдэн орж Choco-Pie, 6 өнгийн алчуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэний нэхэмжлэгч С.Б-д 47,500(дөчин долоон мянга таван зуу) төгрөгийн хохирол,

Шүдний эмч Н.О гэх хаягтай өрөөнд байх бор саарал өнгийн төмөр шкафын доод 2 хаалгыг хөшиж эвдэн “Ж-н О ******” гэсэн бичиглэлтэй тэмдгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Говь-Алтай аймгийн ***** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ийн эмийн сангийн цонхны салхивчийг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч нүдний дусаалга 2 ширхэг, мөнгийг алтны уусмалаар бүрсэн бөгж 1 ширхэг, сувдан ээмэг, бөгжний мөнгөн хослол 1 ширхэг, мөнгөн бугуйвчин эрх 1 ширхэг, Монос арьс арчилгааны ком 1 ширхэг, 500 граммын үсний шампунь 1 ширхэг, димедрол 18 ширхэг, 100 мл-н натри хлорид 4 ширхэг, 250 мл-н натри хлорид 2 ширхэг, 500 мл-н натри хлорид 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Э-д 504,100(таван зуун дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн “************” ХХК-ны эмийн сангийн цонхны сараалжин төмөр хамгаалалтыг эвдэж нэвтрэн орж 10,000(арван мянга) төгрөгийн дэвсгэрт 6(зургаа) ширхэг, 5,000(таван мянга) төгрөгийн дэвсгэрт 18(арван найм) ширхэг, 1,000(нэг мянга) төгрөгийн дэвсгэрт 163(нэг зуун жарган гурав) ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Н-д 313,000(гурван зуун арван гурав) төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.А-н шүүх хуралдаанд “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй, оногдуулах ялыг багасгаж өгнө үү ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Шүүгдэгч Б.Х-н шүүх хуралдаанд “... Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна ...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өлгөө 10 цагийн орчим эмийн сангийн байран дээрээ ирээд тасалгааны температур градусыг харахад бага байсан. Мөн цонх дутуу хаагдсан, өрөөтэй эм бараанууд нурсан байдалтай хүн орсон юм шиг болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн ... Нүдний дусаалга, миний ширээн дээр байсан гоёл чимэглэлийн хайрцгаас мөнгийг алтны уусмалаар бүрсэн бөгж 1 ширхэг, сувдан ээмэг, бөгжний мөнгөн хослол, мөнгөн бугуйвчин эрх 1 ширхэг, Монос арьс арчилгааны ком, 500 граммын үсний шампунь, димедрол-18 ширхэг, натри хлорид 100 мл, 250 мл, 500 мл граммтай шингэн, зүүнүүд, тариур зэрэг алга болсон байсан ... Манай эмийн сангийн байранд эвдэрсэн зүйл бол байхгүй. Манай эмийн сангийн байрны цонхонд хамгаалалт байхгүй, камер бол байгаа саяхан эвдэрсэн тул Улаанбаатар хот явуулсан байсан. Манай сумын хүн бол биш нэг бага шиг залуу эмийн санд орж ирээд 2 ширхэг тариур аваад гарсан, Орой нь дахин орж ирээд сироп эм асуугаад байсан. Тэр залуу л манай эмийн сангийн байранд орсон байх гэж бодож байна. Одоо би тэр залууг харах юм бол танина ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

4. Хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өлгөө намайг ажилдаа ирэхэд манай ажлын газрын үйлчлэгч манай өрөөнд цэвэрлэгээ хийж байгаад танай өрөөний цонх нээлттэй, хувцасны шкафын хаалга нь онгорхой байна. Чи юм аа сайн бүртгээрэй гэхэд нь би эд зүйлээ бүртгэхэд миний шкафны доод талд байсан “Ж-н О *********” гэсэн бичигтэй тамга алга болсон байсан юм ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 88 дугаар  хуудас/

5. Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өлгөө 10 цагийн орчим эмийн сан дээр ирээд өрөөнд ороход тавиур дээрх эмүүд нурсан, утаа ихтэй байсан тул халаагуур буудсан юм байна гэж бодоод нурсан эмнүүдээ хураагаад, буудсан халаагуурыг /тень/ гаргаж тавиад өөр халаагуур залгаад байж байхад миний утас луу Н залгаж орж ирээд “танай эмийн санд хулгай орсон байна уу? Манай эмнэлэгт хулгай орсон байна” гэхээр нь би бэлэн мөнгөө харахад мөнгө 10,000-н дэвсгэрт 6 ширхэг, 5,000-н дэвсгэрт 18 ширхэг, 1000-н дэвсгэрт 163 ширхэг байсан алга болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм ... Манай өрөөний нэг цонхны сараалжин төмөр хамгаалалтын хамгийн дээд талын хөндлөн төмөр байхгүй цонх онгойсон байсан. Өөр эд зүйл бол алга болсон зүйл бол байхгүй байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 92 дугаар хуудас/

6. Иргэний нэхэмжлэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ***** сумын эрүүл мэндийн төв болох ажил дээр ирэхэд манай байгууллагын хүлээн авахын өрөөнд гаднаас хүн орсон бололтой шкафын дээд талын шилэн хаалганы шилийг нь хагалсан байна гээд бид нар ажил дээр байж байгаад би Амбулаторийн байрны зүүн талын хаалганд байдаг агуулахын өрөөгөө гадна талаас нь харахад цоожны цүүг сугалсан байхаар нь би орж үзээгүй, цагдаад шууд дуудлага өгсөн юм. Орой цагдаа нарын хамт агуулахад ороход Choco-Pie задалж идээд цаасыг нь хаясан байсан. 6 өнгийн алчуур алга болсон байсан ... Манай байгууллагын өрөөнөөс Choco-Pie, 6 өнгийн алчуур алга болсон. Мөн нэгдүгээр байрны шкафын хаалганы жижиг шил, шүдний эмч Ж.О-н тамга зэрэг эд зүйл алга болсон байсан. Агуулахын өрөөний хаалганы цүү эвдэрсэн байсныг янзалсан. 6 өнгийн алчуур болон эмчийн тамга алга болсон байсныг буцаан авсан. Шкафын жижиг шилийг шиллэж өгсөн... Манай байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/

7. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ****** сумын *********-н ээлжийн сувилагчаар 12 жил ажиллаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ********** сумын *******-н ээлжийн сувилагчийн жижүүрийг хүлээж авсан юм. Тэр өдөр Ү-с ажил хүлээж аваад нэг давхрын хүлээн авахын өрөөнд ороогүй байсан. Дараа нь ороход хүлээн авахын өрөөний шкафын дээд талын нэг хаалганы шил нь хагарсан байдалтай хаалгыг хөшсөн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм ... Манай байгууллагын гадна хаалга онгорхой байдаг. Хүлээн авахын өрөө онгорхой нэг давхарт байдаг юм. Амбулатори нь тусдаа нэг давхар цагаан байр байдаг ба тэр байрны цонхоор гаднаас хүн орсон байна гэж байсан ...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ 

8. Гэрч Н.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би Говь-Алтай аймгийн ********* сумын ********-н ээлжийн сувилагчаар 3 сар ажиллаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 13- 14-нд шилжих шөнийн оройн ээлжид ********* сумын *********-н ээлжийн сувилагчаар хонож ажилласан. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад ээлжээ дараагийн гарах хүнд хүлээлгэн өгөөд гэртээ ирэхэд ээлжийн сувилагч Б залгаад жижүүрийн шкафын шил хагарсан байна. Хүрээд ир гэхээр нь яваад очсон. Хүлээн авахын өрөөний шкафын хаалганы нэг талын шил хагарсан байсан. Дотор нь байсан эм тарианаас алга болсон зүйл бол байгаагүй, шкафын хаалгыг хөшиж онгойлгосон байсан юм ... Би шөнийн 01 цаг хүртэл хэвтэн эмчлүүлж байсан хүмүүст эмчилгээ хийж 2 давхарт байсан ... Манай байгууллагын гадна хаалга онгорхой байдаг. Хүлээн авахын өрөө онгорхой нэг давхарт байдаг юм ... Манай байгууллагын хүлээн авахын өрөөний дотор байсан шкафын хаалганы нэг талын шил хагарсан байсан ба хажуу талын шкафын шургуулгын 6 ширхэг жижиг түлхүүр байхгүй байсан, өөр алга болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 100 дугаар хуудас/

9. Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийнхөө өрөөнд орохдоо эхлээд мэдээгүй цонх онгорхой болохоор нь  цонхоо хаачихсан. Тэгтэл цонхны тавцан дээр жижиг хог байсан ба сандал дээр хүний гутлын мөр, мөн манай өрөөний төмөр шкафын доод хаалгыг нь хөшиж татсан бололтой байсан. Тэгээд цагдаа нар ирсэн ... Манай өрөөнөөс алга болсон зүйл бол байхгүй ...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/

10. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГОА0125/015 дугаартай “...Шинжилгээнд тэнцэж байгаа “Зураг №16” гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Э.А-с хураан авсан гэх хар өнгийн хос гутлын баруун өмсгөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээр тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/

11. “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 921/25 дугаартай “хохирогч С.Э-н хулгайд алдагдсан гэх эд зүйлсийн үнэлгээг 504,100(таван зуун дөрвөн мянга нэг зуу) төгрөгөөр, Говь-Алтай аймгийн ******** сумын *******-н эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг 47,500(дөчин долоон мянга таван зуу) төгрөгөөр тус тус тогтоосон” дүгнэлт /1-р хавтаст хэргийн  131-133 дугаар хуудас/

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 2-28 дугаар хуудас/

13. Шүүгдэгч Б.Х-с “Нүдний дусаалга, мөнгийг алтны уусмалаар бүрсэн бөгж 1 ширхэг, сувдан шигтгээтэй ээмэг 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн бугуйвчин эрх 1 ширхэг, Монос арьс арчилгааны ком, димедрол-5 ширхэг, натри хлорид 100 мл-тай 4 ширхэг, 250 мл-тай 2 ширхэг, 500 мл-тай  граммтай шингэн 3 ширхэг”  гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

14. Шүүгдэгч Б.Х-с хураан авсан эд зүйлсийг хохирогч С.Э-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/

15. Г.Н-с “10,000(арван мянга) төгрөгийн дэвсгэрт 6(зургаа) ширхэг, 5,000(таван мянга) төгрөгийн дэвсгэрт 18(арван найм) ширхэг, 1,000(нэг мянга) төгрөгийн дэвсгэрт 163(нэг зуун жарган гурав) ширхгийг” хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтаст хэргийн 65-68  дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.А, Б.Х нар нь өөрсдөдөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-д 504,100(таван зуун дөрвөн мянга нэг зуу)  төгрөгийн, хохирогч Ж.О-д  “Ж-н О *********” гэсэн бичигтэй тэмдгийн, Н.Н-д 313,000(гурван зуун арван гурав) төгрөгийн хохирол учирсан, Говь-Алтай аймгийн ****** сумын **********-н эд хөрөнгөд учруулсан төлбөрт 47,500(дөчин долоон мянга таван зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч С.Б “... уг хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/1-р хавтаст хэргийн 220 дугаар хуудас/, хохирогч Н.Н “... Хохирол болох 313,000 төгрөгийг буцаан авсан тул надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй болно. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэх агуулга бүхий хүсэлт/1-р хавтаст хэргийн 222 дугаар хуудас/, хохирогч Ж.О “... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй, уг хэрэгт холбогдуулан гаргах нэхэмжлэл болон санал гомдол байхгүй ...” гэх хүсэлт. /1-р хавтаст хэргийн 224 дүгээр хуудас/, хохирогч С.Э-н “ ... Хохирлоо буцаан авсан тул энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй. Мөн сэтгэцэд нөлөөлөх хохирлыг тооцох шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт./1-р хавтаст хэргийн 236 дугаар хуудас/ тус тус гаргасан бөгөөд хохирогч Н.Н-д бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.А-н хүлээн зөвшөөрсөн 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-н хүлээн зөвшөөрсөн 1(нэг) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-т 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Б.Х-т 1(нэг) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1(нэг) хос гутлыг шүүгдэгч Э.А-т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч  О овогт Э-н А, Б овогт Б-н Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-т 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Б.Х-т 1(нэг) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 1(нэг) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 20(хорь) хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1(нэг) хос гутлыг шүүгдэгч Э.А-т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А,  Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА